“ЗАВГҮЙ” нийгмээс сэтгэлзүйн амар амгалангийн эрэлд...
Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, давтагдашгүй хэв маягаар хэдийнэ байр сууриа эзэлсэн залуу дуучин Лууяа үзэгчдийг удаан хүлээлгэсэн анхны бие даасан тоглолтоо “Завгүй” хэмээн нэрийджээ
Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, давтагдашгүй хэв маягаар хэдийнэ байр сууриа эзэлсэн залуу дуучин Лууяа үзэгчдийг удаан хүлээлгэсэн анхны бие даасан тоглолтоо “Завгүй” хэмээн нэрийджээ. Эхний энэ өгүүлбэрээс яагаад түүний тоглолтыг удаан хүлээлгэсэн гэж тодорхойлох болов гэдэг зүй ёсны асуулт урган гарах нь дамжиггүй. Учир нь, түүний тоглолтын товыг зарласан даруй, босоо тасалбарууд хэдийнэ дууссан нь үзэгчдийн сонирхол их, хэр олон хүн догдлон хүлээж буйг илэрхийлэх мэдээ гарцаагүй мөн.
Амбиц
Увсын цэнхэр хязгаараас олон дуучин тодрон гарсан байдаг. Нэгэн цагт нийтийн дууны өнгө төрхийг тодорхойлж, дууны урлагийн төрлийг нуруундаа үүрч ирсэн эрхмүүд ч тэдний дунд бий. Энэ намар нийтийн дууны нэгэн цаг үед өөрийн эгэл төрхийг бүтээж чадсан Лосолын Болдбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнг доргиогоод авсан. Увсын эрчүүд ер нь л амбицтай. Энэ удаа Дуучин Лууяа “Аса арена”-г доргиох нь байна. Увсын дуучдаас хоёр дахь нь энэ намар бут авах бололтой. Гэхдээ мань эрийн хувьд энэхүү тоглолт нь зөвхөн хувь уран бүтээлчийн амбиц, хүсэл мөрөөдлөөр зогсохгүй нийгэмд хүргэхийг зорьсон олон чухал санаагаа уран бүтээлээрээ өгүүлэхийг зорьжээ.
“Завтай юу”

Орчин үеийн залуус өдөр тутмын их ажлын ачаалал, мэдээллийн хэт урсгалд дарагдаж, стрессдэх нь элбэг болсон цаг. Лууяа “Завгүй” тоглолтоороо зөвхөн өдөр бүр завгүй амьдарч, амьдралын, ажил хөдөлмөрийн амтыг мэдрэхийг уриалахаас гадна орчин цагийн хурдтай, завгүй хэмнэл дунд өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргах, дотоод сэтгэлтэйгээ ярилцахын үнэ цэнийг сануулж буйгаараа гүн гүнзгий утга агуулж байгаа болов уу. Тэгэхээр түүний дэлгэн харуулахаар зорьж буй тоглолт "Завгүй" нийгмээс сэтгэл зүйн амар амгаланг хайх эрэл ч юм билүү. Ямар ч урлагийн тоглолт үзэгчдийн завгүй амьдралыг түр хойш нь тавиулж, зөвхөн хөгжим, бүжиг, дуу, уран зургаар амьсгалуулж тэр хэрээр үзэгч урлагийн мэдрэмжээ хөглөн, мартагдашгүй нэгэн оройг өнгөрөөх нь сэтгэл зүйн хувьд их амралт өгдөг шүү дээ. Зөвхөн энэ утга нь гэхэд л тоглолтын зорилтынх нь тал хувийг биелүүлчихлээ гэсэн үг. “Завгүй” байх тухай ойлголт өнөө цагт арай өөр түвшинд ойлгогддог болжээ. Тоглолтын нэр энэ талаасаа шүүмжлэлийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Урьд нь завгүй байна гэдэг олон ажилтай, хийх зүйл ихтэй, бусдын өмнө хариуцлага үүрсэн хүний хэлдэг үг байв. Харин өнөөдөр завгүй байна гэдэг бараг л амжилтын хэмжүүр болжээ. “Завгүй” байна гэж хэлэхэд хүртэл өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ баталж байгаа мэт санагдах нь гунигтай.
“Завгүй, завгүй”
Өглөө сэрээд л утсаа шалгана. Ирсэн зурвас, и-мэйл, ажлын чат, мэдэгдэл. Өглөөний цайгаа уух зуур нэг ажил амжуулж, замдаа утсаар ярьж, оффист очоод өдрийн турш уулзалт, хурал, дуудлага, бичиг цаас, мессежний дунд эргэлдэнэ. Орой гэртээ ирсэн ч ажил дуусахгүй. Бие нь гэртээ ирсэн боловч анхаарал нь ажил дээрээ үлдчихсэн байдаг. Тэгээд шөнө орондоо орохдоо “Өнөөдөр ч бас завгүй байлаа” гэж өөртөө хэлнэ. Гэтэл хайртай хүмүүс чинь хаана байна аа.
Тэгэхээр энд нэг сонин асуулт гарч ирж байгаа биз. Бид үнэхээр завгүй байсан уу. Нийгэм цаг наргүй ажиллах нэгнийг хөдөлмөрч гэж нэрлэдэг. Хэт их ажиллан ядаргаанд орсноо бахархан ярихаа хариуцлагатай байгаагийн шинж гэж ойлгодог. Амрах завгүй байхыг эрэлттэй, хэрэгтэй хүний шинж мэт хардаг. “Өчигдөр шөнө хоёр цаг хүртэл ажилласан”, “Сүүлийн хэд хоног бараг унтаагүй”, “Өглөөний зургаан цагаас хойш тасралтгүй ажиллаж байна” гэх мэт яриа заримдаа амжилтын тайлан шиг сонсогдоно. Ядарснаа хүртэл бахархалтайгаар ярьдаг болж, ядарсан байх нь хүртэл нэр хүндийн нэг хэлбэр болжээ. Гэтэл энэ бүхэн хариуцлагагүй хүний шинж болж таарсан. “Завгүй” тоглолтын үзэгчдэд ойлгуулах гэж оролдох олон санааны нэг нь энэ. Ядарсан хүн хэзээ ч бүтээмжтэй байж нийгэмд хувь нэмэр оруулж чадахгүй. Ядарсан хүний сарнисан анхаарал, нойр дутсан тархи олон цаг ажилласан ч сайн үр дүн гаргах албагүй. Заримдаа бид ажлаа хийж байгаа биш, ажлынхаа дотор живж байдаг.
Өнөөдөр хамгийн ховор болсон зүйл нь мөнгө ч биш, мэдээлэл ч биш, бүр цаг ч биш байж мэднэ. Харин анхаарал. Хүн өөрийн анхаарлыг хаашаа өгөхөө өөрөө шийдэх боломжоо алдаж байна. Бидэнд цаг байгаа ч цаг маань өөрийнх биш болсон. Өглөө сэрэхээс орой унтах хүртэл хэн нэгний дуудлага, мессеж, мэдэгдэл, хүсэлт, шаардлага бидний өдрийн хэмнэлийг тодорхойлно. “Завгүй” байх тухай ойлголт өнөө цагт арай өөр түвшинд ойлгогддог болсон.
Залуу үеийн түүчээ ба Соёлын экспорт

Лууяа клип болгондоо үндэсний хувцсаа орчин үетэй хослуулан өмсөж, өв соёлоо авч үлдэхэд бага ч атугай хувь нэмэр оруулахыг хичээдэг. Үндэсний хувцсаа орчин үеийн гудамжны загвар болон тайзны хувцастай хослуулж буй нь зөвхөн Монголдоо биш, цаашлаад олон улсын зах зээлд гарах соёлын экспортын эхлэл байж болох юм. Дэлхий дахинд үндэсний өв соёлоо орчин үеийн урсгалтай хослуулах трэнд хүчтэй өрнөж буй энэ үед Лууяагийн энэхүү хэв маяг нь гадны үзэгчдийн анхаарлыг татахуйц өвөрмөц брэнд болж хөгжих боломжтойг онцолж болно.
Арав гаруй жилийн турш урлагт зүтгэх явцдаа “Өөрийн гэсэн дуугүй, бусдын дууг ковер хийдэг” гэх шүүмжлэлтэй олонтаа тулгардаг тэрбээр өөрийн үгийг нь бичсэн таван дуутай гэдгээ тэр хуваалцсан байдаг. Дууг дахин амилуулах тухайд тэр “Дээхнэ үеийн дуунуудыг шинэчилж, орчин үетэй хослуулж сонсогчдод дахин хүргэдэг. Хэрэв сэргээж дуулахгүй бол тэдгээр дуу үгүйлэгдэн орхигдоно. Тиймээс авч үлдэхийн тулд амилуулах хэрэгтэй гэж боддог” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн. “Завгүй” тоглолтын үеэр дуулах байх гэж бодож байна. Оюуны өмчийг дээдэлж, дуулах гэж буй дурныхаа зохиогч, үүсэл түүхийг маш сайн судалсны үндсэнд өмнөх хувилбараас нь илүү чанартай болгохыг хичээдэг дуучны хувьд урлагт бас нэгэн жишиг тогтоохыг хүсэж байгаа болов уу. Бусдын дууг дуулдаг гэх шүүмжлэлийг эмзэг хүлээж авалгүй, мартагдах шахсан хуучны сайхан уран бүтээлүүдэд "хоёр дахь амь" бэлэглэгч гүүр болж чадсанаараа тэрбээр урлагт үнэ цэнтэй мөрөө үлдээж байгаа юм. Өнөө үед олон уран бүтээлчид зөвхөн шинэ бүтээл хөөцөлдөж, үнэ цэнтэй хуучин дуунуудыг орхигдуулдаг. Харин Лууяа тэдгээрийг оюуны өмчийн хүрээнд, судалгаатайгаар шинэчлэн найруулж буй нь үе хоорондын холбоосыг холбож буй соёлын чухал ажил юм.
Тодорхойгүй энгийн амьдралын хэмнэл
Рэппер эсвэл нийтийн дуучин гэх мэт аль нэг хайрцагт багтахыг хүсдэггүй Лууяа өөрийн жанрыг энгийн амьдралаас урган гарсан, ойлгоход хялбар хөгжим хэмнэл хэмээн тодорхойлсон юм. Өдөр тутмын амьдралд тохиолдох энгийн үзэгдлийг гоё хөгжим, хэмнэлтэй хослуулан хүргэдэг. Урлагт хайрцаглагдахгүй байх нь хамгийн том эрх чөлөө бөгөөд энэ нь өнөөгийн сонсогчдын хүсэж буй зүйл яг мөн. Сонсогчид одоо аль нэг жанрт баригдсан дуунаас илүүтэйгээр амьдралын үнэн, мэдрэмжтэй өгүүлэмж, өөрийнх нь дотоод ертөнцөд нийцсэн дууг илүүтэй таашаах болсон. Лууяа ямар нэгэн хэв загварт баригдалгүйгээр зүрх сэтгэлээсээ урган гарсан хэмнэлийг санал болгож байгаа нь түүнийг бусдаас ялгаруулах гол давуу тал ажээ. Хайр, амьдрал, дурсамж, мэдрэмжийг хөгжимтэй хослуулсан энэхүү үдэш үзэгчдэд мартагдашгүй дурсамжийг бэлэглэх нь дамжиггүй. Тэрбээр тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан.
Санхүүгийн эрсдэлийг үл харгазан “Аса арена”-г сонгосон нь үзэгчдэд гэрэлтдэг тасалбар, өвөрмөц тайзны шийдэл, чанартай хөгжим, бүжигчид гээд олон гэнэтийн бэлгийг мэдрүүлэх зорилготой аж.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №036/24711/