“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
Парламентын ардчилал өдөр бүр хамгаалагдаж, бэхжиж байх ёстой. Үүнд иргэд, олон нийтийн мэдлэг, мэдээлэлтэй оролцоо чухал үүрэгтэй. Энэ оролцоог хангах, иргэдээ парламент нь сонсдог байхад сэтгүүлчдийн үүрэг асар их... хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт залуу сэтгүүлчдэд хандаж хэллээ.
Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран, Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөр өнөөдөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардав.
Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх уг хөтөлбөрийн хаалтын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт дэлхийн дахины парламентын ардчилалд тулгарч буй сорилтуудын нэг нь хуурамч мэдээлэл, нийгмийн сүлжээний төөрөгдөл, цахим технологийн хөгжилд тулгуурласан боловсруулалтгүй, нягтлаагүй, ёс зүйгүй мэдээллийн урсгал, энэ бүхний төлөөгөөр парламент болон иргэдийн итгэлцэл суларч буй явдал болохыг онцолсон юм.
Өнөөдөр тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан төрийн үйлчилгээний E-Mongolia платформд “Нээлттэй парламент”, “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсүүдийг нээсэн тухай Улсын Их Хурлын дарга мэдээлж, эдгээрээр иргэдэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих, гишүүдийн ирц, чуулганы хуралдаандаа хэрхэн оролцож буйг мэдэх, хяналт тавих боломж бүрдэж байгааг танилцууллаа. Тэрбээр, иргэдийн мэдэх эрхийг хангах чиг үүргээ хиймэл оюун ухаан, цахим технологид алдахгүйг хичээж, тэнцвэртэй мэдээлэх, тайлбарлах, баримтанд тулгуурлах, олон талын байр суурийг илэрхийлэх, хэлэлцүүлэг мэтгэлцээнийг өрнүүлэх зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн зарчмаа чанд баримталж ажиллахыг залуу сэтгүүлчдэд захилаа.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан парламентын ардчилал бол зөвхөн Улсын Их Хуралд хамаарах зүйл биш иргэн бүрд, хэн бүхэнд хамаатай үнэт зүйл гэдгийг дурдаж, энэ үнэт зүйлээ хамгаалахад бид бүгдээрээ идэвхтэй оролцох учиртай гэлээ. Хөтөлбөрийг хамтарч, дэмжиж явуулсан байгууллагууд, багш нар, зочин илтгэгчдэд тэрбээр талархал дэвшүүлээд, парламентын боловсролоо дээшлүүлж хөтөлбөрт оролцсон залуу сэтгүүлчид, оюутнуудыг цаашид дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
“Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт ажиллаж, суралцаж байгаа 18-35 насны сэтгүүл зүй, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон 25 оролцогч оролцож, Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрх хэрхэн хангагдаж байгаа болон парламентын төлөөлөх, хянан шалгах чиг үүрэг хэрхэн хэрэгжиж байгаа, үүнд парламентын сэтгүүлчдийн үүрэг оролцоо ямар болох зэрэг олон талын сэдвээр богино хэмжээний видео контент бүтээснээ энэ үеэр үзүүлж, танилцуулав. Тэднийг төлөөлөн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутан Б.Оюун-Эрдэнэ, Монфемнет Үндэсний сүлжээ ТББ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Нямсүрэн, СУИС-ийн Кино, театр, медиа урлагийн сургуулийн оюутан Э.Наранханд нар хөтөлбөрийн агуулга, үр нөлөөг сайшаан, талархал илэрхийлээ.
Сэтгүүлч залуучуудын мэргэшүүлэх энэ хөтөлбөр хоёр дахь удаагаа хэрэгжиж буй юм. Эхний хөтөлбөрийг “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр 2023 онд явуулсан юм. Тус хөтөлбөр оролцож төгссөн парламентын залуу сэтгүүлчидтэй Төрийн ордонд тааралдаж, ажил хэргийн харилцаатай байдгаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сонирхуулаад, “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт хамрагдсанаар залуу сэтгүүлчид парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй болж байгаа гэдгийг хэлж, амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.