МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Торгоны замын монгол од

Торгоны замын монгол од

Монголын урлагийн ертөнцөд хөл тавихдаа рок попоор овоглож хоолойны чадлаа харуулсан дуучин Ч.Мишээлийг энэ дугаарынхаа ярилцлагын зочноор урилаа

Үнэн
Админ

Монголын урлагийн ертөнцөд хөл тавихдаа рок попоор овоглож хоолойны чадлаа харуулсан дуучин Ч.Мишээлийг энэ дугаарынхаа ярилцлагын зочноор урилаа. Олон улсын “Торгоны замын од” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож Гран-при шагналын эзэн болсон тэрбээр СУИС-ийг өнгөрсөн онд уртын дуучин мэргэжлээр төгсөж өдгөө уран бүтээлээ хийж явна. Үзэсгэлэн төгс төрх авьяас чадвартай сүлэлдэн өөрийн донжийг бүтээхдээ урлагийн салбарт Мишээлийн  тодотголтой содон өнгийг аль хэдийнэ бий болгожээ.

Уртын дууны эгшиг аялгуу нь сансар огторгуйн гэлтэй, үг өгүүлбэр бүрд нь хүртэл гүн ухааны утга шингэсэн байдаг 

-Хотол олноороо наадан цэнгэдэг Улсын баярын өмнөх дугаарынхаа отгон ярилцлагыг уртын дуугаараа омогшин эхлүүлбэл ямар вэ. Та ч гэсэн СУИС-ийн уртын дууны ангийг  төгссөн болохоор бахархах сэтгэл дүүрэн байгаа болов уу?

-“Монголын үнэн” сонины хамт олон болон уншигчдад баяр наадмын мэндийг дэвшүүлье. Ярилцлагадаа урьж оролцуулсанд маш их баярлалаа. Мэдээж аливаа улсын соёл, ард түмний сэтгэлгээг тухайн орны урлаг, соёлын онцлог байдал, ур ухаанаас нь бүрэн мэдэх боломжтой. Учир нь, урлагийн бүтээлд тухайн ард түмний түүх, ёс заншил, цаг үеийн байдал, хандлага гээд бүхий л мэдээлэл хадгалагдсан байдаг. Монгол ардын урлагаас гэхэд ганцхан уртын дууг онцлоод харахад л гайхамшгийг харж болдог. Ая дан, эгшиг аялгуу нь сансар огторгуйн гэлтэй, үг өгүүлбэр бүрд нь хүртэл гүн ухааны утга шингэсэн байдаг. Миний хувьд азаар энэ урлагаар суралцах боломж нээгдсэнээр С.Цогтсайхан багшийнхаа шавь болж суралцаад багагүй хугацааг өнгөрүүлж магистрантын түвшинд ирсэн байна. Дуучны хувьд уртын сайхан дуугаар урын сангаа нэмж байгаа хэдий ч өөрийн анхны мэргэжил болох сэтгэл судлаачтайгаа хослуулан уртын дуугаар хөгжмийн сэтгэл засал хийх судалгаа­нуудад илүү анхаарч, суд­лан ажиллаж байна.

-Үнэндээ Мишээ­лийг уртын дуучин болно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ монгол хүн гэдэг сэтгэл зүрх таны ярианд уяатай байдаг болохоор хол санагдсангүй. Харин эх орон, Монголоороо бахархах сэтгэлээ хэзээнээс бүрэн дүүрэн илэрхийлэх болов?

-Би өөрөө ч төсөөлж байсангүй, ардын урлаг тэр дундаа уртын дуу бол хэзээ ч дуулж чадахгүй хэцүү, гайхалтай зүйлээр төсөөлдөг байлаа. Гэвч монгол хүн бүр өөрийн хоолойн цар хүрээнд тохирсон уртын дууг дуулах боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр магадгүй та ч баяр наадам, найрт дуулдаг уртын дуу дуулж сурч болно гэсэн үг. Бид энэ том өв соёлоо хэтэрхий хэцүү мэтээр төсөөлж өөрсдөөсөө холдуулж байсан ч байж магадгүй. Гэвч өнөө цаг үед өөрсдийн өвөрмөц онцлог, урлагтай уран бүтээлчид онцлог байдлаа уран бүтээлдээ илүү тусгаж өөр өөрийн онцлогоороо ялгарч эхэлж байгаа. Энэ үед монгол уран бүтээлчид ч ялгаагүй өв соёлоороо гангарч эхэлсэн.

-“Торгоны замын од” олон улсын тэмцээний тайзан дээр та үндэсний хувцсаараа гоёж уртын дуугаа дуулсан. Мэргэжлийн багшаа баяр­луулж, өөрийгөө олон улсын тайзан дээрээс мэдрэх ямар санагдаж байсан бол?

-Мэдээж эх орон, өв соёлоороо бахархаж, багш нартаа маш их баярлаж байсан хэдий ч давхар том хариуцлага мэдрэгдэж байлаа. Бүхэл бүтэн Монголын хувцас хэрэглэл, урлаг соёлоо танилцуулж байгаа учраас алдаа гаргах вий гэхээс эмээж байсан. Тийм болохоор цаашдаа улам сайн судалж, суралцах хүслийг минь тэтгэсэн байх.

-Тэмцээний үед асар богино хугацаанд олон орны хэлээр дуу дуулах шаардлага үүссэн. Гадаад хэлний дуудлагаа зөв болгохын тулд хэрхэн давтаж байв?

-Бидэнд үнэндээ ур чадвараараа өөрөө өөртэйгөө, бусад оролцогчидтой уралдахтай зэрэгцэн цаг хугацаатай уралдах том шалгуур, даваанууд байсан. Богино хугацаанд гадаад хэл судалж, зөв аялгаар хэлж сурна гэдэг мэдээж хэцүү байсан. Үүнийг дуу илүү амархан болгож өгсөн гэж бодож байна. Хүний тархи дуртай зүйлдээ илүү амархан суралцдаг учраас дуу дуулангаа шинэ хэл, шинэ үг сурах сонирхолтой бас амархан санагдсан шүү. Шинэ хэл сурч байгаа хүмүүст зөвлөхөд сурч буй хэлээрээ дуу сонсох, дагаж дуулахад дуудлага, үгийн баялаг хурдан сайжрахаар санагдсан.

-Дэлхийн од Димашаас шагнал гардахад төрсөн бодлыг энэ цаг үед асуухад та юу гэж хариулах вэ?

-Би тэр үед хэт хүчтэй сэтгэл хөдлөлд автаад өөрийгөө зүүдлээд байна уу, удахгүй орон дээрээ сэрэх вий дээ л гэж бодож байлаа. Димаш Кудайберген бол миний биширдэг дуучдын маань нэг. Түүнээс бараг л гэрэл цацраад байх шиг харагдсан. Маш энгийн, даруу, найрсаг боловч хүчтэй энергитэй хүн байсан. Хүний амьдралд тийм цаг хугацаа, нөхцөл байдал маш ховор тохиох байх. Тийм учраас тэр үеэ  ахин дахин бодож дуу, уран бүтээлээ хийх урам зориг авдаг. 

Бусдад ямар нэг эерэг мэдрэмж, ухаарал өгөх бүтээлүүд хийх нь надад чухал 

-Одоо та уран бүтээлдээ анхаарал хандуулаад ганцаардах завгүй байна уу?

-“Торгоны замын од” тэмцээний тайз надад бас өөр нэгэн бодлыг төрүүлсэн. Би хэдий мэргэжлийн дуучин болж хүссэн дуугаа дуулах боломж гарч байгаа ч ирээдүйд үлдэх, бусдад ямар нэг эерэг мэдрэмж, ухаарлыг өгөх бүтээлүүд хийх нь надад чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр нэг ёсондоо уран бүтээлүүд дээрээ илүү цензуртэй хандах шаардлагатай болсон гэсэн үг. Энэ нь илүү цаг авч, урт хугацаанд дуунууд дээрээ ажиллах хэрэгтэй байдаг юм байна.

-Та амьд хөгжимтэй дуулах үедээ гэрэлтдэг гэдгээ мэдэх үү. Одоо таны дууг сонсдог хүмүүс, фэнүүд тань тийм л мэдрэмжийг танаас хүлээж байгаа байх?

-Мэдээж амьд хөгжмийн хамтлагтай, оркестртой дуулах тэс өөр мэдрэмж байдаг. Тайзан дээр байгаа бүх хөгжимчин, дуучдын мэдрэмжтэй нэгдэн нийлж байгаа учраас тэр болов уу. Намайг үнэхээр чин сэтгэлээсээ дэмжиж хүлээдэг сонсогч олон байдгийг мэдээд тэднийгээ маш хайрласан. Цөөн ч бай, олон ч бай тэдэндээ зориулж дуунуудаа хийж байгаа.

-Нэг гэр бүлээс ихэр мэт эгч дүүс дуулаад эхлэхээр анзаарахгүй өнгөрч чадахгүй нь. Таны дүү мөн дуучин болох хүсэл мөрөөдөлтэй юү?

-Миний хайртай ганц дүү маань маш их авьяастай, нарийн мэдрэмжтэй охин бий. Тэр минь мөн ардын урлагаа биширч дунд ангийн боловсролоо морин хуурын мэргэжлээр төгссөн. Багадаа дүүтэйгээ хоёулхнаа гэртээ үлдэхдээ л дүүгийнхээ хажууд ичихгүй чангаар дуулдаг байсан. Дүү маань намайг сонсоод л нүдэнд нь нулимс цийлгэнээд, инээмсэглээд их дуртай сонсдог байсан. Үнэхээр хөөрхөн, нандин мэдрэмжтэй байжээ. Дүү маань одоо өөр нарийн мэргэжлээр суралцаж байгаа ч гэсэн дуу дуулах дуртай, өөрийн гэсэн дуунуудаа гаргах хүсэл мөрөөдөлтэй.

-Ч.Индра та хоёрт хамтдаа уран бүтээл хийх бодол байгаа юу?

-Мэдээж дотроо бодсон, мөрөөдсөн зүйлс бий.

-Урлагийн хүний зам нухчаа олонтой. Бүдэрчихгүйн тулд та өөрийгөө хэрхэн цэнэглэж байна вэ?

-Урлагийн аль ч салбарт ажилладаг хүмүүс хийсэн, бүтээсэн уран бүтээл, амжилтаасаа л дор дороо цэнэглэгдээд явдаг гэж боддог. Урлагийн салбар бол бусад мэргэжилтэй ер нь адилхан. Хэцүү үедээ хэцүү, баяр жаргалтай ч үе олон. Хүн дуртай, хүсэл эрмэлзэлтэй байгаа мэргэжлээрээ л ажиллах нь чухал. Тийм тохиолдолд хэцүү, ядрах үе тохиосон ч инээгээд л давсан байдаг. 

Ээж минь миний хамгийн том багш, бас сайн найз 

-Ээжийн нөмөр нөөлөг, хайртай эн тэнцэх зүйл хорвоод үгүй. Таныг олон улсын тэмцээнд оролцоход, ер нь аль ч цагт ээж тань хамгийн том дэмжигч юм шиг санагддаг?

-Ээж минь миний хамгийн том багш, бас сайн найз. Ээж, аавын дэмжлэг байгаа цагт ямар ч ажлын тэн хагасыг нь саадгүй давчихсан гэж л боддог. Гэр бүл минь үргэлж миний хажууд байдаг болохоор ганцаардана, ядарна ч гэж бараг байдаггүй дээ.

-Хэн нэгний дууг коверлох, бас хамт дуулах үнэндээ танд тохирох сонголт биш. Харин бие даасан бүтээлдээ цаг зарцуулах нь оновчтой гэж боддог. Та санал нийлэх үү?

-Дуучид бүгд л багаасаа алдартай дуучдын дууг дуулж, өөрсдийн авьяасаа нээдэг байх. Өмнө нь зохиогдсон сайн бүтээлүүд дээр ажиллах нь цаашид өөрийн дуу, бүтээлээ хэрхэн, яаж бүтээх талаарх ойлголтуудаа авдаг.

-Ярилцлагын төгсгөлд уншигч­дадаа хэний, ямар бүтээлийг санал болгох вэ?

-Өөрийн сонсох дуртай, хүндэлдэг бүтээлээ санал болгомоор байгаа ч “Монголын үнэн” сонины баяр наадмын өмнөх отгон дугаарт орж байгаа энэ сайхан боломжоо ашиглаад уншигч нартаа “Торгоны замын од” тэмцээний шийдвэрлэх шатанд дуулж нийт монголчууд дэмжиж, ялалт байгуулсан өөрийн зохиол болох “Монгол” нэртэй дуугаа санал болгоё. Энэ дуу бол миний Монголынхоо тухай мэдэрдэг мэдрэмж юм шүү.

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.