Д.Жамбажанц: Суран эдлэлийг түгээн дэлгэрүүлж, Монголынхоо өв соёлыг дэлхийд таниулахыг зорьж байна
Доржбаярын ЖАМБАЖАНЦ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат. Бага наснаасаа морь унаж, аав ээждээ тусалж, жирийн малчин айлын монгол ахуйд өсөж хүмүүжсэн. 23-хан настай, “GenZ” үеийн төлөөлөл энэ залуу “Гүрж сүлжээс” сургалтын төвийг үүсгэн байгуулагч, ХААИС-ийн оюутан. “Манай “GenZ” залуус дуртай зүйлдээ маш тууштай сурч, хөдөлмөрлөдөг чадварлаг үе шүү” хэмээн үеийнхнээрээ бахархан ярьж байна. Ингээд “Гүрж сүлжээс” сургалтын төвийг үүсгэн байгуулагч Д.Жамбажанцтай ярилцлаа.
Доржбаярын ЖАМБАЖАНЦ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат. Бага наснаасаа морь унаж, аав ээждээ тусалж, жирийн малчин айлын монгол ахуйд өсөж хүмүүжсэн. 23-хан настай, “GenZ” үеийн төлөөлөл энэ залуу “Гүрж сүлжээс” сургалтын төвийг үүсгэн байгуулагч, ХААИС-ийн оюутан. “Манай “GenZ” залуус дуртай зүйлдээ маш тууштай сурч, хөдөлмөрлөдөг чадварлаг үе шүү” хэмээн үеийнхнээрээ бахархан ярьж байна. Ингээд “Гүрж сүлжээс” сургалтын төвийг үүсгэн байгуулагч Д.Жамбажанцтай ярилцлаа.
-Суран эдлэлийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Би малчин айлын хүүхэд. Багаасаа аавыгаа, ахыгаа сур сүлжиж, юм хийж байхыг нь хажуунаас нь харж, сурч, тусалж өссөн. Хөдөөний малчин ах, эгч нар маань сур элдэж, суран эдлэлээр гангарна. Энэ бүхнээс суран эдлэлээр гангарах хүсэл, эрмэлзэлдээ хөтлөгдөж байлаа.
Ахуйн хэрэгцээнээс эхлээд зун гүү барих үед унаганы ногт зангидана. Уяа морины хазаар тасрахад алд гаран сур элдэж, хазаар зангидна. Аав, ээжийн минь бага наснаас зөвлөж, сургаж өгсөн энэ зүйлүүд намайг суран эдлэл хийх дуртай болгосон. Ингээд суран эдлэлийн эрдмийг өвлөж авсан даа.
-Сураар эдлэл хийж, бизнес эрхлэх санаа хэрхэн төрсөн бэ?
-Би Улаанбаатар хотод ХААИС-ийн мал эмнэлгийн ангид оюутан болж ирлээ. Ах маань надад дурангийн гэр өгсөн юм. Дурангийн гэрээ сураар тоноглоод хэрэглэж байтал хүмүүс “Надад зарчих, худалдаж авъя” гэж гуйлаа. Нэг ч биш хоёр, гурван хүн үнэ хаялцаад, би дурангийн гэрээ 120 мянган төгрөгөөр анх зарлаа. Үүнээс хойш “Аав, ээжээсээ хэдэн төгрөг авахгүйгээр дурангийн хэдэн гэр авч тоноглоод зарвал болох юм байна гэсэн санаа эндээс төрсөн. Ингээд зах дээрээс дурангийн гурван гэр аваад, тоноглоод зарлаа. Үүнээсээ урам аваад, нойр ч хүрэхгүй, шантрахгүйгээр сураар гоёмсог эдлэл хийж эхэлсэн. Сүүлийн зургаан жил дагнаж суран эдлэлээр “Морьт Монгол суран эдлэл” брэндийг үүсгэсэн юм. Суран эдлэлийн бүтээгдэхүүнээ 21 аймаг, гадаадын дөрөв, таван улс руу борлуулсан.
-Сураар хэчнээн төрлийн эдлэл хийж байна. Манайхан захиалга их өгч байна уу?
-Сураар ногт, чөдөр, ташуур, хазаар, хөмөлдөргө,хударга, бугуйл, хуй, толгойн гоёл, хормойн боолт, сур харваачдын агсуурга, зүүлт, цүнх гээд төрөл бүрийн эдлэл хийдэг.
Манайхан ихэвчлэн гангарах чиглэлээр хазаар, хөмөлдрөг, хударга худалдаж авна. Мөн айл гэрт байх багц сонирхоно. Айл гэрт хазаар, алд сур, сухай модон ташуур байх ёстой гэдэг. Хазаар нь айлын амгалан тайван байдал, эв найрамдлыг бэлгэддэг. Өрхийн тэргүүн ёс жудагтай, буурь суурьтай байхын бэлгэдэл бол хазаар юм. Алд сур маань айл гэрийн эд хөрөнгийг хамгаалж, хадгалдаг, эд хөрөнгө, дуудаж, орлого арвин байхын бэлгэдлийг дууддаг учир эртнээс авдартаа хадгалж ирсэн байдаг. Сухай модон ташуур нь ороолгосон морь шиг ухасхийж, ажил нь үргэлж бүтэж, дээшээ дэвшиж байхын ерөөлтэй. Сухай мод нь өөрөө аянга цахилгаанаас хамгаалж, хэл ам дардаг бэлгэдэлтэй.
Бүтээгдэхүүнийг маань гадаадад байгаа Монголчууд их захиалдаг юм. Миний хувьд бүтээгдэхүүнээ хийх материалыг үргэлж бэлэн байлгадаг.

-Нэг хазаар хийхэд хэдий хэмжээний сур орох вэ?
-Ямар суран хазаар хийх загвараасаа шалтаалж янз бүр. Дээр үед энгийн суран хазаар хийхэд нэг алд сур ордог байсан. Харин өнөөдөр хийц, загвараасаа шалтгаалаад бүрэн хэмжээний хазаар хийхэд долоон алд сур орно.
-“Гүрж сүлжээс” суран эдлэлийн онлайн сургалт явуулж байна. Суран эдлэлийн сургалтад аль насныхан илүү хамрагдаж байна вэ?
-Сүүлийн есөн сарын хугацаанд “Гүрж сүлжээс” суран эдлэлийн онлайн сургалтыг хичээллүүлж байна. Суран эдлэлийг зөвхөн өөрөө үйлдвэрлэхээс илүү бусдадаа зааж, сургаж, өв уламжлалаа сэргээн идэвхжүүлэхийг зорилоо. Өнөөдөр малын арьс шир үнэгүйдэж, өв уламжлал маань бүдгэрч байна. Үүнийг залуус бид сэргээх хэрэгтэй. Хөдөөнийхөн маань өнөөдөр сур, суран эдлэлээ эдэлж, хэрэглэхгүй байна. Тиймээс бид суран эдлэл хэрхэн хийхийг зааж, сургахаар сургалтаа явуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 1200 гаруй хүн бүртгүүлэн суралцаж байна. Есөн настай балчраас эхлээд сонирхож сурч байгаад би их баяртай байдаг. Эмэгтэйчүүд, тэтгэврийнхэн, харуул хамгаалалтынхан, уурхайд ажиллаж байгаа хүмүүс , GenZ үеийнхэн гээд нас харгалзахгүй, сонирхсон хүн бүхэн сурч байна.
Суран эдлэлийн сүлжээс гэхээр хөдөөний залуус илүү сонирхоно гэж ойлговол өрөөсгөл. Сурахыг хүссэн хэн бүхэн сонирхож, сурч байна. Гадаадад байгаа монголчуудаас хүртэл бүртгүүлэн суралцаж байна. Бүтээгдэхүүнээ шуудангаар захиалаад авна. Суран материал, хэрэглэгдэх зүйлсийг санал болгож, зах зээлийн ханшаас хямдаар бэлтгэж өгдөг. Сурыг гар аргаар бэлдэх технологийг зааж өгдөг. Гэхдээ гоёл чимэглэлийн зүйлийг үйлдвэрийн сураар хийнэ.
Манайхан цахим сургалтаар сурсан зүйлээ суран эдлэлээ хийж, бие биедээ зөвлөж, туршлагаа хуваалцдаг.
-Сургалт ямар хугацааг хамардаг вэ?
-Манай сургалт бүтэн жилийн хугацаанд үргэжилнэ. Нэг удаад 69 мянган төгрөгийн төлбөр төлнө. Ингээд нэг жилийн хугацаанд олон төрлийн суран эдлэл хийж сурах юм.
Би нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн хүмүүсийг “Гүрж сүлжээс” сургалтдаа үнэ төлбөргүй хамруулж, сургаж байгаа. Тэд сурах их сонирхолтой, сураар юм хийж сурснаар бага ч гэсэн орлоготой болох боломжтой.
-Сурны олдоц хэр байдаг вэ?
-Сураар янз бүрийн зүйл хийх, сургалтаа явуулж байх явцдаа өөрийн гэсэн цехтэй болох зорилт тавьсан. Учир нь үйлдвэрлэл явуулахад шаардлага хангасан сур олдоцгүй байдаг.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Аав, ээж нь юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-Би айлын бага, дээрээ нэг эгчтэй. Аав, ээж минь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин. Аав минь надад багаас “Хүн хуурч болохгүй. Хүний юм авч болохгүй. Хүнтэй муудаж болохгүй” гэдгийг л маш их захиж ирсэн дээ.
-Адуучин аавын хүү багаасаа хурдан морь унасан уу?
-Манай Төв аймгийн Баян-Өнжүүл суманд Хангайн наадам зохиогддог байлаа. Таван настайгаа даагаа унаад уралдлаа. Уралдаан дагаад машинтай явж байсан манай хамаатнууд хажуунаас “Жамбаа, ороолго, ороолго...” гэжээ. Тэгсэн би хажуу тийшээ харснаа “Миний ам цангаад байна аа...ундаа ууя аа...” гэсэн гээд манайхан хамаатнууд таарах болгондоо ярьдаг юм.
-Төв аймаг Улаанбаатар хоттой хамгийн ойр нутаг. Тиймээс ч зун жуулчны компаниуд малчны хотоод жуулчдаа дагуулан явж, монгол өв соёлыг харуулдаг. Танайд зундаа холын гийчид зочдын хөл их үү?
-Манайхаар зундаа жуулчид их ирнэ. Жуулчны компаниуд монгол ахуй, малчин айлаар оруулна гээд хонуулаад гаргадаг юм.
-Гадаадын жуулчид суран эдлэл сонирхож байна уу?
-Их сонирхоно. Би энэ зун жуулчдад суран эдлэлийг танилцуулж, таниулж, хагас өдрөөр зааж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Сураар маш гоё эдлэл хийдэг залуус олон байгаа. Тэдэнтэй ярилцаад жуулчны кэмпүүдэд очиж, гадаадын жуулчдад таниулах өгөх төлөвлөгөөтэй байна.
-ХААИС-ийн оюутан Д.Жамбажанц сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу. Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Суран эдлэл бол үндэсний өв соёл. Энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр улам хэчээн суралцана гэсэн зорилготой байна. ЕБС-ийн хүүхдүүдэд суран эдлэлийн сургалт явуулах зорилготой байна. ЕБС-ийн дүү нар маань аав ээжтэйгээ зүй бус харьцах үзэгдэл харагддаг. Дүү нартаа эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эхлээд үндэсний өв соёлоо сургахаас эхэлнэ гэж би боддог. Тиймээс багаас нь сур, суран эдлэлийг зааж, тэсвэр тэвчээрт сургаж, юмхнаар юм хийж болдгийг өөрсдөөр нь хийлгэж үзүүлэх хэрэгтэй. Сураар янз бүрийн эдлэл хийснээр буурь суурьтай болно. Сэтгэн бодох чадвар сайжирна. Хүнтэй зөв харьцаж сурна гээд маш олон чадварыг цогцоор нь сургана.
Би энэ хавар их сургуулиа төгсөнө. Тиймээс ирэх намраас ЕБС-иудад улирал, улирлаар нь суран эдлэлийн хичээл заах төсөл боловсруулж, хүүхдүүдэд зааж сургах төлөвлөгөөтэй байна. Хүүхдүүдэд сураар юм сүлжиж, зааж сургаснаар гар утасны хэрэглээ багасна.
Залуус маань өв уламжлалаа тээе гэсэн зорилго их өвөрлөж байна. Тиймээс ч манай “Гүрж сүлжээс” сургалтад залуус, охид хичээллэж байна.
Цаашдаа суран эдлэлээ түгээн дэлгэрүүлж, дэлхийн зах зээлд Монголын брэнд болгон таниулахыг зорилго өвөрлөж байна.
-Үе тэнгийн залуустаа хандаж юу гэж уриалмаар байна.
-Залуус бид “Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Тиймээс “Авч биш урлаж гаргацаая” гэж уриалмаар байна.
Н.Энхбат