МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний са...

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

Үнэн
Админ


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудал болон цаашдын бодлогын шийдлийн талаар санал солилцлоо.


Уулзалтад оролцсон инженер, мэргэжилтнүүд эрчим хүчний систем өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд хэрэглээний өсөлт, эх үүсвэрийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт үүсэх эрсдэл байгааг анхааруулав. Энэ хүрээнд эрчим хүчний хуримтлуурын системийг нэвтрүүлэх нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх, дутагдлыг нөхөх боломжтой шийдэл болохыг онцолж, эрсдэл өндөртэй бүсүүд болон дэд станцуудын орчимд баттерей хуримтлуур байршуулах замаар оргил ачааллын үеийн хэрэглээг зохицуулах талаар санал дэвшүүлэв.

Мөн эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлын чанар, худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг хэлэлцэв. Инженерүүдийн зүгээс олон улсын болон Европын стандартыг тууштай мөрдөх, чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, материалыг ашиглахаас татгалзах нь урт хугацаанд зардлыг бууруулж, системийн найдвартай ажиллагааг сайжруулах ач холбогдолтойг онцолсон юм.



Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлого, эрчим хүчний эх үүсвэрийн оновчтой бүтцийн талаар санал солилцов. Оролцогчид салхин болон нарны эрчим хүчний эх үүсвэрүүдийг дангаар нь бус, эрчим хүчний нэгдсэн системийн хүрээнд авч үзэх шаардлагатайг тэмдэглээд, усан цахилгаан станц болон усан цэнэгт хуримтлуурын төслүүдийг хөгжүүлэх нь тогтвортой, урт хугацааны үр өгөөжтэй шийдэл болохыг дурдав.

Түүнчлэн эрчим хүчний салбар дахь зах зээлийн зарчим, тарифын тогтолцоо, түгээх компанийн менежмент, дулааны тоолуурын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.



Уулзалтаар мэргэжилтнүүд салбарын хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулав. Инженерүүд зөвхөн цахилгаан эрчим хүчний бус, дулааны салбарт мэргэжилтэй боловсон хүчний хомсдол үүсэж байгааг тэмдэглээд, эрчим хүчний чиглэлийн мэргэжлийг тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад хамруулж, хүний нөөц бэлтгэх бодлогыг төрөөс дэмжих шаардлагатайг хэлсэн. 

Мөн эрчим хүчний салбарт тулгарч буй зарим хүнд суртал, зохицуулалтын саад бэрхшээлийг хөндөж, сэргээгдэх эрчим хүчний эх нарны хавтан бусад үүсвэрээ шийдсэн хотхон, хорооллуудыг ашиглалтад хүлээн авахтай холбоотой үйл явцыг хөнгөвчлөх, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох саналуудыг дэвшүүлэв.


Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдийн гаргасан санал, зөвлөмжийг цаашдын бодлого боловсруулах ажил болон Улсын Их Хурлаас гаргах шийдвэрт тусган ажиллахаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийлэв. Тэрбээр салбарын хүний нөөцийн бодлого, Дулааны тухай хуулийн төслийг хүлээн авахаа илэрхийлж хэлэлцэх явцад мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаж ажиллахын чухлыг тэмдэглэж, уулзалтад оролцогчдод талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.