МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зо...

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа

Үнэн
Админ

Дизайн сэтгэлгээ буюу хүн төвтэй хандлага. Аливаа зүйлийг хүмүүст, хэрэглэгчдэд нь зориулж, тэдний эрэлт шаардлагад нийцүүлж, туршиж сайжруулдаг бүтээлч арга.

Залуу сэтгүүлчдэд зориулсан “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат энэ агуулгыг хөндөж, илтгэл тавлаа. Дизайн сэтгэлгээ бол зөвхөн дизайнеруудын “өмчилдөг” зүйл биш. Бизнес, боловсрол, техник технологи, төрийн байгууллагад хүртэл хэрэглэгддэг арга ажиллагаа гэдгийг тэрбээр онцолж, парламентын үндсэн чиг үүрэг болох хууль тогтоох үйл ажиллагаа болон сэтгүүл зүйн салбарт хэрхэн дизайн сэтгэлгээгээр ажиллаж болох тухай сонирхолтой яриа өрнүүлэв.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат үргэлжилж байна. Энэ үе шатанд үндсэн хуулийн болон парламентын эрх зүй, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдийн тус тусын чиглэлээр лекц уншиж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэж, парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Өнөөдөр болсон “Парламентын нээлттэй байдал ба талуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга М.Амарбаяр, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар оролцлоо. Хэлэлцүүлгийг “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа хөтлөн явуулж, хууль тогтоох, бодлого боловсруулах болон парламентын хяналтын үйл ажиллагаа иргэдийн оролцоог хангах талаар авч буй арга хэмжээ, мэдээллийн хүртээмж, технологийн шийдлүүдийн талаар нээлттэй ярилцлаа.

Лаборатори хөтөлбөрт оролцож байгаа 25 залуу сэтгүүлч хууль тогтоомж болон бодлогын мэдээллийг олж авах боломж, парламент болон хэвлэл мэдээллийн салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны тухай ясууж ярилцан, иргэдийн оролцооны боломжуудыг өргөжүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах хүн төвтэй шийдлүүдийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.