МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг С.Наранцогт:  Төв банк ханшийг тогтворто...

С.Наранцогт:  Төв банк ханшийг тогтвортой барих бодлого хэрэгжүүлнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арилжааны банкуудыг гадаад зах зээлээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг татах боломж олгох зорилгоор банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, арилжааны банкуудын 1-3 жил хүртэлх хугацаатай гаргасан гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд тооцох аж. Энэхүү шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн төлөв тодорхой бус хэвээр байгаа нь гадаад зах зээлийн санхүүжилтийн зардал, хүртээмжид нөлөөлж хөрөнгийн урсгалын төлөв өөрчлөгдөж болзошгүй байна.

Үнэн
Админ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арилжааны банкуудыг гадаад зах зээлээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг татах боломж олгох зорилгоор банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, арилжааны банкуудын 1-3 жил хүртэлх хугацаатай гаргасан гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд тооцох аж. Энэхүү шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн төлөв тодорхой бус хэвээр байгаа нь гадаад зах зээлийн санхүүжилтийн зардал, хүртээмжид нөлөөлж хөрөнгийн урсгалын төлөв өөрчлөгдөж болзошгүй байна. 

Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өссөн. Иймээс эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай тогтвортой болгох, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ гэдгийг  Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван онцолж байна. Энэ тухайд тэрбээр “Төв банк энэхүү шийдвэрийг гаргахдаа гадаад дотоодын нөхцөл байдлыг үнэлж гаргасан. Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Өнөө өглөө гэхэд брент тосны үнэ 110 ам.долларт хүрч хаагдсан.

Энэхүү эдийн засгийн тогтворгүй байдлын нөлөөгөөр манай улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт үргэлжлэх хандлага ажиглагдаж байна. Төв банк өнгөрсөн жилүүдэд нэг жилээс дээш хугацаатай гарсан гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцөөс чөлөөлж ирсэн. Энэ хүрээнд арилжааны банкуудын нийт эх үүсвэрийн 25 орчим хувийг гаднаас татсан эх үүсвэр эзэлж байна. Дараа дараагийн жилүүдэд гарах гадаад мөнгөн урсгалыг тогтворжуулах, үүсэж болзошгүй системийн эрсдэлийг хаах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан. Нэг талаас арилжааны банкуудыг гадаад зах зээл дээрээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг татах боломжийг олгож байна. Гурван жилээс дээш эх үүсвэр дээр Төв банк арилжааны банкуудад ханшийн эрсдэл дээр нь хамтарч ажиллана. Свопын тооцоолол болон монгол төгрөг рүү хөрвүүлж байгаа арга хэрэгсэл дээр дэмжлэг үзүүлнэ” гэдгийг хэллээ.

 

Олон жил хуримтлагдсан асуудлуудыг Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийднэ

 

Мөнгөний бодлогын хорооны хурлаас гаргасан дээрх шийдвэрийн тухайд  Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Банкуудын эрсдэл өмнөх үетэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч энэ хэрээр  өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах чадвар нь өссөн. Иймд гадаад зах зээлээс татсан хөрөнгөд (зээл, бонд гэх мэт) тавих шаардлагыг макро зохистой бодлогын хүрээнд бууруулахаар болсон” хэмээн тодотгосон юм.  Түүнчлэн тэрбээр  ирэх саруудад үүсэж болох  шатахууны үнийн өсөлт, тэр дундаа хөдөө аж хуйн салбарт  учрах эрсдэлүүдийг  даван гарах тухайд Төв банк  цаашид бодлогын ямар хариу арга хэмжээ авч ажиллах тухайд  “Гадаад шок дэлхийн бүх улсад зэрэг нөлөө үзүүлж байгаа.

Үүнтэй холбоотойгоор улс бүхэн өөрийн макро эдийн засгийн суурь нөхцөл, төсвийнхөө орон зай, гадаад валютын нөөцтэйгөө уялдуулаад  тодорхой арга хэмжээг авч байгаа. Монгол Улсын Төв банкны зүгээс мөн ижил энэ арга хэмжээнүүдийг өөрийн нөхцөлдөө зохицуулж уялдуулах, хувилбар тооцоог хийхийн зэрэгцээ дунд хугацаандаа хоёр үе шаттай реформ хийхээр төлөвлөж байна. Эхний үе шат нь Төв банкны олон жил хуримтлагдсан асуудлуудыг шийдэх суурь өөрчлөлтүүдийг Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар өргөн барина. Хоёрдугаарт, банкны секторт реформыг  Банкны тухай хуульд шинэчлэл хийх замаар үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэлтэй суурь хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн “шок” үүсэж байгаагаас үүдэлтэй мөнгөний дарамт ирж улмаар инфляцад  нөлөөлөх нөхцөлтэй байна. Сая ОУВС, Дэлхийн банктай хаврын уулзалтаар манай дээр ирэх дарамт бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад харьцангуй боломжийн түвшинд байгаа. Энэ нь бид ОХУ-аас нефть бүтээгдэхүүнээ авдаг. Засгийн газар дипломат яриа хэлэлцээрийн шугамаар үнийг тогтвортой байлгахад анхаарч идэвхтэй ажиллаж байгаа нь зөв арга барил. ОУВС дэлхийн улсуудад суурь үнийг тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь буруу гэж үзэж байна. Ялангуяа Монгол Улс шиг төсвийн орон зай багатай орнуудад боломжгүй.

Тиймээс Төв банкнаас янз бүрийн хөтөлбөрт болон зах зээлд мөнгө нийлүүлэх үйлдэл хийж болохгүй гэж зөвлөж байна. Яагаад гэвэл инфляц нэмэгдэж буй энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх нь инфляцыг улам өдөөх эрсдэлтэйг анхааруулсан. Гагцхүү энэ “шок” ард, иргэдийн амьдралд хамгийн бага хэмжээгээр нөлөөлөхөд үнийн өсөлтийг бага байх чиглэлд Засгийн газар илүү идэвхтэй ажиллах ёстой. Ялангуяа Төв банкнаас Засгийн газарт өгч буй зөвлөмжийн хувьд манай инфляц юунаас үүсэж байна вэ гэвэл дотоодын бараа, үйлчилгээ тэр дундаа мах, хүнсний ногооны үнийн өсөлт нийлүүлэлтийн сүлжээ бүрдэж чадаагүйтэй холбоотой. Тиймээс үүнд голлон ажиллах шаардлагатай. 

Төв банк тариалалтын энэ эгзэгтэй цаг үед  инфляц үүсгэхээс сэргийлж эх үүсвэрийн зардлыг багасгах чиглэлд ажиллаж байна. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай уулзаж зохицуулалтынхаа арга хэмжээний хүрээнд ямар нэгэн байдлаар мөнгө нийлүүлэх биш банкуудаас тариалалтад гаргах эх үүсвэрийн зардлыг бууруулж  нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Ер нь төсөв, мөнгөний бодлого уялдах эрх зүйн механизмыг тодорхой болгох хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн суурь бүтэц  уул уурхайд түшиглэсэн, уул уурхайгаас экспорт хийж валютын нөөцөө бүрдүүлдэг орны хувьд  валютын ханш, инфляцаас илүү эмзэг тусдаг. Тиймээс Төв банкны зүгээс ханшийн дарамтыг үүсгэж  огцом савлуулж “шок” үүсгэхгүй байх бодлогыг барина. Өнгөрсөн нэгдүгээр сард Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хамжээ, мөн  Мөнгөний бодлогын хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгүүдийн гол зорилго нь ханшийг тогтвортой байлгах, импортод чиглэсэн хэрэглээний зээлийг хумих, бизнесийн зээлийг нэмэгдүүлэх чиглэлд ажилласан.

Эдгээрийн үр дүнд өнөөдөр манай улсын экспорт боломжийн гадаад валютын нөөц өндөр хэмжээнд байна. Энэ хэмжээг цаашид хэвээр хадгалж гадаад “шок”-оос нөлөөтэй төлбөрийн тэнцэл дээр ирэх нефть бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд гадагшаа хийх төлбөр тооцоог саадгүй, түргэн гүйцэтгэхэд нөөцийг бэлэн байлгаж хэрэгжүүлэх бэлтгэлтэй байна. Энэ ташрамд нэг зүйлийг онцолж хэлэхэд, ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг маш даруухан гаргадаг. Энэ нь нэг талаар зөв юм. Учир нь геополитикоос үүдэлтэй гадаад “шок” хэрхэх, хэдий хугацаанд үргэлжлэх, эсвэл ингээд намжих уу гэх мэт юу  болохыг бүгд мэдэхгүй байж муу төсөөлөл гаргаж дэлхийд болон улс орныхоо зах зээлд буруу хүлээлтийг бий болгох нь маш хортой” гэлээ.

Харин газрын тосны ханшийн өсөлтөөс шалтгаалж нефть болон шатахууны импорт дээр хэдий хэмжээний валютын өсөлт бий болох тухайд С.Наранцогт дарга “Одоогоор манай улс шатахуун, дизель түлш импортоор худалдаж авахад 2.3 тэрбум доллар зарцуулж байна. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 110 ам.долларт хүрэхэд нэг тэрбум төгрөгийн дарамт төлбөрийн тэнцэл дээр ирэх тооцоо гарсан. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад манай валютын нөөц өндөр байгаа. Нөгөөтэйгүүр, экспортод ахиц гарсан. Гэхдээ Төв банк Засгийн газрын үйл ажиллагаанд оролцдоггүй. Миний тухайд өмнө бодит секторт ажиллаж байсны хувьд экспортод нэлээн анхаарал тавьж байна. Нүүрсний үнэ болоод экспорт ч нэмэгдлээ.

Түүнчлэн бүтээгдэхүүнүүд дэлхийн инфляцыг дагаад нэмэгдэж байгаа. Энэ утгаараа “offset” хийх зүйл ч байна. Гэхдээ бид эдгээрийг мэдээлэхээс өмнө бодох хэрэгтэй. Ханш дээр ч гэсэн тийм дарамт ирнэ, тэд болно гэж тодорхой тоо хэлж, зах зээл дээр буруу хүлээлт үүсгэмээргүй байна. Ханшийг тогтвортой барих бодлогыг Төв банк тууштай хэрэгжүүлнэ. Ер нь манай эдийн засгийн онцлог болон ялангуяа ийм нөхцөлд  ханш өөрөө хөдөлж байх ёстой зүйл. Гэтэл манай эдийн засаг олон импортлогчтой, цөөхөн экспортлогчтой учраас Хятад болон бусад орноос их хэмжээгээр бүтээгдэхүүн орж ирснээр /дэлхийн инфляцыг импортолж/ давхар цохилт ирдэг. Тиймээс ханш дээр анхаарал тавихаас өөр аргагүй нөхцөлд явж ирсэн. Энэ утгаар ханшийн огцом савлагааг үүсгэхгүй” гэдгийг хэллээ.

 

 Банкны салбарыг либералчилна

 

Монгол Улсад гадаадын банк  оруулж ирэх тухайд Төв банкны ерөнхийлөгч “Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй, бид тусгаар тогтнолоо алдахгүй. Гэтэл зарим хүн гаднын банк орж ирсэн ч зээлийн хүү буурахгүй мэтээр ярьдаг. Яаж мэдээд байна вэ. Эхлээд ороод ирэг л дээ, ажиллаг, дараа нь үр нөлөөг ярилцъя. Ормузын хоолойн хямрал дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг дэлхий нийтээрээ таамаглаж чадахгүй байна. Гэтэл манай зарим иргэн их сайн мэдээд, нийгмийн сүлжээнд бичээд байдаг. Дотоодод хуримтлал  байхгүй тул манай банкууд өнгөрсөн онд гаднаас 800 орчим сая ам.долларын эх үүсвэрийг жилийн дунджаар 3-4 хувийн хүүтэй татсан байна. Тэгвэл гадаадын банк энэ хөрөнгө оруулалтыг үнэгүй хийнэ.

Тэдний эх үүсвэрийн зардал 0 байна. Ерөнхий сайд Н.Учрал банкны салбарт гадаадын банкийг оруулах цаг болсон гэж үздэг. Учир нь өрнөөс өрийн хооронд өдөр хоног өнгөрч, зээлийн өндөр хүү үнийн өсөлтөд шингэж, бид илүүг төлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт 2025 онд 50 хувиар багассаныг онцолдог.  D.parliament.mn-д Банкны тухай хуулийн төслийг байрлуулж, иргэдээс санал авч байна. Банкны салбарыг либералчилна. Либералчилна гэхээр зөвхөн үнэ чөлөөлөх биш юм. Хуулиа ч сайжруулах хэрэгтэй. Гадаадын банкууд яагаад өнөөг хүртэл манайд цөөн байна вэ. Энэ салбар маш их зохицуулалттай, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Бид банк, газрын тос, эрчим хүчний салбаруудаа либералчлаагүй.

Иймд одоо эдгээр салбар манай хөгжлийн тээг болчихлоо.Тиймээс банк байгуулах боломжийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрэх журмыг тодорхой, ил тод хялбар болгох шаардлагатай” гэлээ.

Х.Мандал

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.