Ш.Зулбадам: Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойгоор “Камертон” хамтлагийг үнэ төлбөргүй тоглуулж бэлэг барина
Эрдэнэтийн нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэгч, “Орхон дэвшил” ХХК-ийн захирал Ш.Зулбадамтай ярилцлаа.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын бэлтгэл ажил мэдээж их. Тэр олон дунд Ш.Зулбадам хэмээх хүмүүнлэг гоо бүсгүйн сюрприз талархал хүлээгээд байна. Энэ тоглолтын зохион байгуулагч Ш.Зулбадам маш олон хүмүүнлэг үйлс хийсэн нийгмийн хариуцлагатай залуу CEO аж. Эрдэнэтийн нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэгч, “Орхон дэвшил” ХХК-ийн захирал Ш.Зулбадамтай ярилцлаа.
-Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан энэ зуны шоу тоглолтыг зохион байгуулж ,“Камертон” хамтлагийн тоглолтоор төрөлх хотынхноо баярлуулж буй тантай уулзахдаа таатай байна. Юуны өмнө өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг Ш.Зулбадам гэдэг. Энэ сайхан нутагтаа төрж өссөн Эрдэнэтийн унаган охин. Өнөөдөр нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний аав, ээж 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж эхэлж байх тэр цаг үед энэ сайхан буянтай нутагт ирж ажилласан хүмүүс. Ээж маань токарьчин, аав маань хийн гагнуурчнаар тус бүр 33 жил үнэнчээр хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан. Тэднийхээ хөдөлмөрч, шударга амьдралаар үргэлж бахархдаг. Тийм ч учраас өөрийгөө зөвхөн Эрдэнэтийн хүүхэд биш, уурхайчны удмын хүүхэд гэж бодож явдаг.
-Шоу ертөнцөд шинэ дүрүүд олноор гарч ирдэг. Ихэвчлэн эрчүүд байдаг л даа. Эмэгтэй хүн энэ салбарт ажиллахад бэрхшээл хэр байсан бэ?
-Хэрэв миний боломж бүрдвэл Эрдэнэтдээ илүү ихийг хийхийг хүсэж байгаа. Одоогийн нөхцөл бололцоондоо тулгуурлаад, 50 жилийн түүхтэй энэ сайхан хотод амьдарсандаа бахархсан сэтгэлээр “Камертон” хамтлагийг урьж, үнэ төлбөргүй тоглолтыг нь хийх гэж байна. Өөр сюрпризүүд байгаа. Цаг нь болохоор задална. Энтертайнмент зах зээлд бол шинэ хүн. Саяхан “Эрдэнэтийн Гамп” гүйж орж ирэхэд өөрийн багийн хүүхдүүдээ угтуулж ард нь гүйлгэсэн. Энэ ч бас нэг төрлийн шоу. Жүжигчин маань өөрөө мэдээгүй л дээ. Эрдэнэт хотод энэ жил маш олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Миний анхны дебют учраас одоогоор бэрхшээл алга. Амжилтыг тоглолт дууссаны дараа дүгнэх биз ээ.

-Эрдэнэтэд шоу үзэхээр зорьж буй хүмүүст хандаж та хотоо сайхан танилцуулна уу. Ингэхэд тоглолт хаана болох вэ. Ойролцоогоор хэд орчим хүн үзэх боломжтой вэ?
-Төв талбайдаа гэж төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын цэнгэлдэхээс дутах юмгүй шүү. Манай Эрдэнэт хот 123000 хүн амтай. Залуусын хот гэдгээрээ алдартай. Монгол орны хөгжил цэцэглэлтийн төлөө хот даяараа хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөж байдаг стратегийн ач холбогдол бүхий нутаг. Тэр ч утгаараа 50 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд олон зүйлс хийж байгаа. Миний хувьд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.
-Эрдэнэт хотод ГОК байдаг гэдэг утгаараа хүмүүсийн амьдралын чанар их сайн гэж харагддаг. Та ч санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн товхийсэн бизнес эрхэлдэг, хөлөө олсон хүн бололтой. Таны бизнесийн чиглэл юу вэ?
-Амьдрал надад нэг том үнэнийг ойлгуулсан. Хүн төрөхдөө боломжоо сонгодоггүй ч амьдралаа өөрөө бүтээдэг. Миний хамгийн том баялаг мөнгө биш, харин туулсан зам, алдаа оноо, хуримтлуулсан туршлага, намайг хүмүүжүүлсэн хүмүүс юм. Би өөрийгөө хэзээ ч юугаар ч хязгаарлаж байгаагүй. Учир нь хүсэл мөрөөдөл хөдөлмөртэй нийлбэл боломжгүй зүйл гэж байдаггүй гэдэгт итгэдэг. Тиймээс өнөөдөр ч гэсэн би зөвхөн өөрийнхөө төлөө биш, төрсөн хот Эрдэнэт, ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө илүү ихийг бүтээхийг зорьж байна. Эцэст нь нэг л зүйл хэлмээр байна. Миний түүх бол онцгой түүх биш. Харин хөдөлмөрийг хүндэлж, мөрөөдөлдөө үнэнч явсан жирийн нэг Эрдэнэтийн бүсгүйн түүх юм. Тиймээс хаана ч явсан өөрийгөө “Энэ сайхан нутагтаа төрж өссөн Эрдэнэтийн охин” гэж бахархалтайгаар хэлдэг.
Их зүйл хиймээр байвч эрх мэдэл алга
-Таны талаарх мэдээллүүд гэнэт хэвлэл мэдээллээр тэсрэлттэй гарч ирлээ. Та спортыг бас их дэмждэг юм байна. Эмэгтэй хүн багт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг сонирхолтой байна шүү?
-Би “Орхон дэвшил” ХХК-ийг удирдаад зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийж, нутгаасаа төрөн гарсан тамирчдыг ивээн тэтгэн, дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Тухайлбал "Бяцхан шүд" төслийг санаачилж, аймгийнхаа 0-16 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй шүдний үзлэгт хамруулсан нь олон хүний талархлыг хүлээсэн. Мөн хөлбөмбөгийн "Хангарьд залгамж" клубийг үүсгэн байгуулсан. Сагсан бөмбөгийн “Erdenet Miners” багийг ивээн тэтгэсэн. Олон ажлыг санаачлан, амжилттай удирдсан тууштай, хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй гэдгээрээ нутаг орондоо танигдан магтуулж байгаа. Залуу хүнд магтаал илүүдэхгүй ээ гэж боддог. Хийж бүтээж буйд минь урам хайрлаж байгаа нутгийнхандаа үргэлж талархаж явдаг. Эрдэнэт хотынхоо унаган хүүхэд жудогийн тамирчин, залуу мастер Б.Эрдэнэбаярыг ирэх 2028 оны олимпод даагаа нэхэх боломжоор нь хангаж бүх талаар нь дэмжин ажиллаж байгаа.
-Та сонгуульд бие даан нэр дэвшсэн юм билээ. Эмэгтэйчүүдийн манлайлал улс төрд чухалд тооцогдож байгаа цаг үед цоо шинэ дүр болж гарч иржээ. Улс төрд орох болсон таны зорилго юу вэ?
-2024 оны сонгуульд бие даан нэр дэвшсэн маань надад маш том сургамж, ололт болсон. Миний зорилго эмэгтэйчүүд хүчтэй байгаасай гэж боддог юм. Хүчирхэг эмэгтэй гэдэг нь заавал нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэйг хэлэхгүй. Амьдралаа бүрэн бүтэн авч яваа, гоо сайхнаа хадгалж байгаа, нийгэмд нөлөөлж урдахаа хийж чаддаг эмэгтэйг би хүчирхэг гэж хэлнэ. Маш их зүйл хиймээр байдаг. Гэвч надад эрх мэдэл алга. Тэр утгаараа сонгуульд нэр дэвшсэн. Манай Эрдэнэт хот 123 мянган хүн амтайгаас 50 гаруй мянга нь бүсгүйчүүд. Тэд маань намайг бас их дэмждэг. Жаахан охид л өрсөлддөг. Хүчирхэг эмэгтэйчүүд бие биеийнхээ титмийг тэгшилдэг гэдэгт би итгэдэг. Миний амьдралд миний титмийг тэгшилсэн, надтай хамт амжилтын төлөө тэмүүлсэн, нийгэмд сайн сайхныг түгээх чин хүсэлтэй олон хүн байсан. Би өөрийгөө хүрээлэлтэй, азтай эмэгтэй гэж боддог. Сонгуульд ялах ялагдах чухал биш. Эмэгтэйчүүдийн чадварыг тодорхой хэмжээнд харуулж төлөөлөл нь болж дуу хоолойгоо хүргэж чадсан. Улс төрийг хэзээд сонирхох болно.
Би өөрийгөө Эрдэнэтийн хөдөлмөрч айлын охин гэж тодорхойлдог

-Эрдэнэтийн охид мисс байдаг. Та ч бас миссийн тэмцээнд оролцож байсан юм билээ. Жинхэнэ мисүүд шудрагаар тодорцог цаг үе байсан шүү. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Би 2008 онд “Монголын мисс” тэмцээнд оролцож тэргүүн таван байрын нэгийг эзэлж байсан. “Шилмэл загвар” агентлагт харьяалагддаг байлаа. Миний загварын ертөнцтэй холбогдсон замнал есдүгээр ангиас эхэлсэн. Эрдэнэтийн охин Улаанбаатарт энэ салбартаа бас цахиур хагалж, тухайн цаг үедээ ялгарч байлаа. Тэр цагийг бодоход надад маш их зүйл өгсөн байдаг. Өсвөр насандаа ч юм уу мисс учраас гоё байх ёстой биш л дээ. Төрөлхийн гоо үзэсгэлэн миссүүдэд илүү чухал юм шиг санагддаг. Би нүүрээ тод буддаггүй. Нарны тос уруул өнгөлөгч л байхад болдог юм. /инээв. сурв/ Төрөлхийн тод төрхтэй тул будахаар хэтийдчих гээд байдаг. Өөрийгөө ер нь л даруу төлөв байдлаар авч явахыг хүсдэг. Миссийн титмийг зүүгээд үзчихсэн. Гоё сайхан бүхнийг хэрэглээд үзчихсэн. Сайн аав ээжийн буянд дутаж гуцаж үзээгүй. Одоо яг эдийн шуналгүй насан дээрээ байна даа. Хор нь гарна гэдэг нь юм болов уу. /инээв.сурв/
-Та Эрдэнэтийн уугуул. Яагаад өнөөдрийг хүртэл нутгаа орхиж яваагүй суурьшиж үлдсэн бэ. Залууст бас их зөв үлгэр дуурайлтай санагдаж байна. Байгаа орчноо хөгжүүлж амьдрах сайхан хэрэг шүү?
-Эцэг эхийнхээ хөдөлмөрийн замналыг үргэлжлүүлэн миний ажлын хамгийн анхны гараа ч мөн Эрдэнэт үйлдвэрээс эхэлсэн. 2016 онд үйлдвэрт ажилд орж, 2021 он хүртэл ажилласан. Үйлдвэр маань надад зөвхөн мэргэжлийн мэдлэг биш, сахилга бат, хариуцлага, хамт олны үнэ цэн, хөдөлмөр хүнийг хэрхэн төлөвшүүлдгийг сургасан хамгийн том сургууль. Миний үндсэн мэргэжил эдийн засагч, олон улсын аудитор. Гэхдээ нэг зүйлд үргэлж итгэдэг. Хүнийг дипломоос илүү хөдөлмөр нь бүтээдэг. Амьдралдаа ямар ч ажлыг голж үзээгүй. Ажлын гараагаа цэвэрлэгчээр эхэлж байсан. Тэр үед нэг ч удаа “Энэ миний хийх ажил биш” гэж бодогдоогүй. Харин ч ажил бүр өөрийн гэсэн үнэ цэнтэй, ажил бүр хүнийг хүмүүжүүлдэг гэдгийг ойлгосон.
Тиймээс өнөөдөр бардамхан хэлдэг. Цэвэрлэгчээс эхэлсэн мөрөөдлөө хөдөлмөрөөрөө тэтгэж, бизнесийн салбар, нийгмийн ажил, улс төрийн тавцан хүртэл өөрийн гэсэн замаа гаргаж ирсэн. Энэ зам амар байгаагүй. Гэхдээ нэг ч алхамдаа харамсдаггүй. Учир нь тэр бүх шат дамжлага намайг өнөөдрийн хүн болгосон. Би үргэлж “Хийж байгаа ажлаа голвол амьдралаа голж эхэлдэг” гэж хэлдэг. Ямар ажил хийх нь чухал биш, харин ямар хүн болж төлөвших нь хамгийн чухал. Хүн хөдөлмөрөөс хэзээ ч ичиж болохгүй. Өнөөдөр хүмүүс намайг бизнес эрхлэгч, хүүхдийн спортыг дэмждэг, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, соёл урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулдаг, улс төрд үзэл бодлоо илэрхийлдэг эмэгтэй гэж мэддэг. Харин би өөрийгөө хамгийн түрүүнд Эрдэнэтийн хөдөлмөрч айлын охин гэж тодорхойлдог.
-Танд баярлалаа.
Л.Саран
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.