МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Хуримын шөнө

Хуримын шөнө

Багш нарын дотуур байрны багашаархан өрөөнд цацагтай зузаан бүтээлэг тавьсан ширээний ард залуухан багш Нина Александровна сууна. Энэ жил 24 нас хүрч яваа сайхан бүсгүй юм. Мөр дарсан сэвсгэр хүрэн үсээ хумьж бөөрөнхийлөөд ардаа хатгаж орхивч ая нь олдохгүй, яаж ийгээд долгионт туг үс сулран гарч, хөөрхөн царайг нь эмжин улам ч үзэмж нэмнэ.

Үнэн
Админ

Багш нарын дотуур байрны багашаархан өрөөнд цацагтай зузаан бүтээлэг тавьсан ширээний ард залуухан багш Нина Александровна сууна. Энэ жил 24 нас хүрч яваа сайхан бүсгүй юм.

Мөр дарсан сэвсгэр хүрэн үсээ хумьж бөөрөнхийлөөд ардаа хатгаж орхивч ая нь олдохгүй, яаж ийгээд долгионт туг үс сулран гарч, хөөрхөн царайг нь эмжин улам ч үзэмж нэмнэ.

Нина Александровнагийн оч бутарсан цайвар саарал нүд хорвоо ертөнцийг хайрлан дурлан харж, хоёрдугаар ангийн жаалуудад хичээл орох үеэр тод цовоо дуу нь сургуулийн хонгилоор цуурайтан байдаг. Хайртай шавь нарынх нь дунд сурлага тааруу нөхөд мэр сэр байв. Вася Поляков, жишээлбэл, нэг л болж өгөхгүй, эгшиг үсгийг хаяад л бичнэ. Өөрийн овгийг ПЛКВ гээд тавина шүү дээ.

- Эртний мисирүүд яг чам шиг бичдэг байсан юм. Тэгэхээр чи ганцаараа биш. Хүн төрөлхтөн эгшиг үсгийг хожуу тэмдэглэж сурсан. Тиймд чи минь ч бас сурч таарна.

Харин одоо бол хоёрдугаар ангийн сурагч Вася цээж бичгээр сайн дүн авдаг болж, бэрхшээлээ давжээ. Бараг хагас жил Вася дотуур байранд багшийндаа тусгай хичээл заалгасныг мэдэх хүн цөөн. Ширээний дэргэд суугаад, багштайгаа хамт үлгэрийн номыг дуу болгож дуулдаг байв. Ингэж Вася эгшиг үсгийн ертөнцөд нэвтэрсэн билээ.

- Эрт э-э-э урьды-ы-ын цагт! – гэх дуу өрөөний гаднаас сонсотдог байв.

Гуравдугаар сар. Нина цонхон доор нь ургадаг моносыг ширтэн сууна. Байгаль дэлхий дээрх хамаг бүхэн харилцан шүтэлцээтэй оршдогийг бодов. Хаврын улиралд хамтаар сэргэж, намар болоход навчаа гөвнө. Гэхдээ энэ моносын мөчир дээр ноднин жилийн хэдэн навч үлджээ. Яагаад цас, салхи, шуурга хийсгэж дийлсэнгүй вэ? Хатсан хуурай навчис хүрэнтэн үрчийгээд, сүлжилдсэн мөчрийн завсраар цухуйна. Моносын ёроолоор цас ханзарч, овоолсон шар навчис ил гарчээ. Удахгүй мод гөлөглөж, бүтэн ногоорч таарна. Хуучин навчаа эргүүлж мөчиртөө залахгүй.

Хүмүүс яагаад мод шиг амар байдаггүй юм бол? Улирч өнгөрсөн болгоноо модны ёроолд хэвтэх навч шиг орхичихгүй. Зарим үйл явдал тэр чигтээ ой тойнд хадаатай үлдэнэ. Гэгээлэг сайхан дурсамж байвал сайн хэрэг.

Багшийн сургуулийн оюутан байх үеэ саналаа. 18 ч хүрээгүй, гэрийн хажуугийн хуушуурын газарт түр ажиллаж байв. Егор ажлаа тараад дугуй жийсээр ирнэ. Бүсгүйг урдаа хөндлөн сундлаад, араас нь тэврэх шахан явах дуртай. Сунаж унатлаа ядардаггүй сэн бол ингэж явахыг зөвшөөрөхгүй сэн. Нэгэн удаа энгэрийнх нь ухлаадсыг өнгийж ширтээд байх шиг санагдсанд цүнхнээсээ нунтаг энгэсэг гаргаж нээгээд, залуу эрийг тонгоймогц нүүр өөд нь цацчихжээ. Жалга руу нисэн орж, хөл гараа шалбалсан ч хоёр биенийхээ үс толгой, нүүр амыг харан элгээ хөштөл хөхрөлдсөн сөн. Нина салж унасан өрөөсөн дугуйг өргөж, Егор ганц хойд дугуйн дээр нь чирж явсаар харьж билээ. Дугуйн гинж газарт чирэгдэх дуунаар айлын ноход хоолой мэдэн хуцалдаж байсан.

- За, боллоо. Сүүлчийн удаа чам дээр ирлээ.

Цэргийн зарлан ирсэн байжээ. Нина үдэн явуулж, зай чөлөөгүй захидлаар харилцах болов. Дараа нь Егорын нас барсан тухай мэдээг сонсоод итгэсэнгүй. Итгээгүй болохоор гэрт нь гүйж хүрчээ.

Жихүүцэм нам жим. Үүдний сэрүүн асарт хоёр сандал дээр цайрдсан авс тавиастай. Авсны гэгээвчээр эр хонгор царай нь үзэгдэв. Бүсгүй энэ аймшгаас зугтан, бушуухан эргэж алхсан ч гудамжинд унаад өгснийг хөршүүд нь олж, дамжлан өргөсөөр гэрт нь хүргэсэн аж. Үг дуугарахгүй, урагш ширтэн хэвтсээр байсанд эцэг нь халбагаар гөжин амыг нь нээгээд, шөл уулгах гэж үзээд барсангүй. Залгихгүй байжээ.

- Амьдар! – гэж эцэг нь хэлэв. – Битгий араас нь яв. Амьдар!

Гурав хоноод өндийжээ. Тэс өөр. Шархадсан шувуу. Эцэг нь харин ингэж хэлсэн:

- Зүгээр, зүгээр. Цаг хугацаа эдгээнэ.

Эцэг юу ярьж байгаагаа мэднэ. Байлдаж явсан хүн.

Бүсгүй хайртай хүнээ алдсан ч эцэст нь эвлэрсэн. Хувийн амьдралаа босгох гэж ч үзэв. Нурсан туурин дээр. Боссонгүй. Тэгээд алс бөглүү тосгонд багшилна гээд яваад өгчээ.

Харин хүүхдүүд сэтгэл бүлээцүүлэв. Тосгоны залуус ч анхаарлыг нь татах гэж үзнэ. Даанч бүсгүй нэг нүдээр харсангүй.

Ноднингийн навч шиг торж үлдсэн дурсамж нь амьд байлаа. Урин хавар айлчлан ирж, илчит наран ээх нь: Эргэн цэцэглээч! Намайг дуурайгаач! – гэх шиг.

Хаалга зөөлөн тогшив.

- Ор, ор. Онгорхой байгаа.

Хаалга нээгдэж, Алексей орж ирэв. Тосгондоо толгой цохих сайхан залуу. Араас нь нөхөр сүүдэргүй хүүхнүүд бүгд гүйлдэж, нөхөртэй хэд нь ч харц унагана. Дүн өвөл цэргийн нимгэн хувцастай буцаад ирсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн сургуулиас халагджээ. Зуны дадлагын ачааллыг даагаагүй аж. Сангийн аж ахуйд жолоочоор оров. Сүйлсэн бүсгүй нь хүлээлгүй нөхөрт гарсан тул хүүхнүүдэд итгэл алдарчээ. Бүргэд хар нүд, өндөр нуруу, хөнгөн алхаа, уянгат хоолой, цэмцгэр төрх, ялдам ааш нь бүсгүй хүний нүд сэтгэлийг баясгана.

- Та надтай уулзах ажилтай явна уу? – гэж Нина гайхасхийн асуув.

- Тэгж хэлж болно. Сүй тавих гэж ирлээ.

Ийм юм гэж байдаг аа? Сүй тавих гэнэ! Яалаа гэж? Халамж анхаарал тавьсан юмгүй, дөнгөж таних төдий атал сүй тавих гэнэ ээ! Саравчинд хашсан гунж байгаа ч биш. Олс толгойд нь углаад, чирээд явчих бололтой юм аа.

Нина тавгүйтэв.

- Та надад хайртай гэх гээд байна уу?

- Авгай нар яагаад хайр дурлал гэгчтэй тас зууралдаад байдаг юм бэ? Би дурладгаа дурлаад өнгөрсөн хүн. Үгүй ээ, би танд хайргүй. Гэхдээ гэрлэх санал тавьж байна. Насаар ч тохирно. Хоёуланд нь гэр бүл хэрэгтэй. Хүндлэл байхад болно. Би чамд сайн ханддаг. Чи царайлаг, ухаалаг, хүүхдэд хайртай, хүүхдүүд ч чамд хайртай. Тэгэхээр миний хүүхдүүд төрөхөд сайн ээж болно гэсэн үг. Манай хүүхдүүд. Чамайг би ашиглаад хаях гээгүй. Авгай минь болооч ээ гэж байна. Яваандаа бүтэхгүй ч байж магадгүй. Юу эс тохиолдоо билээ? Тэгвэл салчихна. Алдах юу байна? Чи 24-тэй, би 25-тай. Үзээд алдъя.

- Би ч чамд хайргүй шүү дээ!

- Тийм ч болов уу гэж бодсон. За, юу гэмээр байна? Ямар зөвшөөрсөн хариу өгөх гэж байна?

- Үгүй ээ. Ингэж нөхөрт морддог хүн байх уу?

Гэлээ ч цонхны цаана алтан наран гийж, моносын мөчир хүйтэнд шажигнахаа болиод хаврын зөөлөн салхинд илбүүлэн, эргэн тойрон өвлийн зүүднээсээ сэрж байлаа. Бүсгүй цэлмэг хөх тэнгэр, цэлгэр уужим тал, зах нь үл үзэгдэх хөх тариан талбайг ширтэн байснаа гэнэт толгой дохив.

- Үзээд алдъя.

Алексей баярлан инээмсэглэжээ.

- Сайн байна. Зөв шийдлээ!

Гэтэл Алексейн ах дүүс бүгд гэрт нь цугларчихсан, удахгүй болох хуримын тухай ярилцахаар Нинаг хүлээж суугаа болж таарлаа. Хуримын тов гармагц маргааш гэрлэх хүсэлтээ өгөх ёстой гэнэ.

Хагас сарын дараа найр хурим хийхээр болов. Энэ хугацаанд Алексей дотуур байранд өдөр алгасахгүй иржээ. Бараг юм ярихгүй, цонхны дэргэд сууна. Хааяа босож, тавиураас ном аваад уншина. Нина хичээлийн төлөвлөгөө бичнэ.

- Би чамайг өөртөө дасгаж байгаа юм. Тэгэхгүй бол хуримын ширээний ард танихгүй улс шиг суух болно шүү, - гэж залуу эр инээмсэглэн хэлэв.

Хот руу хамт явж, ёслолын хослол, даашинз гивлүүр авчээ. Алтан бэлзэг ч худалдан авав. Гэвч үл үзэгдэх ханаар тусгаарлагдсан янзандаа, ойр дотно болсонгүй.

- Би яг юу хийгээд байна вэ? Яах гэж? Оройтоогүй дээрээ татгалзаж болохгүй гэж үү?

Хурим өргөн дэлгэр, хөл хөгжөөнтэй өнгөрчээ.

Шөнийн 3 цагт бүх зочдоо амрааж хэвтүүлэв. Нинагийн эцэг эх дотуур байранд, Алексейн ах дүүс гэрт нь хонолоо. Эх нь арга тасарсан шинжтэй гар ширвэж:

- Та хоёрыг дотуур байрандаа үлдэнэ гэж бодсон. Зуны гал тогоонд ороод хоночих. Сэгсүүргэн дээл өгье. Алексей, чи пийшин галлачихна биз, - гэжээ.

Гүйцэд хайлаагүй цасан дээгүүр үстэй дээл чирсээр гал тогооны модон байшинд орвол нэвт сийгнэ. Алёша гал өрдсөн ч дулаацах янз алга.

- Би ядарч унах нь ээ. Хүлээж дийлшгүй.

- Одоохон, одоохон!

Гал тогооны буланд модон исэр харагдана. Гудас бамбайгүй юм. Алексей дээл дэвсэн өрөөлдөөд, өөрөө хүйтэн ханан талд хүрэмний товчийг задгайлан бүхлээрээ  хэвтэв. Нина даашинзаа ч тайлсангүй. Гивлүүрээ авлаа. Дэр байхгүй. Нөхрийн гарыг дэрлэн хажуулав. Алёша түүнийг чангахан тэврээд, үстэй дээлний хормойгоор сайтар тунтарч хучихад бүсгүйн сэтгэлд анх удаа зөөлөн дулаан мэдрэмж төржээ. Бартаат замаар гэлдрэн бүдчин явсаар одоо л зогсоолдоо ирэх шиг.

Хархүү унтаж чадсангүй. Эхнэрийн хучлагыг засаж, халамжилж, хамгаалж хонов. Харин Нина нөхөртөө санаа зовж, турь муутай гараа хүрэмнийх нь дотуур шургуулаад, нурууг нь алгаараа бүлээцүүлнэ. Модон байшингийн хана мөс шиг хүйтэн. Ийм маягтай хагас унтаа байдалд мансуурч хоноход сэтгэл зүрх элгэмсэн, өнөөх үл үзэгдэгч хана ч нуран унажээ.

Хожим нөхрөөсөө асуув. Яагаад тэр шөнө ойртъё гэж шалгаагаагүй юм бэ?

- Ийш тийшээ яарч байсан бил үү? Туулаад барах бүтэн амьдрал урд цэлийж байсан шүү дээ. Тэр модон орон дээр аймаар даарснаа ер нь санаж байна уу? Өвчин тусах гээ юу? Харин ч дурсахад аятайхан шөнө байсан.

Энэ үгэнд нь Нина их ичжээ. Хоёр хүүхдээ төрүүлчихээд байсан ч ичиж зовдог хэвээр...

Эргээд л хаврын урь орж, шинэ амьдралыг өдөөн итгэл төрүүлэхүйд дотуур байрны цонхон доорх моносын мөчирт ноднин намрын хатсан шар навчис чичигнэн бутарч байлаа. 

Зохиолч: Валентина Телухова 

Ашигласан зураг: Жюль Бастьен-Лепаж "Хөдөөх дурлал" 1882 он

Д.Оюунгэрэл

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.