МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр З.Мэндсайхан: Иргэд, аж ахуйн нэгжүүдэд...

З.Мэндсайхан: Иргэд, аж ахуйн нэгжүүдэд 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлнэ

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг  Засгийн  газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Тус хуулийн хүрээнд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх тухайд Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Үнэн
Админ

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг  Засгийн  газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Тус хуулийн хүрээнд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх тухайд Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн гол агуулга юу байх вэ. Татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар боломжтой, ач холбогдолтой хууль болно гэж үзэж байна вэ?

-Татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг хүртээмжтэй болгох, татварын орчныг ойлгомжтой, оновчтой болгох. Мөн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр Засгийн газраас Татварын хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулж, эрх зүйн орчныг таатай, ойлгомжтой, оновчтой болгохын зэрэгцээ хариуцлагатай татвар төлөгчийг дэмжихээр тусгасан. Энэ хүрээнд Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар,  УИХ-ын  тамгын газартай хамтран аж ахуйн нэгжүүдтэй 150 удаагийн /давхардсан тоогоор/ уулзалт хэлэлцүүлгийг хийж, 175 орчим мянган санал хүсэлтийг хүлээн авсан.  Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын хөнгөлөлт, чөлөөлтийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх нөхцөлийг илүү уян хатан болгох зэрэг саналыг олноор ирүүлсэн. Түүнчлэн Ойрхи дорнодод үүссэн газрын тосны асуудлаас үүдэлтэйгээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх буюу манай улсын эдийн засагт гадаад орчны нөлөөлөл их байгаа нь манай улсын макро эдийн засаг болон бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл  үүссэн учраас Татварын хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн. Энэ хүрээнд Татварын ерөнхий хууль, Хүн амын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын гэсэн дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгээд байна.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна. Олон бичиг баримтын бүрдүүлбэр, төрийн хүнд суртал, шат дамжлагаас аль болох чөлөөлж, хялбаршуулсан горимоор үйл ажиллагаагаа тайлагнах нөхцөлийг бүрдүүлнэ. Иргэн орон сууц, үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны дараа төлдөг хоёр хувийн татварыг чөлөөлөх зохицуулалтуудыг тус тус тусгасан. Товчхондоо,  иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр  хуулийн төсөлд тусгалаа. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээхэд энэ хуулийн шинэчлэлийн  гол зорилго оршиж байгаа юм. Энэ хүрээнд  одоо хэрэгжиж байгаа заалтаар Хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-т бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт байдаг. Энэ хөнгөлөлтийг хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэнд үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа. Тэгэхээр хоёр сая төгрөгийн цалин авдаг бол 792 мянган төгрөгийг хөнгөлнө, түүнээс дээших орлогодоо ХАОАТ төлөх зохицуулалт оруулж байгаа юм. Ингэснээр жилдээ нэг иргэн 950 орчим  мянган төгрөгийг ХАОАТ-ын хөнгөлөлтөөр буцаан авна гэсэн үг.

Хувиараа бизнес эрхлэгч хувь хүн орлогын босго хамаарахгүй хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлдөг байсан. Үүний таазыг нэг тэрбум болгож байгаа. Нэг тэрбум төгрөг дотор худалдаа бизнес эрхэлж орлого олсон бол хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлнө. Нэг тэрбум төгрөгөөс дээш орлого олох юм бол татварын өмнөх ашгаа тооцоод 10 хувиар татвар төлнө гэсэн үг. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж нөлөөлдөг. Тиймээс 3-5 жилд тухайн орон сууцыг өмчилж байгаад зарахаар  бол үл хөдлөх хөрөнгийн татвар тооцохгүй байхаар хуульд тусгалаа. Тэгэхээр орон сууц борлуулсны хоёр хувийн татвар тооцохгүй болох юм.

Харин  аж ахуйн нэгжүүдийн татвар дээр зургаан тэрбум төгрөгөөс доош ашигтай байх юм бол 10 хувийн татвар, зургаан тэрбумаас дээш бол 25 хувийн орлогын албан татвар авдаг. Энэ хоёрын хооронд 15 хувийн савлагаа байна гэж үзээд зургаан тэрбум хүртэлх орлогод 10 хувь, 6-10 тэрбумын хооронд 15 хувийн татвар тооцох шатлалыг шинээр оруулж өгч байгаа. 10 тэрбумаас дээш гарах юм бол өмнө нь мөрдөж байсан 25 хувь гэдэг дундын зохицуулалт оруулж өгсөн. Энэ зохицуулалтад нийтдээ 600 гаруй аж ахуйн нэгж хамрагдана. 15 хувиар татвар төлөхөд 10-16 тэрбумаар татварын ачааллыг бууруулж өгөх юм.

-Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд ямар зохицуулалтыг хуульд тусгасан бэ?

-Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулна. Ингэхдээ жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.  Ингэснээр нийтдээ 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгон бууруулна. Түүнчлэн бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөг байсныг болиулан, 400 сая төгрөгт хүргэхээр хуульд тусгаад байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчид 400 сая хүртэлх төгрөгөөс доош орлоготой байх юм бол НӨАТ төлөхгүй гэж ойлгож болно.  Энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд 23 мянган аж ахуйн нэгж хамрагдах тооцоолол гарсан.  Түүнчлэн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг мөн хойшлуулахаар тусгалаа.

-Онцгой албан татвар дээр ямар өөрчлөлт оруулахаар байна вэ?

-Онцгой албан татвар дээр нэг өөрчлөлт оруулж байна.  Тодруулбал, импортын буюу гаалийн татвар дээр 100 мянган ам.доллароос дээш үнэтэй машинд 33 хувийн онцгой албан татвар ногдуулна. 100 мянган ам.доллароос дээш гарсан  тохиолдолд 33 хувийн татвар ногдуулна гэж ойлгох хэрэгтэй. Татварын бодлогын хүрээнд энэ таван заалтыг оруулж байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуульд заасны дагуу шаталсан арга хэмжээний дагуу өр төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжийн дансыг бүрэн хаадаг байсан.  Тэгвэл энэ зохицуулалтыг уян хатан болгож байна. Ингэснээр  дансыг нь бүрэн хаахгүй буюу тухайн байгууллагын дансанд орсон орлогын 80 хувийг татаж авч, 20 хувиар бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, урсгал зардлаа шийдээд явах боломжийг олгох үүднээс дансыг бүрэн хаах биш 20 хувийг дансанд нь үлдээдэг зохицуулалтыг оруулж өгч байна.

Мөн ААНОАТ, ХАОАТ -ын хугацааг сунгаж өгнө. Одоогоор нэг жил байгааг хоёр жил болгож сунгаж  байна. Алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтооно. Татварын хүү торгуулиар акт тавихад  Иргэний шүүхээр явахаас өмнө төлөгдөхгүй байлаа гэхэд алданги нь өсөөд яваад байдаг. Үүнийг Иргэний хуультай нийцүүлье гэж үзсэн. Ингэснээр торгууль актын алданги үндсэн төлбөрийнхөө 50 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг хуульд  тусгаж өгсөн. Нөгөөтэйгүүр тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгаж өгнө. НӨАТ төлөх хугацааг хоёр сар болгон хойшлуулж өгсөн. Энэ нь манай импортлогч аж ахуйн нэгжүүдэд эергээр тусна. Одоогийн байдлаар гааль дээр импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн татвар болон НӨАТ-ыг урьдчилж төлдөг.

Дотоодын  аж ахуйн нэгжүүдэд ч үйлчлээд явна. Хоёр сарын дараа НӨАТ-аа төлөөд явах боломжийг бүрдүүлж байгаа. Нэг ёсны орж ирсэн бараа үйлчилгээгээ худалдан борлуулсны дараачаар НӨАТ-аа төлөөд явах боломжийг бүрдүүлж  өгч байгаа юм.

-Татварын эдгээр хөнгөлөлт, чөлөөлтийг хийснээр улсын төсөвт ямар ачаалал ирэх вэ. Үүнийг хэрхэн нөхөх тухайд ямар тооцоол байна вэ?

-Татварын багц  хуулийн өөрчлөлтийг хийснээр 2027-2028 оны улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татварын нөлөөлөл үүсэхээр байна. Гэхдээ энэ хэмжээгээр эдийн засгаа идэвхжүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хөрөнгө оруулалт хийх, орлогоо нэмэгдүүлэх  бодит боломжийг олгож байгаа юм.  Мэдээж орлого төвлөрүүлэх чиглэлд  холбогдох бүх тооцооллыг хийсэн, ирэх жилүүдэд үүсэх татварын ачааллын шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.