УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой
Улсын Их Хурлын гишүүд иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимыг зургаадугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ. Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байх тус танхимд өнөөдөр (2026.08.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа ажиллаж, иргэдтэй уулзан санал, хүсэлтийг нь сонсов.
“Нээлттэй парламент” танхимд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүдэд иргэдээс ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахтай холбоотой санал, хүсэлт түлхүү ирж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар ч ахмад настны асуудлыг голлон хөндөж байлаа.
Тухайлбал, иргэн Ц.Бямбасүрэн ахмад настны тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлаар байр сууриа илэрхийлж, өрх толгойлон амьдарч буй ахмад настнуудын амьжиргааг дэмжих, нийгмийн баталгааг хангах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэлэв. Мөн ахмад настнуудын амьдралд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр парламентын зүгээс тодорхой санаачилга гарган ажиллахыг хүссэн юм.
Түүнчлэн асран хамгаалагчгүй ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ахмадын асрамжийн газар байгуулах, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг иргэд уламжиллаа.
Мөн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургуулийн орчин дахь хүүхдийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөв. Тодруулбал, чанар, стандартын баталгаа хангаагүй, түргэн муудах хагас боловсруулсан болон хуурсан, шарсан бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, жимс, хийжүүлсэн болон өнгө оруулсан ундаа зэрэг бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдаалж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хоол, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг ч хэрэгжилтэд тавих хяналт сул байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээд иргэдийн гаргасан санал, хүсэлт бүрийг хууль, тогтоомжийн хүрээнд судлан үзэж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд анхаарна гэлээ.
Энэ удаагийн уулзалтад ирсэн иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн менежментийг сайжруулах талаар санал, хүсэлтээ хэлсэн.
Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар санал солилцов. Одоогийн байдлаар манай улсад 950 орчим хууль хэрэгжиж байна. Хууль, эрх зүйн орчинд шинэчлэл, өөрчлөлт хийснээр хүний эрх, эрх чөлөө баталгаажих, аливаа нийгмийн харилцааг илүү тодорхой болгох учиртай ч хэрэгжилт хангалтгүй, давхардал, хийдэл, зөрчил байсаар байгааг сануулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь парламентын үндсэн чиг үүргийн нэг болохыг тэмдэглээд, иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Засгийн газар болон төрийн бус байгууллагаас хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн тайланг Улсын Их Хурлын мэдээллийн санд байршуулж, 2026 оны есдүгээр сард олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байгааг мэдээллээ. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ нь иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж буй, мөн давхардал, хийдэл, зөрчил үүсгэж байгаа хуулийн зохицуулалтыг илрүүлэх, цаашид боловсронгуй болгох шаардлагатай зохицуулалтыг тодорхойлоход чиглэдэг гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.