Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.04)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанд асуулт асууж, хариулт авч эхэлсэн юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, С.Одонтуяа, Д.Ганмаа, М.Мандхай, Р.Эрдэнэбүрэн, Л.Гантөмөр, А.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хар тамхитай тэмцэх ажилд үр дүн гарахгүй, гэмт хэрэг тогтмол өссөнтэй дүнтэй байгаад ямар дүгнэлт хийж, хаана хариуцлага алдагдаж байгааг хэрхэн тогтоож буй талаар асууж харицлт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ашиг олох зорилгор хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчдад ямар хариуцлага ногдуулсгыш асууж, эрдэм шижилгээ, үйлдвэрлэлийн зорилгоор каннабис тарихыг зөвшөөрөхтэй холбоотой зохицуулалтыг хасах нь зүйтэй гэсэн санал хэллээ.
Түүний асуултад өгсөн хариултдаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, энэ төрлийн гэмт хэрэгтэй төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Үүний дотор хяналтын прокурор нэг, онцгой байдлын албан хаагч хоёр, зэвсэгт хүчний албан хаагч тав, эмнэлгийн байгууллагын ажилтан мөн тав, прокурорын туслах нэг, шүүхийн тамгын газрын цахилгаанчин нэг, төрийн үйлчилгээний ажилтан дөрөв, дипломат албан тушаалтан хоёр, мөн нэг багш байна. Эдгээр хүмүүс Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд зургаа нь хорих ялаар, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах ялаар, нэг нь торгох ялаар, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах ялаар, мөн долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна. Гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн нь урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг дутуу хийснээс болсон гэж дэд сайд хариуллаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагаа, хар тамхинд донтохоос засарсан хүмүүсийг хэрхэн нийгэмшүүлж байгаа, цахим орчны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж, төлбөр тооцооны арга хэрэгслүүдийг яаж хянаж байгаа талаар асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай мөн эдгээр асуудлыг хөндөж, хуулийн төсөлд хэрхэн тусгасныг, мөн хэрэглэгч, донтогчдоос гадна нөлөөлөгчдийг яаж илрүүлэх, тэдний үйл ажиллагааг таслан зогсоох талаар хууль, эрх зүйн ямар зохицуулалт төсөлд тусгасан зэргийг асууж тодруулсан юм. Тэрбээр хар тамхины хууль бус эргэлтийн зэрэгцээ сэтгэцэд нөлөөт бодисуудын хууль ёсны эргэлтүүд багагүй хийгдэж буйг дундаад, эдгээрт тавьж буй хяналтын талаар асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр хар тамхи буюу “цагаан тахал” гэгддэг энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал үндэсний аюугүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн тул холбогдох албаны бүтцийг бэхжүүлэх, чадавхжуулахаас эхлээд шүүгч, прокурор, цагдаа зэрэг хууль хяналтын мэргэжлийн хүмүүс гэмт хэрэгт оролцвол ялыг чангалах зэрэг тодорхой концепц бүхий өөрчлөлтийг хуульд хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар энэ талаар Улсын Их Хурал хаалттай хэлэлцүүлэг хийж, бодит үнэнийг ярилцах шаардлагатай гэлээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, П.Сайнзориг, С.Одонтуяа нар үг хэлэв. Хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг Улсын Их Хурлын гишүүд хэлсэн үгэндээ онцолж, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх системийг бий болгох, хар тамхи хэрэглэгчид улам залуужиж байгаад анхаарах, энэ төрлийн гэмт хэрэгт оролцож байгаа төрийн албан хаагчид, тэр дундаа хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах ялыг чангаруулах, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхиа сайжруулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн этгээдэд оногдуулах таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг хэлэлцэнэ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын зургаан гишүүн энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа. Манай улс 2015 оноос хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг хуульчилж, холбогдох хууль, тогтоомжид тусгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчид хамаарах зарим зохицуулалтыг хуулийн этгээдэд нэгэн адил хэрэглэхээр ерөнхийлөн тусгаж, харин онцлогт нь тохируулсан зохицуулалтыг бүрэн тусгагдаагүй гэж хууль санаачлагч нар үзсэн байна. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа эдийн засаг, нийгмийн бодит үр дагаврыг хуульд тодорхой тусгаж, хугацаа, журмын зохицуулалтыг оновчтой болгох үүднээс эдгээр таслан сэргийлэх арга хэмжээг авахад харгалзах нөхцөл, хугацаа зэргийг хуулийн төсөлд тодорхой тусгасан байна.
Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлт болон хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар таслан сэргийлэх арга хэмжээний нөхцөл, хугацааг төсөлд хэрхэн тусгасан, мөн энэ талаарх олон улсын жишиг ямар байдаг, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор болон Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг мэргэжлийн байгууллагуудаас авсан санал, тэдгээрийг төсөлд хэрхэн тусгасан талаар асуулт асууж, хариулт авлаа.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь дэмжлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуул зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасан. Хууль тогтоох онцгой бүрэн эрх 126 гишүүдээс бүрдэх Улсын Их Хуралд хадгалагдах, засаглалын аливаа эрх мэдэл харилцан хяналттай байх Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү суурь үзэл баримтлал, зарчим алдагдах болон хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагад хандах иргэдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагавар үүсгэх нөхцөл бий болсныг хууль санаачлагчид дүгнэсэн байна. Иймд “захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно.” гэсэн заалтыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд нэмэх хуулийн төсөл боловсруулжээ.
Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга уншиж танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлт болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулж асуулт асуух, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 67.0 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Үдээс өмнө хэлэлцсэн асуудлуудын талаар санал хураалт явууллаа
Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх болон үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар санал хураалт явууллаа. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг явуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Энэ хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг гишүүдийн 67.0 хувь нь дэмжсэн тул мөн Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.9 хувь нь дэмжиж, эцэслэн баталлаа.
Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойн жил 1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж байхаар хуулийн төсөлд тусгажээ
Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүний санаачлан, өрөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөх барилдуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байхаар тусгасан байна. Мөн хуульд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон нэмэхээр заажээ
Хууль санаачлагчдыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг илтгэлдээ, хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг дээдлэх үндэсний ухамсар сайжирна гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчдын илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, С.Эрдэнэбат, Ц.Туваан, Р.Эрдэнэбүрэн, Ө.Шижир нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүний дотор ахмад бөхчүүдийн цолыг нөхөн олгох зохицуулалтыг дэмжиж, тэдний тамирчдын хүч хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх нь зэв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Үндэсний их баяр наадмын үндэсний спортын төрлүүд дотроос зөвхөн бөхийн барилдаан, түүний тоо, цол чимгийн асуудлыг дангаар шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтайг шүүмжилсэн юм.
Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслүүдтэй холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж үг хэлсэнгүй. Санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн буюу 2026 оны зургадугаар сарын 05-ны нэгдсэн хуралдааны эхэнд 10:00 цаг явуулахаар хойшлууллаа.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүний санаачилж, энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулах байсан боловч Улсын Их Хурал дахь МАН-ын уг хэлэлцүүлгээс таван хоногийн завларлага авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.