МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Ш.Хүслэн: Хувь заяаны гоё учралыг үргэлж...

Ш.Хүслэн: Хувь заяаны гоё учралыг үргэлж нандигнаж явдаг

“Miss mongolia 2026” тэмцээний үндэсний ялагч Ш.Хүслэнтэй ярилцлаа. Энэ жилийн үндэсний ялагч царайны төв төрхтэй, ухаалаг бүсгүй байв. Миссүүдийн мисс гэдэг тодотгол түүнд зохистой санагдана. Үе үеийн сайхан бүсгүйчүүдийн төрөлх хот Дарханд дөрөвдүгээр анги хүртлээ суралцжээ.

Үнэн
Админ

“Miss mongolia 2026” тэмцээний үндэсний ялагч Ш.Хүслэнтэй ярилцлаа. Энэ жилийн үндэсний ялагч царайны төв төрхтэй, ухаалаг бүсгүй байв. Миссүүдийн мисс гэдэг тодотгол түүнд зохистой санагдана. Үе үеийн сайхан бүсгүйчүүдийн төрөлх хот Дарханд дөрөвдүгээр анги хүртлээ суралцжээ. 

 -Танд амжилт хүсье. Та аль сургууль төгссөн бэ. Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-23 дугаар сургуулийг төгсөөд. MIU-д суралцсан. Аав, ээж хоёр маань Завханы Нөмрөг сумынх. Намайг дөрвөн настай байхад манайх Дархан хотоос нийслэл рүү шилжсэн. Ээж англи хэлний багш, аав минь Байгаль орчны яаманд ажилладаг байлаа. Одоо хоёулаа тэтгэвэрт гарсан. Намайг зургаан нас хүртэл аав минь Америкт гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарсан. Ээж, хоёр эгчтэйгээ бага насаа өнгөрөөсөн болохоор эмэгтэй хүн ийм байх ёстой гэдэг үзэл бодол төлөвшсөн байх. 

-Дархан миссийн хот. Танайд мисс байгаа юм биш биз?

-Эгч нар маань миссийн тэмцээнд оролцож байгаагүй ч сайхан бүсгүйчүүд. 17-тойдоо анхны тэмцээнд ороход бага эгч маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.  “Чи тэмцээнд оролцож үз. Хойшоо суугаад байвал нэг газраа гацдаг шүү. Чи ерөөсөө урагшаа л тэмүүлж бай. Үргэлж өөрийгө сорьж бай” гэсэн үгийг нь үргэлж санаж явдаг. Би багаасаа нийгмийн идэвхтэй, тэмцээн уралдаанд оролцдог, тайзан дээр гарах дуртай хүүхэд байсан. 12 дугаар ангидаа “Мисс Манжуур” тэмцээнд оролцсон. 2019 онд  “Ариунгоо” нэртэй зохион байгуулагдсан  тэмцээнд оролцож, шилдэг 12 охины нэгээр шалгараад, Манжуур хотод очсон явдал гэрээсээ хол явсан анхны тохиолдол. 

-Манжуурын тэмцээнээс туршлага хуримтлуулсан гэж үзэж болох уу. Өрсөлдөөнөөс ямар мэдрэмж авсан бэ?

-Анх гэрээсээ хол явахад сандарсан, догдолсон мэдрэмж санаанаас гардаггүй юм. “Би чинь яах ёстой билээ” гээд л...Гэрийнхнээ бас их санасан. Тэр үед өөрийнхөө үүрэг, хариуцлагыг тодорхой мэдэрсэн гэхэд болно. Тэмцээн Хятад, Орос, Монгол гурван улсын гоо бүсгүйг шалгаруулдаг. Гадаад хүмүүстэй харилцаад найзалж нөхөрлөх, тэдэнтэй харилцах хандлагыг зохион байгуулагч талаас хардаг нь анзаарагдсан.

-MIU-д ямар мэргэжлээр суралцсан бэ. Сургуулиа төгсчихсөн үү?

-Сургуулиа төгсөөд хоёр жил болж байна. MIU-д бүх хичээл нь англи хэл дээр ордог. Би мэргэжлээ хувцас загвараар сонгосон. Багаасаа загварт дуртай байсан. 

-Мэргэжлээрээ ажилласан уу?

-Одоохондоо моделиор ажиллаж байна. Загвар зохион бүтээгчээр ажиллаж эхлээгүй. Загвар зохион бүтээгчээр сурахдаа ойлгож авсан зүйл гэвэл хувцсыг зохион бүтээгээд,олноор нь үйлвэрлэнэ гэдэг байгальдаа ямар их хор хөнөөл учруулдгийг ойлгосон. Бодож төлөвлөж байгаад маш үнэ цэнэтэй, байгальдаа эргээд хор хөнөөлгүй зүйлийг хийх боломжтой, чадвартай болсон үедээ брэндыг хөгжүүлье гэж бодож байгаа.

-Үндэсний ялагчийг дараагийн тэмцээн хүлээж байна шүү дээ?

-Миний оролцох гэж байгаа тэмцээн бол “Miss international”.  64 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа, дэлхийд топ гуравт ордог томоохон тэмцээн. Дэлхийн 70 гаруй улс төлөөллөө илгээдэг энэ тэмцээнд Монгол Улсаас оролцох гэж байгаадаа маш их баяртай байна.

-Энэ жилийн “Miss mongolia” тэмцээнд олон улсын миссүүд ирсэн нь содон үйл явдал байлаа. Тэдэнтэй дотносох боломж олдов уу?

-Найман орноос мисс, моделиуд ирсэн. Өмнө нь тэмцээний ялагч Монголд ирсэн тохиолдол байхгүй. Дэлхийн ялагч өөрийн биеэр титэм гардуулж өгсөн явдал Монголоороо бахархмаар сайхан үйл явдал болсон. Морь унаад, Монголын тал нутгаар давхиж, монгол хоолоор дайлуулахдаа ямар их баяртай явааг харах сайхан байлаа. Энэ жилийн бас нэг онцлог “Model awards” шалгаруулалт. Олон улсын моделиуд Азийн хаан, загвар зохион бүтээгч Андрей Кимийн загваруудыг тайзнаа өмссөж үзүүлсэн. Солонгосоос 15 модель ирсэн. 

-Та үндэсний ялагч болсныхоо дараа өөрийнхөө давуу талыг юу гэж дүгнэсэн бэ?

-Тэмцээн сарын хугацаанд үргэлжлэхэд англи хэлтэй, мэдлэг боловсролтой байх хэрэгтэй гэдгийг харуулж чадсан. Хумхаа өвчнөөс сэргийлэх аянд манай байгууллага жил бүр оролцдог. Нэн ядуу өрхийн хүүхдүүдэд сургуулийн дүрэмт хувцасны туслалцаа үзүүлж ирсэн нь давуу тал болсон байх.

-Англи хэл гэснээс ээж нь багш болохоор багаасаа сайн суралцсан уу?

-Хүмүүс намайг 10 жилд байхад “Одоо чи ярь” гээд тулгачихна. Тэгэхээр би ярьж чадахгүй. “Ээж чинь англи хэлний багш биз дээ. Өдөр бүр англи хэл үзээд сууж байдаггүй юм уу” гэж асууцгаана. Багшийн охин байж огт хичээгээгүйдээ ичдэг байсан. “Гадагшаа тэмцээнд явна, англи хэл сайн мэдэх шаардлагатай” гээд их сургуулиа англи хэлтэй сургуулийг сонгосон. Их сургуульдаа англи хэлний мэдлэг олж авсан гэж хэлэхэд болно.

-Тэмцээнээс танд олон дурсамж үлдсэн байх даа. Бэлтгэл хийх явцад гарсан сонирхолтой үйл явдлуудаасаа яриач?

-Тэмцээн эхэлснээс хойш хамгийн хэцүү зүйл гэвэл эхний зураг авалт. Үүрийн зургаан цагт нүүр будалтаа хийлгэж эхлээд, маргаашийн гурван цагт нь зураг авалт дууссан. Нийт 21 цагийн зураг авалтын үеэр “Ямар хэцүү юм бэ” гээд оролцогч охидоо харахаар “Ямар тэвчээртэй юм бэ” гэж бодогдох жишээтэй.  “Ингэж их зураг авна гэж юу байсан юм бэ. Унтмаар байна, харих юмсан” гэж бодсон ч тайлбар тавьж шантраагүй. Тэмцээний дүн буюу титмийн эздийг зарласны дараа хүмүүс буруу ойлгоод байгаа нь хэцүү санагдсан. Хүмүүс аливаа зүйлд хүлээцтэй, дотроо бодолтой ханддаг байгаасай. Ер нь миссийн тэмцээн сүүлийн үед өөрчлөгдөж байгаа шүү гэдгийг хэлэх байна.

-Та менежертэй юу?

-Найз залуу маань миний менежер. Намайг маш их дэмждэг.

-Нэр нь хэн билээ?

-Сүмбэрэл. Ёстой сүмбэр уул шиг түшигтэй хүн байгаа даа.

-Сүмбэрэл ямар мэргэжилтэй вэ?

-МУИС-ийг санхүү эдийн засгийн чиглэлээр төгссөн. Хувиараа бизнес эрхэлдэг.

-Та хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн бэ?

 -Дөрвөн жил үерхлээ. Өмнө нь найзууд байсан. Бид хоёр Дарханд нэг өдөр төрсөн. Дарханд бүр зэргэлдээ байранд амьдардаг байсныг хожим мэдсэн. Бидний байр голдоо нэг тоглоомын талбайтай. Манай хүн “Би чамтай тоглодог байсан. Чамд алим өгөх гээд танай үүдийг тогшсон чинь нүүгээд явчихсан байсан” гэж ярьдаг. Түүний ээж Дарханаас  төрсөн гурван миссийн нэг.

-Үерхээд дөрвөн жил болсон гэлээ. Ээж, аав болох талаар ярилцаж байна уу?

-24-тэйдээ анхныхаа хүүхдийг төрүүлнэ гэж боддог байсан. Гэтэл 24 хүрчихлээ. Хойшлуулахаас өөр аргагүй. Эхлээд тэмцээндээ амжилттай оролцоод, цаашид суралцъя гэж бодож байгаа. 

 -Дарханы миссүүдийн хэн нь вэ?

-Ц.Сарантуяа. Танд сонин тохиолдол ярьж өгье. Манай найз залуу Сүмбэрэл бид хоёр нэг өдөр хорвоод мэндэлсэн. Манай ээж намайг төрүүлсний дараа төрөхийн ажилтнууд “Мисс Сарантуяа сая төрчихлөө. Нөхөр нь бэлэг аваад ирж байна” гэхийг сонссон гэсэн. Хувь заяаны гоё учралыг үргэлж нандигнаж явдаг.

-Гайхамшигтай. Дэлхийн миссийн тэмцээнд та хоёр хамт явах уу?

-“Miss internatrional” тэмцээн Японы Токио хотноо 20 хоног үргэлжилнэ. Нэлээд чанга дүрэм журамтай. Бидэнд уулзах боломж гарахгүй байх. Финалыг нь үзэх төлөвлөгөөтэй байгаа.

-Японд өмнө нь очиж байсан уу?

-Үгүй. Япон яг миний очиж үзэхсэн гэж бодож байсан газар. Маш олон хүслээ зэрэг биелүүлээд явж байна.

-Японы тэмцээнд орохдоо монгол гэдэг гол илэрхийллийг яаж гаргая гэж хүсэж байгаа вэ?

-Тэмцээнд явахаас өмнө өөрийгөө болон улсаа танилцуулсан  бичлэгт хамаг сайхнаа харуулах боломж олддог. Хүмүүс Монголыг мориор төсөөлдөг. Би морь унах дуртай. Түүнийгээ бичлэг дээрээ харуулна. Олон жуулчин Монголын сайхан тал нутгаар салхи татуулан давхиасай гэж хүсэж байна. Монгол хувцас, энгийн монгол дээл ч маш сайхан. Хатдын маань зүүсгэл ямар сайхан билээ. Хувцсаараа дамжуулж Монголынхоо өв соёл, түүхийг яаж харуулах вэ гэдгээ маш сайн бодож байгаад гоё хувцастай явна аа.

-Хамтран ажиллах байгуулла­гуудаа сонгосон уу?

-“Бортуа”-тай хамтаръя гэж бодож байгаа. Сая шоун дээр “Бортуа”-гийн загварууд гарлаа. Түүнийг хараад сүрдсэн шүү.

-Миссүүдийн хувцас лалт хүн бүрийн хараанд байдаг. Та хувцаслалтын тал дээр ямар шийдлийг чухалчилдаг вэ?

-Хэт задгай хувцаслах дургүй. Эмэгтэйлэг, дэгжин, ихэмсэг байдлаар хувцаславал гоё харагддаг. Ноолууран хувцас хаана ч гологддоггүй.  

-Спортоор хичээллэдэг үү?

-Багадаа бөмбөгнөөс айдаг, биеийн тамирын хичээлд зүгээр л суучихдаг байсан. Одоо газрын теннисээр хичээллэж байна. Эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохоор хобби болгоод, маш сайн тоглодог болтлоо хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Мэдээж, урлагийн авьяастай байх?

-Бүжиглэх дуртай. 10 жилдээ бүжгийн тэмцээнүүдэд оролдцог, төгсөх хүртлээ жүжигчин болно гэж боддог байсан.

-Кинонд тоглох санал ирвэл хүлээж авах нь ээ?

-Ямар дүр вэ гэдэг нь их чухал. Корона дэгдээд СУИС-т орж чадаагүй. Коронагийн үеэр сурна гэхээр сэтгэлд буугаагүй. Жүжиглэлт гэдгийг харьцаж байж мэдэрнэ. Онлайнаар, утасны цаанаас сурна гэхээр байж боломгүй санагдсан. Маш хурдан шийдвэрлэж MIU сургуулиа сонгосон.

-Таны амьдралд тохиолдсон хамгийн баяртай үйл явдал гэвэл?

-Өчигдөр тохиолдсон. Байж байгаарай хоолой гацчихлаа./уйлав/

-Гэрлэх санал юм уу?

-Үгүй. Догдлоод нулимсаа барьж чадахгүй байна. Аавын минь бие жаахан тааруу байгаа. 2020 онд өөрийнхөө бичсэн "Охиддоо" гэдэг шүлгийг надад дуудаж өгсөн. Сэтгэлд бугшсан зүйлсийг онгойлгоод харж байгаа юм шиг санагдаад уйлсан.

-Таны ялалт аавд нь сэтгэлийн тэнхээ өгсөн байх даа?

-Тийм.

 

Н.Энхцэцэг 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.