МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Гадаад мэдээ XXI зууны олон улс дамнасан хамгийн том...

XXI зууны олон улс дамнасан хамгийн том дуулиантай хэрэг

Дэлхийн хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцийнхний онцлон фокуслаж буй дуулианы нэгд Жеффри Эпштейнийг тойрсон асуудал багтсаар байна. 2019 онд түүний хувийн онгоцонд суусан хүмүүсийн нэрсийн жагсаалт ил болсноор дэлхий нийт “Энэ бол нэг хүний үйлдсэн гэмт хэрэг биш. Эрх мэдэл, мөнгө, нууц харилцаагаар холбогдсон элит сүлжээг хамарсан XXI зууны олон улс дамнасан дуулиан” болохыг анзаарсан юм. Жеффри Эпштейн хэдийгээр зургаан жилийн өмнө нас барсан боловч түүний хэрэг өнөөдөр ч АНУ төдийгүй дэлхийн улс орнуудын нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүдийг шаналган зовоосоор байна. АНУ-ын Хууль зүйн яам Жеффри Эпштейний баримт бичгийг нууцаас гаргаж, вэб хуудаст байрлуулснаас хойш интернэтийн хайлтын систем тасралтгүй ажиллаж, “Epstein”, “Epstein list”, “Epstein files” зэрэг түлхүүр үгс дэлхийн трэнд хайлтын нэгд тооцогдох болжээ. Зарим долоо хоногт “Google” дээрх хайлт 1200 хувиар өссөн гэж CNN болон бусад хэвлэлүүд мэдээлэхийн зэрэгцээ Жеффри Эпштейний гэмт хэргийн сүлжээг мөрдөн шалгаж буй мэдээ сэлт, баримт факт сая сая үзэгчдийг татаж, дэлхий даяар хандалт өндөртэй байгаа нь сонирхууштай.

Үнэн
Админ

- Жеффри Эпштейн нас барсан ч түүний гэмт хэрэг олон хүнийг шаналган зовоосоор байна –

 Дэлхийн хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцийнхний онцлон фокуслаж буй дуулианы нэгд Жеффри Эпштейнийг тойрсон асуудал багтсаар байна. 2019 онд түүний хувийн онгоцонд суусан хүмүүсийн нэрсийн жагсаалт ил болсноор дэлхий нийт “Энэ бол нэг хүний үйлдсэн гэмт хэрэг биш. Эрх мэдэл, мөнгө, нууц харилцаагаар холбогдсон элит сүлжээг хамарсан XXI зууны олон улс дамнасан дуулиан” болохыг анзаарсан юм. Жеффри Эпштейн хэдийгээр зургаан жилийн өмнө нас барсан боловч түүний хэрэг өнөөдөр ч АНУ төдийгүй дэлхийн улс орнуудын нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүдийг шаналган зовоосоор байна.

АНУ-ын Хууль зүйн яам Жеффри Эпштейний баримт бичгийг нууцаас гаргаж, вэб хуудаст байрлуулснаас хойш интернэтийн хайлтын систем тасралтгүй ажиллаж, “Epstein”, “Epstein list”, “Epstein files” зэрэг түлхүүр үгс дэлхийн трэнд хайлтын нэгд тооцогдох болжээ. Зарим долоо хоногт “Google” дээрх хайлт 1200 хувиар өссөн гэж CNN болон бусад хэвлэлүүд мэдээлэхийн зэрэгцээ Жеффри Эпштейний гэмт хэргийн сүлжээг мөрдөн шалгаж буй мэдээ сэлт, баримт факт сая сая үзэгчдийг татаж, дэлхий даяар хандалт өндөртэй байгаа нь сонирхууштай.

 

Жеффри Эпштейн гэж хэн бэ?

Тэр 1953 онд Нью-Йорк хотод төрсөн. Хэдийгээр санхүүгийн мэргэжилгүй ч Уолл Стритийн “Bear Stearns” хөрөнгө оруулалтын банканд ажиллаж, өндөр орлоготой харилцагчидтай болж, “J.Epstein&Co” нэртэй компани байгуулснаар хөрөнгө мөнгөтэй нөхдийн санхүүг удирдаж, энэ бизнесээр хөлжжээ. Гэхдээ түүнийг “Их хэмжээний хөрөнгөө яг хаанаас, хэрхэн босгосон. Бодит бизнесийн хэмжээ нь ямар болох. Түүнийг хэн, хэн санхүүжүүлдэг байсан бэ” гэх зэрэг асуудал одоо ч бүрэн тодорхой биш. Энэ сэдэв өдгөө хамгийн ихээр анхаарал татаж, хамгийн их маргаан дагуулж буй юм.

Жеффри Эпштейн гэдэг нэр 2005 онд “Палм-Бич” хотын Цагдаагийн газарт ирсэн нэгэн гомдлын дараа анх олон нийтийн анхааралд орж ирсэн байдаг. “Палм-Бич” бол АНУ-ын Флорида муж дахь тансаг харш, хувийн клуб, тэрбумтнууд амьдардаг чинээлэг хот. Улс төрчид, бизнесийн магнат, алдартнууд олноор төвлөрдөг америкийн элитүүд амьдардаг энэ бүсэд Эпштейн 14 настай охиныг “массаж хийлгэх” нэрийдлээр авч очсон ч бэлгийн шинжтэй үйлдэл гаргасан талаар охины эцэг, эх цагдаад мэдүүлснээр мөрдөн шалгах ажил эхэлжээ. Мөрдөн байцаалтын үеэр цагдаа нар “Энэ бол ганц тохиолдол биш. Насанд хүрээгүй охидыг мөнгөөр татдаг зохион байгуулалттай хэрэг” байх магадлалтайг анзаарсан байна. Гэрчүүд ч “Эпштейний харшид өсвөр насны охид тогтмол очдог” тухай мэдүүлэг өгч, хэвлэлүүд дуулианыг гэрчийн яриатай олон нийтэд хүргэж эхэлжээ.

 

Тэр 2008 онд 13 сарын ял сонсов

Хэргийг шалгасан мөрдөгчид Эпштейнд эрүүгийн хэргээр хүнд ял оноох санал гаргасан боловч хэрэг холбооны шүүхэд шилжсэний дараа нөхцөл байдал өөрчлөгдөн, Эпштейн прокурортой тусгай хэлцэл хийж, томоохон хэргүүдээс мултарч, 2008 онд ердөө 13 сарын ял авчээ. Тэр ч байтугай хоригдох хугацаандаа өдөр бүр ажилдаа гардаг онцгой нөхцөл эдэлж байсан нь Америк даяар асар их шүүмжлэл дагуулсан байна. Энэ үеэс олон нийт “Эпштейн яагаад ийм хөнгөн ял авав, Түүнийг хэн хамгаалав, ямар нөлөө бүхий хүмүүс холбоотой байв” гэсэн асуулт тавигдаж, “#MeToo” хөдөлгөөн өрнүүлж байв. Ийнхүү түүний бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой олон хэрэг дахин сөхөгдөж, Эпштейний нэр дэлхий нийтийн анхаарлын төвд орж иржээ.

2019 онд Эпштейн дахин баривчлагдав. Түүнийг хүн худалдаалах болон насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр шалгаж эхэлсэн байна. 2019 оны долдугаар сард санхүүч Жеффри Эпштейнийг “бэлгийн мөлжлөг”-ийн хэргээр баривчлагдах өдөр Холбооны мөрдөх товчоо түүний Нью-Йорк дахь харшид нэгжлэг хийж, очир алмаз, их хэмжээний бэлэн мөнгө, паспорт, CD хавтас, хатуу диск олжээ. Түүнийг насанд хүрээгүй охидын биеэ үнэлэх, бэлгийн мөлжлөгт ашиглах сүлжээ үүсгэсэн. Заримыг нь өөрөө хүчиндсэн эсвэл чинээлэг үйлчлүүлэгчдэд зарсан гэх бэлгийн гэмт хэрэгт дахин буруутгасан юм.

Энэ үед түүний хувийн арал дахь мэдээлэл, нислэгийн бүртгэл, дэлхийн нөлөө бүхий улстөрчид, бизнесмэнүүдтэй холбогдсон захидал, харилцаа и-мэйлүүд ил болов. Эдгээр бүртгэлээс дэлхийн олон улс төрч, бизнесмэн, алдартнуудын нэр гарч ирсэн төдийгүй хааны гэр бүлийн гишүүд, тэрбумтнууд, улстөрчид, загвар өмсөгчид, Холливудын алдартнуудын нэр бүхий захидал ч олдсон байна. Энэ нь насанд хүрээгүй охидтой холбоотой дуулианд “элит сүлжээ” холбогддог гэсэн ойлголтыг улам хүчтэй болгож өгчээ. Жеффри Эпштейний 2019 оны наймдугаар сард шоронд хоригдож байхдаа нас барсан. Түүний үхлийг хуулийн байгууллага “амиа хорлолт” гэж дүгнэсэн ч нас барсан шөнө нь шоронгийн харуулууд эргээгүй. Камерууд ажиллаагүй, харуулын хяналт доголдсон нь илэрсэн тул Эпштейний үхэлд олон хүн эргэлзэж “түүнийг амыг нь барьсан” гэх хуйвалдааны онол өргөн тархжээ. Энэ маргаан өнөөдөр ч үргэлжилж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мөн “АНУ-ын дотор "гүнзгий улс" оршин тогтнож байгаа” талаар олон удаа мэдэгдсэн тул тус улсын нийгэмд “Америкийн ард түмний хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг өндөр албан тушаалтнуудын нууц сүлжээ оршдог” гэсэн таамаглал газар авчээ.

 

Эдлэнгээс олдсон зургаан сая баримтын тал нь ил боллоо

Эпштейний хавтаст хэргийг шалгасан АНУ-ын Холбооны мөрдөх товчоо гэмт хэргийн олон мянган эд мөрийн баримтыг гартаа оруулжээ. Мөрдөн байцаалтын явцад 40 компьютер, 26 хадгалах төхөөрөмж, 70 гаруй CD, зургаан бичлэгийн төхөөрөмж хураан авсан бөгөөд энэ дунд Эпштейний олон тооны зураг, хохирогчдын (насанд хүрээгүй охид) зураг, видео бичлэг, мөн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл болон порнографын бусад хэлбэрийг харуулсан 10 мянга гаруй видео, зураг гарч ирсэн байна. Дуулиан тасралтгүй өрнөж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Д.Трамп сонгогчдод хандан “баримтуудыг ил болгоно” гэж амласан ба АНУ-ын Хууль зүйн яам үе шаттайгаар гурван сая баримт ил болгоод байна.

Анх 2025 оны хоёрдугаар сард Хууль зүйн яам ойролцоогоор 200 хуудас баримт задалсан. Эпштейний нислэгийн тэмдэглэл, үзвэрийн жагсаалт, нэр тэмдэглэсэн утасны дэвтрүүд энэ үеэр ил болсон бол есдүгээр сараас 12 дугаар сарыг дуустал дахин гурван удаа 63 мянга орчим файл бүхий баримтыг ил гаргасан юм. Энэ оны нэгдүгээр сард Эпштейнтэй холбоотой хамгийн том баримтын сан задарч, гурван сая хуудас баримт бичиг, 2000 гаруй видео бичлэг, 180 мянган гэрэл зураг интернэтэд ил гарсан. Энэ нь анх АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдсэн “Эпштейнтэй холбоотой зургаан сая гаруй хуудас баримт бий” гэсэн мэдэгдэлтэй харьцуулахад цөөхөн. Дөнгөж тал хувь нь ил болсон гэсэн үг. Эпштейн насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигладаг үйл ажиллагаа эрхэлж байсан нь мөрдөн шалгах, шүүх ажиллагааны явцад бүрэн нотлогдсон. Мөн түүний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа нөлөө бүхий хүмүүсийн зорин очиж байсан Эпштейний хувийн “Little Saint James” аралд хэн хэн зочилж байсныг нотлох нислэгийн бүртгэл, гэрчийн мэдүүлгүүд тодорхой хэмжээнд нотлогдоод буй.

 

“Эпштейний найз”-ууд юу ярив?

АНУ-ын Хууль зүйн яамны дэлгэсэн файлуудын дунд Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон Эпштэйн нарын хамт аялж, үдэшлэгт оролцож, охид, бүсгүйчүүдтэй хамт байх мөчийг гэрчилсэн олон тооны гэрэл зургууд ил гарсан. Мөн АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Трамптай холбоотой 5300 гаруй файл бий ч тэрбээр “Эпштейнээс 20 орчим жилийн өмнө харилцаа тасалсан. Түүний бэлгийн гэмт хэргийн талаар мэдээгүй” гэж хариулсан билээ. Түүнчлэн “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн "Орос охид"-той холбоотой болсны дараа эм уух шаардлагатай болсон” тухай зурвас ил гарч ирсэн ч түүний төлөөлөгч үүнийг эрс үгүйсгэсэн юм.

Үүнээс гадна Эпштейний эдлэнгийн шалан дээр хэвтэн, үл танигдах эмэгтэйн бэлхүүсэнд хүрч буй зураг нь цацагдсан Их Британийн хаан III Чарльзын ах хунтайж Эндрю хүнд байдалд ороод буй. Тэрбээр олон нийтэд хандан насанд хүрээгүй байхдаа хүчирхийлүүлсэн гэх гомдол гаргасан Виржиниа Жуффри гэх бүсгүйн талаар “Би огт санахгүй байна. Эпштейнтэй харилцаагаа зогсоосон. Түүний үйл ажиллагааг мэддэггүй байсан” гэж тайлбарласан боловч хожим нь олон нийтийн дарамтаар Хааны гэр бүлийн албан үүргүүдээсээ татгалзсан билээ.

Мөн 1999–2001 онд Израилийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Эхуд Барак Эпштейнтэй холбоотой дуулианд хариулахдаа “Хэд хэдэн удаа уулзаж, түүний байранд очсон. Гэхдээ бизнес, хөрөнгө оруулалт, технологийн салбарын уулзалт хийсэн” гэж хариулсан бол Харвардын профессор асан, АНУ-ын хамгийн алдартай өмгөөлөгчдийн нэг Алан Дершовиц “Би Эпштейний хууль бус үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Миний нэрийг буруугаар ашиглаж байна” хэмээн олон удаа мэдэгдэж, шүүхээр нэр төрөө хамгаалсан байдаг. Гэсэн хэдий ч олон нийтийн дунд “Тэд холбоотой байсан, байгаагүй” гэх маргаан тасарсангүй, улам бүр үргэлжилсээр...

 

Түүнтэй нэр холбогдсон нөхдийг шалгаж байгаа улс орнууд

Жеффри Эпштейнтэй нэр холбогдсон улс төрч, бизнес, нөлөө бүхий хүрээний нөхдийнхөө асуудлыг дэлхийн хэд хэдэн улсын хууль хяналтын байгууллага анхаарч, тодорхой хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа өрнүүлж байна. Хамгийн өргөн хүрээтэй мөрдөн шалгалт АНУ-д явагдсан бөгөөд Эпштейн болон түүний хүн худалдаалах, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хэрэгт түүний ойрын хамтрагч Жислейн Максвелл эрүүгийн хэрэгт буруутгагдан ял сонссон юм.

Их Британид ханхүү Эндрютай холбоотой хамгийн том дуулиан өрнөсөн. Виржиниа Жуффре хэмээх бүсгүй өсвөр насандаа тэдний бэлгийн мөлжлөгт өртсөн хэмээн мэдүүлж, Эндрюгийн эсрэг нэхэмжлэл гаргасан нь дэлхий даяар шуугиан дэгдээж, ханхүү хааны гэр бүлийн албан үүргээс татгалзахад хүрээд байна. Мөн Францын прокурорууд Эпштейнтэй холбоотой байж болзошгүй хүн худалдаалах, насанд хүрээгүй хүмүүсийн мөлжлөгийн сүлжээний талаар урьдчилсан мөрдөн шалгалт эхлүүлжээ. Түүнчлэн Виржиний арлын захиргаа Эпштейний арлын үйл ажиллагаа, санхүүгийн урсгал болон хамсаатан байж болзошгүй хүмүүсийн асуудлыг иргэний болон эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд шалгаж байгаа аж.

Ийнхүү Эпштейний хэрэг зөвхөн АНУ-аар хязгаарлагдсангүй. Олон улсын хэмжээнд улс төр, бизнес, элит хүрээтэй холбогдсон хамгийн том дуулианд тооцогдож, “Жинхэнэ сүлжээ бүрэн ил болсон уу” гэсэн асуултын хариуг өнөөдөр дэлхий даяараа хайж буй юм. Тиймдээ ч түүнтэй харилцсан садар самуун агуулгатай захидлууд ар араасаа дэлгэгдсээр... Тэд дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн нарын захидал, уран зураг, эдлэн газар, ашигт малтмалын орд наймаалахыг санал болгосон захидал, бяцхан монгол охидын тухай яриа цөөнгүй дурдагдсан нь монголчуудын анхааралд орж ирлээ.

Д.Од-сар

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.