МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын...

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дэх удаагийн бага хурлаар Бүс нутгийн итгэлцэл, хиймэл оюуны засаглал, ногоон эрчим хүчийг хэлэлцэв

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дэх удаагийн бага хурал Улаанбаатар хотноо боллоо. 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй тус хурал нь Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалсан, Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн цорын ганц, нээлттэй яриа хэлэлцээний тавцан (1.5 дугаар суваг) болон өргөжөөд байна.

Үнэн
Админ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дэх удаагийн бага хурал Улаанбаатар хотноо боллоо. 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй тус хурал нь Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалсан, Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн цорын ганц, нээлттэй яриа хэлэлцээний тавцан (1.5 дугаар суваг) болон өргөжөөд байна.

Өндөр түвшний төлөөлөгчид ба өргөн бүрэлдэхүүн

Энэ удаагийн XI бага хуралд дэлхийн 40 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллагын төр, засгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 300 гаруй гадаад, дотоодын төлөөлөгч оролцож байна. Хурлын ач холбогдлыг тодотгож, энэ жил анх удаагаа БНСУ-ын Нэгдлийн сайд Чунг Донг Ён биечлэн оролцож, тусгай илтгэл тавьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг хүлээн авч уулзлаа. Түүнчлэн БНХАУ-ын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд В.Бартосзевски зэрэг өндөр түвшний зочид хүрэлцэн ирээд байна.

Хэлэлцүүлгийн үндсэн таван сэдэв

Хоёр өдөр үргэлжлэх тус хурлаар бүс нутгийн шинжээчид болон бодлого боловсруулагчид дараах үндсэн таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна:

Урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа: Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан сорилтууд, зуучлалын практик болон тогтвортой энх тайвныг тогтоох арга замууд.

Хиймэл оюун ухаан ба засаглал: Шинэ технологиуд улс орон, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судлах, улс орнууд сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэхэд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглах, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах боломжууд.

Ногоон эрчим хүчний коридор: НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-той хамтран бүс нутгийн эрчим хүчний сүлжээг хөгжүүлэх сорилт, боломжууд.

Төв ба Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа:Монгол Улсын Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогын хүрээнд хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлууд.

Дэд бүтцийн интеграци: Бүс нутгийн төмөр замын сүлжээнүүдийг (Транс-Сибирь, Транс-Монгол, Транс-Хятад) холбож, Евразийг дамнасан тээвэр логистикийн шинэ сүлжээг үүсгэх тухай санаачилгууд.

Зохион байгуулагчдын тэмдэглэл: "Өдгөө тус хуралд зөвхөн дэд бүс нутгийн төдийгүй Ази-Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европын орны төлөөлөгчид өргөнөөр оролцдог уламжлал тогтлоо. Монгол Улс нь бүс нутгийн хэмжээнд зөрчил мөргөлдөөнийг намжмал байлгах, итгэлцлийн гүүр болох гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.”

Бага хурал 6 дугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд хурлаас гарсан зөвлөмж, дүгнэлтүүдийг бүс нутгийн аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичгүүдэд тусгахаар төлөвлөж байна.

Б.Болор-Эрдэнэ

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.