МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Хойд Хятадын ундааны хаан

Хойд Хятадын ундааны хаан

“Dayao” бол БНХАУ-ын Өвөр Монголд төвтэй ундааны томоохон үйлдвэрлэгч компани юм. 1983 онд байгуулагдсан. Хийжүүлсэн ундаа, жүүс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүн нь “Dayao Jiabin” хэмээх ногоон шилэн савтай хийжүүлсэн ундаа. Өвөр Монгол, Бээжин, хойд Хятадын зах зээлээс Хятадын бүх мужид түгжээ. 2025 онд дэлхийн хөрөнгө оруулалтын акул америк компани “Dayao” компанийн 85 хувийг худалдан авчээ. “Dayao” брэндийн өнөөгийн амжилтыг бүтээсэн хүн бол Өвөр Монголын Хөх хотоос гаралтай бизнесмэн Ван Чиндун (Wang Qingdong) юм. Тэрбээр ажилчин гаралтай. Чөлөөт цагаараа гурван дугуйт тэргээр ундаа зардаг байжээ. Улмаар жижиг ундааны үйлдвэр байгуулж, дампуурах шахсан “Баи И” ундааны үйлдвэрийг худалдан авчээ.  Түүнийг Хятадын хэвлэлүүд “Хойд Хятадын ундааны хаан” гэж нэрлэдэг. 1983 онд байгуулагдсан Баи И ундааны үйлдвэрийг худалдан авч, 2006 онд шинэчлэн, “Dayao Food Factory” компани болгосон байна. “Dayao” гэдэг нэр нь Өвөр Монголын эртний “Dayao” соёлын дурсгалт газрын нэрнээс үүдэлтэй. Тэр үед Coca-Cola, Pepsi зэрэг брэндүүд супермаркетын зах зээлийг эзэлчихсэн байсан учир Ван Чиндун тэдэнтэй шууд өрсөлдөхөөс зайлсхийж, ресторан, шарсан мах, халуун тогоо,  шөнийн хоолны газрууд руу борлуулалтаа төвлөрүүлжээ.  520 мл-ийн том ногоон шилэнд савласан учир шар айраг шиг харагдах байдлаар зах зээлд гаргасан нь асар их амжилтыг дагуулсан гэж үздэг.

Үнэн
Админ

“Dayao” бол БНХАУ-ын Өвөр Монголд төвтэй ундааны томоохон үйлдвэрлэгч компани юм. 1983 онд байгуулагдсан. Хийжүүлсэн ундаа, жүүс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүн нь “Dayao Jiabin” хэмээх ногоон шилэн савтай хийжүүлсэн ундаа. Өвөр Монгол, Бээжин, хойд Хятадын зах зээлээс Хятадын бүх мужид түгжээ. 2025 онд дэлхийн хөрөнгө оруулалтын акул америк компани “Dayao” компанийн 85 хувийг худалдан авчээ. “Dayao” брэндийн өнөөгийн амжилтыг бүтээсэн хүн бол Өвөр Монголын Хөх хотоос гаралтай бизнесмэн Ван Чиндун (Wang Qingdong) юм. Тэрбээр ажилчин гаралтай. Чөлөөт цагаараа гурван дугуйт тэргээр ундаа зардаг байжээ. Улмаар жижиг ундааны үйлдвэр байгуулж, дампуурах шахсан “Баи И” ундааны үйлдвэрийг худалдан авчээ.  Түүнийг Хятадын хэвлэлүүд “Хойд Хятадын ундааны хаан” гэж нэрлэдэг. 1983 онд байгуулагдсан Баи И ундааны үйлдвэрийг худалдан авч, 2006 онд шинэчлэн, “Dayao Food Factory” компани болгосон байна. “Dayao” гэдэг нэр нь Өвөр Монголын эртний “Dayao” соёлын дурсгалт газрын нэрнээс үүдэлтэй. Тэр үед Coca-Cola, Pepsi зэрэг брэндүүд супермаркетын зах зээлийг эзэлчихсэн байсан учир Ван Чиндун тэдэнтэй шууд өрсөлдөхөөс зайлсхийж, ресторан, шарсан мах, халуун тогоо,  шөнийн хоолны газрууд руу борлуулалтаа төвлөрүүлжээ.  520 мл-ийн том ногоон шилэнд савласан учир шар айраг шиг харагдах байдлаар зах зээлд гаргасан нь асар их амжилтыг дагуулсан гэж үздэг. 

БНХАУ-ын Өвөр Монголд жолоо барих хүн найзуудтайгаа шар айраг биш “Dayao” бариад сууж болно гэсэн санаагаар сурталчилгаа хийсэн явдал нүдээ олсон сонголт байж. “Dayao” брэндийн жилийн борлуулалт тэрбум тэрбум юаниар өсөж, 2025 оны ТУЗ-ийн шинэчлэлийн дараа Ван Чиндуны хөрөнгө “тасарсан” тухай Хятадын хэвлэлүүд дурджээ. 2019 онд тэр “Dayao”-г гадаадын хөрөнгө оруулагчид зарахгүй” гэж мэдэгдсэн ч бизнесээ дэлхийн том хөрөнгө оруулагч болох америкчуудад шилжүүлсэн нь сонирхолтой. Өвөр Монголчуудын бахархан ярьдгаар “Гурван дугуйт тэргэн дээрээс үндэсний брэнд бүтээсэн хүн” Ван Чиндуны тухай цухас дурдахад ийм байна.

 

Амьдралын их сургууль төгссөн минь

Монголд “Dayao” ундааг борлуулах сонирхолтой компани мэдээж олон. Гэвч “Алтан сандал хайрхан” ХХК албан ёсны эрхийг авч чадсан юм. Захирал Дашдондог овогтой Булгантамирын замнал дээр дурдсан Өвөр Монгол бизнес эрхлэгч Ван Чиндуны түүхтэй тун төстэй. Түүний чин хүсэл чадварлаг худалдааны төлөөлөгч болох байв. Аав нь жолооч, ээж нь химийн багш мэргэжилтэй. Арван жилийн сургуулиа төгсөөд Анагаахын дээд сургуульд суралцсан ч хоёрдугаар курсээсээ сургуулиа орхив. Микро автобусны кондуктор, дарс үйлдвэрлэгч үндэсний компанид, төд удалгүй “Арвайн үндэс” ХХК-д борлуулагч, даргын жолооч, хот хоорондын зорчигч тээврийн жолооч зэрэг ажил хийж үзсэн нэгэн. Жилээс жилд амжилтаа бататгаж буй “Арвайн үндэс” ХХК-д борлуулагч, худалдааны төлөөлөгчөөр хэсэг ажилласан явдал түүний амьдралын их сургууль. Бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх газруудтай хэрхэн өнө удаан харилцаа тогтоох, түгээлт хэрхэн хийх, супермаркетуудын байршил тогтоох зэрэг давуу талуудыг өөрийн болгож амжжээ. Ямагт өөрийгөө ялан дийлж, хөгжүүлдэг залуу хүний зангаргаар “Арвайн үндэс” компанийнхаа бүс нутаг хариуцсан төлөөлөгч болох гэгээн мөрөөдөл өвөртөлж явснаа ярьж сууна. Гэхдээ хүн бүрийн хувь тавилангийн оноолт өөр. 

Хятад хэл мэдэхгүй ч Бямбасүрэн гээд англи хэлтэй дүүгийн хамт Хятад улс руу хоёр жилийн турш ирж очсоны эцэст 2024 онд “Dayao”-г Монголд худалдаалах эрх авчээ. Шилтэй Dayao ундааг импортолсон цор ганц компани гэж хэлж болно. Хятад талын түншүүд түүний борог амьдралаас суралцсан туршлагыг нь үнэлсэн гэдэг. Ямартаа албан ёсны борлуулагч болсон хойно нь “Би хөөцөлдөж байсан” гэж ам алдах хүн олон гарах вэ дээ. “Алтан сандал хайрхан” ХХК-д эрх өгмөгц Хөх хотоос “Dayao mongolia” ХХК байгуулж, БНХАУ-ын Шилийн гол аймгийн Эрээн хотод төлөөлөгчөө суурьшуулав. Шандуны үйлдвэрээс гармагц хоёр хоноод Монголд ирдэг болсон явдал ахиц дэвшил юм. Сүүлийн үед тавигддаг шингэн хүнсний стандарт шаардлагаар сахарын агууламж багассан ч бидний танил амт хэвээр байна. 

Булгантамир захирал эхлээд түншлэгч талдаа хүсэлт илгээдэг байсан бол одоо харилцагч тал нь лаазтай Dayao брэндийг зах зээлдээ нэвтрүүлж өгөөч гэсэн саналыг эелдгээр тавих болжээ. “Энэ тухай ул суурьтай бодно” гэж тэр хэлэв. “Учир нь шилтэй, лаазтай бүтээгдэхүүний чанарын зөрүү их” гэв. Анх нэг машин, хоёр борлуулагчтай эхэлсэн бизнес гурван жилийн дотор эмх цэгцэндээ орсон байна. Анхны ачааны тэрэг нь агуулахынх нь гадна бизнесийн өөдрөг түүхийг өгүүлэх мэт сойлттой. Түүний эхнэр санхүүгээ хариуцдаг болохоор санаа зовох зүйлгүй. Албан ёсны эрхтэй, хүмүүс цалинжуулаад, улсдаа татвараа төлөөд явж байхад хулгайн анчин гэдэг шиг каргон дунд, татваргүй ачих, бас бус аргаар “Dayao” брэндийг зөвшөөрөлгүй борлуулдаг нөхөд мэр сэр толхилцоно. 

Борлуулагч нар харилцагч, хэрэглэгчдэдээ сайтар ойлгуулсны эцэст хулгайн импортлогчдын тоо багассан сайн мэдээтэй. Түгээмэл бэрхшээл болох ажиллах боловсон хүчний хомсдол байнга тохиолддог тухай Булгантамир захирал халаглаж байна. Гэхдээ алхам алхмаар урагшилж яваадаа сэтгэл хангалуун байгаа нь андашгүй. Түүний борлуулалтын схемийг харахад үүсгэн байгуулагчийн туршлага анзаарагдана. Тухайлбал ресторан, найман нэрийн дэлгүүр, орон нутгаар хангалттай тараагдсан ч “Emart”-аас бусад том сүлжээнд яаран оруулахыг хүсээгүй гэнэ.   

 

Д.Булгантамир: Гишгэсэн мөрөө үргэлж хардаг

-Компанийн нэр нь их содон юм. Бэлгэдэл нь юу вэ?

-“Алтан сандал хайрхан” ХХК Архангай нутгийн хайрхны нэр. “Алтан сандал хайрхан”-ыхаа өвөр бэлээр хонь хариулан, зуны амралтаараа морь унаж өссөн дөө. Эгц урдаас нь харах юм бол тэгш сайхан хайрхан бий. Нутгийнхаа хайрхнаар нэрлэсэн болохоор гишгэсэн мөрөө үргэлж эргэж хардаг. Тийм болоод ч миний компани өөдөлж дэвжиж яваа байх. Миний үеийнхнээс импортын бизнес эрхлээд, дампуурлаа зарласан хүн зөндөө. Хүмүүсийн алдааг давтчихгүй юмсан гэж хичээдэг.

-Хүмүүс аливаа бүтээгдэхүүний албан ёсны эрх авах гэж яваад залхсан түүхүүд сонсож байсан. Та бол уйгагүй хөөцөлджээ.

-Би хятад хэл мэдэхгүй. Бямбасүрэн гээд дүү минь англи хэлтэй. Түүнтэй хамт уйгагүй явж байж бүтээсэн. Хэнтэй уулзахаа мэдэхгүй хий эргэсээр хүрээд ирдэг байлаа. Гэхдээ ёстой шантраагүй шүү. 

-Одоо нийтэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна вэ?

-Шилтэй болохоор дэлхийн стандартад нийцсэн, эрүүл хүнс гэж явдаг. Шилтэй долоо, лаазтай жүүс дөрвөн нэр төрөл бий. Сүүлд Хунцай гээд цай орж ирсэн. Туршиж байна. Уухад сэрүүн мэдрэмж төрүүлдэг, монголчууд урд явахдаа уусаар дасал болсон. Алкохолын төрлийн бас нэг бүтээгдэхүүн сонирхож байгаа.

-Ундааны үйлдвэрлэлийн явцыг та харсан уу?

-Сая Хөх хот явахдаа үйлдвэр оръё гэсэн боловч амжаагүй. Хувьцаа эзэмшигч нь Америк хүн болж байгаа учраас ТУЗ-ийн дарга нар солигдоод, дотоод ажил ихтэй байсан.

-Хятадууд зар сурталчилгааны стандарт тавьдаг уу?

-Тийм юм байхгүй. Үйлдвэрлэгч орны давуу тал гэвэл хөргүүрийг жишээлбэл, 50 хувийн хямдралтай авдаг.

-Бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр татдаг уу?

-Ерөөсөө л бэлэн мөнгө. Олон жилийн итгэлцлийн дараа зээлийн асуудал яригддаг байх. Би бол ер нь бэлэн мөнгөөр л худалдаа хийх сонирхолтой. 

-Ундаа, жүүсний Монголд худалдаалагддаг үнэ хэд вэ. Үнийн өсөлт нөлөөлж байна уу?

-Жүүс 3500, шилтэй ундаа 3700. Жижиг савлагаатай нь 2000. Түлшний үнийн өсөлтөөс компаниуд бүтээгдэхүүний үнээ нэмсээр байна. Миний хувьд үнээ барихыг хичээдэг. Эдийн засаг сайжиртал бүсээ чангалаад явахад болох биз.

-Энэ хугацаанд мэдээж хувийн амьдралаа цэгцлээд явсан байх?

-Манай эхнэрийг Мажигсүрэнгийн Энхтайван гэдэг. Бид гурван хүүхэдтэй болсон. Гэртээ орой харьдаг учир буруу хооллоод л, чанга үеийг давж байна.

-Бизнест баримталдаг гол зарчим гэвэл?

-Шударга талдаа. Гэнэндүү байж магадгүй. Тэр зангаа засъя гэж боддог. Сайхан хамт олноороо бахархдаг гэдгээ энэ ташрамд дурдъя. Манай менежер Цэгмид жиү жицүгийн тамирчин, хамгийн анхны борлуулагч.

-Хятад бизнесмэнүүдтэй харьцаж байгаа юм чинь татварын орчныг нь судалсан уу?

-Татварын хувьд хамгийн гоё орчныг Хятад улс бүрдүүлсэн юм билээ. Зээлийн хүү уян хатан. Манай хятад түнш “Танай монгол хэцүү. Танай дарга нар хулгайч” гэдэг. Бүр мэддэг болчихсон. Мэдээж, юу гэж монгол хүнээ бид муулах вэ дээ. Үр хүүхдийнхээ ирээдүйд л санаа тавьж байна. Сэтгэлээсээ ажил хийдэг хүнгүй болчихож. Би чинь анх ажил хайж байхдаа шөнө нойр хүрэхгүй, нөгөө газраас ярихаар баярладаг байлаа. Жензи үеийнхэнтэй учраа олох гэж бөөн юм болно. Цалингаа аваад хаяад явчихдаг. Бидний үед ажлаас гарах бол урьдчилж мэдэгдээд, тооцоогоо нийлдэг байсан. 

Н.Энхцэцэг 

Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу              

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.