МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ТББХ: Олон нийтийн радио, телевизийн Үнд...

ТББХ: Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгууллаа

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.06.30/ 14.25 цагт О.Алтангэрэл, Ж.Батжаргал, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Б.Жавхлан, Н.Номтойбаяр, Ч.Ундрам, Ж.Батрдэнэ, Ж.Баярмаа, А.Ганбаатар, С.Зулпхар, Б.Пүрэвдорж, Ө.Шижир нарын гишүүд ирж, 56.3 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг томилж, сонсголын товыг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд оролцогчдыг нээлттэйгээр оролцохыг урьсан юм. Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулсан. Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудсаар олон нийтэд хүргүүлсэн. Сонсголд оролцохоор “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагаас Д.Цэрэнжав, иргэн Г.Билгүүн, Р.Даваадорж нар оролцогчоор бүртгүүлсэн гэдгийг сонсгол даргалагч С.Зулпхар танилцуулсан.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн гишүүний дөрвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, долоог Монгол Улсын Их Хурал, дөрвийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэх, 21.6 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгохоор заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Гүн-Үйлсийг, Монгол Улсын Засгийн газраас Ч.Батцэнгэлийг нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Их Хурлаас 9 хүний нэрийг дэвшүүлснээс Э.Адъяасүрэн нэрээ татаж байгаа талаарх хүсэлтээ ирүүлснийг уншиж танилцуулаад 10 нэр дэвшигчтэй хийх сонсголыг эхлүүлэв.

Энэ сонсголоор нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг тэрбээр тодотгосон.

Сонсголын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын ажлын хэсгийн тайланг сонсов. Ажлын хэсгийн тайланг Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн ажиллаж байсан Сүхбаатарын Алтанцэцэг, Ванжилийн Бат-Эрдэнэ, Доржсүрэнгийн Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж, холбогдох материалыг хүлээн авахаар сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон бусад олон нийтийн цахим хуудаст байршуулсан юм.

Уг сонгон шалгаруулалтын зарын дагуу Байнгын хороонд 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж материал ирүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн хүсэлт, материалыг хүлээн авч, тэдгээртэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг тус тус авсан хэмээн танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг  байгуулсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалж,  УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй нийт 3 удаа хуралдсан байна.

Ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн ирүүлсэн төрийн бус байгууллагын 19 нэр дэвшигчийн баримт материалыг хэлэлцэж, хуульд заасан шаардлага, тухайлбал эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай зохицуулалт, мөн Ажлын хэсгийн ажиллах түр журмын холбогдох шаардлагыг тус тус үндэслэн нэр дэвшигчдийн материал шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан гэлээ.

Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэсэн байна.

Ингээд дээрх шаардлагыг хангасан боловсролын чиглэлээр 5, биеийн тамир, спортын чиглэлээр 2, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр  2, нийт 9 нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгох эрхийг хангах үүднээс Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, нэр дэвшигчийн сонсголд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ.

Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Д.Гүн-Үйлсийг нэр дэвшүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, нэр дэвшигч Д.Гүн-Үйлс тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцууллаа.

Нэр дэвшигч Д.Гүн-Үйлс үндэсний түүх, өв соёл, утга зохиолын салбарт олон жил ажиллаж, Монголынхоо ирээдүй хойч үе болон ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд өөрийн мэдлэг чадвараа зориулж ирсэнээ дурдаад, МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлж буй гол үндэслэл нь тус байгууллагыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, эв нэгдэл, соёл гэгээрлийн гол цөм байлгахад өөрийн мэргэжлийн туршлага, иргэний байр суурийг зориулах эрмэлзэл юм хэмээсэн. Өнөөдөр нийгэмд талцал хуваагдал ихсэж, үл ойлголцол газар авч буй энэ үед үндэсний телевиз, радио нь ард түмнийг соён гэгээрүүлэх, эв нэгдлийг хангах "гүүр" болох ёстой хэмээгээд зохиолч, түүх соёлоо эрхэмлэгч хүний хувьд энэхүү үйл хэрэгт бодлогын болон агуулгын бодит хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ч.Батцэнгэлийг нэр дэвшүүлсэн талаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Батцэцэг, нэр дэвшигч Ч.Батцэнгэл тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулав.

Нэр дэвшигч Ж.Батцэнгэл, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд эдийн засгийн чиглэлээр нэр дэвшиж байгаа нь олон нийтийн радио, телевизийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдал, үр ашигтай менежментийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой хэмээсэн. Олон нийтийн мэдээллийн байгууллага нь нийгмийн оюуны дархлаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой учир түүний санхүүгийн бодлого, нөөцийн оновчтой удирдлага нь үйл ажиллагааны чанарт шууд нөлөөлдөг гэж үзэж байна гэлээ. Энэхүү албан тушаалд томилогдвол санхүүгийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулахад анхаарч, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг дэмжинэ гэв. Мөн зардлын үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн оновчтой хуваарилалтыг бий болгох, дижитал шилжилтийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ж.Билэгсайхан, Д.Мягмарсүрэн, Д.Наранцэцэг, С.Од-Эрдэнэ, Д.Төрманлай, Г.Энхбаяр, Л.Энхжин, Б.Энэрэлт нарыг нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулж, нэр дэвшигчид  тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцууллаа.

Нэр дэвшигч Ж.Билэгсайхан энэхүү албан тушаалд томилогдвол олон нийтийн радио, телевизийн хараат бус байдал, редакцийн бие даасан байдлыг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд анхаарч, улс төр, бизнесийн аливаа нөлөөллөөс ангид байлгах, редакцийн ажилтнууд өөрсдийн мэргэжлийн ёс зүйд тулгуурлан чөлөөтэй контент бүтээх орчин бүрдүүлнэ гэлээ.

Мөн үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийг орчин үеийн техник технологид тулгуурлан шинэчилж, хөдөө орон нутгийн иргэдийг чанартай мэдээллээр хангах, тэгш хүртээмжийг сайжруулах, залуус, хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан контентын төрөлжилтийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж буйгаа танилцуулсан.

Монгол Улсыг дэлхий дахинд таниулах, эх орныхоо үнэт зүйлсийг сурталчлах гадаад хэлээрх нэвтрүүлгийн чанар, хүртээмжийг сайжруулж, үүний тулд олон улсын медиа хамтын ажиллагааг өргөжүүлж, контентын экспортын боломжийг судлан хэрэгжүүлнэ хэмээсэн юм. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигч Д.Мягмарсүрэн, Аливаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол нийгмийг соён гэгээрүүлэх, мэдээ мэдээллээр хангах, зугаацуулах, танин мэдүүлэх зэрэг олон чиг үүргийг нийгэмд гүйцэтгэдэг. Орчин үед ОНМХ-ийн энэхүү үүргүүдийг нэр төртэйгээр гүйцэтгэж буй гол институцийн нэг бол МҮОНРТ бөгөөд монгол хэлний яруу илэрхийлэл, мэдээллийг олон нийтэд хүргэх сонгомол хэв маягийг Монголд бий болгон хөгжүүлж, улмаар бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хувьд үлгэр дуурайл болж, олон чадварлаг боловсон хүчин энэхүү байгууллагад бэлтгэгдэж ирсэн байдаг. Үндэсний радио, телевизийн мэдээлэл, нэвтрүүлэг бэлдэх, сурвалжлах, редакци хийх, нэвтрүүлэх, хөтлөх, түгээх үйл явц нь тус салбарын хувьд соёл хандлагын хувьд зөв жишиг болж ирсэн. Цаашид ч тийм байх учиртай. Тэрчлэн мэдээллийн хэрэгслийн соён гэгээрүүлэх, зугаацуулах, танин мэдүүлэх үүргийг аль болох тэнцвэртэй хангах чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн. Энэхүү сэтгүүл зүйн үнэт өв соёл, арга барилыг хэвшүүлэн үлдээх, хадгалахад зөвлөлийн гишүүний хувьд дэмжлэг үзүүлж ажиллах болно хэмээн танилцуулгадаа дурдсан. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигч Д.Наранцэцэг, МҮОНРТ -ийн тухай хуулийн шинэчлэлийг даруй хийх, хураамжийг шинэчлэх, өв соёлын дархлааг энэ хуулиар дамжуулан хадгалах хамгаалах зохицуулалтыг хийх, төсвийн дэмжлэгийг тогтмол болгох, зар сурталчилгааг зах зээлийн хэлбэрт оруулах, Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоонд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Уран бүтээлчид инженер техникийн ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг оновчтойгоор шийдвэрлүүлэх, уран бүтээлийн болон үл хөдлөхийн менежментийг зөв боловсруулснаар байгууллагын санхүүгийн чадвар сайжирч, ингэснээр үндсэн болон  дэмжих салбарын ажиллагсдын амьдралын чанарт  сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж буй аж. Монгол Улсын түүхийн цаг тооны бичвэр-өдөр бүрийн мэдээ нэвтрүүлэг-архивыг сайжруулж үнэт өв болгох асуудлыг танилцуулгадаа хөнджээ.

/Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигч С.Од-Эрдэнэ, Үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн байгууллагын хувьд Олон нийтийн радио, телевиз нь иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхээс гадна Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт зүйлсийг дэлхий дахинд сурталчлан таниулах онцгой үүрэгтэй гэж үздэг. Иймээс үндэсний өв соёл, ардын урлаг, утга зохиол, үндэсний спорт, байгаль орчин, аялал жуулчлалын давуу талуудыг олон улсын үзэгч, сонсогчдод хүргэх чанартай контент үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихэд анхаарч орчин үеийн дижитал технологи, хиймэл оюун ухаан, олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг өргөжүүлэн Монгол Улсын хөгжил дэвшил, ардчилал, боловсрол, шинжлэх ухаан, инновацын ололт амжилтыг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаад хэл дээрх контентын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан нэвтрүүлэг, баримтат кино, танин мэдэхүйн бүтээлүүдийг хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллах болно гэлээ.

Түүнчлэн хилийн чанад дахь монгол иргэд, монгол судлаачид болон Монгол Улсыг сонирхогч гадаадын үзэгчдэд зориулсан мэдээллийн сувгийг өргөжүүлж, Монголын өв соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг дэлхий нийтэд таниулах замаар улсын нэр хүнд, зөөлөн хүчний бодлогыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Цаашид боловсрол, соёл, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах уран бүтээлийн бүх хэлбэрийг дэмжих, хувь хүн болон нийгмийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулахад санаачилгатай гаргах, ялангуяа хүүхэд, залуучуудын боловсрол, гэр бүлийн хүмүүжил, үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх, хиймэл оюун ухаан болон орчин үеийн технологийн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарна гэж танилцуулсан. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигч М.Төрманлай, Сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл, дэлгэцийн урлагийн салбарт би 20 гаруй жилийн турш тасралтгүй ажиллахдаа Монголын телевизийн салбарын мэргэжлийн стандартыг шинэ шатанд гаргах, “Хөгжлийн сэтгүүлзүй” зэрэг шинэ чиг хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх уран бүтээлийг туурвих зэрэг чиглэлээр бодитой хувь нэмэр оруулсан гэдгээ тэрбээр дурдсан. Ажил амьдралын туршлага, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн хариуцлагатай хандлага нь олон нийтийн мэдээллийн байгууллагын хараат бус, ил тод, шударга үйл ажиллагааг дэмжих, ардчилсан үнэт зүйлсийг сахин хамгаалахад чиглэгдэнэ гээд Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, олон нийтийн радио, телевизийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, бодит мэдээллийн үнэн зөв байдлыг хангахад хяналт тавьж ажиллана гэлээ. Улс төр, бизнесийн нөлөөллөөс ангид, олон ургальч үзэл, олон нийтийн төлөөллийн зарчимд нийцсэн бодлогыг дэмжин, үндэсний соёл, уламжлал, хэл, түүхийг дээдэлж, нийгмийн эмзэг бүлгийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулан ажиллана гэдгээ илэрхийлэв. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

нэр дэвшигч Г.Энхбаяр, Боловсролын  салбарт 28 жил багш, тэнхмийн эрхлэгч, хөтөлбөрийн удирдагчаар ажилласан гэдгээ тэрбээр дурдаад, Монголын багш нарын холбоо НҮТББ нь сүүлийн жилүүдэд ажил мэргэжлийн хувьд боловсролын салбарыг төлөөлөх төлөөлөлгүй байгаа Үндэсний зөвлөлд салбараа төлөөлөх итгэл хүлээлгэн шийдвэр гаргаж нэрээ дэвшүүлснийг тодотгов. Олон нийтийн радио, телевиз нь хуульд тодорхойлсон зорилгынхоо хүрээнд сонсогч, үзэгчдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх төдийгүй  боловсролын зарим тулгамдсан асуудлаар олон нийтийн санаа бодолд тулгуурласан, мэргэжлийн түвшний судалгаатай, сайн нэвтрүүлэг бэлтгэж бодлого боловруулагчидын  анхааралд хүргэх гүүр байхад боловсролын салбарын төлөөллийн хувьд анхааран ажиллана хэмээсэн.

“МҮОНРТ-ийн үндэсний хэмжээний нэр нөлөө, иргэдийн итгэл хүлээсэн байдлын судалгаа”-ны чанартай, хараат бус мэдээллийн хэрэгсэл мөн эсэх асуулгад сөрөг үнэлгээ давамгай байсан ба дийлэнх асуулгад мэдэхгүй гэсэн хариулт зонхилж байсан нь хандалт буурч байгаагийн илрэл гэдгийг онцлоод, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сонгогдвол хүний нөөцийн удирдлага, ялангуяа залуу уран бүтээлч, сэтгүүлчид мөн техникийн ажилтнуудыг улам бүр мэргэшүүлж чанаржуулах бодлогод гүйцэтгэх удирдлагад зөвлөн тусалж ажиллах болно гэлээ.

/Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигч Л.Энхжин 1998 онд Радио телевизийн дээд сургуулийг Радио телевизийн найруулагч мэргэжлээр төгссөнөөс хойш телевизийн салбарт тасралтгүй 27 ажиллаж буйгаа дурдаад, Олон нийтийн радио телевизийн хуульд өөрчлөлт оруулан сайжруулах, үзэгч түмэнд чанартай сайн уран бүтээл хүргэхийн тулд байгууллагын санхүү, хууль эрх зүйн орчинг сайжруулах, уран бүтээлчдийн нийгмийн хангамж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, орчин үеийн дэвшилдэт техник технологи нэвтрүүлэх гээд олон тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд мөр зэрэгцэн ажилладаг олон арван уран бүтээлчдын дуу хоолой болж ажиллахаа илэрхийлсэн.

/Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигч Б.Энэрэлт, Өнөөгийн дижитал платформуудын эрчимтэй өрсөлдөөний нөхцөлд залуу үзэгчдийн анхаарлыг татах, мэдээллийн үнэн зөв байдлыг хамгаалах, олон нийтийн итгэлийг тасралтгүй бэхжүүлэх нь хамгийн чухал сорилтын нэг гээд, ийм нөхцөлд олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн ёс зүй, бодит мэдээлэл, нийгмийн хариуцлагын үнэт зүйлсийг тууштай хадгалж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Нэр дэвшигч Б.Энэрэлт энэхүү албан тушаалд томилогдвол хууль тогтоомж, байгууллагын эрх ашиг, олон нийтийн итгэлд тулгуурласан шийдвэр гаргах зарчмыг баримталж, аливаа улс төрийн болон бизнесийн нөлөөллөөс ангид ажиллахыг эрхэмлэнэ гэлээ.

Түүнчлэн байгууллагын төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авалт, дотоод хяналт болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлэхэд өөрийн туршлага, мэдлэгээр хувь нэмрээ оруулж, цаашид зөвхөн мэдээлэл түгээхээс гадна үндэсний өв соёл, боловсрол, шинжлэх ухаан, баримтат болон олон нийтийн үнэ цэн бүхий контентыг дэмжих замаар Монгол Улсын иргэдийн нийтлэг үнэт зүйл, соёлын дархлааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй байна хэмээсэн юм.

/Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд, сонсголд оролцогчид асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагыг төлөөлөн сонсголд оролцсон иргэн Д.Цэрэнжав нэр дэвшигчдэд хандан үг хэлсэн.

Тэрбээр, Анх 2005 оны 10 дугаар сард МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн эхний бүрэлдэхүүн УИХ-аас томилогдсоноос хойш нийт 60 гаруй хүн зөвлөлийн гишүүнээр ажилласан байна. Өнгөрсөн 20 жилийг эргээд гарахад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл тийм ч сайн байсангүй. Үүний шалтгаан нь олон байгаа ч ганцхан жишээ хэлэхэд 2026 он гарснаас хойш Үндэсний зөвлөл хурлаа хийж чадаагүй. Энэ бол маш тодорхой жишээ. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд ил тод байдал гэж алга. Тулгараад буй бүх асуудлын шийдэл нь Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал. Олон шат дамжлагаар Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшээд, УИХ-аас томилогдож очоод чимээгүй алга болчихдог. Үндэсний зөвлөлийг өнөөдөр “хар нүх”-тэй зүйрлэж хэлж болохоор байна. Тэнд хэн юу хийдэг, зөв үү, буруу юу, ямар шийдвэр гаргадаг талаар ямар ч мэдээлэл байдаггүй.

Өнөөдөр нэр дэвшиж буй хүмүүсийн хийх хамгийн эхний ажил бол ил тод, нээлттэй байдлыг хангах юм гэдгийг захиж хэлмээр байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргах бөгөөд тайланд сонсголын дүнд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгах юм. Тухайн тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж Парламентын цахим хуудаст байршуулахаас гадна тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал дүгнэлтээ  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах гадраас мэдээллээ.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.