МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр С.Бямбацогт: Эдийн засаг, бизнесийн орчи...

С.Бямбацогт: Эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган боллоо

УИХ хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийнхээ үр дүнг тайлагналаа.

Үнэн
Админ

 УИХ хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийнхээ үр дүнг тайлагналаа. Тухайлбал, 2026 оны хаврын ээлжит чуулганыг “Иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган болсон” хэмээн  УИХ-ын дарга С.Бямбацогт онцлон тэмдэглэсэн. Тэрбээр парламент өөрөө шинэчлэгдэж, өөрөөсөө хариуцлага нэхдэг тогтолцоог төлөвшүүлэх нь төрийн бусад байгууллагад манлайлал үзүүлэх үндэс болохыг онцлоод цаашид хүн төвтэй хууль тогтоомж баталж, иргэдээ сонсдог, ил тод, хариуцлагатай парламентын төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийлсэн.  Хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаарх танилцуулгад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай нар оролцож Байнгын хороодоос хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулсан юм.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ нийт 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдааныг зохион байгуулж, 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Төлөвлөсөн 35 удаагийн нэгдсэн хуралдааныг бүрэн зохион байгуулсан бөгөөд чуулганы дундаж ирц 82 хувь хүрсэн нь өмнөх намрын чуулганы үзүүлэлтээс таван хувиар өссөн дүн болсон байна.  Мөн хаврын чуулганаар нийт 278 хууль, тогтоомж баталж, иргэдийн орлого, бизнесийн орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн байна. Батлагдсан хууль тогтоомжийн дотор анхдагч хуулиуд, шинэчилсэн найруулга, хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байгааг тэмдэглэв.  Хаврын чуулганаар баталсан онцлох хууль тогтоомжийн талаарх мэдээлэлд Татварын багц хуулийг нэрлээд үр дүнд нь 1.3 сая татвар төлөгч иргэн жил бүр татварт төлдөг байсан хоёр сая төгрөгөө өөртөө үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломж бүрдсэн бөгөөд анхны орон сууц худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдсэнийг онцоллоо. 

Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлан төр, хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчилж, төрийн зохицуулалтын давхардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах бодит боломж бий болсныг тодотгов. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулиудыг баталсан нь эрхтэн шилжүүлэн суулгах болон донорын тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрх зүйн орчныг шинэ шатанд гаргасан чухал шийдвэр болсныг хэлж байлаа. 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлалгүйгээр дэмжих, гэр бүлийн хөгжлийг төрөөс цогцоор нь дэмжих эрх зүйн орчин бий болжээ. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг дурдлаа. Мөн Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлжээ.  Үүнээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль зэрэг олон чухал хууль батлагдаж, нийгмийн хамгаалал, инновац, үндэсний хэмжээний томоохон төслүүдийг дэмжих эрх зүйн шинэчлэлүүд хэрэгжсэнийг танилцууллаа. 

Парламентын хяналт, ил тод байдлыг шинэ шатанд гаргав 

УИХ парламентын үндсэн чиг үүргийн нэг болох хяналт, шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Асуулгын цаг”-ийг гурван удаа зохион байгуулжээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын 2024–2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт, Малчны тухай хуулийн хэрэгжилт зэрэг асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. УИХ-ын дарга тэргүүтэй Байнгын хороодын дарга нарын зүгээс парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлүүдийг мөн танилцуулсан.

Энэ тухайд И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлснээр иргэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, парламентын үйл ажиллагаанд цахимаар оролцох боломж бүрдсэнийг тодотгосон. Түүнчлэн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулган болон Байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудал, танхим дахь гишүүдийн ирц, санал хураалтын дүн, гишүүн бүрийн санал, ирцийн мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд нээлттэй болгосныг онцоллоо.  Хаврын чуулганы хугацаанд нийт 122 удаагийн Байнгын хорооны, 20 удаагийн дэд хорооны, 236 удаагийн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, хууль тогтоомжийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн санал хураалтад хамгийн олон удаа биечлэн оролцсон гишүүдийг Х.Тэмүүжин манлайлж, эмэгтэй гишүүдийг Д.Энхтуяа тэргүүлсэн бөгөөд ажлын хэсгийг хамгийн олон удаа ахалсан гишүүдээр Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин тодорсныг мэдээлэв.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.