МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд...

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа

Үнэн
Админ


Хүүхдийн баярыг угтан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгээс өнөөдөр (2026.05.29) “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдвээр иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын  эмэгтэй гишүүд тус бүрдээ ерөнхий сэдвийн хүрээнд парламентаар хэлэлцэж буй хуулийн төслүүд, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл танилцуулсан.


Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаар танилцуулга хийв. Хүүхэд хамгааллын асуудал нь тогтолцооны хувьд хамтран ажиллагч, үүрэг хүлээгч 12 талтай бөгөөд хүүхдийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд оролцогч талууд хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах, алдаа дутагдлаа илрүүлж,  тулгамдаад байгаа асуудлаа тодорхойлж, бодлогын үр дүнгээ хэлэлцэн, сайжруулах талаар зөвлөлдөх ёстой хэмээн ойлгож буйгаа тэрбээр мэдээллийнхээ эхэнд тэмдэглэлээ. Энэ үүднээс Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгээс талууд нэг ширээний ард асуудлаа илэн далангүй ярилцах энэхүү уулзалтыг санаачилж, цаашид уламжлал болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн. Х.Баасанжаргал гишүүн хүүхэд хамгааллын чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулаад анх удаа байгуулагдаж 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн талаарх хуулийг хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг ахалж байгаагаа дурдав. Мөн эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхэд хамгааллын тогтолцооны талаар тусгай шалгалт хийх  хянан шалгах түр хороо байгуулах саналаа гаргаад байгаа гэв. Үүний үр дүнд олон талт хамтын ажиллагаа өрнүүлж, дотоодын хууль тогтоомж, тогтолцоогоо олон улсын аргачлалаар үнэлж, хамтдаа суралцан, эрх зүйн орчноо олон улсын түвшинд нийцүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа хэлсэн.


Улсын Их Хурлаар өдгөө хэлэлцэж буй Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар Б.Мөнхсоёл гишүүн танилцууллаа. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг хангах хүрээнд төслийг боловсруулсан болохыг дурдав. Төслөөр 3-18 хүртэлх насны хүүхэд хичээлийн бус цагаар хөгжих боломжийг дэмжихээр хүүхдийн хөгжлийн төвүүдийг байгуулах асуудлыг зохицуулах юм байна. Улс орон даяар хүүхэд хөгжлийн ялгааг арилгах, тэгш хөгжих боломжийг бүрдүүлэх, энэ төрлийн үйл ажиллагааны санхүүжилтийг ил тод болгох асуудлуудыг төсөлд тусгасан байна. Энэхүү төсөл батлагдсанаар хүүхэд гэмт хэргийн оролцогч, хохирогч болох эрсдэл буурна хэмээн үзэж байгаа аж.


Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг “Хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого төрийн бодлогын цөмд байх ёстой” хэмээн онцлоод Тамхины хяналтын тухай хууль хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар, эрх зүйн орчныг сайжруулах талаар мэдээлэл хуваалцав. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрх хангагдаж байгаа эсэхийг олон талаас нь харах ёстойгийн зэрэгцээ төрийн бодлогын хувьд ямар нөлөөлөлд амьдруулж, бид юу хийх ёстой вэ гэдэгтэй холбогдох жишээ бол Тамхины хяналтын тухай хууль хэмээлээ. Тус хууль 2012 онд хэрэгжиж эхэлснээс хойш дорвитой шинэчлэл ороогүй, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн зах зээлд хяналтгүй нэвтэрч, энэ нь 10-аас дээш насны хүүхдүүдийн түгээмэл, хяналтгүй хэрэглээ болон өргөжиж байгааг тэмдэглэн хэллээ. Үүний зэрэгцээ дэлгэцийн, сэтгэцэд нөлөөлөх бодисын донтолтод өртөх эрсдэл бийг тэрбээр дурдаад хүүхдийг ямар орчинд өсгөх талаар төр бодлого гаргаж, анхаарах шаардлага бий гэв. Улсын Их Хурлын 78 гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд даруй хагас жилийн нүүр үзэж байгааг мэдээллийн үеэр дурдсан.


Зөвхөн эрх зүйн орчны өөрчлөлтийг хүлээхгүй, Улсын Их Хурлаас хамааралгүйгээр хүүхдүүд энэ төрлийн хорт зуршилд автахгүй байх, ангижрах хүрээнд санаачилга гарган, нөлөөллийн аяныг үр дүнтэй явуулсан талаарх жишээ дурдаад, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн О.Номинчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Мөн тэрбээр Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулсан талаараа мэдээлэл өгсөн юм. Хүүхэд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, чөлөөт цагаараа хөгжих боломжтой байх нь аливаа муу зуршил, сөрөг нөлөөлөл, эрсдэлээс ангид байх суурь нөхцөл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.


Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахаар Улсын Их Хурал, төрөөс бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар С.Одонтуяа гишүүн мэдээлэл танилцууллаа. Нэн тэргүүнд холбогдох ажлын хэсгийг байгуулсныг дурдаад, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нь манай улсын хувьд улс орнуудын дундажтай харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байгаа гэх баримтыг хэлсэн. Холбогдох судалгаа, баримт, мэдээллээс үзэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлага бий хэмээгээд “Энэ үйлдийг тодорхой томьёолж, ойлголтыг нэгтгэх, улмаар шаардлагатай орчинд хэрэглэх нарийвчилсан журмуудыг гаргаж, мөрдүүлэх, олон улсын жишиг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, асуудлыг мэдээлэх, гомдлыг шийдвэрлэх нэгдсэн тогтолцоо бий болгох, урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурал Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа тул олон нийт саналаа нээлттэй ирүүлэхийг урив. Түүнчлэн Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хүүхдийн хөгжлийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Нийгмийн ажлын тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн.


“Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалтад О.Саранчулуун гишүүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлэл танилцуулсан. Улсын Их Хурлын баталсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар товч дурдав. Уг хуулиар ээж, хүүхдийг ялгаварлаж буй зохицуулалтуудыг өөрчилсөн байна. Нийгмийн ажилтнуудын ажил, үүргийг оночвлох, мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээ тодорхойлж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг танилцууллаа. Төсөл батлагдсанаар дам нөлөөллөөр хүүхдэд хүрч байгаа үйлчилгээ сайжрах аж. Нөгөө талдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн тэргүүнд хэрэгтэй тусламж, үйлчилгээг хүргэдэг нийгмийн ажилтны оролцоо сайжрах ач холбогдолтой хуулийн төсөл болохыг уулзалтад оролцогчдод мэдээллэв. Үргэлжлүүлэн тэрбээр өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар, ICF буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдлийн чадамж тодорхойлох олон улсын аргачллыг монгол хэлээр орчуулах хэмжээнд нөлөөлөл үзүүлсэн “Гэрээсээ гарцгаая” аяны талаар мэдээлэл танилцуулсан.



Жилд дунджаар 200000 орчим хүүхэд зам тээврийн осолд өртөж буй нөхцөлийг өөрчлөх, үүнээс сэргийлэх чиглэлд Улсын Их Хурлаас гаргаж буй шийдвэрийн талаар Л.Энхнасан гишүүн мэдээлэл хийв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орчин, хяналт, хариуцлагын тогтолцоо болон эрх зүйн орчныг сайжруулахаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж байгааг дуулгав. Энэ хүрээнд хүүхдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, соёл, дадлыг төлөвшүүлэх олон улсын жишиг хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, сургуулийн орчныг сайжруулах, гудамж, зам, талбайг эрсдэлгүй болгох, тэмдэг, тэмдэглэгээний хариуцах эзнийг тодорхой болгож, цогцоор нь хэрэгжүүлэх, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах юм байна.



Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас уулзалтад оролцох боломжгүй байгаа Ц.Мөнхтуяа гишүүний мэдээллийг Х.Баасанжаргал гишүүн уламжилсан. Боловсролын хүртээмж, чанар, багшийн хүрэлцээ, сургалтын орчны ялгаа, анги дүүргэлт, хүүхдийн хөгжлийн дэмжлэг зэрэг асуудал нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад саад болсоор байгааг тодотгоод, Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх асуудлыг зохих хэмжээнд шийдвэрлэх бодит алхам болно хэмээснийг танилцуулсан. Чанартай боловсролын үндэс нь тогтвортой, чадварлаг багш учраас нэн тэргүүнд багшийн нийгмийн баталгаа, цалин хөлсийг сайжруулах нь зүйтэй хэмээн үзэж төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Улмаар анги дүүргэлтийг стандартад нийцүүлэх, хэтэрсэн тохиолдолд холбогдох тохируулгыг хийх, мөн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч зэрэг боловсролын салбарын мэргэжлийн ажилтны эрх зүйн статусыг тодорхой болгох асуудлыг тусгажээ. Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, аюулгүй орчин, хөгжлийн үйлчилгээг тэгш хүртээх боломжийг бүрдүүлэх зорилгоор нэг суралцагчид оногдох хувьсах зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээнд тооцож, жил бүр инфляцтай уялдуулан шинэчлэхээр тусгажээ. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны, дотуур байрны хүүхдийн зардлыг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэх, ДНБ-ий 7 хувиас доошгүй эсвэл улсын төсвийн нийт зардлын 20 хувиас доошгүй төсвийг боловсролын салбарт хуваарилах талаар мөн тусгасан байна. Төгсгөлд нь Ц.Мөнхтуяа гишүүн “Хүүхдийн эрхийг хамгаална гэдэг нь зөвхөн хүчирхийллээс хамгаалах тухай ойлголт биш харин хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших, аюулгүй орчинд суралцах, хөгжих, тэгш боломжтой байхыг хэлнэ. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсролын шинэчлэл гэдгийг ойлгож, дэмжихийг хүсье” хэмээснийг Х.Баасанжаргал уулзалтад танилцууллаа.



М.Мандхай гишүүн, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Хүүхдэд зориулсан хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний харилцаа нь салангид, ойлгомжгүй эрх зүйн орчинтой байсныг сайжруулж, дээрх төслийн хүрээнд хүүхдэд зориулсан хоол, хүнсний ханган нийлүүлэлт, шим тэжээллэг байдал, эцэг, эхчүүдэд боловсрол олгох зохицуулалтыг тусгаад байгаа аж. Хүүхдийн хоол, хүнс нь тусгай нөхцөл, хамгаалалт шаардлагатай учраас төрөөс бодлогоор анхаарч, сургууль, цэцэрлэгийн хоолны түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчидтэй тогтвортой хамтрах нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, хүүхдийн хүнсний нөөц бүрдүүлэх, үүний сацуу орхигдоод байсан хүнсний хадгалах, тээвэрлэх, худалдаалах буюу сүлжээ, дамжлагын асуудлыг нарийвчлан зохицуулахаар холбогдох заалтуудыг тусгасанаараа онцлогтой гэв. Үүний хамт хяналтын тогтолцоог зэрэгцүүлэн бэхжүүлэх зохицуулалтууд туссан байна. Цэцэрлэг, сургуулийн хоолны асуудал нь өргөн агуулгаараа үндэсний хэмжээний хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл, ахуй, үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой сүлжээг бий болгох ач холбогдолтой гэдгийг М.Мандхай гишүүн мэдээлсэн.





Ийнхүү гишүүд парламентын түвшинд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэлэлцэж буй төслүүд, гаргаж буй шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа уулзалтад оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид асуулт асууж, хариулт, мэдээлэл авсан юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Энхчимэг, “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Б.Мөнхжаргал тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл саналаа илэрхийлж, “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.