Шинэ одын “тэсрэлт”
“BTS” хамтлагийнхан 2022 онд үйл ажиллагаагаа түр завсарлаж, гишүүд бие даасан уран бүтээлдээ төвлөрөх болсноо зарлахад олон хүн “Жонгүг ямар уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлттэй байлаа.
“BTS” хамтлагийнхан 2022 онд үйл ажиллагаагаа түр завсарлаж, гишүүд бие даасан уран бүтээлдээ төвлөрөх болсноо зарлахад олон хүн “Жонгүг ямар уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлттэй байлаа. Тэрбээр өмнө нь Чарли Пүүттэй хамтарсан “Left and right” дуугаараа барууны хөгжмийн зах зээлд хүчтэй орж ирснээ мэдрүүлсэн бол мөн онд Катар улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд “Dreamers”-ийг дуулсан нь түүний олон улсын нэр хүндийг шинэ шатанд хүргэжээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод оролцсон Азийн уран бүтээлчид тун цөөн байдаг бөгөөд Жонгүг тэдний нэг болж чадсан нь бахархалтай үйл явдал байв.
2023 он бол түүний нэрийг дэлхийн поп хөгжмийн түүхэнд соло уран бүтээлчийн хувьд мөнхөлсөн жил. Долдугаар сарын 14-нд тэрбээр Америкийн реппер Latto-той хамтарсан “Seven” дуугаа гаргасан. Дуу цацагдсан эхний өдөр Spotify платформ дээр тухайн үеийн хамгийн өндөр эхний өдрийн стримийг авч, удалгүй Billboard Hot 100 чартад шууд нэгдүгээр байраар дебют хийсэн нь к-pop-ын түүхэн дэх хамгийн том соло амжилтуудын нэг болж үлдсэн. “Seven” дэлхийн 100 гаруй улсын iTunes чартыг тэргүүлж, Spotify Global жагсаалтад олон долоо хоног дараалан нэгдүгээрт бичигдсэн юм. TikTok, Instagram Reels, YouTube Shorts зэрэг платформд хэдэн сая хэрэглэгч уг дуугаар бичлэг хийж, Жонгүгийн нэр зөвхөн “BTS”-ийн фэнүүдээс гадна дэлхийн поп хөгжмийн сонсогчдын дунд өргөн танигдах болсон байна.

Үүний дараа тэрбээр “3D” дуугаа Америкийн реппер Jack Harlow-той хамтран гаргаж, дахин нэг амжилт тогтоов. Гэвч фэнүүдийн хамгийн их хүлээж байсан мөч нь 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон. Энэ өдөр Жонгүг анхны бүрэн хэмжээний “Golden” цомгоо албан ёсоор танилцуулав. Нэрнийх нь сонголт хүртэл утга учиртай. “Golden” гэдэг нь фэнүүдийн өгсөн “Golden maknae” хочийг илэрхийлэхээс гадна түүний амьдралын хамгийн “гэрэлт” үеийг бэлгэдсэн гэж тайлбарладаг. Цомогт нийт 11 дуу багтсан бөгөөд “Standing next to you” гол дуугаар сонгогдсон. Мөн “Closer to you”, “Yes or no”, “Hate you”, “Somebody”, “Please don’t change”, “Too sad to dance”, “Shot glass of tears” зэрэг бүтээл нь түүний уянгалаг хоолой, R&B өнгө аясыг тод харуулсан юм. Ялангуяа “Standing next to you” дууны клип, бүжгийн дэглэлт, амьд тоглолтуудыг олон хөгжмийн шүүмжлэгч Майкл Жексоны тайзны үзүүлбэртэй зүйрлэн магтаж байлаа. Жонгүг энэхүү цомгийн сурталчилгааны хүрээнд АНУ-ын NBC, ABC зэрэг телевизийн алдартай шоунд оролцож, Нью-Йорк дахь “Times Square”-д тоглолт хийсэн нь хэдэн мянган хүнийг нэг дор цуглуулсан юм.
2023 оны турш Жонгүг Spotify, Billboard, Apple Music зэрэг платформд шинэ шинэ дээд амжилтууд тогтоосоор байлаа. Тэрбээр Spotify дээр хамгийн богино хугацаанд хэдэн тэрбумаар тоологдох сонсогч фэнтэй болж, Азийн соло уран бүтээлчдийн нэг болсон билээ. Billboard Global 200 болон Billboard Global Excl. U.S. чартад бүтээл нь удаан хугацаанд тэргүүлж, дэлхийн хамгийн их стримтэй уран бүтээлчдийн жагсаалтад тогтмол бичигдэх болсон. Үүнээс гадна “People’s Choice Awards”, “Billboard Music Awards” зэрэг олон улсын шагнал гардуулах ёслолоос оны шилдэг к-pop артист, шилдэг соло бүтээл зэрэг хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, шагнал хүртсэн нь түүний соло карьерын үнэ цэнийг баталгаажуулсан юм.
Дэлхийн од ч гэсэн хүлээсэн үүргээ биелүүлдэг
Амжилтын оргил үедээ байсан ч Жонгүг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр 2023 оны арванхоёрдугаар сард Жиминтэй хамт цэргийн албаа хаахаар явав. Энэ мэдээ фэнүүдэд нь гунигтай байсан ч тэд түүний эргэн ирэх өдрийг тэсэн ядан хүлээж байв. Цэргийн алба хааж байх хугацаанд ч Жонгүгийн нэр хөгжмийн ертөнцөөс алга болоогүй. “Golden” цомгийн дуунууд 2024 оны турш дэлхийн стриминг платформуудын хамгийн их сонссон бүтээлүүдийн тоонд багтсаар байсан бөгөөд “Seven” олон улсын хөгжмийн чартуудад удаан хугацаанд байр сууриа хадгалсан хэвээр байлаа.
Жонгүг 2025 оны зургадугаар сард цэргийн албаа дуусгаж, фэнүүдтэйгээ эргэн уулзав. Үүний дараахан “BTS”-ийн бүх гишүүн цэргийн үүргээ амжилттай дуусгаснаар хамтлаг долоон гишүүнтэйгээр дахин нэгдэв. Тэд шууд дамжуулалтаар шинэ цомог болон дэлхийн аялан тоглолтын бэлтгэлээ эхлүүлснээ мэдэгдэхэд дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ мэдээг онцлон хүргэж, фэнүүдийн олон жилийн хүлээлт биелж эхэлснийг зарласан юм. 2026 онд Жонгүг “BTS” хамтлагийн шинэ төслүүдэд ажиллаж байгаа ч түүний соло карьерын үргэлжлэл мөн адил өндөр хүлээлт дагуулсаар байна. Хөгжмийн салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэрбээр к-pop болон барууны поп хөгжмийн хоорондох заагийг хамгийн амжилттай холбож чадсан уран бүтээлчдийн нэг болсон бөгөөд шинэ үеийн Азийн артистуудад олон улсын зах зээлд гарах боломжийг илүү өргөнөөр нээж өгсөн гэж үнэлдэг.
Жонгүгийн уран бүтээлийн замналаас түүнийг харахад амжилт гэнэтийн байгаагүй гэдгийг ойлгох боломжтой. Арван хэдхэн настайдаа гэр бүлээсээ холдож, уран бүтээлч болохын төлөө олон жилийн турш шаргуу бэлтгэл хийж, алдаа бүрээсээ суралцан, өөрийгөө байнга хөгжүүлсний үр дүнд тэр өнөөдрийн амжилтад хүржээ. Түүний нэр зөвхөн “BTS”-ийн хамгийн залуу гишүүн гэсэн тодотголоор хязгаарлагдахгүй. Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүтээж чадсан, шинэ үеийн поп хөгжмийн нүүр царай болсон уран бүтээлчийн хувьд түүхээ үргэлжлүүлэн бичсээр байна.
Б.Нандин-Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар