УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьям Жайшанкарыг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэмсэг ноён С.Жайшанкартай уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд, Энэтхэг Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь итгэлт түнш бөгөөд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг шинэ түвшинд хүргэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг болохыг онцоллоо. Энэ хүрээнд Гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр талын харилцааг урагшлуулахад онцгой ач холбогдолтойг тэмдэглэв.
Мөн өнгөрсөн онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Стратегийн түншлэлийн 10 жилийн ой тохиож, хоёр тал ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдав. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц болсныг онцоллоо.
Айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүд нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, Стратегийн түншлэлийн харилцааг өргөн хүрээнд хөгжүүлэх бат бөх суурийг тавьсан гэдгийг тэмдэглэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга болон Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга нарын харилцан айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
Тэрбээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд бодлогын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан мэдээлэл, туршлага солилцохын зэрэгцээ хөгжлийн тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлсэн сайн туршлага, ололт амжилтаа түгээн дэлгэрүүлэх нь чухал болохыг онцоллоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт Энэтхэг Улсын хөгжлийн туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, тус улсын парламент эдийн засгийн хөгжлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тухайлбал, Программ хангамжийн технологийн парк (STPI)-ийн тухай хууль, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль зэрэг эрх зүйн шинэчлэлүүд нь Бенгалуру хотыг дэлхийн технологи, инновацын томоохон төв болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг тодотгов.
Мөн Монгол Улсын Их Хурал Энэтхэгийн хууль тогтоох байгууллагын сайн туршлагаас суралцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Энэ хүрээнд хүнд суртлыг бууруулах, цахим өгөгдлийн хамгаалалтыг сайжруулах, технологи болон санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, залуу үеийг хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засагт бэлтгэх, парламентын дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын чухлыг тэмдэглэв
УИХ-ын дарга С.Бямбацогт хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүд Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтойг уулзалтын үеэр тэмдэглэв.
Тэрбээр Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн төв зэрэг бүтээн байгуулалтын төслүүд бодит үр дүнд хүрч байгаад талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын аюулгүй байдал, эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэхэд стратегийн ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг Энэтхэгийн талд хүсэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улс эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог дэмжих чиглэлээр олон улсын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирснийг дурдан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны аравдугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Энэтхэг Улсын төлөөллийг оролцохыг урив.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар БНЭУ-ын Лок Сабхагийн даргын мэндчилгээг уламжилж, УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүдийг Энэтхэг Улсад айлчлахыг урив.
Тэрбээр Монгол, Энэтхэг Улс хүчтэй парламентын засаглалтай ардчилсан орнууд болохыг онцлоод, Стратегийн түншлэлийн 10 жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтран ажилласныг тэмдэглэв. Цаашид хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан ирэх 10 жилийн хамтын ажиллагааны зорилт, төлөвлөгөөг тодорхойлох нь чухал гэдгийг онцоллоо.
Мөн хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах нь хоёр талын тэргүүлэх зорилтын нэг гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийллээ.
Сайд Др.С.Жайшанкар Монгол, Энэтхэгийг “оюун санааны ах дүү улс” хэмээн тодорхойлоод, энэхүү уламжлалт найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө ажиллана хэмээн тэмдэглэв. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолж, “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Энэтхэг Улсын төлөөллийг оролцуулах урилгыг талархан хүлээн авснаа мэдэгдэв.
Түүнчлэн Монгол Улсаас байгалийн баялаг импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Их Хурал хоёр талын харилцааг бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн С.Зулпхар, М.Сарнай, Д.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.