Шинэ цагийн “Эрдэнэт үйлдвэр” – Шинэ бүтээн байгуулалт
Монгол Улсын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Эрдэнэт хот 50 жилийнхээ ойг долдугаар сарын 23–25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улсын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Эрдэнэт хот 50 жилийнхээ ойг долдугаар сарын 23–25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Эрдэнэтийн түүх бол зөвхөн нэгэн хотын үүсэн байгуулагдсан түүх биш. Монголын уул уурхайн шинэ эрин, их бүтээн байгуулалт, олон мянган хүний хөдөлмөр зүтгэлээр бүтсэн нэгэн цагийн түүх юм. Монгол, Чехословакийн геологичид 1960-аад оны дундуур Эрдэнэтийн зэс, молибдений ордыг нээснээр энэ түүхийн эхлэл тавигджээ. Улмаар ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах шийдвэр гарч, их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн байна. Үйлдвэрээ дагасан шинэ хот байгуулах шаардлага ч бий болж, 1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн бие даасан хот байгуулах түүхэн шийдвэр гарчээ.
Ингээд 1976 оноос эхлэн эх орны дөрвөн зүг, найман зовхисоос 6000 гаруй илгээлтийн эзэн, Ардын армийн барилгачин дайчид, төр, нийгмийн байгууллагын ажилтнууд, инженер, техникчид Эрдэнэт рүү цувран ирж эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 Бүгд Найрамдах улсын 172 хотоос, 43 үндэстэн ястны төлөөлөл болсон 15 мянга гаруй инженер, мэргэжилтэн, барилгачин Монголын талд хөл тавьжээ. Тэд өөр өөрийн хэл, нутаг ус, мэргэжил, амьдралын түүхтэй ч нэгэн зорилгын дор нэгдсэн нь Эрдэнэтийг бүтээн байгуулах явдал байв.
Ийнхүү тал талаас цугласан монголчууд, гадаадын инженер мэргэжилтнүүд, барилгачид, дайчид гар сэтгэл нийлэн ажиллаж, тал нутгийн дунд шинэ үйлдвэр, шинэ хотын суурийг тавьсан юм. Өнөөдөр 50 жилийн түүхээ үдэж буй Эрдэнэт бол тэр үеийн их бүтээн байгуулалтын бодит гэрч. Харин хотын гудамж, үйлдвэр, орон сууц бүрийн цаана түүнийг бүтээсэн мянга мянган хүний хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, залуу насны мөр үлджээ. Эрдэнэт хотын ойн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллаж, хотын 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцож, тус хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлсэн юм.
Эрдэнэтчүүд түүхт ойн жилдээ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 181.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 187 төсөл арга хэмжээг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр 24.9 тэрбум төгрөгийн таван төсөл, “Эрин зууны бахархал Эрдэнэт᠌” төрийн бус байгууллагын хандив 11.5 тэрбум төгрөгийн найман төсөл хэрэгжүүлжээ. Мөн түүхт ойн бүтээн байгуулалтад 320 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага 11.5 тэрбум төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өргөсөн нь түүхт ойн хамгийн үнэ цэнтэй оролцоо байжээ. Мөн 50 жилийн ойн баяр наадмаар сайн дурын 150 ажилтан ажиллаж, дотоод, гадаадын иргэд, зочид төлөөлөгчдөд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, хүүхэд хамгаалал, эх, хүүхдэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ баяр наадмын зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжил, нийгмийн үйлчилгээний чиглэлд сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн томоохон төсөл өнөөдөр Орхон аймгийн хөгжлийн өнгийг тодорхойлж байна. Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хооронд хамтран ажиллах гэрээг гурван жил тутамд шинэчлэн байгуулдаг бөгөөд 2025-2027 онд нийт 17 ажил хийхээр тусган санхүүжилт олгож байгаа аж. Хотын 50 жилийн ойн өмнө хийсэн бүтээн байгуулалтаас товчхон хүргэхэд,
-Хотын ус хангамжийн цех Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтийн усан сан хүртэлх 65 км урт хос шугамаар хоногт 62 мянган шоо метр цэвэр ус татаж хэрэглэгчдэд түгээдэг. Харин 1976, 1988 онд ашиглалтад орсон шугамууд олон жилийн ашиглалтын явцад элэгдэж, шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” 65 км урт, 820 мм-ийн голчтой ган хоолой бүхий гурав дахь шугамыг барьж ашиглалтад оруулан, Эрдэнэт хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг олон арван жилээр сунгажээ.
-Эрдэнэт үйлдвэрийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40 гаруй жилийн насжилттай инженерийн төв шугам сүлжээг бүрэн шинэчилж, ган хоолойгоор сольсон нь хотын дэд бүтцийн хамгийн том шинэчлэлийн нэг болсон юм. Ингэснээр Эрдэнэт хотын төв шугамын найдварт ажиллагаа, аюулгүй байдлын баталгааг дахин 40 жилээр уртасгажээ.
-Тус үйлдвэр хотын өнгө төрхөд нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь “Уурхайчин-1” хороолол. Одоо энд үйлдвэрийн ажилтнууд төдийгүй Эрдэнэт хотын 375 өрх цэвэр агаартай, тав тухтай орон сууцанд амьдарч байна.
-Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулсан. 1000 тонн үр хадгалах хүчин чадалтай энэхүү төвд модлог ургамлын генетик нөөцийг хамгаалахын зэрэгцээ эд эсийн аргаар үржүүлэн тарьц, суулгац үйлдвэрлэж байна.
-Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулж, байгуулсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэв. Ингэснээр тус эмнэлэгт жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдлээ.
-Эрдэнэт хотын 50 жилийн ойн босгон дээр “Эрдэнэт үйлдвэр” “CuMo Arena”-г ашиглалтад оруулж, баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах нөхцөл боломжоор хангаж бэлэг барина. 16 мянган ам метр талбайтай “CuMo Arena” нь үзвэр үйлчилгээ, спорт, урлаг, олон нийтийн үйл ажиллагааг нэг дор зохион байгуулах, 298 өрөө тасалгаатай металл дээвэр, төмөр бетон хийцтэй орчин үеийн цогцолбор юм.
Д.Жаргалан
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар