МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Түмэн хүлгийг манлайлах “Тэнгэрийн хүлэг...

Түмэн хүлгийг манлайлах “Тэнгэрийн хүлэг”-ийн эзэн

Хүлэг морио хүндлэн дээдэлдэг монголчуудын баяр бахдалыг төрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг улс орнууд дэмжсэн нь дэлхий дахинаа долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэдэг болсон явдал билээ.

Үнэн
Админ

Хүлэг морио хүндлэн дээдэлдэг монголчуудын баяр бахдалыг төрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг улс орнууд дэмжсэн нь дэлхий дахинаа долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэдэг болсон явдал билээ. Хүй долоон худагт гийнгоон дуу цуурайтаж, зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхчүүд эр бяраа үзэж, эрхий мэргэн харваачид цэц булаалдах Улсын баяр наадамтай айлсан адуун соёлтой ард түмнүүд тэмдэглэлт өдрөө угтах нь. 

Хотжилт, технологийн дэвшил, уур амьсгалын нөлөө, бэлчээрийн хомсдол  зэрэг хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой цөөрч, хэрэглээ буурч, үүнийг дагаад энэ төрлийн аж ахуй эрхлэгч, адуучид багагүй сорилттой тулгарч байгаа энэ үед  дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, адууны ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх санаачилгыг албажуулахад Австри, Бахрейн, Бразил, БНСУ, БНХАУ, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, ХБНГУ, Тайланд, Турк, Япон, Төв Азийн таван улс зэрэг нийт 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн. Хамтын хүчээр эхлүүлсэн “Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд энэ жил Хүй долоон худагт дэлхийн морьтнууд цуглаж адуун соёлоо дэлгэрүүлэн түгээнэ. Энэ мэдээ олон улс оронд хүрсэн нь эхнээсээ хариутай. Улс орнууд байр сууриа илэрхийлж,  олны танил эрхмүүд эл өдрүүдэд дэлгэр оронд маань саатахаар болсноо дуулгаад амжлаа. Дэлхийн морьтнуудыг Монголд ирэхийг эртнээс харсан мэт бэлтгэлээ эхлүүлж үр дүнг нь харахад сар хүрэхгүй хугацаа үлджээ.

Монгол Улс адуун сүргийн тоогоор дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэтэй. Нэг хүнд ногдох адууны тоогоор дэлхийд тэргүүлдэг. Монгол наадам ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлтэй. Монголчууд 4000 гаруй хурдан морь нэгэн зэрэг уралдуулснаар дэлхийн дээд амжилт тогтоож байсан гээд бахархам үйл явдал олон. Эдгээрийг буухиалан урлагийн бүтээлүүд мэндэлсэн нь олон улсад алдаршлаа. Бусдаас ондооших сүр хүчний бэлгэдэлтэй болсноо танилцуулахад бэлэн болжээ. 

“Эр хоёр загалаа нутагшууллаа”

“Дэлхийн адууны өдөр”-ийг угтсан бүтээлүүдийн зохиогч нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд. Олон улсын дүрслэх урлагийн 60 дахь удаагийн Венецийн биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр сонгогдон оролцож байсан түүнийг тухайн үед “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээсэн” хэмээн онцолж байв. Буддын шашны догшин сахиус Ситипати буюу төвөдөөр Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авсан бүтээлээ танилцуулсныг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолсон байдаг. Олон улсад танигдсан монгол уран бүтээлчдийн төлөөлөл түүний уран баримал дэлхийн улс орнуудад олон. Түүний удаах бүтээл Тайландын Хаант улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти цэцэрлэгт хүрээлэнд байршаад байна. Монголын урчуудын эвлэлийн шагналт, олон улсын “Норд арт” фестивалийн Гран-при шагналт А.Очирболдын “Эр хоёр загал” бүтээлийг тус улсын Элчин сайдын яамны санаачилгаар байрлуулжээ. “Эр хоёр загал” нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн бүтээл бөгөөд үүгээрээ Монгол Улс, Тайландын Хаант улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлснийг онцолсон байв. Бенчакитти цэцэрлэгт хүрээлэнг долоо хоногт 13-15 мянга орчим хүн зорин очдог аж. Ийнхүү Бангкок хотын төв хэсэгт байрлах томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн нэгд Монголын уран барималч “эр хоёр загалаа нутагшууллаа”.

Төрийн сүлднээс амьтай “Тэнгэрийн хүлэг”

Уран барималч А.Очирболдын хүлэг морьтой холбогдох өөр нэг бүтээл Монголоос адуун соёлтой хамаарах бүхий л зүйлтэй хоршин ондооших нь. Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан болж эл өдрийн арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэд­лийн загварыг эцэслэн батлах болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирэх сэлгэх ажлын болон бусад асууд­лын талаар хэлэлцжээ. Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр-2026” Олон улсын арга хэмжээний лого бүтээх уралдааны дүнг танилцуул­сан бөгөөд А.Очирболдын "Тэнгэ­рийн хүлэг" бүтээл шалгарчээ. Урал­даанд нийт 30 уран бүтээлч 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар түүний оюуны бүтээлийг тодруулсан байна. “Тэнгэрийн хү­лэг” баримал нь Монгол Улсын Тө­рийн сүлднээс санаа авч, морийг далавчтайгаар дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.

Шадар сайд Х.Ганхуяг “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний батлагдсан уриа, бэлгэдлийн оюуны өмчийг шил­жүүлэн авч, урилга, постер, дуу, дүрс бичлэг, кино, нэвтрүүлэгт ашиг­лах үүрэг даалгавар өгснөөр тун удах­гүй бид “Тэнгэрийн хүлэг”-тэй танилцах нь.

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.