МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Төрийн байгуулалтын байнгын хороо 23 уда...

Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ

Үнэн
Админ

Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 хаврын ээлжит чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 23 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллажээ, Эдгээрээс 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 16 төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 5 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэн, Байнгын хорооны 9 тогтоол баталсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүд болон “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” зэрэг УИХ-ын тогтоолуудыг батлуулжээ.

Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсгүүд байгуулж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголуудыг зохион байгуулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг төслүүд анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа аж. 

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх эсэх шатанд яваа юм байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнээс гадна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодоос ирүүлсэн саналыг тусган Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцжээ.

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудал зэрэг нийт 25 асуудлыг төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.