Т.Батмөнх: “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүй баталгаатай болсон
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, техникийн ухааны доктор (Ph.D) Т.БАТМӨНХ-ийн ярилцлагыг хүргэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, техникийн ухааны доктор (Ph.D) Т.БАТМӨНХ-ийн ярилцлагыг хүргэж байна.
-Эрдэнэтийн овооны ордыг ашиглах шийдвэр гарсан мөчөөс уулын баяжуулах үйлдвэр, уурхай дагасан хот хоёр хамтдаа үүсэн байгуулагдсан. Тиймээс үйлдвэр, хот хоёрыг салгаж ойлгох боломжгүй. Үйлдвэрийн насжилт хэр урт байна иргэдийн амьдралын баталгаа найдвартай байна гэсэн үг. Ерөнхий инженерийн хувьд энэ удаа танаас гэрэл гэгээтэй хариулт авъя гэж бодож байна?
-Эрдэнэтийн овооны ордыг анх 572 сая тонн хүдрийн нөөцтэйгөөр баталж, энэ нөөцөөр 30 гаруй жил ажиллах, жилд 16 сая тонн хүдэр боловсруулах, 30 гаруй мянган хүн амтай суурин байгуулахаар тооцож байсан юм билээ. Хэдийгээр үйлдвэрийн насжилтыг 30 жилээр тооцож байсан ч өнгөрсөн 50 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон уурхайнхаа насыг уртасгах, нарийвчилсан тооцоо судалгаа хийж, Эрдэнэт хотын цаашдын тогтвортой хөгжлийг баталгаажуулахад анхаарч ирсэн. Ялангуяа сүүлийн 10 гаруй жилийн турш геологи, хайгуулын ажилд онцгой ач холбогдол өгсний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр цааш 56 жил ажиллах нөөцөө батлууллаа. Хамгийн өндөр хүчин чадалтай технологиор жилд 40 сая тонн хүдэр боловсруулах тооцооллыг хийсэн. Мөн сүүлийн гурван жилийн нарийвчилсан хайгуулын үр дүнд Оюутын ордоос 404 сая тонн хүдрийн нөөц илрүүлэн батлуулсан. Энэ нь үйлдвэрийн урт хугацаанд тогтвортой ажиллах үндэс суурийг улам бэхжүүлж, үйлдвэрээ даган хөгжсөн Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн боломж тэлж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь нэмэр зөвхөн уурхай, үйлдвэрээр хязгаарлагдахгүй. Газар, гүний ус ашигласны төлбөр, бусад татвар, хураамжийн хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт жил бүр ихээхэн хэмжээний орлого төвлөрүүлж ирсэн. 2025 онд гэхэд улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар, орлого төвлөрүүлсэн нь үйлдвэрийн ажилласан хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт хот төдийгүй хөрш Булган, Хөвсгөл аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүй баталгаатай болсон өнөөдөр Эрдэнэт хотын дараагийн 50 жилийн хөгжлийн суурь ч мөн тодорхой болсон гэж хэлж болно.
-Үйлдвэрийн техник технологийн шинэчлэл, өргөтгөл ямар үр дүнтэй өрнөж байна вэ?
-Манай үйлдвэр 48 дахь жилдээ ажиллаж байна. Уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Тиймээс эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд өсөн нэмэгдэж буй зардлыг зохистой түвшинд барих, техник технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, өргөтгөл шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхэд илүү анхаарч эхэлсэн.
=Эдгээр ажлыг шинжлэх ухааны үндэслэл, нарийвчилсан тооцоо, инженерингийн оновчтой шийдэлд тулгуурлан хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтвортой сайн гарч байна. Тухайлбал, 2025 онд “Эрдэнэт үйлдвэр” үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж, 557.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөг 756.7 тэрбум төгрөгт хүргэлээ. Өөрөөр хэлбэл, цэвэр ашгийн төлөвлөгөөг 200 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн гэсэн үг. Энэ бол техник технологийн шинэчлэл, зөв бодлогын үр дүн юм.
Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж, цэвэр ашгийн төлөвлөгөөг ч давуулан биелүүлээд байна. Ийм үйлдвэрлэл, эдийн засгийн өндөр үзүүлэлттэйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид хотынхоо 50 жилийн ойг угтаж байна. Үйлдвэрлэлийн амжилтыг дагаад улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлого нэмэгдэж, орон нутгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр ч өсөн нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, техник технологийн шинэчлэл нь зөвхөн үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх бус, Эрдэнэт хотын цаашдын хөгжилд өгөөжөө өгч байна.
-Хотын 50 жилийн ойтой зэрэгцэн, нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэр нэлээд төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байна. Бүтээн байгуулалтаас өөр чиглэлд анхаардаг уу?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ээс Эрдэнэт хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд улсын төсвөөс олгож буй санхүүжилтийг нэмэгдүүлэн, энэ онд 234.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. Мөн үйлдвэрийн харьяанд ажиллаж буй Орос сургууль, цэцэрлэгийн хоол, зардалд ижил төрлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувьд ногдох санхүүжилтийг Орхон аймгийн бүтээн байгуулалтад зориулж байна.
Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг шинээр барих, авто зам шинэчлэх, цэнгэлдэх хүрээлэн байгуулах, “Их шүтээн” цогцолборыг засварлах зэрэг олон ажилд хөрөнгө оруулалт хийж буйг онцлох нь зүйтэй. Үүний зэрэгцээ 2026 оны эхний хагас жилийн байдлаар бүс, орон нутагт газар, ус ашигласны төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 71 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамжийн орлого төвлөрүүлээд байна. Энэ бүхэн нь “Эрдэнэт үйлдвэр”, хот орон нутгийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хойд бүс нутгийн хөгжилд үйлдвэрийн оруулах хувь нэмэр тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх боломж бүрдэж байгааг харуулж байна.
-Өнгөрч буй хагас зууны хамтын ажиллагаа, өсөлт хөгжил, хувь нэмрийн талаар та товч бөгөөд тодорхой ярилаа. Ирэх хагас зуунд ямар ирээдүй, зорилго зорилт хүлээж буй бол?
-Өмнө хэлсэнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” одоогийн ашиглаж буй Эрдэнэтийн Овооны ордын батлагдсан нөөцөөрөө цаашид 56 жил ажиллах боломжтой. Үүн дээр нэмээд 404 сая тонн нөөцтэй Оюутын ордыг шинээр нээж, нөөцийг нь баталгаажууллаа. Тус ордын хүдрийг баяжуулах үйлдвэрлэлийн төсөл, ТЭЗҮ-ийг ирэх оноос боловсруулж эхэлнэ. Мөн Эрдэнэтийн Овоо ордын ойролцоох бүсэд хайгуулын ажлаа үргэлжлүүлж, Цагаанчулуут, Хөөвөр, Залаат, Могойн амны ордод нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг тогтоохоор төлөвлөж байна. “Эрдэнэт үйлдвэр” хүдрийн нөөцөө нэмэгдүүлэх хайгуулын зургаан лиценз эзэмшдэг бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээрийн нэг болох Оюутын ордыг нээгээд байна. Цаашид эдгээр ордод шинэ нөөц илрүүлж чадвал “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажиллах хугацаа улам уртасна. Үүнийг дагаад Эрдэнэт хотын ирээдүй ч тодорхой болно.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэл, татвар хураамжийн орлого болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр олон арван жилээр үргэлжлэх боломж бүрдэнэ. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотын ирээдүй өнгөтэй, гэрэлтэй байна гэж хэлмээр байна. Ойрын зорилтын тухайд шинэ ордыг ашиглахтай холбоотойгоор өргөтгөл, шинэчлэлийн олон ажлыг хийнэ. Тухайлбал, одоогийн Хаягдлын аж ахуйн ашиглалтын хугацаа дуусаж байгаа учраас ирэх 60 жилд ашиглах шинэ хаягдлын аж ахуй байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хаягдал өтгөрүүлэх технологийн төслийг эхлүүлж, шинэ хаягдлын аж ахуй байгуулах талбайг сонгон судалж, ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулсан. Ингэснээр бүтээн байгуулалтын ажлыг 2027 онд эхлүүлэх боломж бүрдэж байна.
Мөн үйлдвэрлэлийн өртөг, зардлыг бууруулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гүйцэтгэл болон үйлдвэрийн зүгээс тавьж буй хяналт, хамтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа учраас төлөвлөсөн хугацаанд дуусгах боломжтой. Уул уурхайн үйлдвэрлэлийн зардалд уул геологийн нөхцөлөөс гадна түлш шатахуун, бараа материал, эрчим хүч, тээврийн зэрэг бидний үйл ажиллагаанаас шууд шалтгаалахгүй хүчин зүйлсийн өсөлт нөлөөлж байна. Тиймээс эдгээр зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд техник, технологийн өргөтгөл, шинэчлэлийг инженерийн нарийн тооцоо, судалгаанд үндэслэн тасралтгүй хийж байна.
Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” үйлдвэрлэлийн төлөвлөгөө, эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтүүдээ тогтмол давуулан биелүүлж ирлээ. Энэ нь манай уурхайчид, инженерүүд дотоодын төдийгүй дэлхийн уул уурхайн салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн, технологийн өндөр түвшинд үйлдвэрлэлээ удирдан авч явж буйн тод илрэл юм.
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар