МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг: Эв эеийн...

Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг: Эв эеийн эрхэм чухлыг Алунгуа эхийн сургаалаар үр хүүхдүүддээ үлдээсээр ирсэн

"Алунгуа эхийн сургаалын баяр-6" арга хэмжээний нээлтэд Монгол Улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэг оролцож, баярт оролцогчид болон зохион байгуулагчдад хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Үнэн
Админ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд долдугаар сарын 29-ний өдөр "Алунгуа эхийн сургаалын баяр-6" болж өндөрлөв. “Монголын нууц товчоо”-д тэмдэглэгдэн үлдсэн Алунгуа хатны төрсөн нутаг Аригийн гол тус сумын нутгаар дамнан урсдаг. Аригийн голын урд талд Тарагны овоо хэмээх өндөрлөгт зураач, барималч Ц.Цэдэн-Ишийн эх загвараар 1992 онд гурван метр өндөртэй Алунгуа хатны дурсгалын хөшөө дурсгал босгосон түүхтэй. “Алунгуа эхийн сургаалын баяр”-ыг анх Чандмань-Өндөр сумын Засаг дарга, түүхч-судлаач Х.Энхтүвшин санаачлан 2002 оны наймдугаар сард Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн үеэр тэмдэглэж байжээ.

Монгол туургатны эв нэгдлийг бэхжүүлэх, өв соёл, ёс заншил, хүнлэг энэрэнгүй үзлийг түгээн дэлгэрүүлэх, Алунгуа эхийн сургаалыг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа тэмдэглэдэг "Алунгуа эхийн сургаалын баяр-6" арга хэмжээний нээлтэд Монгол Улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэг оролцож, баярт оролцогчид болон зохион байгуулагчдад хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн нийслэлээс Ардын жүжигчин Н.Сувд зэрэг урлаг, соёлын төлөөлөгчид хүрэлцэн очжээ. Тус арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Эрхэм хүндэт эхчүүд,

эмэгтэйчүүд ээ!

Эрхэм хүндэт зочид

төлөөлөгчид өө!

Та бүхэндээ шинийн 15-ны билэгт сайн өдрийн мэндийг дэвшүүлье. Мянга мянган жилийн өмнөөс төр улсаа байгуулж, тулгар төрөө мандуулсан монголчууд бидний түүх соёл, монгол эмэгтэйчүүдийн байгуулсан гавьяа, бүтээсэн түүх чухал байр суурь эзэлдэг билээ. Тиймээс монголчууд бид эхчүүд, эмэгтэйчүүдээ уужим саруул ухаан, энэрэнгүй, нинжин сэтгэлийн бэлгэдэл болгож, Дарь эх лугаа адил хүндэтгэдэг сайхан уламжлалтай.

Эрхэм хүндэт эмэгтэйчүүд, эхчүүдээ!

Монголчууд бид эвлэж, цугласан цагтаа хүчирхэгжин мандаж, эв эеийг умартсан цагтаа бууран доройтож байсныг Монголын түүх тодорхой харуулдаг билээ. Эв эеийн эрхэм чухлыг бид Алунгуа эхийн сургаалаар дамжуулан ойлгож, үр хүүхдэдээ заан сургаж, өвлүүлэн үлдээсээр ирсэн.

Алунгуа эхийн таван сумны үлгэр бол эвийг эрхэмлэн, эеийг дээдлэхийг сануулж, зорьсон зорилгодоо хүрэхийг бэлгэдсэн, үр хойч биднийгээ нэгэн санаа нэгдмэл зорилготой байхыг уриалан сануулсан үлэмж их сургаал билээ. Алунгуа, Бодончар мэргэний ур удам Чингис хаан хожим монголчуудаа нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, дэлхийн талыг туган дороо хурааж, даян дэлхийд амар амгаланг тогтоосон сайхан түүхтэй.

Монголчууд бидний эрхэлдэг аж ахуй, соёл нийгмийн түүхийн онцлогоос шалтгаалсан боловсролын үндэс нь гэр бүлийн хүмүүжил байж ирсэн бөгөөд түүний үндсэн сургалтын хэрэглэгдэхүүн нь сургаал байснаараа онцлогтой. Ийн үзвэл Алунгуа эхийн сургаал нь үеийн үед монголчуудын боловсролын чухал сэдэв байж, монгол эхчүүд, эмэгтэйчүүд үр хүүхдүүд, хөвгүүд охидоо хүмүүжүүлсээр ирсэн. Энэхүү сайхан уламжлалаа хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд “Алунгуа эхийн сургаалын баяр”, эв нэгдлийн баяр чухал ач холбогдолтой.

Гэр бүлийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн үндэс болсон эв эеийг эрхэмлэх агуулгатай энэхүү сайхан арга хэмжээг санаачлан уламжлал болгон зохион байгуулдаг байгууллага, хувь хүмүүс, ард иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гэр бүл, ураг удам, улс орондоо ёс суртахуунтай, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх хүндтэй хийгээд хариуцлагатай үүргийн эзэд болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол айл өрх бүр аз жаргалаар дүүрэн байх болтугай. Монголчууд бид Алунгуа эхийн багцалсан таван сум шиг эвтэй, бат бөх, өнө мөнхөд орших болтугай!

Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонины №028/24703/

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.