Гал унтраах бодлогоос асуудал шийдэх бодлого руу
-Нийгэм, эдийн засгийн асуудлууд илүү хувьсамтгай, харилцан хамааралтай болсон энэ цаг үед “гал унтраах” буюу асуудал үүссэн хойно нь тэмцдэг, үр дагаврыг саармагжуулж, намжаах бодлого үр нөлөө багатай болжээ. Аливаа бодлогын асуудлын нэг төвөгтэй шинж нь нэг салбарын доголдол нөгөө салбарт хүчтэй нөлөөлж, нэг байгууллагын муу менежмент өөр байгууллагын үйлчилгээний чанарыг унагаадагт оршдог. Асуудал өөрөө динамик, өсөн нэмэгддэг, гүнзгийрдэг шинжтэй учир гаднах илрэл, цаг зуурын шинж тэмдгийг намжаасан шийдэл тогтолцооны түвшинд үр дүн авчирч чаддаггүй. Асуудлыг зөв тодорхойлсноор бодлогын зорилго, зорилт, арга хэмжээнүүд “хөрсөн” дээр бууж “тэнгэрийн” шийдвэрүүд цөөрнө.
-Нийгэм, эдийн засгийн асуудлууд илүү хувьсамтгай, харилцан хамааралтай болсон энэ цаг үед “гал унтраах” буюу асуудал үүссэн хойно нь тэмцдэг, үр дагаврыг саармагжуулж, намжаах бодлого үр нөлөө багатай болжээ.
Аливаа бодлогын асуудлын нэг төвөгтэй шинж нь нэг салбарын доголдол нөгөө салбарт хүчтэй нөлөөлж, нэг байгууллагын муу менежмент өөр байгууллагын үйлчилгээний чанарыг унагаадагт оршдог. Асуудал өөрөө динамик, өсөн нэмэгддэг, гүнзгийрдэг шинжтэй учир гаднах илрэл, цаг зуурын шинж тэмдгийг намжаасан шийдэл тогтолцооны түвшинд үр дүн авчирч чаддаггүй.
Асуудлыг зөв тодорхойлсноор бодлогын зорилго, зорилт, арга хэмжээнүүд “хөрсөн” дээр бууж “тэнгэрийн” шийдвэрүүд цөөрнө.
Гал унтраах бодлого
Гал унтраах бодлого нь асуудлаас үүссэн үр дагавар, шинж тэмдгийг намжаах өвчин намдаагчийн үүрэг гүйцэтгэдэг. Бид хотын утаа ихсэхэд сайжруулсан шахмал түлш нийлүүлж, малын түүхий эдийн ханш унахад татаас өгч, түгжрэл нэмэгдэхэд дугаарын хязгаарлалт хийх зэрэг гал унтраах арга хэмжээ авч ирсэн.
Дээрх арга хэмжээнүүд богино хугацаанд төрд ирэх дарамтыг бууруулж, иргэдэд мэдрэгдэх өвдөлтийг намдааж, асуудлыг саармагжуулсан ч асуудлын суурь шалтгаан шийдэлгүй үлдэж хот утаатай, түгжрэлтэй, малчдын орлого бага хэвээр байна.
Асуудал шийдэх бодлого
Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн асуудал, сорилтууд дан ганц нэг яам, төрийн байгууллагаас хамаарч эсвэл салбарын төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр шийдэгдэх боломж байхгүй. Эрчим хүчний доголдол нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжил, өрхийн амьжиргаа руу шууд болон дам байдлаар нөлөөлнө. Боловсролын чанарын асуудал хөдөлмөрийн бүтээмж, орлогын ялгаа, нийгмийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдоно. Хот төлөвлөлтийн алдаа түгжрэл, агаарын бохирдол, эрүүл мэнд, цаг хугацааны алдагдалд хүргэнэ. Ийм харилцан хамааралтай орчинд асуудлын нэг үр дагаврыг намжаах гэсэн гал унтраах оролдлого нийт системийн зардлыг өсгөж, ард түмний нуруун дээр ирэх ачаалал, төрийн байгууллага, албан хаагчдын ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.
“Асуудал шийдэх бодлого”-ын хүрээнд бодлогын асуудлыг үр дагавраар нь бус “юу болов, ямар хүчин зүйлс, шалтгаан нөлөөлөв” гэсэн асуулт тавих замаар шалтгааныг тогтоох ёстой. Бодлого боловсруулах үе шатанд нөхцөл байдлын шинжилгээг дарааллын дагуу зөв хийж, бодлогын хувилбаруудыг эрэмбэлэн хамгийн өндөр импакт, нөлөө үзүүлэх шийдлийг сонгох хэрэгтэй байна.
Гал унтраах бодлого улс төрийн хувьд түр зуурын оноо авчрах, захиргааны процессын хувьд хялбар, олон нийтийн хувьд шуурхай шийдэл мэт харагдаж болно. Гэхдээ урт хугацааны хөгжлийн шийдэл болж чадахгүй, асуудал үүсгэгч үр үндсийг таслахгүй. Бид асуудал үүссэн хойно нь шинж тэмдэг, зовиураа намдаах зорилгоор өвчин намдаагч уугаад орхих биш дахиж өвдөхгүйн тулд өвчин үүсгэгч шалтгаанаа олж урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
Бидэнд асуудлыг шийдэх олон арга хэмжээ биш, зөв оношилгоо, гол шалтгаан, хүчин зүйлийг онилсон шийдэл хэрэгтэй байна. Төр нийгэм, эдийн засгийн амьдралд гал гарахыг хүлээдэг, гарсан хойно нь үр дагавартай тэмцдэг биш, гал гарахаас урьдчилан сэргийлж чаддаг байх ёстой.
Ж.Жаргал /Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал. Доктор, дэд профессор, “Гишүүн төвтэй нам E4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны гишүүн/
Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.