МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн д...

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан өнөөдөр (2026.07.01) Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Жу Хэйн Наныг хүлээн авч уулзан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн талаар санал солилцлоо.

Уг төслийн өмнөх үе шат болох “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг 2021–2024 онд амжилттай хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, улс төрийн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр чухал үр дүнд хүрсэн болохыг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцоллоо. Тэрбээр тухайн үед Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцож байснаа дурдаад, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Улсын Их Хурал, түүний Тамгын газар бүх талаар идэвхтэй, бүтээлч хамтран ажиллана гэдгийг тэмдэглэлээ.

КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан төслийг бэлтгэн төлөвлөж, тохиролцоонд хүргэхэд хоёр улсын Засгийн газар, Элчин сайдын яамд, НҮБХХ болон бусад оролцогч байгууллагууд хамтран ихээхэн хүчин чармайлт гаргасныг онцолж, талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын төр засгийн төв байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагууд төслийн зорилго, үр дүнд өндөр ач холбогдол өгч, дэмжиж байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэх итгэл төрүүлж байгааг хэлэв. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж буй залуучууд, оюутнуудад чиглэсэн үйл ажиллагааны талаар сонссон тухайгаа дурдаад, шинэ төслийн хамрах хүрээ нь зөвхөн эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй, залуучуудын оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэж байгааг танилцууллаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өмнөх төслийн туршлага, сургамжид тулгуурлан шинэ төслийн хүрээнд парламентын боловсролыг олон нийт, хүүхэд, залуучуудад түгээн дэлгэрүүлэх, эмэгтэй удирдагчдын манлайлал, сайн туршлагыг сурталчлах, анх удаа сонгогдсон эмэгтэй гишүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, КОЙКА-ын Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Ким Сон Э нар байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.