СДАХ-ны уулзалт ахмадуудын саналыг ажил хэрэг болгохын төлөө зорьж байна
Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчидтэйгээ 14 хоног тутам уулзалт зохион байгуулсаар ирсэн уламжлалтай
Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчидтэйгээ 14 хоног тутам уулзалт зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тус холбоо энэ уулзалтдаа УИХ, Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагуудыг оролцуулан зохион байгуулдаг. 2026 оны эхний хагас жилийн байдлаар дээрх уулзалтад Монгол Ардын Намын дарга Н.Учралаас гадна ГБХНХ-ын сайд Т.Аубакир, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэбат нар оролцож, төр, засгийн бодлого шийдвэр, намын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.

Ахмадуудтай хийх уулзалтад Монгол Ардын Намын дарга Н.Учрал ач холбогдол өгч, оны эхний болон зургадугаар сард хоёр ч удаа оролцож, тэдэнд тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, саналыг нь сонссон билээ. Тодруулбал, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа СДАХ-ноос зохион байгуулдаг тус уулзалтад оролцож, иргэдийг ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдрахын тулд чөдөр тушаа болдог зарим дүрэм журмыг төрөөс чөлөөлөх санаачилга өрнүүлж буйгаа ахмадуудад танилцуулсан юм. Ахмадуудтай хийх уулзалтаар Нийгмийн даатгалтын хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийг шинэчлэл хийх талаар ярьж, тэдний саналыг сонсож байлаа. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцоог нэвтрүүлэх томоохон шинэчлэлээ бататган танилцуулсан юм.
Илүү олон жил НДШ төлсөн нь илүү өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хуулийн хүрээнд бий болгосноо танилцуулаад, улсын хэмжээн дэх 504 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ дунджаар 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болсон.
Тэтгэвэр бол халамж бус тооцож болдог даатгал. Тиймээс ирээдүйд тэтгэвэрт гарах хэн бүхэнд энэ тогтолцоо ойлгомжтой байх ёстой гэдэг зарчмын үүднээс хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан бөгөөд эдгээр өөрчлөлт нь тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох үндсэн хөшүүрэг болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцолж байв. Уулзалтад оролцсон ахмадууд ч Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж байсан юм.
Ийнхүү МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьж, батлуулаад байна.

СДАХ-ны уулзалтад оролцсон сайд нар салбартаа хэрэгжүүлж байгаа ажлаа дэлгэрэнгүй мэдээлдэг. Нийслэлийн есөн дүүргийн ахмадууд оролцсон уулзалтад УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын дэд бүтцийн тулгамдсан асуудал, шийдэл”-ийн талаар танилцуулж, “Зам, тээврийн салбарын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зорьж байгаа”-гаа тодотгож байлаа. Харин ахмадууд нийслэлийн нийтийн тээврийн түгжрэлийг бууруулах, авто замын чанарт анхаарах, стандартыг жигд бий болгох зэргээр саналаа хэлж байв.
Цаашлаад ГБХНХ-ын сайд Т.Аубакир “Ахмад настны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилт”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Байгаль орчны салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт", Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль болон газрын тос, түлш шатахууны нийлүүлэлтийн талаарх өнөөгийн байдал”-ын талаар тус тус илтгэл тавьж, ахмадуудын сонирхсон асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой” төслөөс хүртэх Монгол талын үр өгөөж сэдвээр мэдээлэл хийхэд ахмадууд тус гэрээг эх орондоо үр өгөөжтэй болгон өөрчлөхөд анхаарахыг хүсэж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн, МАН-ын “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга Н.Батсүмбэрэл “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ахмадын оролцоо” сэдвээр, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат “УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан ахмадын ажлын хэсгийн хүрээнд хийгдсэн ажлын явцын талаарх мэдээлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж, ахмадуудын саналыг сонссон юм.
СДАХ-ноос зохион байгуулдаг тус уулзалт нь зөвхөн мэдээлэл сонсож, санал солилцоод зогсохгүй ахмадуудын саналыг ажил хэрэг болгохоор зорьдгоороо ач холбогдолтой юм.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн" сонины №026/24701/