МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм С.Гэрэлцогт: ӨМӨЗО-ны Олон улсын Монгол ...

С.Гэрэлцогт: ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг нь уламжлалт болон Европ анагаах ухааныг хослуулсан бүс нутгийн томоохон эмнэлэг

Монгол, Хятадын анагаах ухааны хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн баг сүүлийн жилүүдэд Монгол Улсад тогтмол ирж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч буй. Тус эмнэлгийн баг 2012 оноос хойш 25 удаа Монгол Улсад ирж ажиллахдаа 50 гаруй мянган иргэнд үзлэг оношилгоо хийж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Мөн уламжлалт анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, хоёр орны эмч нарын мэдлэг, туршлага солилцох гүүр болж явна. Өнгөрсөн долоо хоногт тус эмнэлгийн эмч нарын баг Улаанбаатар хотод ажиллаж, иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн юм. Энэ үеэр ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хэвтэн эмчлүүлэх хэсгийн эмч С.ГЭРЭЛЦОГТ-той ярилцлаа.

Үнэн
Админ

Монгол, Хятадын анагаах ухааны хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн баг сүүлийн жилүүдэд Монгол Улсад тогтмол ирж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч буй. Тус эмнэлгийн баг 2012 оноос хойш 25 удаа Монгол Улсад ирж ажиллахдаа 50 гаруй мянган иргэнд үзлэг оношилгоо хийж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Мөн уламжлалт анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, хоёр орны эмч нарын мэдлэг, туршлага солилцох гүүр болж явна. Өнгөрсөн долоо хоногт тус эмнэлгийн эмч нарын баг Улаанбаатар хотод ажиллаж, иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн юм. Энэ үеэр ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хэвтэн эмчлүүлэх хэсгийн эмч С.ГЭРЭЛЦОГТ-той ярилцлаа.

-Монгол анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын хамгийн том эмнэлгүүдийн нэг ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Өвөр Монголын өөртөө засах орны Олон улсын Монгол эмнэлэг бол Монголын уламжлалт анагаах ухаан болон Европ анагаах ухааныг хослуулсан бүс нутгийн томоохон эмнэлгийн нэг. Монгол эмнэлгийн эмнэлзүйн дээд сургууль, Өвөр Монголын Үндэсний их сургуулийн түшиц, уламжлалт анагаах ухааны ерөнхий эмч болон резидент эмч нарыг сургалтаар хангах сургалтын бааз эмнэлэг юм. Мөн БНХАУ-ын улсын III шатлалын, А зэрэглэлийн эмнэлгийн түвшинд хүрч хөгжсөн. Оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, яаралтай тусламж, эрдэм шинжилгээ, сургалт зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлэг 1900  ортой. Эмчилгээ, үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор шинэ өргөтгөл барьж, ашиглалтад оруулахаар бэлтгэж, Монголын уламжлалт анагаах ухааны арга зүйг орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологитой хослуулан хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Миний хувьд тус эмнэлэгт дотрын эмчээр ажилладаг. Одоогоор Монгол Улсад докторантурт суралцаж байна. Саяхан манай эмнэлгийн үзлэг, оношилгооны баг Улаанбаатар хотод ажилласан. Энэ үеэр би багийн бүрэлдэхүүнд орж, иргэдэд үзлэг оношилгоо хийх, зөвлөгөө өгөх ажилд оролцлоо.

-Та эмчээс гадна судлаач, багш нарын шавь, эрдэм шинжилгээний ажилтан болжээ. Энэ замналынхаа талаар товчхон хуваалцахгүй юу?

-Уламжлалт анагаах ухааны сайн эмч болохын тулд эхлээд сайн эм зүйч байх ёстой гэсэн ойлголт байдаг. Миний хувьд эхлээд Өвөр Монголын өөртөө засах орны Анагаахын их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Уламжлалт анагаах ухааны эмч болохын тулд зөвхөн өвчин оношлох бус, эм тан барих, эмийн ургамал, тэдгээрийн найрлага, үйлчлэл, тун хэмжээг нарийн мэддэг байх шаардлагатай. Аль ургамал ямар үйлчилгээтэй, ямар өвчинд хэрхэн хэрэглэх, ямар найрлагаар хослуулах вэ гэдгийг мэдэхгүйгээр өвчтөнд зөв эмчилгээ хийх боломжгүй. Тиймээс эхлээд эм зүйн чиглэлээр суурь мэдлэг эзэмшиж, дараа нь Уламжлалт анагаах ухааны эмчийн мэргэжлээр суралцаж, Монгол Улсын АШУҮИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалж, гурван жилийн хугацаанд судалгаа шинжилгээний ажил хийсэн.

Одоо бол Улаанбаатар хот дахь “Оточ Маарамба” их сургуульд докторын зэрэг горилон суралцаж байна. Энэ хугацаанд Монгол Улсын уламжлалт анагаах ухааны нэр хүндтэй олон эрдэмтэн, багш нараас суралцах завшаан тохиосон. Тухайлбал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюуш, Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Цэрэнцоо, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Ч.Чимэдрагчаа зэрэг уламжлалт анагаах ухааны салбарын нэрт эрдэмтэд бол миний багш нар. Б.Цэрэнцоо багш маань миний магистрын ажлыг удирдсан хүн. Миний хувьд ӨМӨЗО болон Монгол Улсын уламжлалт анагаах ухааны сургалт, судалгааны орчинд суралцаж, арвин туршлага хуримтлуулахыг хичээж явна.

-Сүүлийн жилүүдэд эмчилгээ, оношилгоо хийлгэхээр Хөх хотыг зорих монголчуудын тоо эрс нэмэгдсэн. Гаднын эмнэлэгт очиход хэлний бэрхшээл, орчин нөхцөлөө мэдэхгүй байх, үйлчилгээний талаар мэдээлэл дутмаг байх зэрэг асуудал хүн бүрд тулгардаг. Танай эмнэлгийг зорин очиж буй монголчуудад ямар давуу болон сул талууд байдаг вэ?

-ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг Хөх хотын Их сургуулийн гудамжинд байрладаг. Хотын иргэд төдийгүй гаднаас ирсэн хүмүүст танигдсан эмнэлгүүдийн нэг юм. Монгол Улсаас зорин ирж буй иргэдийн хувьд эмнэлгийн байршлыг олох, эмнэлэгт хүрч очиход хүндрэл багатай. Мөн манай эмнэлэг байрладаг бүсийг “Олон улсын эрүүл мэндийн хотхон” гэж нэрлэдэг. Энэ хотхон нь эрүүл мэндийн аялал жуулчлал, эмчилгээ үйлчилгээний цогц орчин бүрдүүлсэн онцлогтой. Нөгөө талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын 70 хувь нь монгол хэлээр ярьдаг тул монголчуудын хувьд хэлний бэрхшээл гарах нь бага. Оношилгоо, эмчилгээний явцад санаа зовох зүйл багатай гэсэн үг. Өвчтөн зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж, Хөх хотод сараас дээш хугацаатай байх ёстой болсон тохиолдолд эмнэлгийн зүгээс тухайн хүнд визийн асуудал дээр туслалцаа үзүүлж, виз сунгах боломжтой. 

Өнгөрсөн онд гэхэд Монгол Улсаас 40 мянга орчим иргэн манай эмнэлэгт хандаж, үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээ авсан байна. Хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд, ахмад настнууд гээд маш олон хүн зорьж ирдэг. Манай эмнэлэг Монгол Улсаас ирсэн үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэхэд анхаарч, шинжилгээ, оношилгооны хариуг аль болох шуурхай гаргах, үйлчилгээний үйл явцыг хөнгөвчлөх бодлого баримталдаг. Манай эмнэлэг уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг боловч орчин үеийн Европ эмчилгээ, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг ч цогцоор нь үзүүлдэг. Тухайлбал, Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг хотын нэр хүндтэй эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд эдгээр хотоос тэргүүлэх зэрэглэлийн эмч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг давуу талтай.

-Улаанбаатарт явуулсан энэ удаагийн үзлэгээр та хэдэн хүнд үзлэг, оношилгоо хийж амжсан бэ. Ер нь монголчуудын дунд нийтлэг зонхилж буй өвчлөл юу байх шиг санагдав. Уламжлалт анагаах ухаанд тэдгээр өвчлөлийг орчин үеийн оношилгоотой хослуулан эмчлэх боломжтой юу?

-Дотрын эмч учраас надад голдуу хоол боловсруулах эрхтний зовуурьтай хүмүүс хандаж үзүүллээ. Ходоод, нойр булчирхай, элэг, гэдэсний үйл ажиллагаатай холбоотой асуудал түгээмэл ажиглагдаж байна. Үүнээс гадна нойргүйдэл, стресс, эмэгтэйчүүдийн цэвэршилттэй холбоотой бие махбодын өөрчлөлтийн асуудлаар зөвлөгөө авахаар хандаж буй хүмүүс ч цөөнгүй байна. Уламжлалт анагаах ухаан хүний биеийн салангид эрхтнийг хоорондоо уялдаа холбоотой нэгэн цогц тогтолцоо гэж үздэг. Харин орчин үеийн анагаах ухаанд эрхтэн тогтолцоог төрөлжүүлэн судалж, оношилж эмчлэх чиглэл давамгай хөгжсөн. Дотор, мэдрэл, үе мөч, уушги, эмэгтэйчүүд, судас, чих хамар хоолой зэрэг нарийн мэргэжлийн төрөлжсөн тасагтай. Өвчтөнд илүү нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхийн тулд оношилгооны орчин үеийн эхо, компьютер томограф, MRI, рентген зэрэг төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж, хосолсон үзлэг, оношилгоо хийдэг. Уламжлалт анагаах ухааны эмч нар өвчтөнд тавьсан оношоо шаардлагатай тохиолдолд томограф, MRI, эхо зэрэг орчин үеийн технологиор шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах нь эмчилгээний үр дүнг илүү сайжруулдаг давуу талтай.

-Зарим өвчнийг шинжилгээ, дүрс оношилгоогоор амархан илрүүлдэг бол зарим хүний онош тогтоогдохгүй удаан хугацааны турш эмнэлгээр явахад хүрдэг. Ийм тохиолдлыг уламжлалт анагаах ухаан ямар өнцгөөс харж, хэрхэн эмчилдэг вэ?

-Тийм ээ, өвчний онцлогоос шалтгаалаад эмчилгээний арга барил өөр өөр байдаг. Зарим өвчинд орчин үеийн оношилгоо, эмчилгээ зайлшгүй шаардлагатай бол зарим тохиолдолд уламжлалт анагаах ухаан илүү сайн үр дүн үзүүлэх нь бий. Жишээлбэл, нойргүйдлийг авч үзье. Хүн нойргүйдээд удаж байгаа ч рентген зураг, эхо, MRI шинжилгээ хийлгэхэд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй байх тохиолдол олон. Өөрөөр хэлбэл, өвчтөнд зовуурь байгаа ч орчин үеийн технологиор харагдахуйц эмгэг олдохгүй байдаг гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд ийм байдлыг хүний биеийн дотоод тэнцвэр алдагдах, тухайлбал хий, шар, бадганы хямралтай холбон үздэг. Тиймээс зөвхөн шинжилгээний хариуд бус, тухайн хүний биеийн ерөнхий байдал, судасны онцлог, сэтгэл санааны төлөв зэргийг хамтад нь үнэлж оношилдог.

Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны хамгийн зөв шийдэл бол хоорондоо нягт холбоотой ажиллах явдал. Эмч эхлээд уламжлалт аргаар судас үзэж онош тавина. Дараа нь шаардлагатай бол томограф, MRI, лабораторийн шинжилгээгээр оношоо баталгаажуулна. Ингэснээр өвчний шалтгааныг илүү өргөн хүрээнд харж чаддаг. Орчин үеийн анагаах ухаан зарим тохиолдолд өвчний шинж тэмдгийг хурдан намжаах өндөр үр дүнтэй арга хэрэглэдэг. Харин уламжлалт анагаах ухаан өвчний суурь шалтгаан, амьдралын хэв маяг, биеийн тэнцвэрт байдлыг засахад илүү анхаардаг онцлогтой.

Манай уламжлалт анагаах ухаанд эмчилгээний дөрвөн үндсэн арга бий. Үүнд идээ ундаа буюу хооллолт, явдал мөр буюу амьдралын хэвшил, эм тан, засал эмчилгээ ордог. Өөрөөр хэлбэл өвчтөн зөвхөн эм уугаад зогсохгүй амьдралын хэв маягаа өөрчилж, биеийнхээ онцлогт тохирсон дэглэм баримтлах шаардлагатай байдаг. Жишээлбэл, нойргүйдэлтэй хүнд зөвхөн эм өгөхөөс гадна хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, хий зохицуулах тан хэрэглэх, кофе, өтгөн цай зэрэг сэргээх үйлчилгээтэй зүйлсийг хязгаарлах зэрэг зөвлөгөө өгдөг. Өвчтөн эдгээр зөвлөмжийг тууштай мөрдвөл эмчилгээний үр дүн илүү сайн гардаг. Тиймээс уламжлалт анагаах ухааны давуу тал нь өвчнийг дан ганц шинж тэмдгээр нь бус, хүнийг бүхэлд нь авч үзэж, бие махбод, сэтгэл санаа, амьдралын хэвшлийн уялдаа холбоонд тулгуурлан эмчилдэг онцлогтой.

-Жил бүр Монгол Улсаас төдийгүй БНХАУ-ын олон бүс нутгаас өөр бусад орноос танай эмнэлгийг зорин ирдэг хүмүүсийн тоо өсдөг юм байна. Энэ их итгэлийг төрүүлж буй онцлог нь юу вэ?

-Манай эмнэлэг БНХАУ дахь уламжлалт анагаах ухааны мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны ололттой хослуулан хөгжүүлж буй бүс нутгийн хэмжээний томоохон төв эмнэлэг юм. Тиймээс манай ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээ, эм найруулгыг нэг дор төвлөрсөн байдаг. Монгол уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухааныг хослуулсан төрөлжсөн тасгуудтай. Тархи, мэдрэл, зүрх судас, уушги, хавдар, хоол боловсруулах эрхтэн, үе мөч, хүүхэд, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээг цогцоор нь үзүүлдэг. Ялангуяа уламжлалт Монгол эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, мэс засал, өндөр түвшний дүрс оношилгоог уялдуулан ашигладгаараа онцлогтой.

Мөн үүдэл эсийн эмчилгээ, зүрх судасны нарийн мэргэжлийн мэс засал, хавдрын цогц эмчилгээ зэрэг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг хотуудын нэр хүндтэй эмнэлгүүдтэй хамтран ажилладаг. Тиймээс БНХАУ-ын олон муж, бүс нутгаас төдийгүй Монгол Улсаас жил бүр олон мянган хүн ирж оношлуулж, эмчлүүлдэг.

Д.Отгоо

Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.