“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав
Улсын Их Хурлын дарга болон УИХ-ын гишүүд “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд нэгдэж, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриаллаа.
11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт нь нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ жил 46 мянга гаруй оролцогч бүртгүүлээд байна. Мөн 42 орны тамирчид оролцож буйгаараа онцлог болоо. Өдрийн арга хэмжээнд нийт 130 орчим мянган иргэн оролцлоо.
УИХ-ын дарга болон нэр бүхий гишүүд марафонд оролцох үеэрээ спортоор дамжуулан эв нэгдэл, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж, нийслэлчүүд болон залуусыг тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг уриалав.
“Улаанбаатар марафон” нь бүтэн марафон /42.195 км/, хагас марафон /21 км/, 10 км, 5 км болон гэр бүлийн гүйлтийн төрлүүдээр зохион байгуулагддаг бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, олон улсын хэмжээний томоохон спортын арга хэмжээ болон өргөжиж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.