МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм “Чөлөөлье” санаачилгын тухай хувиараа би...

“Чөлөөлье” санаачилгын тухай хувиараа бизнес эрхлэгчид ярьж байна

Хотжилт эрчимжиж, амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бичил бизнесийг дэмжих шаардлага үүсэн гарч буй. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга нь эдийн засгийн идэвхийг сэргээх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг уян хатан болгох зорилготой бодлогын нэг чухал алхамд тооцогдож байна. Тус санаачилгыг дагаад иргэд гудамжинд ТҮЦ ажиллуулах, жижиглэн худалдаа эрхлэх, ажлын байр бий болж, өрхийн орлого нэмэгдэх бодит боломж бүрдэх юм. Гудамжинд худалдаа эрхэлдэг иргэдийн өдөр тутмын амьдрал, орлогын эх үүсвэр нь нүдэнд ил харагддаг ч бодлогын түвшинд төдийлөн анзаарагддаггүй. Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй бодлого нэг талдаа задгай худалдааг албан ёсоор зөвшөөрч, ил тод ажиллах боломж нээж өгч байгаа ч нөгөө талдаа энэ өөрчлөлт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих буй нь тодорхой бус хэвээр байна. Тиймээс гудамжинд худалдаа эрхэлж буй иргэдтэй уулзаж, энэхүү өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, ямар хүлээлт, болгоомжлол тээж буйг сонсохоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 40 мянгат орчмоос “Дугаарын сурвалжилга” бэлтгэн хүргэж байна.

Үнэн
Админ

Хотжилт эрчимжиж, амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бичил бизнесийг дэмжих шаардлага үүсэн гарч буй. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга нь эдийн засгийн идэвхийг сэргээх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг уян хатан болгох зорилготой бодлогын нэг чухал алхамд тооцогдож байна. Тус санаачилгыг дагаад иргэд гудамжинд ТҮЦ ажиллуулах, жижиглэн худалдаа эрхлэх, ажлын байр бий болж, өрхийн орлого нэмэгдэх бодит боломж бүрдэх юм. Гудамжинд худалдаа эрхэлдэг иргэдийн өдөр тутмын амьдрал, орлогын эх үүсвэр нь нүдэнд ил харагддаг ч бодлогын түвшинд төдийлөн анзаарагддаггүй. Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй бодлого нэг талдаа задгай худалдааг албан ёсоор зөвшөөрч, ил тод ажиллах боломж нээж өгч байгаа ч нөгөө талдаа энэ өөрчлөлт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих буй нь тодорхой бус хэвээр байна. Тиймээс гудамжинд худалдаа эрхэлж буй иргэдтэй уулзаж, энэхүү өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, ямар хүлээлт, болгоомжлол тээж буйг сонсохоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 40 мянгат орчмоос “Дугаарын сурвалжилга” бэлтгэн хүргэж байна.

 

Н.Хонгорзул: Гар дээрээс цэцэг худалдаж болохгүй гэсэн хууль байхгүй

/Таримал цэцгийн худалдаа эрхлэгч/

Манай сурвалжлах баг хотын төвд, 40 мянгатын гудамжинд таримал цэцэг зарж буй эмэгтэйг онцлон зорьж очлоо. Цэцэг сонирхсон хүмүүс ч цөөнгүй. “Энэ улаан навчит цэцгийн нэр юу вэ. Ямар үнэтэй вэ” гэхэд худалдагч “Зул сарын од гэж нэрлэдэг юм. Үнэ нь 55 мянган төгрөг. Европууд Зул сарын ширээгээ чимдэг. Нартай цонхон дээр өвөл зунгүй цэцэглэнэ. Тэнд лиш цэцэг байна, сарнайнууд ч төрөл төрлөөрөө байна. Сонгоод авахаар арчилгааг нь зааж өгөөд явуулна” гэж хариулж дууслаа. Худалдан авалт хийгдсэний дараа цэцэг худалдаалагчтай цөөн хором ярилцав.

 -Та энд хэр удаан цэцэг зарж байгаа вэ?

-2013 оноос хойш л тасалгааны цэцэг тарьж ургуулж, худалдаалж байна. Сүүлийн 7-8 жил яг энд сууж цэцгээ зарж байна.

-Цэцгийн наймаа хэр байна?

-Давгүй ээ, өөрөө тарьдаг болохоор сайн шүү.

-Энд 40 орчим цэцэг харагдаж байна. Байнга худалдаалдаг гэхээр таны цэцэг тарьдаг талбай том байх гэж бодож байна?

-Цэцгээ 70-80 мкв талбайтай өвлийн хүлэмжид тарьдаг. Мөн 4х6 хэмжээтэй зуны хүлэмж ч бий. Өвөл, зунгүй цэцэглэдэг цэцгийг шилж, сонгож тарьдаг юм. Өөрөө цэцгэнд дуртай болохоор тарьж ургуулах дуртай.

-Энд суугаад цэцэг зарахад амар биш байх. Заримдаа хөөгдөж ч үзсэн байх. Ер нь амар амгалан байж чаддаг уу?

-Хэд хэдэн удаа хүн ирж, энд худалдаа хийлгэхгүй гэсэн тохиолдол гарсан. Гар дээрээс самар жимс зарж болохгүй гэсэн хууль байдгаас биш цэцэг зарж, худалдаалж болохгүй гэсэн хууль байдаггүй. Ер нь өөрсдөө үйлдвэрлэл явуулдаг, өөрсдөө хөдөлмөрлөдөг, оюуны хэрэгцээг хангахуйц юм зардаг хүмүүсээ төрөөс дэмжих хэрэгтэй гэж боддог.

-Ерөнхий сайд “Чөлөөлье” гэсэн санаачилга гаргаж, худалдаа, арилжааг чөлөөтэй явуулах асуудлыг хөндсөн. Та мэдсэн үү?

-Мэдэлгүй яах вэ. Гудамжинд сууж цэцэг зардаг учраас тэр санаачилгыг дэмжиж байгаа. Х.Нямбаатарын өмнөх Хотын дарга Д.Сумьяабазар ч гудамжинд юмаа чөлөөтэй зар гэсэн. Хүмүүс овоо тогтоод иртэл болиулчихсан. Амьдрах гэж байгаа иргэдээ ийм байдлаар хавчиж боогоод байх хэцүү л юм.

-Уучлаарай, нууц биш бол таны өдрийн орлого хэр байдаг вэ?

-Миний наймаа улирлын чанартай. Одоо Хонхны баярууд эхэлж байна. Энэ үеэр их сайн байдаг. Зургаан сараас хойш наймдугаар сарын дунд үе хүртэл жаахан буудаг. Ес, аравдугаар сард “Намрын ногоон өдөр”-үүдээр гарч, цэцгийнхээ үлдэгдлийг сайн зардаг. Гүйлгээ сайн өдөрт 300-400 мянган төгрөгийн орлого олдог. Багадаа 100 мянган төгрөгийн цэцэг зарна. Өвөлжингөө суусан хүнд бол болоод л байдаг юм. Өвөл би хүлэмжийн халаалтад 400-500 мянган төгрөг төлдөг.

-Ерөнхий сайдын санаачилгаас хойш энд юм заруулахгүй гэдэг хандлага багассан уу?

-Ерөнхий сайдын санаачилгаас хойш магадгүй л юм. Одоохондоо гайгүй байна. Би хавар эрт гарч ирдэг, өдөртөө +5 градусаас дээш бол сууж л байдаг. Би одоогийн Хотын даргын ажлыг нэг их дэмждэггүй. Ард иргэдийн төлөө гэдэг ч эсрэгээрээ юм шиг. Энэ төв зам дагуух машины зогсоол, хармааг бүгдийг үгүй болгосон. Яг миний энэ харалдаа урд талд 5-6 машин зогсох хармаа, эсрэг талд нь арваад тооны машин зогсох талбай байсан. Одоо бүгд байхгүй болсон. Энэ багахан зайд машин ирж зогсоод, хэрэгтэй зүйлээ аваад хөдлөхөд болохгүй юм байхгүй. Гэвч хүчээр байхгүй болголоо.

Хорооныхонд хэлтэл гэнэт санаа тавиад наад талын хэсгийг янзалж байгаа харагдсан. Би Япон орноор явж үзсэн хүн. Маш жижиг талбайд иргэд нь худалдаа хийж л байдаг. Гаднын улс орны хотууд иргэдийнхээ амьжиргааг сайжруулахын төлөө ингэж санаа тавьдаг юм байна. Гэвч манайд өөр байна. 

-Танд өнөөдөр худалдаалах хэдэн төрлийн цэцэг байна?

-Өнөөдөр арваад төрлийн цэцэгтэй гарч ирсэн. Манай аав цэцэг тарих дуртай хүн байсан юм. Би уул уурхайн инженер хүн. Уул уурхайд ажиллаж байсан. Цэцэг тарих дуртай учраас би 2013 оноос хойш тарьж байна. Дандаа тасалгааны цэцэг тарьдаг учраас хүмүүс дуртай авдаг. Орчин цагийнхан ихэнх нь байранд амьдардаг. Урд нь цагт 15 минут салхивч нээгээд хүүхдүүдээ агааржуулдаг байсан бол одоо 15 минутын дотор угаар л орж ирдэг болсон.

Энэ хот арай ч ийм байгаагүй юм аа. Тайван амгалан, хүмүүс нь баяр жаргалтай байсан. Дандаа л айлгасан түгшээсэн мэдээлэл сонсогддог ийм үед цэцэг харах чинь сайхан шүү дээ. Дөрвөн хананы хооронд амьдарч байгаа хүмүүст бол цэцэг баяр баясал авчирч, сэтгэл санаа өргөдөг шидтэй. Бидэнд  эко орчин хэрэгтэй байна. Цэцэг агаар чийгшүүлнэ, нян бактер устгана, хөгц мөөгөнцөр устгана, хэрэгтэй хүчил төрөгч ялгаруулна. Бичил орчныг сайжруулдаг олон давуу талтай.

 

 

Б.Сувдрэнцэн: Ерөнхий сайдын санаачилгыг хувиараа хөдөлмөр эрхэлдэг бидэн шиг хүмүүс дэмжиж байна

/Хуучин номын худалдаа эрхлэгч/

-Номын бизнес хийгээд хэдэн жил болж байна. Энэ хавьд ном зараад хэр удаж байгаа вэ?

-Би яг 11 дэх жилдээ хуучин ном худалдаалж байна. Өмнө нь МУБИС орчимд ном зардаг байсан. Улсын их дэлгүүрээс Цирк хүрэх энэ зам дээр таван жил орчим ном худалдаалж байна. 

-Номын борлуулалт ямархуу байна?

-Дажгүй шүү. Номоо хүмүүсийн нүдэнд ил харагдахаар дэлгэдэг учраас сонирхдог хүн маш олон. Далд ТҮЦ юм уу, тасалгаанд тавихаар зай талбайн хувьд хязгаарлагдмал, олон хүн нэг дор орж ирэх боломжгүй учраас сонирхож байгаа хүмүүст хэцүү. Сонголтоо хийхэд ч төвөгтэй байдаг юм. Том ил талбайд бол хүний гарт ойр учраас нүдэнд туссан, онцолсон номоо чөлөөтэй авч үзээд, удаан тухтай сонирхдог. Номын борлуулалт ч сайн байдаг.

-Танд ойролцоогоор хэдэн төрлийн ном байна. Ховор номууд бий юү?

-Хичээлийн сурах бичгээс бусад бүх төрлийн ном байна. Өдөр болгон номоо зөөж авчирч, зөөж хураадаг учраас маш хүнд. Тиймээс намар есдүгээр сард хичээл эхлэх үеэр л сурах бичиг зардаг. Ховор номууд олон бий. 1700-аад оны төгсгөлөөс эхлээд түүнээс хойш хэвлэгдсэн хуучны ном ч бий. Жишээлбэл, 1861–1875 онд Манж Чин улсын төрийг барьж байсан Бүрэн засагч хааны он тооллыг өгүүлсэн муутуу цаасан дээрх ном. Мөн муутуу цаасанд хэвлэсэн Богд хааны намтар, Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэг "Хүйтэн уулын бичиг", гаднынхны Монголоор аялсан тэмдэглэл, Монголын түүхийн ховор ном ч бий. Үүнээс гадна жишээ нь, 1937 оны “Болд хэрхэн хатаагдсан нь” роман саяхан ирсэн. Мөн 1943 оны МАХН-ын Төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Шинэ хүчний дэд сургуулийн лекцийн эмхэтгэл ч байна.

-Онц сонирхолтой номуудаасаа сонирхуулахгүй юу?

-Монгол Улсын Төрийн тэргүүн асан Ж.Самбуу даргын 1945 онд бичсэн “Малчдад өгөх зөвлөгөө” байна. Академич Ц.Дамдинсүрэн гуайн “Монголын нууц товчоо”-ны 700 жилийн ойгоор буюу 1947 онд хуучин монгол бичгээр анх гаргасан “Монголын нууц товчоо” бий. Мөн 1957 оны анх кирилл үсгээр гарсан, 1990 онд хэвлэгдсэн гурван төрлийн “Монголын нууц товчоо” байгаа. Их ховор ном.

-Чам дээр ирээд хэр удаж байна?

-Ирээд удаагүй ээ. Ховор төрлийн ном хурдан зарагддаг юм.

-Энд ил задгай худалдаа хийлгэхгүй гэдэг ч юм уу, хөөх хандлага дүүрэг, хорооны зүгээс гардаг уу?

-Энд худалдаа хийлгэхгүй гээд хөөж, тууна аа заримдаа. Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгыг сошиалаас олж хараад энд нэг асар тавих санаатай хөөцөлдөх гэтэл бүтэхгүй бололтой. Чадахгүй л явна. Наранд ном тавихаар маш амархан ганддаг. Тэгээд ядаж нэг асартай болох нь зөв байх гээд Сүхбаатар дүүргээс асрын зөвшөөрөл хүсэх гэсэн боловч бүтсэнгүй. Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс зөвшөөрөл өгдөг гэхээр нь яваад очтол хүмүүс нь “менежертэй уулз” гэсэн. Менежертэй нь уулзах гэтэл “ажилтай, завгүй” гээд хүлээж авахгүй юм. Өгөхгүй юм шиг байна. Дүүргээс бас энд тийм юм тавиулахгүй гэж байна. Тэгсэн хэр нь сүүлийн хэдэн өдөр энэ хавьд зайрмагийн хэд хэдэн машин авчирч тавиад л байна. Яаж хөөцөлдвөл бүтэх юм бол сайн мэдэхгүй байна.

-Ерөнхий сайдын санаачилгын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бидэн шиг хүмүүс бол дэмжиж байна. Бид төрөөс, улсаас юм хараагүй шүү дээ. Сая та харсан байх. Гадаадын иргэд маш их ирж ном авдаг. Дулааны улиралд үйлчлүүлэгчдийн дийлэнх нь гаднынхан болчихдог. Би өмнө нь энд нэг ТҮЦ-тэй байсан юм. Өнгөрсөн жил Хотын дарга Х.Нямбаатарын ачлагаар ачуулсан. Шөнө аваад явсан байсан. Номоо өдөр бүр машинаасаа зөөдөг учраас эхнэртэйгээ хоёул ажиллахгүй бол болдоггүй юм. Нэг нь номоо харж, нөгөө нь номоо зөөхөөс аргагүй. Ядаж нэг зөвшөөрөлтэй юмтай болчихвол амар л байна. Ийм зөвшөөрлийг хаанаас өгч байгааг мэдвэл надад хэлж туслаарай.

-Сураглаж үзье. Саяны хоёр япон залуу ямар ном авсан бэ. Ингэхэд гаднынхан ямар ном сонирхож байх юм?

-Наймдугаар Богд хааны талаар англи дээр бичигдсэн ном авлаа. Гадаадын иргэд Монголын тухай ном их авдаг. За ер нь бүх л хэл дээрх ном байдаг учраас маш их зорьж ирдэг. Европын орнуудын жуулчид, япон, солонгосчууд ирж хэрэгцээтэй номоо авдаг. Хэрэгтэй номыг нь байлгахын тулд зарим хэлийг мэдэхгүй ч гэсэн авчраад тавьдаг. Сонирхолтой ном л үйлчлүүлэгчдийг татдаг юм.

-Номууд дунд нь Оросын нэрт зохиолч Лев Толстойн орос хэл дээр бичигдсэн цоо шинээрээ шахам найман боть орос хэл дээр байна. Мөн Оросын яруу найрагч, зохиолч, нийтлэгч, Н.А.Некрасовын дөрвөн боть бас орос хэл дээр харагдаж байна. Ийм ховор номыг хаанаас авдаг юм бэ?

-1990-ээд оноос өмнө орос ном цуглуулдаг байсан хүмүүсээс авдаг. Өөрсдөө сонирхохоо больсон. Хүүхдүүд нь ч сонирхдоггүй юм уу, өндөр настай болсон, эсвэл мөнгө хэрэг болдог байх. Хүнд хэрэггүй гэрт зүгээр байлгаж, эсвэл хаяж байхаар хэрэгтэй хүн нь аваг гээд бариад ирдэг юм.

-Орчин цагийн хүүхдүүд ном хэр сонирхож байна?

-Хүмүүс үргэлж л “Хүүхэд, залуучууд ном уншихгүй байна” гэцгээдэг. Би бол тийм биш гэж хэлнэ. Надаас ном авдаг 100 хүний 80 нь залуучууд байдаг. Надаас хуучин ном авч уншдаг, ховор ном судалдаг хүүхдүүд ч цөөнгүй байдаг. Хүүхдүүдийг хамаагүй шүүмжилж болохгүй. Тэд маш их сонирхдог.

-Арван нэгэн жил ном зарсан гэсэн. Анх зарж эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл ном худалдан авах хүмүүсийн тоо өссөн үү, буурч байна уу?

-Худалдан авалт өссөн. Сошиал хөгжөөд бүр ч амар болж. Надад “Фонтам номын худалдаа” нэртэй хуудас бий. Пэйж хуудастаа өдөр бүр пост оруулдаг. Хандалт их байдаг тул “Яг тэр номыг чинь авна” гээд хүмүүс зориод ирдэг. Энэ групп хүмүүсийг их татдаг. Энд зогсоод удаж байгаа тул мэддэг хүмүүс маань өөрсдөө зөндөө зориод ирдэг юм.

Д.Цацрал

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.