Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа
Улсын Их Хурлын Тамгын газар, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн гурав дахь үе шатны сургалт өнөөдөр (2026.06.20) эхэллээ.
Хөтөлбөрийн эхний үе шатанд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг ахиулах онол, дадлага хосолсон сургалтууд явагдсан бол хоёрдугаар үе шатны зочны лекц, панел хэлэлцүүлгүүдийг Үндсэн хуулийн болон парламентын эрх зүй, улс төрийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын эрх зүйч, хуульч нар удирдан явуулж, парламентат ёс, Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон төр, иргэний харилцаа, итгэлцэл ойлголцлын талаар нарийвчлан судалж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харин хөтөлбөрийн гурав дахь үе шат бол Монгол төрийн тогтолцоо, Үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хяналт тэнцвэрийг гүнзгийрүүлэн судалж, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг, бүрэн эрх, үүнд болон бодлого боловсруулах үйл явц дахь иргэд, олон нийтийн оролцоо зэрэг суурь агуулгыг нарийвчлан үзэх гүнзгийрүүлсэн сургалтын үе шат юм.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний мэдэлд буй засгийн эрхийг хэрэгжүүлэх гол хэлбэр болсон парламент, түүний бүтэц, тогтолцооны онцлог, бүрэн эрх, чиг үүрэг болон парламентат ёсны талаарх хүн төрөлхтний ололт, чиг хандлагын талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан гүнзгийрүүлсэн сургалтын эхэнд лекц уншлаа. Тэрбээр Монгол Улсын парламентын түүхэн хөгжил, төлөвшил, эрх зүйн болон дэгийн ээдрээ түвэгтэй асуудлын талаар ойрх үеийн жишээ баримтаар баяжуулан ярьж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондын хяналт-тэнцвэр, түүнийг хангах зайлшгүй шаардлага, энэ тэнцвэр алдагдсанаар бий болох үр дагаварын тухай дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, мөн Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэлт, үр дүнгийн талаар хөтөлбөрт оролцож буй залуу сэтгүүлчид асуулт асууж, тал бүрийн байр суурь илэрхийлэн идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан парламентын ардчилсан байх шалгуур, түүний үнэ цэн, Монгол Улсын Их Хурлын энэ талаарх үзүүлэлтүүд, үүнд хэвлэл мэдээллийн салбарын үүрэг, үр нөлөөний тухай лекц тавив. Дэлхий дахинд ардчилал сорилт, бэрхшээлтэй тулгарч байгааг тэрбээр баримт нотолгоо, статистик үзүүлэлт түшин ярьж, парламентын ардчиллын долоон шалгуурын ихэнх нь нээлттэй, ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоо, эгэх холбоо, төлөөлөл хэрэгжүүлэх чадамж зэрэгтэй холбоотой байгааг танилцуулан, үүнд хэвлэл мэдээлэл, тэр дундаа парламентын сэтгүүл зүй чухал үүрэгтэйг онцолсон юм.
Парламент нээлттэй байж, бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагааны бүх үе шатанд олон нийтийн оролцоог ханган, баталсан шийдвэрийн хэрэгжилтийг эргэж тайлагнан, эгэх холбоотой ажиллах нь зөвхөн парламентад өөрт нь биш ардчиллын чанарт бүхэлд нь эерэгээр нөлөөлдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой тайлбарлаж, өөр өөрийн чиг үүрэгтэй парламент болон хэвлэл мэдээлэл хоёр хэрхэн хамтарч ажиллах суурь зарчмуудыг хангах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурал, түүний үндсэн чиг үүргүүдийн хэрэгжилт, бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэдэд энгийн, ойлгомжтой хүргэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэн, мэдээ мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэхэд Тамгын газар гол анхаарлаа хандуулж байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хэм хэмжээгээр баталгаажсан хүний үндсэн эрхийг ханган нөхцөлийг бүрдүүлдэг “эрх чөлөөний эрх чөлөө” болох тухай илтгэлээ тавилаа. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын “амьсгалах агаар”, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, олон нийтийн хяналт бодитой хэрэгжих нөхцөл баталгаа болдог ч туйлын эрх биш гэдгийг тэрбээр онцолж, туйлын бус эрхийг хязгаарлах боломжтой ч уг хязгаарлалт нь үндэслэлтэй, тохирсон байх зарчимд нийцсэн байх учиртайг тодорхой тайлбарлан ярьсан юм.
Туйлын бус үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл, хэлбэр ямар байх, тохирсон байх зарчмын зөвтгөл, түүний шалгуур шаардлагууд, уг хязгаарлалтын хууль ёсны зорилго, уялдаатай байдал, зайлшгүй болон тэнцвэртэй байх зарчмуудыг тэрбээр гадаад, дотоодын жишээ баримтаар баяжуулан тайлбарлаж, лекцийн сэдэв, агуулгыг сонирхолтой болгов. “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн оролцогчид парламент болон хэвлэл мэдээллийн харилцаа, уялдаа болон хэвлэлийн эрх чөлөөний эмзэг асуудлуудын талаар асуулт асууж, харилцан ярилцлаа.
Мөн өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг нар Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг, бүрэн эрх, Тамгын газрын үйл ажиллагаа болон батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр нөлөө, үр дагаварт үнэлгээ хийж буй арга хэлбэр, аргачлал, шалгуур үзүүлэлт зэргийг танилцуулав. Дараа нь парламентын хяналт шалгалтын үйл явцад иргэний нийгмийн салбарын болон сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх энэ талаарх олон улсын сайн туршлага, шалгарсан аргыг судалж нэвтрүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн гурав дахь үе шатны гүнзгийрүүлсэн сургалт маргааш (2026.06.21) зочин илтгэгчдийн лекц, багийн ажиллагаагаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.