Сири улсаар дамжуулан Ирак нефть гаргаж эхэллээ
Сиритэй хил залгадаг Аль-Валид боомтоор Ирак улс нефть экспортолж эхэлсэн тухай Аль-Валид мужийн тэргүүн Мужахид ад-Дулэйми мэдээлэл хийжээ. Түүний хэлснээр түлш зөөгч 150 машин Сирийн нутаг дэвсгэрт нэвтрэхээр хилийн боомт дээр хүлээж байгаа гэнэ.
Сиритэй хил залгадаг Аль-Валид боомтоор Ирак улс нефть экспортолж эхэлсэн тухай Аль-Валид мужийн тэргүүн Мужахид ад-Дулэйми мэдээлэл хийжээ. Түүний хэлснээр түлш зөөгч 150 машин Сирийн нутаг дэвсгэрт нэвтрэхээр хилийн боомт дээр хүлээж байгаа гэнэ. Иракийн засаг захиргаанаас уг боомтоор нэг хоногт 500-гаас доошгүй том оврын шатахуун тээврийн хэрэгсэл нэвтэрнэ гэж мэдэгдсэн байна.
Иракийн нефтийн худалдааны төрийн өмчит SOMO компани энэ оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарыг дуустал Сири улсаар дамжуулан хуурай газраар 650 000 мт мазут тээвэрлэх гэрээг байгуулсан талаар Ройтерс агентлаг өнгөрөгч мягмар гарагт мэдээлсэн.
Иракийн тал энэхүү хуурай замын тээврийн маршрутыг сүүлийн хэдэн арван жилд ашиглаагүй байсан. Хэдийгээр харьцангуй өндөр өртөгтэй боловч уг замыг нээх болсон нь Сирийн иргэний дайн төгссөнтэй болон Ираны дайн тулаантай холбогдуулан хамгийн боломжит хувилбар гэж үзсэнийх юм.
Басра боомтыг бөмбөгдөж эхэлсний дараа Ирак өмнөд зүгийн ордуудаас нефть экспортлохоо зогсоогоод байв. Түүнчлэн, Ормузын хоолойгоор дамжих боломж хязгаарлагдмал болсон тул Сирийн нутгаар дамжин өнгөрөх зам, Туркийн Жэйхантай холбогддог Киркукийн нефть дамжуулах хоолой зэрэг хувилбаруудыг хайж эхэлсэн байна.
Израилын агаарын цэргийн хүчин Ираны эсрэг 800 гаруй довтолгоо хийжээ
Энэ оны хоёрдугаар сарын 28-наас эхлэн Израил улсын агаарын цэргийн хүчнээс Ираны эсрэг “Арслангийн архираа” нэрт 800 гаруй удаагийн довтолгоондоо 16 мянга орчим зэвсэг хэрэгсэл ашиглан цохилт өгсөн тухай Израилын армийн хэвлэл мэдээллийн алба дөрөвдүгээр сарын 1-нд мэдэгдлээ. Түүнчлэн, Йемен улсаас Израйлын нутаг дэвсгэрийг чиглэсэн пуужин харвасныг агаараас хамгаалах систем илрүүллээ гэж мэдээлэв. Харин Ираны тал “Израил, АНУ-ын ашиг сонирхолд нийцүүлэн тагнуул хийсэн” хэрэгт Бабольсер хотын төрийн албан хаагч дөрвөн хүнийг нэмэн барьж саатуулаад байна. 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлээд дайсны талд ажиллан эх орноосоо урвасан гэгдэж баривчлагдсан 500 гаруй ирак иргэний хувь заяа тодорхойгүй байгаа юм. Цаазын ял оноох, эсвэл эд хөрөнгийг нь бүрэн хураах шийтгэл ногдуулна гэж Ираны хүчний байгууллагын тэргүүн, генерал Голям Хуссэйн Мохсэни-Эжэй ярьсан. Харин түүнийг Тегеранд агаарын бөмбөгдөлтөд өртөн амиа алдлаа гэж Al Hadath телевиз дөрөвдүгээр сарын 1-нд мэдээлэв.
Д.Оюунгэрэл