УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл МАН-ын ахмад гишүүн, буурал багш Л.Баатарынд зочиллоо
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тэргүүтэй Баянхонгор аймгийн удирдлагууд МАН-ын ахмад гишүүн, буурал багш Л.Баатарын гэрээр зочилж, МАН-ын дарга Н.Учрал болон намын удирдлагуудын мэндчилгээг дамжуулан, настан буурлынхаа санал сэтгэгдлийг сонсов.
МАН-ын ахмад гишүүн Л.Баатар нь өдгөө 85 настай. Тэрбээр Баянхонгор аймгийн говийн есөн суманд боловсролын үр шимийг Монголын ирээдүйд түгээх үйлсэд олон жил зүтгэж, боловсролын салбарын бүхий л шатанд үр бүтээлтэй ажилласан ахмад багш юм.

Гавьяаныхаа амралтад гарсан ч зүгээр суухыг эрхэмлэлгүй, Богд сумынхаа хүүхэд багачуудад үндэсний монгол бичгээ зааж сургахын зэрэгцээ хавар, зундаа мод тарьж, усалж арчлан, таарсан олондоо зөв амьдрах ухааныг захин сургаж яваа хөдөлмөрч, үлгэр дуурайлал болсон буурал билээ.
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Баянхонгор аймагт ажиллах үеэрээ намын ахмад гишүүн Л.Баатарт ийн зочилж эрүүл энх, урт удаан наслахын ерөөл дэвшүүллээ.

Буурал багш маань нийгмийн бүхий л мэдээллийг цаг алдалгүй авч, олон сэдвээр чөлөөтэй ярилцдаг цэлмэг оюунтай нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл болон аймгийн удирдлагуудтай нутаг орон, улс орны эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй бодлогын талаар санал бодлоо хуваалцаж, үнэтэй зөвлөгөө, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Монгол Ардын намын үйл хэрэгт залуу зандан наснаасаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад гишүүн бөгөөд улс орон, нутаг усныхаа хөгжил дэвшилд үргэлж санаа тавьж явдгаа хэлж байлаа.