УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд УИХ-д суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.06) Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв. Энэ хүрээнд Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдлаа.
Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, хурлаа тасалдаг байдалд тодорхой хязгаарлалт тавих чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Улсын Их Хуралд суудалтай намуудын удирдлагууд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг төлөө эвлэлдэн нэгдэх, Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.