Төгс төгөлдөр рүү тэмүүлсэн эрэлхийлэл
Бүтээлч хүмүүсийн эрэл хайгуулын үр дүнд олон янзын санаа бодит зүйл болон биеждэг салбаруудын нэг нь загвар. Яг л уран барилга шиг, тэнд бүтээн байгуулалтын явц өрнөж цаг хугацааг дагасан деталь хэсгүүдээр баяжсаар хүнд хүрдэг. Загварын ордон болгон өөрийн илэрхийлэлтэй, гагцхүү улирлаас улирлын хооронд шилжихдээ үндсэн санааг алдагдуулахгүйгээр баяждаг. Загварын чиг хандлага давтдаг учир хуучин нь шинийг илэрхийлэх тохиолдол олонтаа. Энд шинэ зүйл нь жижиг хэсгүүдээр илэрхийлэгдэх бөгөөд өнгөний хувьд ондооших нь онцлог ялгаа болж харагддаг. Харин сонголт хэзээд хоёр талтай. Хар цагаан өнгө шиг эрэлтээс аль ч цагт гарахгүй. Ганган хээнцэр, чамин тансаг харагдахыг илэрхийллээ болгодог загварын орднууд бүтээгдэхүүн сонголтдоо анхаарч эхэлсэн.
Бүтээлч хүмүүсийн эрэл хайгуулын үр дүнд олон янзын санаа бодит зүйл болон биеждэг салбаруудын нэг нь загвар. Яг л уран барилга шиг, тэнд бүтээн байгуулалтын явц өрнөж цаг хугацааг дагасан деталь хэсгүүдээр баяжсаар хүнд хүрдэг. Загварын ордон болгон өөрийн илэрхийлэлтэй, гагцхүү улирлаас улирлын хооронд шилжихдээ үндсэн санааг алдагдуулахгүйгээр баяждаг. Загварын чиг хандлага давтдаг учир хуучин нь шинийг илэрхийлэх тохиолдол олонтаа. Энд шинэ зүйл нь жижиг хэсгүүдээр илэрхийлэгдэх бөгөөд өнгөний хувьд ондооших нь онцлог ялгаа болж харагддаг. Харин сонголт хэзээд хоёр талтай. Хар цагаан өнгө шиг эрэлтээс аль ч цагт гарахгүй. Ганган хээнцэр, чамин тансаг харагдахыг илэрхийллээ болгодог загварын орднууд бүтээгдэхүүн сонголтдоо анхаарч эхэлсэн.
Нөгөө талд минимал хэрэглэгчдийн үе бий болж, тэдний сонголт байгальд илүү ээлтэйгээр өргөжиж байна. Удахгүй буюу ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх амьтны арьс, үслэг эдлэлийн талаарх хориг зөвхөн Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөр хязгаарлагдаагүй. Энэ үйл явдлаас аль гурван жилийн өмнө Лондонд загварын долоо хоногтоо үслэг эдлэл ашиглахаас татгалзаж байсан юм. Дэлхийд ээлтэй загварын салбарын энэ давлагаа загварын орднуудыг экологийн хувьд зүй зохистой чиглэлд хөтлөөд зогсохгүй үйлдвэрлэлийн хувьд тогтвортой байдалд шилжүүлнэ хэмээн үзэж байна. Урин цагийн чиг хандлагатай зэрэгцсэн сонирхолтой бас зүй зохистой гэмээр шийдвэрүүд загвар бүтээгчдэд хэрхэн нөлөөлсөн нь олны анхааралд байсан. Дээр нь загварын орднуудын дизайнер өөрчлөгдсөн солигдсоноор олон газарт хүлээлт бий болсон юм. Хуучныг шинэчлэхдээ уламжлалыг алдагдуулахгүйгээр орчин цагт хэрхэн авчирсныг сонирхлоо.
Хүзүүний алчуурыг загварчлах нь
Охид бүсгүйчүүдийн хэрэглээ болсон хүзүүний алчуурыг хувцаслалт, илэрхийлэмждээ зохицуулан загварчлах болсныг брэндүүдээс харж болно. Зөвхөн ажил хэрэг, албан ёсны үйл ажиллагаа гэлтгүй өдөр тутамдаа тохируулан өөрчлөх нь хэрэглэгчийн сонголт. Улиралдаа тохирсон материалтайг сонгон биеийн аль ч хэсэгт чимэг болгох болжээ. Энэ хандлагыг хэрэглээнд нэвтрүүлсэн хүмүүс олны танил эрхмүүд байх магадлалтай. Олон нийтийн нүдэнд дасал болтол хоногшуулснаар хавар зуны загварын чиг хандлагын нэг хэсэг болон илэрч байна. Ийм сонголтуудыг харуулсан брэндүүд Chanel, Celine, Kallmeyer байлаа. Алчуурыг майк эсвэл юбка болгон загварчлах, сул, тааран өмдөн дээр зүүж шинэчлэн харуулжээ.
Загвар бас тав тух
Prada, Stella Mccartney, Fendi зэрэг брэндийн урин цагийн загварт гарсан тав тух бас эмэгтэйлэг байдлыг тодруулах хэв шинжтэй. Хүн унтаж амрахдаа биедээ хамгийн эвтэйхэн хувцсаа сонгодог. Тиймээс унтлагын хувцасны материал сонголт ч үүнд илүү анхаарсан байдаг. Яг л ийм тав тухтай мэдрэмжийг төрүүлэх загваруудыг брэндүүд тусгажээ. Даавуун эсвэл унасан материалд суурилсан эдгээр загварын зарим нь илүү эмэгтэйлэг бас дэгжин харагдуулдаг. Тааран эсвэл трэнд болоод буй сул загвартай өмдтэй гаргасан хоршлууд цаг үетэйгээ илүү уялдаж харагдах ажээ.
Чамин сонголт
Магадгүй хүн бүрийн шүүгээнд байдаг сонголтуудын нэг нь байж магадгүй. Намхан өсгийтэй сандаал, углааш зуны нимгэн хувцастай ямар ч үед зохицдог. Илүү чамин харагдуулж заримдаа онцгой нэгэн болгож тодруулан харагдуулдаг удаа бий. Энэ зуны сонголтод нөлөөлөх ийм нэгэн загварыг танилцуулсан нь Proenza Schouler, Bottega Veneta мөн Dior. Сонирхол татам хийцтэй, содон өнгөтэй нам өсгийтүүдийг тэд тодруулан онцоллоо.
Сонгодог өнгө
Ямар ч хүний хувцасны шүүгээнд өргөн сонголттой байдаг өнгө бол хар, цагаан. Эдгээр сонгодог өнгийг аль ч цагт сонгож болдгоороо давуу талтай. Энэ зуны загварын чиг хандлагад түгээмэл ажиглагдсан нь бидний хэлж заншсанаар сүүн цагаан өнгө байна. Цав цагаан өнгөнөөс ялгаатай нь үл ялиг шар туяатай байгаа нь өмнө ч илэрч байсан. Олон дизайнер энэ өнгийг сонгосон загварын долоо хоногуудаас харагдаж байлаа.
Coach хүйс харгалзахгүй
Стюарт Веверсийн хавар-зуны цуглуулга олон нийтийн анхаарлыг багагүй татсан. Угаас содон өгөгдлөөс урам авдаг дизайнерын өгүүлэмж бүр нь содон байдаг. Уур амьсгалын хувьд өөдрөг, бас хүйс харгалзахгүй сонголттой. Нөхөөстэй хослол, хуучирсан мэт оруулга, савхины сонголт өнөөгийн эрэлтэд нийцжээ. Дээр нь Нью-Йоркийн барилгуудын зурагтай хэвлэсэн футболк, том аксессуар нь их хотын хөл хөдөлгөөнийг санагдуулах ажээ.
Галбирыг илүү тод харагдуулна
Dolce & Gabbana, Isabel Marant, Prada зэрэг брэнд цэргийн хувцасны загвараас хавар зуны чиг хандлагад оруулж ирлээ. Загварыг илүү нарийсган эмэгтэйлэг болгосон нь энэ оны трэндээс харагдаж байна. Материалын хувьд хатуу учраас биеийн галбирыг илүү тодотгож өгдгөөрөө илүү онцлог. Өнгөний хувьд уян хатан байхаас гадна яг цэргийн гэмээр сонголтуудыг тод өнгөн дээр уусган оруулж иржээ.
Michael Kors-чөлөөт илэрхийлэл
Хамгийн түрүүнд тус брэндийн савхин унжлага цүнхнүүдийг онцолмоор байна. Бохо хэв маягийг санагдуулам цүнхнүүдийг олон янзын хэв маягтай уусгаж чадсан нь хүнд нэгийг бодогдуулна. Даашинз, албаны хувцас, жийнс гээд янз бүрийн хувцастай зохицож болохыг дизайнер олон талаар харуулснаараа Нью-Йоркийн загварын долоо хоногт тодорлоо. Өнгөний хувьд зөөлөн бор, дулаан өнгө зонхилжээ.
Баригдмал хэв маягаас татгалзаарай
Чөлөөт хувцсанд заавал тэгж өмсөх ёстой гэсэн дүрэм байхгүй. Биеийн онцлог, хувцас сонголтдоо тулгуурлан ямар ч байдлаар зохиомжлох боломжтой. Ажил хэрэгч хувцаслалтад пүүз, кет орж ирсний адилаар сорочкийг загварчлахад ямар ч байдлыг хүлээн зөвшөөрөх болжээ. Заавал өмд, эсвэл юбканыхаа дотуур өмсөх ёстой гэх хэвшмэл ойлголтыг энэ удаад эвджээ. Өмдний гадуур сулхан гаргаж өмсөх нь өдөр тутмын хэрэглээ болж заримдаа дэгжин харагдах илэрхийлэлд зүй ёсоор нэрлэгдэж болжээ. Ингэснээр илүү загварлаг төрхийг бүрдүүлснийг Saint Laurent, Ferragamo, Dior брэндийн хавар зуны загваруудаас харж болохоор байна.
Б.Сийлэн