МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр У.Өнөрцэцэг: СДМЭХ нийгмийн хөгжлийн өөр...

У.Өнөрцэцэг: СДМЭХ нийгмийн хөгжлийн өөрчлөлтийг манлайлах хүчирхэг байгууллага байх болно

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэгтэй ярилцлаа.

Үнэн
Админ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэгтэй ярилцлаа. 

Эмэгтэйчүүд зөвхөн дэмжигч биш, өөрчлөлтийг бүтээгчид байх ёстой 

-Эмэгтэйчүүдийн оролцоог хангасан, жендэрийн мэдрэмжтэй бодлого шийдвэр гаргадаг болсон цаг үед Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах нь танаас ур чадвар, хурд бас мэдрэмж шаардаж байгаа байх. Ийм томоохон хөдлөх хүчийг эмхлэхдээ ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Өнөөдөр эмэгтэйчүүдийн оролцоо зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжигдэхээ больж, бодлого, шийдвэр гаргах түвшинд бодитой нөлөөлөх чанарын асуудал болсон. Ийм цаг үед Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хүлээн ажиллаж байгаа нь зөвхөн зохион байгуулалтын ур чадвар бус, стратегийн сэтгэлгээ, шуурхай ажиллагаа, хүмүүсээ сонсох мэдрэмжийг өдөр бүр шаарддаг хариуцлагатай ажил юм. Миний хувьд ажлаа хамгийн түрүүнд хүмүүсээ сонсохоос эхлүүлсэн. Учир нь, аливаа байгууллагын хамгийн том хөрөнгө нь дүрэм журам биш, харин гишүүд, тэдний итгэл, оролцоо байдаг. Тиймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг хорооны шат шатны эмэгтэйчүүдтэй уулзаж, тэдний санал бодол, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгоход онцгой анхаарч байна. Социал демократ үнэт зүйлсэд тулгуурласан эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, бүх шатны эмэгтэйчүүдийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад илүү идэвхтэй оролцуулах тогтолцоог бий болгохоор зорьж байгаа юм.

Миний итгэдэг зүйл бол эмэгтэйчүүд зөвхөн дэмжигч биш, өөрчлөлтийг бүтээгчид байх ёстой. Тиймээс манлайлал, улс төрийн боловсрол, хууль эрх зүйн мэдлэг, бодлого боловсруулах ур чадварыг нь хөгжүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, шийдвэр гаргах түвшинд бэлтгэхэд анхаарч байна. Өнөөдрийн бидний зорилго бол зөвхөн олон гишүүнтэй холбоо байх биш, харин нийгмийн хөгжлийн өөрчлөлтийг манлайлах, эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого болгон хэрэгжүүлдэг, хариуцлагатай, хүчирхэг байгууллага байх юм. Энэ зорилгын төлөө баг хамт олонтойгоо хамтран ажиллаж, эмэгтэй хүн бүрийн манлайлал, оролцоо, боломжийг бодитоор нэмэгдүүлэхэд бүх хүчээ зориулан ажиллах болно.

-Орон даяар салбар холбоотой ч хүмүүсийн идэвх зүтгэлээс шалтгаалан ажил явахгүй, хүндээ хүрэхгүй тал өнгөрсөн хугацаанд байсан нь нууц биш. Энэ байдлыг цэгцэнд оруулахын тулд ямар ажил өрнүүлж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд орон даяар өргөн бүтэцтэй ажиллаж ирсэн ч салбар нэгжүүдийн идэвх, үр нөлөө харилцан адилгүй байсан нь үнэн. Энэ нь зөвхөн бүтэцтэй холбоотой асуудал биш, харин хүний нөөц, манлайлал, уялдаа холбоо, мэдээллийн урсгал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байсан. Тиймээс өнөөдөр бидний өмнө байгаа хамгийн том зорилт бол байгууллагынхаа хүчийг зөвхөн төвдөө төвлөрүүлэх бус, орон нутаг дахь гишүүдийн оролцоо, манлайлалд тулгуурласан тогтвортой тогтолцоог бий болгох явдал юм. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ажлаа хүлээн авснаас хойш бид үйл ажиллагаагаа хүнээс хамаардаг бус, системд суурилсан байгууллага болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт, аймаг, дүүрэг, сум, хорооны салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны нэгдсэн стандарт, төлөвлөлт, тайлагналын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлж байна. Ингэснээр үйл ажиллагаа зөвхөн тухайн удирдлагын идэвхээс шалтгаалах бус, байгууллагын нийтлэг зарчим, зорилтын хүрээнд тасралтгүй хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, салбар холбоо, зөвлөлийн удирдлага, идэвхтэн гишүүдийн манлайлал, зохион байгуулалтын чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд сургагч багш бэлдэх хөтөлбөр, сургалт, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, сайн ажиллаж буй салбаруудын  туршлагыг бусад салбарт түгээх ажлыг мөн эхлүүлсэн. Гуравдугаарт, төв болон орон нутгийн уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг илүү нягт болгох, мэдээлэл солилцоо, харилцааг шуурхай болгох үүднээс Бүс хариуцсан дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга нарыг томилж мэдээллийн урсгал, зөвлөн туслах тогтолцоог бэхжүүлж байгаа юм. Мөн дижитал платформуудыг ашиглан мэдээлэл солилцох, тайлагнах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлж байна. Ингэснээр салбар бүр өөр өөрөөр ажиллах бус, нэг зорилго, нэг чиглэлтэйгээр урагшлах боломж нэмэгдэнэ.

Хамгийн чухал өөрчлөлт бол бид байгууллагын үйл ажиллагааг зөвхөн арга хэмжээ зохион байгуулдаг хэлбэрээс гишүүдийн оролцоо, санаачилга, манлайллыг дэмждэг тогтолцоонд шилжүүлэхийг зорьж байгаа явдал юм. Учир нь, холбооны бодит хүч бол төв байгууллагадаа бус, орон нутаг дахь мянга мянган гишүүдийн идэвх, оролцоонд оршдог. Тиймээс бидний зорилго бол салбар бүрийг зөвхөн нэр төдий бүтэц биш, харин иргэддээ хүрдэг, асуудлаа дэвшүүлдэг, бодлогод нөлөөлдөг, эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлдэг, бодит ажил хэрэгч нэгж болгон төлөвшүүлэх юм. Ирэх жилүүдэд  энэхүү шинэчлэлийн үр дүн зөвхөн бүтэц дээр бус, гишүүдийн оролцоо, хэрэгжүүлсэн ажлын чанар, нийгэмд үзүүлж буй нөлөөллөөр хэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Иргэдтэй нүүр тулж харилцдаг, анхан шатны нэгжид сэтгэл зүтгэлээрээ ажилладаг нас насны эмэгтэйчүүдтэйгээ ойртох нь танай холбооны нэн тэргүүний асуудал гэж бодож байна. Энэ хүрээнд ямар бодлогоор, ямар ажлуудыг эхлүүлээд байна вэ?

-Миний хувьд Сүхбаатар дүүргийн намын дэд даргаар ажиллаж байсан туршлагаас харахад аливаа байгууллагын бодлого хамгийн түрүүнд анхан шатандаа амжилттай хэрэгжиж байж үр дүнд хүрдэг. Иргэдтэй өдөр бүр нүүр тулж ажилладаг эмэгтэйчүүд бол нам, төрийн бодлогыг хамгийн ойроос хүргэдэг төдийгүй нийгмийн амьдралын бодит нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэрдэг хүмүүс юм. Тиймээс эдгээр эмэгтэйчүүдтэйгээ ойр ажиллах нь манай холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж үзэж байна. Энэ хүрээнд бид юуны өмнө аймаг, дүүрэг, сум, хорооны салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдтэйгээ шууд харилцах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 13 аймаг, долоон дүүргийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн, эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж, 2200 гаруй гишүүн, удирдах ажилтны оролцоог ханган, орон нутгийн эмэгтэйчүүдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн.

Мөн анхан шатны байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор манлайлал, улс төрийн оролцоо, хууль эрх зүй, иргэний боловсролын чиглэлээр сургалт, зөвлөгөөний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эмэгтэй хүн зөвхөн оролцогч биш, харин шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго юм. Түүнчлэн үе үеийн эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Ахмад үеийн туршлага, дунд үеийн манлайлал, залуу үеийн эрч хүч, шинэ санааг нэгтгэж чадсан байгууллага л урт хугацаанд тогтвортой хөгждөг гэж би үздэг. Энэ хүрээнд “Ментор-105” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, үе хоорондын мэдлэг, туршлагын залгамж холбоог бий болгох ажлыг эхлүүлээд байна.Үүний зэрэгцээ өрхийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд, гэр бүлийн асуудал, эрүүл мэнд, аюулгүй орчин зэрэг эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар иргэдийн санал хүсэлтийг тогтмол сонсож, бодлогын түвшинд тусгах чиглэлээр ажиллаж байна. Учир нь, холбоо зөвхөн арга хэмжээ зохион байгуулдаг байгууллага биш, харин эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого, шийдвэр болгон хэрэгжүүлэх гүүр байх ёстой гэж бид үздэг.

Миний хувьд анхан шатанд ажиллаж байсан хүний хувьд нэг зарчмыг үргэлж баримталдаг. Тэр нь "Иргэдтэй ойр байгаа эмэгтэйчүүдээ сонсож чадвал бодлого зөв гардаг, бодлого зөв байвал итгэл бий болдог" гэсэн зарчим юм. Тиймээс цаашид ч холбооны үйл ажиллагааг төвөөс удирддаг бус, анхан шатны санаачилга, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан, оролцоонд суурилсан хэлбэрээр хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.

-Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо дотоод ундарга сайтай, салбар салбарын төлөөлөл багтсан байдаг нь хөндлөнгийн ямар ч асуудлыг шийдвэрлэхэд давуу тал болдог. Энэ давуу талаа ашиглан зохион байгуулж байгаа ямар ажил байгаа бол?

-Манай холбооны хамгийн том давуу тал бол бид зөвхөн нэг чиглэлийн байгууллага биш, харин хууль эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, бизнес, төрийн удирдлага, орон нутгийн хөгжил, олон улсын харилцаа зэрэг олон салбарын туршлагатай эмэгтэйчүүдийг нэгтгэсэн өргөн бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, бидэнд асуудлыг зөвхөн ярьдаг бус, шийдэл боловсруулах чадвартай хүний нөөц бий. Энэ дотоод нөөц, хүний чадавхдаа тулгуурлан бид өнгөрсөн  дөрвөн сарын хугацаанд хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, 25 чиглэлийн бодлогын ажлын хэсгийг байгуулж, 180 гаруй мэргэжлийн гишүүнийг нэгтгэн эмэгтэйчүүдийн хөгжил, улс төрийн оролцоо, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, дижитал шилжилт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр санал, шийдэл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Мөн энэ хамтын хүч дээр тулгуурлан 2026–2030 оны W-O-M-E-N хөгжлийн стратегийг боловсруулж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, манлайлал, бизнес эрхлэлт, эх үрийн хамгаалал, үндэсний үнэт зүйлсийг дэмжих таван тулгуур бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү стратегийн хүрээнд эмэгтэйчүүдийн улс төрийн болон манлайллын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Ментор-105” үндэсний хөтөлбөр, Удирдах зөвлөлийн сургалт, сургагч багш бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ирээдүйн эмэгтэй манлайлагчдын үндэсний сүлжээг бүрдүүлж байна. Эдийн засгийн оролцоог дэмжих зорилгоор "Бүтээлч сарнай" хөтөлбөрийн хүрээнд төвийн бүсийн форум, ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 300 бизнес эрхлэгч, 1000 гаруй иргэнийг хамрууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр нийслэл, 21 аймаг, есөн дүүргийг хамарсан эмэгтэйчүүдийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтийн бэлтгэлийг бүрэн хангаад байна. Мөн орон нутгийн сүлжээг идэвхжүүлэх хүрээнд 13 аймаг, долоон дүүргийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн, эмэгтэйчүүдийн чуулгануудыг зохион байгуулж, 2200 гаруй гишүүн, удирдах ажилтны оролцоог ханган, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Үүний зэрэгцээ үндэсний үнэт зүйл, боловсролын чиглэлээр монгол хэл, уран зохиолын багш нарын улсын зөвлөгөөн, хүүхдийн соёлын өдөрлөг, "1000 мод" үндэсний аяныг хэрэгжүүлж, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.  Эдгээр ажил нь СДМЭХ-ны дотооддоо бүрдүүлсэн олон салбарын мэргэжилтэн, манлайлагчдын мэдлэг, туршлага, хамтын ажиллагаанд тулгуурлан бодлогын шийдэл боловсруулж, улс орон, орон нутаг, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх чадавхийг бодитоор харуулсан үр дүнтэй үйл ажиллагаа болсон. 

Эмэгтэйчүүдийн мэдлэг, туршлагыг нэгтгэн бодлого, шийдвэр болгон хэрэгжүүлдэг нөлөө бүхий байгууллага байх нь СДМЭХ-ны зорилго 

-Дотоод манлайллаас гадна олон улсад СДМЭХ-г төлөөлөх эмэгтэйчүүдийг бэлдэх тал дээр ямар бодлого баримталж байна. Холбоо гадаад харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаасаа танилцуулж болох уу?

-Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь дотоод манлайллыг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын түвшинд Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайллыг төлөөлөх шинэ үеийн эмэгтэй удирдагчдыг бэлдэхийг стратегийн чухал зорилтын нэг болгон ажиллаж байна. Өнөөдөр олон улсын хамтын ажиллагаа гэдэг зөвхөн гадаад харилцаа биш, харин эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, бодлогын чадавхыг дэлхийн түвшний туршлагатай холбох боломж юм. Иймээс бид олон улсын хамтын ажиллагааг зөвхөн албан ёсны уулзалт, айлчлалаар хязгаарлахгүйгээр манлайллын хөгжил, бодлогын туршлага солилцоо, эмэгтэйчүүдийн бэхжүүлэх чиглэлд бодитой үр дүн гаргах зорилгоор хөгжүүлж байна.

2026 оны эхний хагас жилийн хугацаанд холбоо маань БНХАУ-ын Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, эмэгтэйчүүдийн манлайлал, сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны үндсийг бэхжүүллээ.

Мөн Азийн хөгжлийн банк, Жендэрийн үндэсний хороо болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, жендэрийн тэгш байдал, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтарсан санаачилгуудыг хэрэгжүүлж эхлүүлээд байна. Үүний зэрэгцээ Япон, БНСУ-ын ижил чиглэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байна. Тухайлбал, Японы Либерал Ардчилсан намын эмэгтэйчүүдийн зөвлөл, БНСУ-ын Үндэсний ассамблейн эмэгтэй гишүүд, “Кореа” их сургуулийн хууль зүйн сургууль зэрэг байгууллагуудтай харилцаа тогтоож, манлайллын сургалт, туршлага солилцоо, залуу эмэгтэйчүүдийн солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Олон улсын тавцанд идэвхтэй оролцох хүрээнд бүс нутгийн эмэгтэйчүүдийн сүлжээний хамтын ажиллагаанд нэгдэх, олон улсын бага хурал, форум, тухайлбал COP-17 зэрэг арга хэмжээнд төлөөлөгчдөө оролцуулж, Монголын эмэгтэйчүүдийн бодлого, сайн туршлагыг олон улсад таниулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Цаашид Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь олон улсын түншлэлээ улам өргөжүүлж, дэлхийн түвшний манлайллын сургалт, солилцооны хөтөлбөрүүдэд эмэгтэйчүүдээ тогтмол хамруулах, англи хэл, олон улсын харилцаа, бодлогын хэлэлцээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх замаар Монгол Улсыг олон улсын түвшинд төлөөлөх эмэгтэй манлайлагчдын шинэ үеийг бэлдэхэд онцгой анхаарч ажиллах болно.

-Танай холбоо ирэх саруудад гаднын улс орнуудаас зочин хүлээн авч хөл хөдөлгөөн ихтэй байх нь. Тэдгээрээс онцлох нь ямар айлчлал байх вэ?

-Олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэд хэдэн улсын өндөр түвшний төлөөлөгчдийг Монгол Улсад хүлээн авахаар төлөвлөөд байна. Эдгээрээс хамгийн онцлох арга хэмжээ нь ирэх аравдугаар сарын 12–13-ны  өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” юм. Энэхүү чуулга уулзалт нь эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, парламент дахь оролцоо, жендэрийн эрх тэгш байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын ач холбогдолтой арга хэмжээ болно. Чуулга уулзалтын хүрээнд СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Их Британи, Герман, Казахстан, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Франц, Япон, Сингапур зэрэг улсын парламентын гишүүд, эмэгтэй улс төрийн манлайлагчдыг тусгайлан урьсан. Тухайлбал, Их Британийн парламентын гишүүн Кэтрин Уэст, Германы Социал демократ намын Эмэгтэйчүүдийн холбооны хамтарсан дарга Кармэн Вэггэ, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эмэгтэйчүүдийн хорооны дарга Су Мён Уг, Францын Үндэсний Ассамблейн гишүүн Анни Женетэ болон Япон, Казахстан, Сингапур, БНХАУ-ын парламентын төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.