Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар:
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ”-нд хамаарах тул Улсын Их Хурлаар соёрхон батлах зохицуулалттай юм байна.
Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр тал хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулж, уг санхүүжилтээр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрчим хүчний салбарын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, хотын төвийн бүсийн 11 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэн, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал бэхэжнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:
Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т Улсын Их Хурал заавал соёрхон батлахаар заасан олон улсын гэрээнд хамаардаг аж.
Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн эх үүсвэрийг баталгаажуулж, тус эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, хүүхэд, залуучууд, бүх нийтэд соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилготой төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, “Хорт хавдрын нейронавигац, стереотактик оношилгоо, эмчилгээний төв байгуулах”, “Гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийг сайжруулах”, “Монгол Улсад эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх аж. Мөн “Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн III шатны төсөл”, “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ба хилийн баруун, зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах дараагийн шатны төсөл”,“Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, дуу авианы тоног төхөөрөмжийн шинэчлэл” зэрэг нийт долоон төслийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан.
Энэхүү Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр нь Олон Улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ”-нд хамаарах тул Улсын Их Хурал соёрхон батлах хуулийн зохицуулалттай аж.
Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр тал хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулж, уг санхүүжилтээр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрчим хүчний салбарын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, бүс нутгийн 50 мянга гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэн, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал бэхэжнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.