Монгол Улсын анхны удам дамжсан гавьяат нисгэгч
Нисэх хэмээх их айлын оргил он цагийн тулах хана, туулах гүүр болон зогсож асан дайчин эрс эзэмшсэн мэргэжлээ хөвгүүддээ өвлүүлсэн тохиолдол цөөн биш. Хүүдээ онгоц жолоодох эрх өгөх нь хүний амь, итгэл хоёрын дунд тэнцвэр олон зогсох хариуцлагатай албыг амьдралын хэв маягтайгаа тэр чигээр нь өвлүүлнэ гэсэн үг.
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд:
-Хөлгүй тэнгэрт нисэх нь хувь заяаг тэнцүүлэх өндөр хариуцлага, Зориг, тэвчээр, авьяас, анхаарал нэг шугамд зэрэгцсэн хүнд алба-
Нисэх хэмээх их айлын оргил он цагийн тулах хана, туулах гүүр болон зогсож асан дайчин эрс эзэмшсэн мэргэжлээ хөвгүүддээ өвлүүлсэн тохиолдол цөөн биш. Хүүдээ онгоц жолоодох эрх өгөх нь хүний амь, итгэл хоёрын дунд тэнцвэр олон зогсох хариуцлагатай албыг амьдралын хэв маягтайгаа тэр чигээр нь өвлүүлнэ гэсэн үг.
Тэнгэрийн сорил, болгоомж, бахархал зэрэгцэн орших сонголт хийж, ижил хувь тавилан туулж, удам залгасан нисгэгч болсон эрхмүүдийн нэг нь Монгол Улсын Гавьяат нисгэгч У.Даравгар гуайн ууган хүү Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж. Түүний аав “Гавьяат нисгэгч” хэмээх цолыг Монгол Улс анх удаа олгож эхэлсэн 1965 онд Монгол Улсын Баатар, генерал Д.Гунгаатай хамт энэ шагналыг хүртэж, № 02 дугаартай үнэмлэх гардан авч байжээ. Харин хүү Д.Пүрэвдорж нь 34 жилийн дараа буюу 1999 онд Монгол Улсын Гавьяат нисгэгч цол хүртэж, Иргэний нисэхийн салбарт анх удаа “Удам дамжсан гавьяат нисгэгч” мэндэлж, аав хүү хоёрын ажил, амжилт удам залгасан нисгэгчдийн түүхээс ялгарч эхэлсэн байдаг.
Түүний бага нас нисэхийн хүүхдүүдтэй ижил агаарын хөлөгт дэндүү ойр өнгөрсөн. Өдөр, шөнөгүй нисэн, буух онгоцны бараанаар хэний аав агаарын замд гарч, хэний аав аэродромд газардаж буйг бүртгэн, онгоцонд шунан дурласан жаалуудын ихэнх нь “Том болоод нисгэгч болно” гэцгээдэг байжээ. Тэдний мөрөөдөл ч биелж зөвхөн Д.Пүрэвдоржийн дунд сургуулийн нэг ангиас Ишдоржийн Юндэнцэрэн, Аюушийн Дэлгэрбат, Гончигдоржийн Чулуунхүү зэрэг зургаан залуу нисгэгч болж байжээ. Зарим хүн хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлэх дуртай биш. Гэсэн хэдий ч Пүрэвдорж “Нисгэгч болно” хэмээн зорьж, мөрөөдлөө ч биелүүлж, 100 жилээр хэмжигдэж буй нисэх хүчний түүхийн сүүлийн хагас зуун жилд хамаарах замналыг бичилцсэн нэгэн.
Д.Пүрэвдорж 1970 онд Нисэхийн сургууль төгсөж, салбарын хаалгаар орж ирсэн бол өнөөдөр тэр мэргэжилдээ эзэн байх, ажилдаа сэтгэлээсээ хандахын үнэ цэнийг салбарын залуустаа ойлгуулсан, тэдний үлгэр дуурайл болсон, ажил, амьдралын арвин туршлагатай, өндөр ур чадвартай нисгэгч. Хамт олондоо үнэлэгдсэн дэндүү даруу салбарын ноён нуруу болсон ахмадын тоонд зүй ёсоор тооцогдох болжээ. Гавьяат нисгэгч нисэх байгууллагад 50 жил ажиллахдаа 37 жилд нь тасралтгүй ниссэн. Сүүлийн 13 жилд нь хуримтлуулсан туршлагаа залуустаа түгээж, нислэгийн аюулгүй байдлын манаанд зогсож, газрын ажил эрхэлсэн байна. Түүний нислэг 2009 онд зогсож тэтгэвэрт гарсан боловч салбар нь үнэ цэнтэй мэргэжилтний нэг Пүрэвдоржийгоо тийм ч амархан “суулгачихсангүй”. Гавьяат нисгэгчийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба дуудаж, долоон жил байцаагчаар ажиллуулсан бол дараа нь МИАТ компани дуудаж, 2020 оныг хүртэл Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба буюу Дотоод хяналтын албанд байцаагчаар томилсон байна. МИАТ компанийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба буюу Дотоод хяналтын алба нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) дүрэм, стандартыг яг таг хэрэгжүүлдэг.
Гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж онгоцны хар хайрцаг буюу, нислэг бүрийн бичлэгийг уншиж, судлан харьцуулж, агаарын хөлгийн экипажуудад гарч буй нислэгийн аюулгүй байдал, дүрэм журамтай холбоотой дутагдлыг шүүн тунгааж байв. Мөн цаг агаар, технологи, хувь хүнээс үүдсэн алдаа зэргийг ангилан ялгаж, Нислэгийн ерөнхий менежер, багш нисгэгчдэд зөвлөмж хүргүүлж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх шинэ дүрэм журам боловсруулж, түүнийгээ Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрэмд тусган хэрэгжүүлэх ажлыг эрхэлж байсан юм. ИКАО ийм дотоод хяналтын системтэй байх шаардлагыг дэлхийн бүх агаарын тээвэрлэгч компаниудад тавьж, МИАТ компани 2000 оны дунд үеэс энэ системийг нэвтрүүлсэн. Гавьяат нисгэгч газрын алба эрхэлсэн 13 жилийн хугацаанд хэд хэдэн удаа “бүр мөсөн тэтгэвэртээ суух” санал гаргасан ч салбар нь зөвшөөрөөгүй. “Энэ удаагийн шалгалтыг өнгөрөөе. Энэ жилийн үр дүнгээ үз” хэмээн хойшлуулсаар 2020 онд 72 настайд нь бүрэн тэтгэвэрт гаргажээ.
Гавьяат нисгэгчийн үеийнхэн, 1970-аад оны нисгэгч залуус азтай. Тэд эхлээд “Чи ямар ч онцгой, хүнд нөхцөл байдалд орж болно. Нисгэгчийн ажил амьдралд хэзээ ч хэрэг болохгүй байж мэдэх ч хүнд нөхцөлөөс гарах боломжит бүх аргыг автоматаар хийж чаддаг болтлоо онолоо цээжил” гэсэн ерөнхий зарчимтай Оросын нисэхийн онолоор хүмүүжсэн. Хожим нь “Энэ номыг чи өнөөдөр шалгалт өгөхийн тулд бүгдийг “ба бэ-гүй” цээжил. Би дүн тавиад өгнө. Гурван сарын дараа энэ номын хагас нь, эсвэл гуравны нэг нь тархинаас чинь арчигдана. Чи заримыг нь ой тоондоо суулгаж, зарим үед эргэлзэн буруу зөрүү тайлбарлаж болох ч тав, арван жилийн дараа гарцаагүй сайн мэддэг болсон байна. Гэхдээ чи ямар ч нөхцөлд, ялангуяа онцгой нөхцөлд номоо заавал харж үйлдэл хийх ёстой. Үүнийг харахгүйгээр, санаандаа орсон ямар ч үйлдлийг хийж болохгүй” гэсэн зарчимтай барууны нисэхийн онолд гаршсан. Оросын болон барууны агаарын хөлгийн арга барилын аль алинд дадлагажиж гаршсан ховор үеийнхэн.
Иргэний агаарын тээвэрт шинэ хувьсал явагдаж, нисэхүйн ухааны хоёр өөр онол “мөргөлдөж”, томоохон эргэлтийн цэг дээр зогсож байсан 1980-аад оны төгсгөл, 1990 оны мөчлөгийг Гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж “Өнгөрсөн 50 жилд манай салбарт маш том дэвшил гарсан. Техник технологийн хувьд хөгжиж, залуучууд ч мэргэжлийн хувьд маш их өслөө. Орчин цагийн агаарын хөлгүүд хэр баргийн хүнд нөхцөлд саатахгүй. Хаана ч бууж, хаанаас ч нисдэг болсон. Манай нисгэгчид дэлхийн хаана ч очоод нислэгийн үүрэг гүйцэтгэж чадах хэмжээнд очсон” хэмээн тодорхойлсон юм.
Жараад оны сүүлчээр дөнгөж нисгэгч болохоор ЗХУ-ын Сасово хотын Нисэхийн сургуульд очиход орос багш нь “Ирээдүйд онгоц автоматаар нисэж, автоматаар буудаг болно” гэж ярихад курсантууд орос, монголгүй бүгд л “Багш ёстой сайхан мөрөөдөж байна” гэж боддог байж. Багшийн хэлсэн үнэн байж, тэдний үеийнхэн барууны БОИНГ-727, БОИНГ-737 агаарын хөлгөөр нисэж, шинэ агаарын хөлөгт залуусаа сургаж амжсан. Гавьяат нисгэгч анх АН-24 онгоцоор нисдэг болчихоод “Аавын болон аавын өмнөх үеийнхэн ЗХУ-ын Яковлевын товчоонд үйлдвэрлэсэн ЯК загварын онгоцоор яаж нисэж байсан юм бол” гэж бодож байсан бол нислэгийн автомат төхөөрөмжтэй барууны тийрэлтэд онгоцонд шилжин ниссэнийхээ дараа “Бид АН-24 онгоцоор яаж нисдэг байсан юм бол. Орон нутагт АН-24 агаарын хөлгөөр ниссэн манай хэд үнэхээр мэдлэг чадвар байгаа бүхнээ шавхдаг байж” хэмээн бодож байсан гэдэг.
“Ниснэ гэдэг амар биш. Нислэг болгон өндөр үүрэг хариуцлагатай. Өөр хоорондоо адилхан нислэг гэж байдаггүй” тухай өгүүлсэн Д.Пүрэвдорж Оросын туршин нисгэгчийн хэлсэн “Нисгэгч болно гэдэг зүгээр нэг мэргэжил сонгох асуудал биш. Тэнгэрт амьдарч, тэнд ажиллана гэсэн чинхүү зорилготой байх ёстой. Та хэрвээ нисгэгч болсон бол нойр, хоолны дэглэм, цагийн менежмент, хувийн амьдралын төлөвлөлтийн талаар гэгээлгээр төсөөлж, гэр бүлээ авч аялах, амарч зугаалах асуудлыг мартах хэрэгтэй. Үргэлж шинийг сурч, үргэлж дэвших ёстой болно. Насан туршдаа суралцаж, сурснаа агаарт ч, сургалтын танхимд ч, тренажёр дээр ч шалгуулна. Жилд хэд хэдэн удаа шалгуулна. Ийм хүнд шалгалтууд агаарын хөлгөөс бүр мөсөн бууж, тэтгэвэрт гарах хүртэл үргэлжилнэ. Тэгж байж аюулгүй байдал яригдана. Нисгэгч болно гэдэг амьдралаа тэр чигээр нь нисэхэд зориулна гэсэн тангарагтай ижил” хэмээн хэлсэн үгийг онцлон дурдаад “Энэ бол нисгэгчдийн жинхэнэ үнэн төрх, амьдралын мөн чанарыг илтгэсэн, цаг хугацааны сорил дунд нотлогдсон үг” хэмээлээ.

Түүнийг 1967 онд Нисэхийн дунд сургуулийн хуваарийн төлөө өрсөлдөж, ЗХУ-ын Сасово хот руу Г.А.Тараны нэрэмжит Нисэхийн дунд сургуульд тэнцэн гэртээ бөөн баяр орж ирэхэд аав нь хүүгийнхээ мөрөөдлөө биелүүлсэн энэ агшинд итгэж чадаагүй гэдэг. Агаарын хөлөг залуурдаж, хөлгүй тэнгэрт ниснэ гэдэг нэг хүний мөрөөдөл биелж буй хэрэг биш. Олон хүний амь амьсгал, хувь заяаг тэнцүүлэн жолоодох өндөр хариуцлага. Зориг, тэвчээр, авьяас, анхаарал нэг шугамд зэрэгцэх хүнд албыг бие сэтгэлээрээ туулсан аавынх нь зүрхэнд баярын гэрэл асаж бас болгоомжлох бодол зурсхийн орж ирсэн байж болох... Гэвч хүү нь мөрөөдлөө ч биелүүлж, хариуцлага ч үүрэхээр шийджээ. Нисэхийн сургуульд Пүрэвдоржийн курсийнхэн Монголоос есүүлээ очсон аж. Тэр курсантаар сурч байхдаа үе үе дарга нарын анхааралд өртөж, орос багш нартаа хэд хэдэн удаа сүрхий шалгуулаад авчээ.
...Оюутны амьдралд дөнгөж дасаад хоёр, гуравхан сар өнгөрч байв. Өглөө хичээлдээ сууж, үдээс хойш хоолны дараа тусгай танхимд сууж хичээлээ хийх ёстой ч тэдний курсийнхэн очихгүй. Ангийнх нь Д.Оргодолоос бусад нь өрөөндөө бужигнаад өнждөг болов. Монгол группийнхэн танхимд ирж хичээл хийхгүй байгаа мэдээ багш нарын чихэнд хүрчээ. Хэд хэдэн удаа шахуулж, хэсэг сууж байснаа дахиад очихоо болив. Энэ мэдээ бүр сургуулийн захирлын сонорт хүрч, нэг өдөр ангийн багш нь “Та нөхдийг захирал өөрөө ирж шалгана” гэсэн хэл дуулгажээ. Ингээд “Өнөөдрийн жижүүр хэн бэ” хэмээн асуухад Д.Пүрэвдорж “Би” гэв. Багш нь түүнд сургуулийн захирлыг орж ирэхэд “рапорт өгөх” үүрэг оноов. “Рапорт” гэж юу юм, хэрхэн өгөх ёстойг мэддэггүй... Курсийнх нь Д.Жамсран Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд суусан учраас орос хэлтэй. Д.Оргодол нь ч оросоор сайн ярина. Д.Оргодол Пүрэвдорждоо “Эрхэм сургуулийн захиралд, манай группийн курсантууд хичээлдээ бүрэн сууж байна” гэж хэл хэмээн зааж өглөө. Оросоор хэлсэн хоёр гурван өгүүлбэрийг хэд давтан хэлээд дор нь цээжлээд байтал өргөн шар зураастай форм өмссөн, буурал толгойтой Напренко гэх баавгай шиг нөхөр ороод ирлээ. Курсантууд малгай толгойгоо тавьж бүгд бослоо. Д.Пүрэвдорж сургуулийн захиралд ёсолж, рапорт тавиад суужээ.
Хавар нь ЯК-18 онгоцоор анхны нислэгт гарав. Пүрэвдоржийн багш дөнгөж сургуулиа төгсөөд 2-3 жил багшилсан 23-24-тэй залуухан нисгэгч Черненко Михаил Николаевич. Шууд онгоцон дээр дагуулан очиж танилцуулга хийгээд, суулгаж аваад зоонд маягийн нислэг хийлгэв. Нисгэгч болон ард суугаа хүн хоёр бие биеэ харах боломжтой толь ЯК-18 онгоцонд бий. Толинд тусах багшийн харц Пүрэвдоржийг айж эмээж байна уу гэдгийг сорьж байх шиг... Багштай ниссэн гурван цагийн нислэг өндөрлөж, шүхрээ тайлаад онгоцноос буусан багш нь эргээд ирэв. Захирал нь “монгол курсантуудтай нисэж үзье” гэсэн бололтой. Бүр Д.Пүрэвдоржийг “онилжээ”. “Чамтай захирал ниснэ гэж байна. Чи битгий айгаарай. Надтай ниссэн шигээ нис” хэмээн захисан багшийн араас сургуулийн захирал шүхрээ барьсаар ирж, онгоцонд шүхрээ углав.
Ердөө тэр өдөр Черненко Михаил Николаевич багштайгаа ниссэн гурван цагийн нислэгийн туршлагаас өөр юу ч байхгүй Д.Пүрэвдорж ингээд сургуулийн захирлаа суулгаж аваад багшийн зааснаар, өөрийн сурснаар хэрэндээ хичээн нисээд буужээ. Захирал нь онгоцноос бууснаа “Энэ нөхөрт энэ удаа гурав тавьчих. Дараа нь яахав сайн нисэж сурна аа” гэсэн гэдэг. Эхний жилдээ ЯК-18 онгоцоор нисэж, нисэх эрхээ авсан курсантууд дараа жил нь АН-2 онгоц дээр суралцав. АН-2 онгоцны настайдуу багш Тришков хожим 1980-аад онд тренажёрын багш хийж байсан бол Пүрэвдоржийн залуу багш Черненко тэднийг төгссөний дараа том онгоцонд шилжиж, Свердловск хот, Москва-Улаанбаатарын олон улсын чиглэлд ниссэн. Ээлжит рэйсээр Улаанбаатарын аэродромд буусан багш нь сурагласаар яваад Пүрэвдоржтой уулзаж байжээ. Анхны нислэгээр ирэхдээ шавиа овгоор дуудах орос зарчмаар сураглахад тэр өдрийн диспетчер “нас барсан” гээд хэлчихжээ. Багш нь дахин ирэхдээ бүтэн овог нэрээр нь асууж байж тэд уулзсан аж.
***
Гавьяат нисгэгч Нисэхийн сургууль төгсөж ирээд курсийн нөхдийн хамт Ой, хөдөө аж ахуйн эскадрилийн дарга Г.Аюушийн мэдэлд хуваарилж, АН-2 онгоцон дээр дадлага хийж эхэлжээ. Нэг өглөө ажилдаа ирэхэд “Архангайн онгоцонд очоод сууж бай, тэнд хүний оронд ниснэ. Сар болж магадгүй шүү” гэсэн тушаал өгөв. Ингээд хамгийн анх АН-2 онгоцны дарга Жамбалдоржийн хоёрдугаар нисгэгчээр ниссэн бол дараа нь А.Чулуунбаатар, М.Шархүү, С.Ванчиндорж, Д.Батчулуун зэрэг цаг үедээ чадвартай багш-нисгэгчидтэй нисэж, 1970 оны намар Завханы Нисэх буудлын АН-2 онгоцны хоёрдугаар нисгэгчээр томилогдон З.Бороохой хэмээх өтгөн цагаан сахалтай гүндүүгүй онгоцны даргын мэдэлд очиж гурван жил ниссэн байна. Энд гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж 50 гаруй жил ханилсан гэргийтэйгээ танилцжээ. Энэ бол 1971 он. Тэр үед гэргий Ч.Огтоо нь аравдугаар анги дөнгөж төгссөн. Бүх ард түмний урлагийн их наадамд оролцсон ирээдүйтэй дуучныг аймгийн Хөгжимт драмын театр дуучнаар авчихсан байсан үе. Их урлагт хөл тавьж, Цэргийн дуу бүжгийн чуулгад олон жил дуулсан дуучин, нисгэгч хоёр ийнхүү Завханд гал голомтоо асааж, тэнд хөвгүүд нь мэндэлсэн гэнэ.
Гавьяат нисгэгч У.Даравгар гуай хүүдээ “Цалингийн ахиуг бодож их нисэх тухай бодоод хэрэггүй. Ажлаа л сайн хий. Ажлынхаа төлөө анхаарч явахад амьдрал чинь аяндаа болоод явчихна” гэж ганцхан юм захисан бөгөөд АН-2 хөнгөн онгоцоор арав гаруй жил ниссэн Пүрэвдорж С.Тамир, Д.Чодин, Д.Даштуан, Д.Насан зэрэг аваргуудаар багшлуулж, АН-24 онгоцонд шилжсэн аж. Хэдийгээр АН-24 онгоцонд шилжсэн ч авиахимийн нислэгийн ачааны хүндийг үүрэх залуу нисгэгчдийн нэгэн адил АН-2 онгоцонд дуудагдаж, хор цацах ажилд ч дайчлагдаж явсан байна. Улс ардын аж ахуйд АН-2 онгоц ашиглаж эхлэх үеэс ХАА-н яам, Ургамал хамгаалах станц, Агаарын харуулын алба (одоогийн Онцгой байдлын алба) Ой, хөдөө аж ахуйн эскадрильтай холбоотой ажиллаж, үер усны гамшиг, ган гачиг, цас зудын нөхцөл, хортон мэрэгчид устгах авиахимийн нислэгт тасралтгүй явж байсан үе. Ургамал хамгаалах станцын дарга Буянаа, Агаарын харуулын албаны Жамбал, Дэндэвдорж, Шагдаргүнтэв, Гочоо зэрэг мэргэжилтнүүд нисэхийн албан хаагч шиг болтол дасаж, байнгын холбоотой ажиллаж байсан аж.
***
Одоо ИНЕГ-ын хашаанд мөнхийн зогсоолд зогсож буй 6807 дугаартай АН-24 онгоц цаг үедээ хамгийн шинэлэг, тусгай тоноглосон Засгийн газрын тусгай экипажийн онгоц байжээ. Энэхүү агаарын хөлгийг С.Тамир, Д.Чодин, Ч.Нэргүй нарын багш-нисгэгчид даргалдаг байсан бол Д.Пүрэвдорж багш-нисгэгч Д.Чодингийн хоёрдугаар нисгэгч байжээ. Засгийн газрын экипаж төрийн өндөр албан тушаалтнуудыг томилолтын дагуу авч нисэх өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэнэ. Гавьяат нисгэгч Пүрэвдорж ч энэхүү нислэгийн үүргийг гүйцэтгэж Ерөнхий сайд Ж.Батмөнх, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, П.Жасрай нартай нисэж байжээ.
1988 онд Монгол Улс дайны хөлд үрэгдэн өнчин хоцорсон 30 орчим хүүхдийг Афганистанаас авчирч асрамжийн газар өсгөсөн билээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1983, 1986, 1988 онд Афганыг чиглэсэн нислэгүүд цөөнгүй хийгдэж, Монгол Улс хүмүүнлэгийн тусламж хүргэж байсан бол эдгээрийг тээвэрлэх ажил Засгийн газрын нэг, хоёрдугаар экипажид ногдож, АН-24, АН-26 загварын 14101, 3010, 6807, 3009 дугаартай агаарын хөлгүүд 5400 метр өндөрт 10 мянга гаруй км агаарын зам туулж, 3000 метрээс дээш өндөртэй уулаар хүрээлэгдсэн Афганистаны нийслэл Кабулын аэродромд бууж байсан гэдэг.
Дайтаж буй талын гол хүч өндөр ууланд төвлөрч, тэндээс агаарын хөлгүүдийг халуун мэдрэгчтэй пуужингаар харвана. Иргэний 20 орчим онгоц пуужингийн довтолгоонд өртсөн тул монгол экипажийн нислэгүүд хамгийн эрсдэлтэй, цаг хугацаатай өрссөн нислэгт тооцогдож байлаа. Кабулын нисэх буудалд онгоц ердийн буулт хийх боломжгүй. Агаарын хөлөг богино хугацаанд огцом эргэлт хийж газардах тул нисгэгчдээс ур чадвар, мэдлэг дадлага, тэсвэр хатуужил, хариуцлага шаардаж байсан аж. Хэзээ хаанаас ч пуужингийн довтолгоо ирж болзошгүй.
Замын хажуугийн гуу жалгаар хүний цогцос хэвтэх нь энгийн үзэгдэл болсон Кабулын цонх онгойлгох, гэрэл гаргахыг хорьсон битүү хар хөшигтэй зочид буудлаас ус ч олдохгүй тул Монголын Элчин сайд нисгэгчдээ гэртээ хооллоно. Элчингийнхэн “Өглөө ирэхэд чинь онгоц чинь байхгүй ч байж мэднэ. Нөхцөл байдал хүнд байгаа” тухай учирлаж байжээ. Тэднийг Кабулаас буцах өдөр Афганистаны тал зах маягийн худалдааны төвөө үзүүлж гэнэ. Уламжлалт хувцсаа өмссөн худалдаачнаас өөр хүнгүй шахуу эл хуль захаас нисгэгчдийг гараад ирэхэд гудамжаар дүүрэн автомат буу барьсан орос цэргүүд хамгаалалтад гарсан байжээ. Монгол экипажийнхан энд яваа сургаар аюулгүй байдлын хамгаалалт гаргасан бололтой юм. Ийм хүнд нөхцөлөөс гавьяат нисгэгч Д.Чодин даргатай, Д.Пүрэвдорж хоёрдугаар нисгэгчтэй АН-24 суудлын онгоц Афганистанаас өнчин хүүхдүүд тээвэрлэн авчирчээ.
Тусгай үүргийн нислэгүүд үргэлжилж, тэрбээр Налайхын уурхайд 1990 онд гарсан, олон зуун залуусын амийг авч одсон ослын үеэр онцгой үүргийн нислэг гүйцэтгэж, ОХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Эрхүүгээс ирсэн Оросын аврах ангийг Буянт-Ухаад авчирч байжээ. Мөн 1990 онд Монгол Улсад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкерийн өндөр хэмжээний айлчлалын багт үйлчилж, Өмнөговийн байгалийн үзэсгэлэнт газруудаар авч нисэж байв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа хийгдсэн АНУ-ын өндөр хэмжээний айлчлал дөнгөж эхлээд удаагүй Ирак, Кувейтийн дайн эхэлсэн тул Жеймс Бэйкер яаран нутаг буцсан ч дараа жил нь 1991 оны зун тэр дахин Монгол Улсад айлчилж, Д.Пүрэвдорж даргатай Засгийн газрын тусгай экипаж хоёр дахь удаагаа үйлчилсэн байдаг.
Жэймс Бэйкер анд дуртай аж. Түүнийг Өмнөговьд хүргэж, Дэлгэрхангай ууланд аргаль агнах тусгай аэродром байгуулж өгсөн ч тэрбээр аргаль, янгиртай таарсан хэрнээ “Улаан номд орсон амьтан буудахгүй” гэсэн юм гэдэг. Энэ айлчлалын үеэр Буянт-Ухаагийн Нисэх буудлын байгууламж дээр мэргэн буучид байрлаж, нисэхийнхнийг албан тасалгааны цонхоор харах, илүү дутуу хөдөлгөөн хийхийг хориглосон байв. Албаныханд үйлчлэх дотор ба гаднах хамгаалалт, гар утас, сансрын холбооны талаар ямар ч ойлголтгүй 1991 онд Монголын тал нутгаас хот, хөдөө, орон зайн хамааралгүй АНУ руу шууд холбоо барьж байсан Жэймс Бэйкерийн айлчлал, дагалдан явагчдын ажиллах арга барил айлчлалыг дуустал ажилласан монголчуудын сонирхлыг хамгийн ихээр татаж байжээ.
Мөн Гавьяат нисгэгч 1995 онд Японд болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, түүхий эд, бараа материал хүргэх тусгай үүргийн нислэгт Шадар сайд Л.Пүрэвдоржтой хамт явсан байдаг. Д.Пүрэвдорж гавьяат 1999 оны долдугаар сард Монгол Улсын Гавьяат нисгэгчийн шагналаа гардан авч байжээ. Тэр үед МИАТ компани өөрийг нь төрийн шагналд тодорхойлж буйг сонссон хэдий ч итгэлтэй байсангүй. Тэр том шагнал ирэхгүй ч байж мэднэ, надад хүнддэж ч магад хэмээн бодоод өнгөрчээ. Наадмын өмнөхөн гэртээ хүрээд иртэл курсийнх нь Дэлгэрсайхан (гавьяат нисгэгч) гэрт нь ирчихсэн, альбом ухчихсан сууж байх юм гэнэ. Тэгээд “Чиний цээж зураг хэрэгтэй, Төрийн ордонд аваад ир гэсэн” хэмээжээ. Монгол Улсын анхны удам дамжсан Гавьяат нисгэгч тодорсон энэхүү үйл явдлаас хойш 26 жил өнгөрчээ.
Харин Д.Пүрэвдорж “Миний аавын үеийнхэн, дээд үеийнхэн, миний үеийнхэн дотор ч маш сайхан нислэгтэй, ажилдаа эзэн болсон, залуу халаагаа чамбай бэлдсэн маш сайн нисгэгч, багш-нисгэгчид олон байсан. Тэд маань Гавьяат нисгэгч цолоо авч амжаагүй нас эцэслэсэн. Бодохоор гуниг төрдөг” хэмээн хүүрнэж байв. Нисэх хүчний түүхэнд нэрээ мөнхөлсөн түүний аав Монгол Улсын Гавьяат нисгэгч У.Даравгар 30 гаруй жил есөн төрлийн онгоцоор хоёр сая км цаг ниссэн бол Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж 37 жилийн турш 10 гаруй сая км агаарын зам туулж, 20 гаруй мянган цагийг агаарт өнгөрөөжээ.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.