МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг “Show box” апп кино зах зээлд тэргүүлж б...

“Show box” апп кино зах зээлд тэргүүлж байна

Найруулагч Б.Чингүүн 15 орчим жилийн өмнө жижиг зай талбайд “Kino cafe” нээсэн явдал тухайн цаг үедээ шинэлэг байлаа.

Үнэн
Админ

Их хотын соёлыг жинхэнэ сэтгэгчид түгээдэг. Тэр үйлдэл хөндлөнгөөс харахад өчүүхэн мэт боловч маш өөриймсөг, алсыг харсан хэв шинжийг агуулах нь бий. 2026 долдугаар сарын 1-нд цахимаар кино зардаг “Show box” ХХК-ийн хамт олон гурван жилийн ойгоо тэмдэглэлээ.  Энэ гэхдээ гуравхан жилийн түүх биш.

Найруулагч Б.Чингүүн 15 орчим жилийн өмнө жижиг зай талбайд “Kino cafe” нээсэн явдал тухайн цаг үедээ шинэлэг байлаа. Кино заал, үйлчлүүлэгчид кофе, цай уунгаа хөнгөн зууш зооглоод суух танхимыг тохижуулсан юм. Хотын төвд “Шихихутаг” дээд сургуультай залгаа тул залууст бол бүр тохиромжтой газар санагдана. Бас номын сантай ч байл уу. 2012 онд Б.Чингүүний баг “Наран мандах нутаг” олон ангит уран сайхны киног Сүхбаатар аймагт бүтээж, Б.Осгонбаярын дуулсан уг киноны дуу хит болсныг ч санаж амжив. “Наран мандах нутаг” кино ч үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. “Kino cafe” хийж бүтээх эрмэлзэл дүүрэн шинэ үеийн залуусаар боловсон хүчнээ өргөтгөсөөр байв. Улмаар “Show box” цахим платформыг жүжигчин Д.Мөнхтөмөр, найруулагч Б.Чингүүн, түүний үзэсгэлэнт эхнэр, жүжигчин Ч.Сэлэнгэ нар санаачилсан нь бусдаас эрс ялгарч байна. 1998 онд Б.Чингүүн АНУ-д амьдарч байхдаа “Netflex”-ийн брошурыг айлуудаар тарааж явсан гэдэг. Тэр үеийн далд ухамсарт нь Show box-ыг үүсгэн байгуулах код хадгалагдсан байх магадлалтай. Ковидын үед элдэв туршилт хийсэн ч аппликейшн хийдэг мэргэжилтэн ховор, эсвэл төлбөрийн систем саатах зэрэг эрсдэл учирч байв. Ковидын дараа бүх нөхцөл бүрджээ. Оюутан ахуй цагийнхтайгаа тун төстэй аппликейшнийг 20 жилийн дараа ”Хайрцгаа задлаад үз” уриатайгаар эхлүүллээ. “Show box“ нь контентыг зөвхөн гар утсаар биш таблет, зурагтаар үздэг болгох ойрын зорилготой. Үнэгүй тараадаг, соёл урлагийн мэдээлэл зонхилсон сониныг цахим давлагаанаас сөрж ирээд хийж буй нь Чингүүний жинхэнэ характер. Соёлт нийгэмд борлуулалт, нийтлэг сонирхлоос одоохондоо тун ангид оршин буй ч үнэ цэнийг бүтээхийг зорьдог хүмүүс ялгардаг. “Show box”-ынхон Б.Чингүүний 15 жилийн өмнө байгуулсан “Kino cafe”-д төвхнөжээ.

 Эл обьект нь гаднах террасаасаа авахуулаад европ тивд он удаан жил үйл ажиллагаа эрхэлж, жуулчин гийчнийг хүлээн авдаг кафег санагдуулна. Зуны аагим халуунд, зүсэр бороотой, магадгүй өвлийн цас хунгарласан өдөр, ер хэдийд ч энд тухалбал хүмүүний сэтгэл хөөрхөөн баясахаар орон зай. Үүдээр оруут тек, авсаархан тайзтай үйлчлүүлэгчид тухлах ширээ бүхий танхимтай. Цаашилбал маке  up хийдэг булантай юм. Тэнд кино үзэхээр ирсэн хүмүүс, үйлчлүүлэгчид өөрийгөө үнэ төлбөргүй гоодож болох гэнэ. Мини кино танхим хэд хэд байна. Хосууд, ажлын хамтрагчид ангийн дөрвөөс таван найз гэх мэтчилэн бүгдийг тооцоолсон бололтой. Хамгийн том танхимд нь 30-аад хүн өлхөөн багтчихаар харагдав. Эдгээр танхимуудын хананд дэлхийн алдартай кинонууд, жүжигчдийн постер өлгөөтэй байх нь кино сонирхогчдод бол яах аргагүй таатай сэтгэгдэл төрүүлж байна. “Show box” сонин, хуучны пянз тоглуулагч, төгөлдөр хуур, тоолж баршгүй олон жижиг хэрэглэлийг та бүхэн зорьж очоод харвал мөн ч сонион. “Show box”-ын дэргэдэх охидын “Girls” хамтлаг болон уран бүтээлчдийн бэлтгэлийн танхим, жүжигчид, бэлтгэгдэгчдийн хувцасны хэсэг гээд эднийд үзэж харах зүйл мундахгүй.

Монголдоо анх босоо форматтай киног үзэгчдэд хүргэсэн эл хамт олон шоу энтертайнмент дотроо ирээдүйн урлагийн нэрт төлөөлөгчдийг охидын хамтлагаасаа бэлтгээд зах зээлд “шидэх” ч юм бил үү, хэн мэдлээ. Гурван гишүүнтэй “Girls” хамтлагийн “Чи миний melody” клипний анхны үзэгчид нь “Show box”-ын гурван жилийн ойн зочид байлаа. Ялдам, хөөрхөн охид юм. Анхны клипний зураг авалт, зохиомж, дууны үг, охидын дуулах ур чадвар, биеийн хэлэмж, бүжиг өв тэгш ч гэж. Өрсөлдөөнтэй зах зээлд ийм дүр төрхүүдийг цаашид бахдам ирээдүй хүлээж байж болох. Ойн баяраа тэмдэглэж байгаа учраас компанидаа үр бүтээлтэй, санаачилгатай ажилласан залуусаа шагнаж урамшууллаа. Энд нэг л ховор зүйл байна. Компанийн хамгийн үнэт зүйл нь зорилго нэгт залуус юм. Ийм цэл залуу, нуруулаг, царайлаг, соёлт залуус нэг дор бужигналдаж байхтай ойрд таарсангүй. Нүднээс нь оч гялалзсан, хиргүй тунгалаг, эрч хүчээр дүүрэн ийм залуус биесдээ урам хайрлахыг харах сайхан юм.

Тэр ажлыг яг таг төлөвлөж чаддаг нэгэн. Төлөвлөгөөний дагуу бүх бэлтгэлээ хангаад, гүйцэтгэлдээ орохоор тэр ажлыг маш хялбар амжуулчихаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гарын үзүүрээр гэдэг шиг. Энэ арга барилаараа олон кино бүтээж, өсвөр үеийг соён гэгээрүүлэн, зарим бүтээлээрээ олон улсын шагнал хүртсэн болов уу.

Б.Чингүүний эхнэр, жүжигчин Ч.Сэлэнгэ уран бүтээлчийн хувьд шавхагдашгүй авьяастайг “Дангина” киноны гол дүр болон бусад уран бүтээлээс харж болно. Амьдрал дээр ч дүрүүд шигээ гэнэн цагаахан нэгэн аж. Харин бизнест бол тун няхуур бололтой. Зочдын дулаан уур амьсгалаас, заримынх нь тодорхойлолтоос төслүүдийн зохиол, нарийн чимхлүүр ажлууд, эв нэгдлийг эрхэмлэгч, уриалан дуудагч нь Ч.Сэлэнгэ гэдгийг мэдэж авсан юм. Авьяаслаг багтай хөлөг онгоцны жолоодогч Б.Чингүүн чимээгүй хөдөлмөрлөдөг, үр дүн нь түүнийг бэлхнээ илтгэдэг билээ. 

Н.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.