МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Ц.Ламаахүү: Тэрбум мод тарихад хүн бүрий...

Ц.Ламаахүү: Тэрбум мод тарихад хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суудаг Цэрэнхүүгийн Ламаахүү гэж ная илүү настай улс нийгмийн аливаа ажилд тэргүүн эгнээнд явж байдаг буянтай бууралтай ярилцаж суухад түүний хэлсэн ярьсан бүхэн, манай эх орны ирээдүй болсон залуу үед нэн сургамжтай санагдаж, уншигч олондоо хүргэж байна.

Үнэн
Админ

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суудаг Цэрэнхүүгийн Ламаахүү гэж ная илүү настай улс нийгмийн аливаа ажилд тэргүүн эгнээнд явж байдаг буянтай бууралтай ярилцаж суухад түүний хэлсэн ярьсан бүхэн, манай эх орны ирээдүй болсон залуу үед нэн сургамжтай санагдаж, уншигч олондоо хүргэж байна.

-Таны насны хүн хаврын хахир хатуу цагт мод тарих ажлын тэргүүн эгнээнд явж байхыг манай Арвайхээрчүүд хараад бахархаж байдаг. Мод тарих амаргүй ажилд шамдан явах нь учиртай байх даа?

-Аав, ээжийнхээ зааж сургаснаар би хүүхэд наснаасаа тусгаар Монгол орныхоо төрийн сүлд, төрсөн нутаг усандаа цай, сүү өргөж яваа эгэл нэгэн иргэн. Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих уриалгыг дэмжин яваа  монгол хүний хувьд орон нутагтаа мод тарихыг баяртайгаар хүлээж авсан. Тэнгэр баганадсан Алтайн нуруу, түмэн сүргийнхээ зусдаг хонгорхон баян өргөн говь, тал нутагт төрж өссөн болохоор төрөлх нутгийнхаа уул усыг би үргэлж санагалзаж суудаг юм. Манайх говийн бүс нутаг тул заг, сухай, харгана голчлон ургадаг болохоор бие барагтай болсноосоо хойш хүүхэд цагийн хүслээ өвгөн би өнөө хүртэл тээж явах боллоо.

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох гэж аливаа ажилд идэвх зүтгэлтэй сайн хүн байдаг. Д.Баяртогтох дарга надад хандаж “Та гавшгай хүн дээ. Мод тарих ажлыг түүчээлнэ биз дээ" гэсэн нь намайг урамшуулсан. Мод тарих хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж нэгэн үзүүрт сэтгэлээр жил бүр улиас, бургас, хайлаас, агч гээд хэд хэдэн төрлийн мод сонгон тарьж байна. Манай аймгийн даргаар Г.Ганболд гэж шинэ ажил санаачлагч ажилсаг залуу ажиллаж байлаа. Арвайхээрчүүд Г.Ганболд даргын санаачилгаар төв суурин газар мод тарих туршлагатай байсан тул тэрбум мод тарих уриалгыг ганц би биш, аймгаараа нэгдэн эхлүүлээд байна.

Өвгөн би ганцаараа арвинтай мод тарьж чадахгүй. Ахуй нутаг усаа өнгөтэй зүстэй байлгах гэсэн аймаг сумынхаа иргэдтэй хамтарч цөөн мод тарьж байна. Төрийн тэргүүнийхээ уриалгыг дэмжих гэж төрсөн нутаг Богд сумандаа 100 мод, төгссөн сургууль Гучин-Ус суманд 50 мод, Арвайхээр сумынхаа цэцэрлэгт хүрээлэнд 50 мод бүгд мянга шахам модыг өөрийн хүч, хөрөнгөөр худалдан авч тарьжургууллаа.

Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Төмөрбаатар, цэцэрлэгт хүрээлэн хариуцсан ажилтан Оюунсүрэн нар 2000 ширхэг шахам хайлаас модны суулгац бэлэглэж намайг сэтгэлээрээ дэмжсэн. Мөн ахмад настан С.Бямбасүрэн, Пүрэвжал, С.Цэдэнсодном нарын ахмадууд сэтгэл зүрхээрээ мод тарилцаж байдагт талархаж явдгаа хэлье. Сайн үйлсийг дэмждэг ийм залуус тийм ч олон биш. Тарьсан болгон ургаж, цэцэглэж байгааг хараад сэтгэл тэнгэр явж байна. Хүн чинь хийж яваа ажлынхаа үр дүнг харах сайхан шүү дээ. Одоо буюу энэ сардаа багтаагаад 200 гаруй мод тарих бэлтгэлээ базааж байна.

-Үржил шимт хар шороон хөрс багатай, говь, хээр талын ангамал хөрсөнд мод тарьж нутагшуулах амаргүй биз дээ?

-Амар хялбар ажил гэж хаана ч байхгүй. Мод тарих ажил сэтгэл зүтгэл шаардсан нарийн нягт хөдөлмөрийн нэг. Мод тарихаар төлөвлөсөн газрынхаа хөрсний үржил шим, хатуу зөөлний онцлогт тохируулж нэмэгдэл хөрс бордоо бэлдэж байж тарих модныхоо суулгацыг суулгана. Манай тал хээрийн бүс нутагт нэг суулгахад зориулсан ухмалд хар шороо 50 хувь, элс 30  хувь, малын бууц 20 хувь байхад тохиромжтой юм билээ.

Бас эхний усалгаанд, суулгалт болгоны дараа доогуур нь нүх гаргаж өгч байж ургуулна.Ургаж байсан унаган хөрснөөс нь огт өөр газар авчирсан суулгацыг тухайн бүсийн цаг агаарын онцлогийг харгалзаж, услах тордох хүн, малын хөлөөс хамгаалах гээд уйгагүй хөдөлмөрөөр модыг ургуулна. Харин сайн хамгаалж, усалж тордож ургуулж байгаа мод гурав дахь жилээсээ эхлэн хүний хөдөлмөр нэг их шаарддаггүй нь сайхан.

Өвөртлөх шахам авчирч суулгасан мод урган дэлгэрч, салхитай, бороотой, нарлаг үед нөмөр сүүдэр нь суух байж сайхан шүү дээ. Төрийн тэргүүнийхээ тэрбум мод тарих уриалгыг ам хэлээр биш ажлын үр дүнгээр дэмжиж, хүн бүр хүч хөдөлмөрөө энэ ажилд нэгтгэвэл Өвөрхангай аймаг, Арвайхээр сумаа ногоон болгох ч тийм хэцүү биш санагддаг. Тэрбум мод тарих хөдөлгөөнд, бидний үеийнхэн, атар газар эзэмшиж, Дархан, Эрдэнэтийг барьж байгуулж ажилд сэтгэл зүрхээрээ нэгдэж байсан шиг, хүн бүрийн хүчин зүтгэл дутагдалтай байна. Өнөөгийн залуус бэлэн зүйлд дуртай байх юм. Өөрт болон өргөн олонд хэрэгтэй бүхнийг өөрсдийнхөөрөө бүтээн  байгуулах сэтгэл зүтгэл залуус болгонд төлөвшин тогтвол тэрбум мод байтугай улс орны хөгжил хурдтай байхсан.

П.Адьяасүрэн /Гавьяат хуульч/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.