МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Залуу сэтгүүлчдийн парламентын боловсрол...

Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эхэллээ

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан санаачлан Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл”-ийн дэмжлэгтэйгээр 2023 онд анхлан хэрэгжүүлсэн юм. Эхний хөтөлбөрийг “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдвийн дор “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж байсан бол энэ удаагийн хөтөлбөрийг “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” сэдвээр явуулж байна.

Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хоёр өдрийн танхимын сургалт, Үндсэн хуулийн, парламентын эрх зүй, сэтгүүл зүйн болон олон нийтийн харилцааны шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотой явуулах зочны лекц, панел хэлэлцүүлэг, хууль дээдлэх ёс, парламентын ардчилал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тогтолцооны талаар гүнзгийрүүлсэн сургалт зэрэг дөрвөн үе шаттай явагдах хөтөлбөр өнөөдөр (2026.05.23) эхэллээ.

Залуу сэтгүүлчдэд парламентат ёс, парламентын ардчиллын үнэт зүйл, ач холбогдлын тухай ойлголт өгөх, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдал, хяналт шалгалтын тогтолцоог таниулах, энэ чиглэлээр мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус хөтөлбөрийн эхний үешатны мэргэжлийн сургалт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Сургалтын эхэнд “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа хөтөлбөрт оролцож буй залуу сэтгүүлчдийг өөр хооронд нь танилцуулж, ирэх сарын 30-нд тохиох Олон Улсын Парламентын өдөр хүртэл үргэлжилж, тэрхүү чухал өдрөөр батламж гэрчилгээгээ гардан авах хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт, хүрэх үр дүнгийн талаар танилцуулав. Энэ удаагийн лаборатори хөтөлбөрт манай улсын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдийн шинэ үеийн төлөөлөл болсон 25 залуу сэтгүүлч оролцож байна.

Ирэх сарын 06, 09, 13-ны өдрүүдэд болох хөтөлбөрийн хоёрдугаар үе шат болох зочны лекц, панел хэлэлцүүлгүүдэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцох бол 20, 21-ний өдрүүдэд болох гүнзгийрүүлсэн сургалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын эрх зүйч, хуульч нар болон иргэний нийгэм, сэтгүүл зүйн салбарын нэр бүхий мэргэжилтнүүд удирдан явуулна.

Хөтөлбөрийн эхний үе шатны мэргэжлийн сургалтад “Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр төв” ТББ-ын хөтөлбөрийн захирал Л.Анударь, “The Media Show” платформын санаачлагч Ж.Хулан, NTV телевизийн медиа хөгжлийн захирал Ж.Өнөмөнх нар дижитал өгөгдөлд суурилж мэдээлэл боловсруулах ур чадвар, боломжийн тухай, олон улсын сэтгүүл зүйн чиг хандлага, түүний дотор хувь хүний итгэл үнэмшил, байр суурь дээр суурилсан үнэнээс ангид (post-truth) сэтгүүл зүйн талаар болон улс төрийн сэтгүүл зүйд хиймэл оюун ухаан ямар давуу болон сул талуудыг бий болгож байгаа талаар хичээл орлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.