МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Гадаад мэдээ Украины дронууд яагаад Оросын газрын тос...

Украины дронууд яагаад Оросын газрын тосны үйлдвэрүүдийг онилов

Орос, Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ үед байлдааны тактик эрс өөрчлөгдөж байна.

Үнэн
Админ

Орос, Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ үед байлдааны тактик эрс өөрчлөгдөж байна. Дайны эхэн үед хоёр тал фронтын шугам дахь цэрэг, техник, зэвсгийн агуулахыг голлон онилж байсан бол өнөөдөр эдийн засаг, эрчим хүч, логистикийн дэд бүтцийг устгах нь стратегийн чухал хэсэг болжээ. Үүний тод жишээ нь, Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг алсын тусгалтай дронуудаар удаа дараа онилон дайрах болсон явдал юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын Рязань, Волгоград, Нижний Новгород, Туапсе, Кириши зэрэг томоохон боловсруулах үйлдвэрүүд, нефтийн терминал, шатахууны агуулахууд халдлагад өртөж, зарим нь хэдэн долоо хоног, хэдэн сарын турш бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Дайныг зөвхөн фронт дээр бус, эдийн засагт чиглэн явуулж байна

Украины хувьд газрын тос боловсруулах үйлдвэр бол энгийн үйлдвэрийн барилга биш. Энэ нь Оросын армийн байлдах чадварыг хангадаг стратегийн обьект юм.

Орчин үеийн дайн шатахуунгүйгээр үргэлжлэх боломжгүй. Танк, хуягт техник, ачааны автомашин, байлдааны нисэх онгоц, цэргийн хөлөг онгоц гээд бараг бүх техник түлшээр ажилладаг. Тиймээс шатахуун үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг ажиллагаагүй болгох нь фронт дахь цэргийг биш ч тэднийг хангаж буй ар талын системийг сулруулах зорилготой гэж цэргийн шинжээчид үздэг ажээ.Өөрөөр хэлбэл, Украин танк бүрийг устгахаас илүүтэйгээр тэр танкуудыг хөдөлгөх түлшийг үйлдвэрлэдэг эх үүсвэрийг нь онилох тактик сонгосон хэрэг.

Газрын тос бол Оросын эдийн засгийн "судас"

Газрын тос, нефтийн бүтээгдэхүүний экспорт олон жилийн турш Оросын төсвийн хамгийн том орлогын нэг байсаар ирсэн. Эдгээр орлого нь зөвхөн улсын төсвийг бүрдүүлэхээс гадна батлан хамгаалах салбарын санхүүжилтийн чухал эх үүсвэр болдог. Иймээс боловсруулах үйлдвэрүүдийг ажиллагаагүй болгох нь зөвхөн шатахууны үйлдвэрлэлд бус, улсын татварын орлого, экспортын хэмжээ, төсвийн урсгалд давхар нөлөөлөх боломжтой гэж барууны судалгааны байгууллагууд дүгнэжээ. Украины зорилго нь Оросын эдийн засгийг богино хугацаанд сүйрүүлэх биш, харин дайны өртгийг нь тасралтгүй өсгөж, эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх явдал гэж шинжээчид тайлбарладаг.

Яагаад боловсруулах үйлдвэр хамгийн чухал бай болов

Газрын тосны үйлдвэрийг сэргээх нь агуулахын савыг солихтой адилгүй.

Нэрэх цамхаг, катализаторын төхөөрөмж, вакуум нэрэлтийн хэсэг зэрэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, тээвэрлэх, суурилуулахад олон сар, зарим тохиолдолд жил шаарддаг. Түүнчлэн олон улсын хориг арга хэмжээний улмаас зарим өндөр технологийн тоног төхөөрөмжийг богино хугацаанд орлуулах боломж хязгаарлагдсан байдаг.Иймээс нэг удаагийн амжилттай цохилт үйлдвэрийн үйл ажиллагааг удаан хугацаагаар доголдуулах эрсдэлтэй байдаг.

Үр дүн нь юу болов

Сүүлийн саруудад Оросын дотоодын шатахууны зах зээлд бензиний нийлүүлэлт хумигдаж, үнэ өсөх дарамт нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Үүний улмаас ОХУ бензин, дизель түлшний экспортоо тодорхой хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч, Беларусиас нийлүүлэлтээ нэмэгдүүлж, Энэтхэгээс бензин импортолж, Казахстанаас шатахуун худалдан авах асуудлыг хэлэлцэж эхэлсэн талаар мэдээлсэн. Энэ нь газрын тос экспортлогч дэлхийн томоохон улсын нэг дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд шатахуун импортлох шаардлагатай болсон ховор тохиолдлын нэг болж байна.

Орчин үеийн дайны шинэ дүр зураг

Украины дронуудын довтолгоо нэг үнэнийг харууллаа. XXI зууны дайны ялалт зөвхөн фронтын шугам дээр шийдэгдэхгүй байна. Дайсны эдийн засгийг тэтгэж буй үйлдвэрүүд, логистикийн зангилаа, эрчим хүчний дэд бүтэц, мэдээллийн систем зэрэг стратегийн обьектууд фронтын шугамтай адил чухал бай болжээ. Харьцангуй хямд өртөгтэй нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хэдэн тэрбум ам.долларын үнэ бүхий боловсруулах үйлдвэрийн ажиллагааг доголдуулах боломжтой болсон нь орчин үеийн дайны дүр төрхийг үндсээр нь өөрчилж байна.Иймээс Украины газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилж буй ажиллагааг зөвхөн тактикийн довтолгоо гэж бус, Оросын цэргийн логистик, төсвийн орлого, эрчим хүчний тогтолцоонд урт хугацааны дарамт үзүүлэх зорилготой эдийн засгийн дайны нэг хэлбэр гэж үзэх нь илүү бодитой тайлбар юм.

Б.Намуунтамир

Эх сурвалж: Монголын үнэн сонины №028/24703/

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.