Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын намын гишүүд, дэмжигчдийнхээ санал, шүүмжийг сонсож ярилцлаа
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас санаачлан зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Рэгдэлээр ахлуулсан баг Төв аймагт ажиллаж байгаа. Төв аймгийн сумдаар ажиллаж Засгийн газрын бодлого, намын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги", Е-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцож буй тэдний ажилласан энэ удаагийн сум Сэргэлэн байв.

Намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзах үеэр иргэд Монгол Ардын нам эрх баригч намын хувьд ард түмнээ сонсох зорилгоор 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг өрнүүлж буй "Ардын нам-Ард түмэндээ" хэмээх энэхүү аяны ач холбогдлыг сайшааж байлаа. Түүнчлэн залуусын ойлголт хандлага нэг үеэ бодвол сайжирч байгаа хэдий ч орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, бодит хөгжлийг авчрах ажлуудыг хийх шаардлага байсаар байгааг ч санууллаа.
Мөн тус суманд аж төрдөг намынхаа ахмад гишүүдийн төлөөлөл болох зарим хүмүүсийн гэрт зочлон, хүндэтгэл үзүүллээ. Тэд намын ахмад гишүүн Н.Норовсамбуу, Б.Сүрэнгийнхээр зочилж халуун яриа өрнүүллээ. Тэд талцал хуваагдлаас үүдсэн намын гишүүдийн дундах үл ойлголцол орон нутагт газар авсан. Үүнийг даруй засаж залруулахгүй бол жирийн ард иргэдийн амьдралд ч нөлөөлж буйг ярилаа.

Дараа нь Төв аймгийн Алтанбулаг суманд намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг амжилттай боллоо. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны төвийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Э.Хулан нарын төлөөлөл оролцож, 70 гаруй гишүүнтэй нээлттэй санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн стратеги, “Чөлөөлье” санаачилга, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй Enam 3.0 платформын талаар мэдээлэл хүргэж, төр, намын бодлого, шийдвэрийг гишүүд, иргэдэд танилцуулан, орон нутгийн тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсож ажиллав.

Мөн уулзалтад оролцсон ахмад гишүүд болон иргэд цалин, тэтгэвэр, үнийн өсөлт зэрэг асуудлаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр саналаа илэрхийлэн, намын удирдлагад уламжилж ажиллахыг хүслээ.
