Ээжээс өвлөсөн мэргэжлээрээ Харвардад хүрч, төрийн түшээ болсон түүх
“Монголын үнэн” сонин шинэ цагийн, залуу манлайлагчдыг нэрлэн, тэдний амжилтын түүхийг хуваалцах үүднээс “Залуу лидер” буланг эхлүүлж байна. Энэ удаад Харвардад докторын зэрэг хамгаалсан хоёрхон монгол хүний нэг, уул уурхайн салбарын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн, Байгалийн ухааны доктор Б.Уянгыг онцолж байна.
“Монголын үнэн” сонин шинэ цагийн, залуу манлайлагчдыг нэрлэн, тэдний амжилтын түүхийг хуваалцах үүднээс “Залуу лидер” буланг эхлүүлж байна. Энэ удаад Харвардад докторын зэрэг хамгаалсан хоёрхон монгол хүний нэг, уул уурхайн салбарын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн, Байгалийн ухааны доктор Б.Уянгыг онцолж байна.
-Олны мэдэхээр та бол МАН-ын Удирдах зөвлөлийн залуу гишүүдийн нэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, УИХ-ын гишүүн. Тэгвэл хувь хүн талаасаа та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?
-Өөрт оногдсон ямар ч ажлыг маш сайн гүйцэтгэлтэйгээр давж гарахад хамаг сэтгэл зүрхээ зориулдаг хүн. Тэр дундаа улс төрд яваа эмэгтэй хүний хувьд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх, ноогдсон ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулдаг. Эмэгтэйчүүд бол маш их гүтгэлэг, хардалт дунд үйл хэргээ бүтээдэг улс. Гэсэн хэдий ч зорьсон ажилдаа цаг гаргаад, зөвөөр таниулаад явахад бүтэх ёстой гэж бодож явдаг ажил хэрэгч эмэгтэй. Гурван хүүхдийн ээж, айлын эхнэр хүн. Нөхөртөө сайн хань, үр хүүхдүүддээ сайн ээж нь байхын төлөө чадах чинээгээрээ хичээж, хамтран зүтгэж яваа нөхдийнхөө итгэлийг дааж явахад болно гэж боддог.
-АНУ-д, тэр дундаа дэлхийн топ сургууль Харвардад суралцсан түүхээсээ бидэнтэй хуваалцана уу?
-Би 2010-2016 оны хооронд АНУ-д Харвардын их сургуульд зургаан жил сурч, байгалийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Бакалаврын боловсролыг Монголдоо буюу ШУТИС-д Геологи, уул уурхайн сургуульд сурч үндсэн мэргэжлээ эзэмшсэн. Геологийн шинжлэх ухаан бол байгалийн ухаан дундаа газрын хэвлий буюу хөрснөөс дооших орон зайг судалдаг мэргэжил л дээ.
Миний ээж чулуулгийг нарийн түвшинд нь судалдаг эрдэмтэн хүн байгаа юм. Миний хувьд ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн гэсэн үг. Мэргэжил сонголтын тухайд өнөөгийн нөхцөлийг харахаар дунд сургуулиа төгсөж буй залуучууд Монголдоо бакалаврын боловсрол эзэмшилгүйгээр шууд гадагшаа явах хүсэлтэй болж.
Өөрийнхөө хүүхдийг харахад ч ийм хандлагатай болчихож. Миний хувьд энэ тухайд өөр бодолтой байдаг. Учир нь манай улсын их, дээд сургуулийн боловсролын чанар муу биш, хаана ч гологдохгүй. Багш сайн байхад сургалтын чанар муу байх ямар ч боломжгүй. Үүнийг амьдралаараа баталсан хүний нэг нь би өөрөө юм. ШУТИС бол дэлхийн хэмжээнд төдийлөн алдартай сургууль биш. Тийм байхад миний хувьд жишээлбэл АНУ-д, Харвардад суралцахаар шалгалт өгч байх үедээ нэг зүйлийг анзаарсан нь миний Монгол Улсдаа эзэмшсэн бакалаврын суурь боловсрол ерөөсөө гологдохоор хэмжээнд биш юм байна гэдгийг өөрийн биеэр үзэж, мэдэрсэн. Маш олон шалгалт, шат дамжлага даваад Харвардад тэнцэж орсныхоо дараа хичээлүүдээ үзээд эхлэхэд ч манай улсын сургалтын систем муу биш юм байна гэдэгт бат итгэлтэй болсон. Хаана ч явсан ШУТИС гэдэг нэрээр овоглосоор энэ хүрч байна.

Ерөөсөө бакалаврын дипломоо хаана хамгаалж, боловсрол эзэмшсэн бэ гэдгээр насан туршдаа овоглож явдаг. Одоо эргээд бодоход ямар азаар Монголдоо, тэр дундаа ШУТИС-д бакалаврын боловсрол эзэмшсэн юм бэ гэж бодогддог. Хаана ч явсан манай сургуулийнхан, төгсөлтийнхөн ажиллаж, салбараа манлайлж явдаг. Ээж маань салбарын эрдэмтэн учраас “түүний охин”, нөхөр маань мөн энэ салбарынх учраас “түүний эхнэр” гэх мэтээр бүхэл бүтэн хүрээлэлтэй. Энэ нь нөгөө талдаа намайг салбартаа хүлээн зөвшөөрөгдөхөд маш том хөшүүрэг, дэмжлэг байсан. Тиймээс дунд сургуулиа төгсөж буй залуучууд хүүхдүүд маань эхлээд эх орондоо суралцаж, суурь боловсролоо эзэмших нь хамгийн сайн сонголт байж ч болох юм шүү гэж хэлмээр байна. Ядаж эхний хоёр жилдээ Монголдоо сурч, хүмүүжиж, найз нөхдийн хүрээлэлтэй болох нь хожмын амьдралд тань томоохон дэм, хөшүүрэг болдог юм шүү. Дараа нь гадагшаа сурч боловсрох бүрэн боломж бий шүү дээ. Хамгийн чухал нь хаана ч сурч боловсорсон эргээд заавал эх орондоо ирж ажиллаж, амьдрах хэрэгтэй шүү гэдгийг онцолъё.
Харвард бол дэлхийн номер нэг сургууль гэдэг утгаараа маш хүнд шалгуур, давааг давж байж элсэж байсан юм. Тухайн үед хүмүүс “Ямар азтай юм бэ” гэдэг, би өөрөө ч азтай учраас ийм шилдэг сургуульд элсэн суралцаж байна гэж боддог байлаа. Гэтэл яг үнэндээ аз зүгээр сууж байхад ирдэггүй. Маш олон хоногийн нойр, хичээл зүтгэл, чармайлтын үр дүн байж таарна шүү дээ.
Одоогийнх шиг технологи хөгжөөгүй учраас бүх зүйл дээр бүтээмж шаардана. Эссэгээ гараар бичихээс авахуулаад олон өдөр хоногийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд дэлхийн топ сургуульд орж чадсандаа одоо бахархдаг.
Тэр дундаа өөрийн эзэмшсэн бакалаврын боловсролыг байгаль орчны чиглэлээр улам гүнзгийрүүлэн суралцах боломжтой болсноор зургаан жилийн хугацаанд шамдан суралцаж байж докторын дипломоо гардсан байдаг. Ер нь Монгол Улсаас Харвардад докторын зэрэг хамгаалсан хоёр л хүн бий.
Эхнийх нь антрополигич эмэгтэй бий. Хоёр дахь нь би. Ямартаа ч ингэж докторын түвшний судалгааг хийж, Харвардад монгол хүн сурч боловсрох замыг эхлүүлж шан татаж, бас дуусгаж чадсан. Цаашдаа олон монгол хүн энэ сургуульд сурч, дэлхийн түвшний боловсол эзэмшинэ гэдэгт итгэлтэй байдаг.

-Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт тань юу вэ?
-Том хүүгээ төрүүлсэн маань миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтын нэг гэж итгэлтэйгээр хэлнэ. Гадаадад сургуульд явахаасаа өмнө ээж болсон хэрэг л дээ. Тухайн үед гадагшаа сургуульд явах том боломжтой зэрэгцэж ирсэн хүүгээ тээж төрүүлэхээр шийдсэн маань гэр бүлийн амьдралаа алдахгүй авч явах хамгийн чухал шийдвэр, алхам байж дээ гэж одоо боддог. Хэрвээ би тухайн үед гэр бүл зохиогоогүй, хүүхэд төрүүлээгүй байсан бол магадгүй тэр чигээрээ ганц биеэр явчих байж дээ гэж боддог юм. Харвардад зургаан жил сурсныхаа дараа Японд очиж ажилласан л даа. Тиймээс ийм завгүй хэмнэл дунд гэр бүлийн амьдралыг хойш тавих, дахиад хоёр хүүхэд төрүүлэхгүй байсан болов уу. Тэгэхээр хүүгээ төрүүлж, хувийн амьдралаа зэрэгцүүлж авч явах эхлэл суурь нь хүү маань байсан нь гарцаагүй учраас хамгийн зөв сонголт гэж хэлнэ. Хувь хүн талаас хамгийн зөв сонголт маань энэ байсан. Ажил талаасаа ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн маань миний амьдралдаа хийсэн зөв сонголтуудын нэг гарцаагүй мөн. Намайг дунд сургуулиа төгсөх үед 2-3-хан мэргэжлийг л топ гэж үздэг, бүгд л аль нэгийг нь сонгодог байлаа шүү дээ. Тоонд сонирхолтой байсан учраас эдийн засагч болно гэж боддог байсан л даа. Тухайн үед гайгүй сурдаг хүүхдүүд эдийн засагч, хуульч, эмч гурвын нэгийг сонгодог байлаа. Эмч мэргэжлийг бол сонирхоогүй, үлдсэн хоёр сонголтыг сонирхож байсан ч багаасаа ээжийгээ харж, мэргэжлийг нь сонирхож өссөн учраас уул уурхай, байгаль орчны чиглэлээр суралцах сонголтыг хийж байлаа. Ээж маань судлаач хүн учраас аливаа зүйлийг тайлбарлаж өгөхдөө шинжлэх ухаанчаар хандаж, ойлгуулдаг байсан юм. Тэр зан нь надад их нөлөөлсөн учраас ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн гэж боддог юм. Энэ нь эргээд өнөөдөр миний амьдралыг тодорхойлох суурь том сонголт байсан.
-Гурван хүүхэдтэй ээж хүний хувьд ажил, амьдралын тэнцвэрийг хэрхэн хангаж байна вэ?
-Өөр сонголт байхгүй гэдэг үүднээс бүх зүйлээ зохицуулж амьдардаг. Хүүхэд төрүүлсэн бол өсгөх ёстой, сургуульд орсон бол төгсөх ёстой гэдэг хандлагатай. Надад өөр сонголт байхгүй гэж бодох нь амар байдаг л даа. Яаж ийгээд л гаргалгаа нь гараад ирдэг. Өглөө ажилдаа явахаас өмнө хүүхдүүдээ хооллож, угаалгын машинаас хувцсаа гаргаж тохдог зураг шиг угаасаа л амьдрал ийм, болгох л ёстой гээд хүлээн зөвшөөрчих нь илүү амар гэж боддог. Мэдээж улс төрд яваа эмэгтэйчүүдийн хувьд нөхрийн дэмжлэг маш чухал. Тиймээс хань ижилтэйгээ маш сайн ойлголцоно. Миний хувьд бол ээжийгээ л маш завгүй амьдруулж байна даа. Хожим хоёр охиныхоо хүүхдийг харна л гэж боддог. Хийх ёстой бол хийнэ.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим?
-Цаг маш сайн барьдаг. Цагийн юм цагтаа. Энд тэнд очоод хүн хүлээгээд байх дургүй. Бусдын цагийг хүндэтгэдэг байх хэрэгтэй шүү дээ.

-УИХ-ын гишүүн болохоос өмнөх таны карьертай танилцъя?
-УИХ-ын гишүүний ажил бол сонгуульт албан тушаал шүү дээ. Одоо эргээд бодоход миний сонгуульт ажил их эрт эхэлсэн гэж боддог. ШУТИС-ийн гуравдугаар дамжаанд суралцаж байхдаа сургуулийнхаа Оюутны холбооны тэргүүнээр сонгогдож байлаа. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүний албыг бүтэн жилийн хугацаанд хашсан. Тухайн үед манайх 13 салбар сургуультай, сургууль бүр нь Оюутны зөвлөлтэй байсан юм. Ингээд үндсэндээ мини Засгийн газрын зарчмаар ажилладаг байлаа. Улс төрд явах бэлтгэл суурь ингэж, оюутан байхдаа тавигдсан гэж үздэг. Оюутны холбооны тэргүүнээр ажиллахад мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ, илтгэлээ тавина, сонгогдоно. Ажлаа хүлээлгэж өгөхдөө тайлангаа тавина гээд бүх процесс сонгуулийн зарчмаар өрнөдөг.
Би одоо ажлынхаа хажуугаар оюутан залуучуудтайгаа их уулздаг л даа. Ингэхдээ “Та бүхэн минь хичээлдээ шамдан суралцахаас гадна нийгмийн идэвхтэй байгаарай, олон нийтийн ажилд аль болох оролцдог байгаарай” гэж захидаг. “Үнэн” сонины уншигч залуучууд маань ч гэсэн зөвхөн ном шагайхаас гадна хүмүүст өөрийгөө ойлгуулж сурахын тулд нийгмийн идэвхтэй байгаарай гэж хэлэх байна. Миний хувьд аль эрт буюу 20 настай байхаас сонгуульт ажлын суурь тавигдаж байж дээ гэж боддог. Сургуулиа төгсөөд салбартаа, хувийн хэвшилд 2010 он хүртэл “Монголиан Минерал Эксплорэйшн Саппорт” ХХК болон “Рио Тинто Монгол” ХХК-д судлаач геологичоор ажиллаж байгаад АНУ-д суралцахаар явж байсан юм.
Харвардад зургаан жил суралцаж төгсөөд шууд Японд очиж байв. Японы Токиогийн их сургуулийн шинжлэх ухаан, одон орны судлалын тэнхимд судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирсэн юм. 2020 онд Монголд ирснээсээ хойш ШУТИС-д, дараа нь 2020 оноос хойш төрд ажилласан байна. Үндэсний геологийн албанд дэд дарга, ерөнхий геологичоос Уул Уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Геологийн бодлогын газрын дарга, тус яамныхаа Сайдын зөвлөх, Дэд сайдаар ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтад багтсанаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Хувийн хэвшилд төдийгүй төрийн байгууллагад ажилласан туршлагатай. Одоо бол хууль тогтоох байгууллагад ажиллаж байна.
УИХ-ын гишүүн бол төрийн захиргааны ажлаас өөр буюу энд нэг хүний шийдвэр гэж байхгүй. Дандаа хамтын шийдвэр гардаг. Өөрийнхөө үзэл бодлыг нээлттэй хэлж ярьж байж мэтгэлцээний зарчмаар хэлэлцэж зөв шийдвэр гарах ёстой. Миний суурь хүмүүжил бол аливаа асуудлыг дангаар бус дор хаяж хоёр ба түүнээс дээш буюу олуулаа ярилцаж байж шийдэл гаргах нь илүү үр дүнтэй гэдэгт итгэлтэй байдаг. Энэ ч утгаараа 2024-2028 оны парламент 126 хүний бүрэлдэхүүнтэйгээр, хамтын шийдвэр гарган ажиллаж байна. Үүнээс өмнө Ажлын хэсэг дээр мэргэжлийн судлаачдын оролцоотой маш их хэлэлцүүлэг өрнөдөг. Ингэж байж Байнгын хороо, цаашлаад чуулганаар аливаа шийдвэр эцэслэж гардаг. Гэтэл энэ бүх процессын ердөө арав хүрэхгүй хувь нь л нийгэмд гарч, мэдээлэгддэг. Миний хэлэх гэсэн санаа бол аливаа хууль, тогтоомж УИХ-аар эцэслэгдэж гарахдаа тийм ч амархан гарчихдаггүй. Мэргэжлийн баг хамт олон, олон шат дамжлагаар, тал бүрээс нь хэлэлцэж ярилцаж байж эцэслэдэг гэдгийг хэлэх гэснийх. Ерөөсөө парламентын үйл ажиллагааг шүүмжлэх амархан. Гэтэл цаана нь хамтын тогтлолт өрнөдөг юм шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.

-МАН-ын жагсаалтад орох саналыг анх хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Миний ээж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат хүн. Аав маань Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат. Хоёулаа л уул уурхай хөгжсөн нутаг. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө би Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан үе л дээ. Дэд сайдаар ажиллах гэдэг бол улс төрд орох замналаа эхлүүлээд явж байна гэсэн үг гэдгийг би хувьдаа ухамсарлаж байсан л даа. “Чи өөрөө энэ салбарын хүн учраас уул уурхай хөгжсөн, ээжийнхээ төрсөн нутаг Өмнөговьд ажиллаад ир” гэдэг даалгаврыг намаас өгч, тус аймгийг бүтэн тойрч ажиллаж байлаа.
МАН бол институчлэгдсэн нам учраас хүний нөөц сайтай. Боловсон хүчний судалгааг олон талаас, олон янзаар хийж явдаг. Үүний үндсэн дээр сонгууль дөхөх үед намын даргаас, хамт олноос МАН-ын жагсаалтад оруулах шийдвэр гарсныг мэдэж байлаа. Маш их потенциальтай том намын жагсаалтад багтахуйц, тэдэнд тоогдохуйц хэмжээнд байсан гэж үзээд жагсаалтад орох саналыг баяртайгаар хүлээн авч байсан.
Мэдээж үүнийг дагаад том хариуцлага оногдож байгааг алхам тутамдаа ухамсарлаж ажилладаг даа. МАН-ын Бага хурлын шийдвэр гарч, жагсаалтыг зарлахад дандаа улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй, нарийн мэргэжлийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг багтаасан шүү дээ. Миний хувьд мэдээж уул уурхайн салбарынхны төлөөлөл болж, жагсаалтад багтсан. Тухайн үед намаараа бахархсан. Энэ бол нэг талдаа маш том зориг байсан. Маш олон том улстөрч “Нарийн мэргэжлийн, салбарын хүмүүс нь жагсаалтдаа ор, бид тойрогтоо явъя” гэж биднийг хүлээн зөвшөөрснөөр сонгуульд орж байлаа. Энэ бол МАН-ын холын хараа байсан би гэж би хувьдаа дүгнэдэг. Манай улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай учраас маш их хүлээлттэйгээр жагсаалтад орсон гэж ойлгодог. Уул уурхайн салбар эдийн засагт маш өндөр хувийн жин дардаг. Гэтэл энэ нь сайрхаж ярих зүйл ерөөсөө биш л дээ. Бид эдийн засгаа солонгоруулах ёстой шүү дээ. Алийн болгон уул уурхайгаас бүрэн шахуу хараат явах юм бэ. 1990-ээд оны үед Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн хамаарлыг судлаад үзэхэд 50+ хувьтай гарч байсан бол өнөөдөр 90+ хувьд хүрчихсэн байна. Хэдийгээр бид энэ хамаарлын хувийг нэг амьсгаагаар буулгаж чадахгүй ч 2024-2028 оны парламент уул уурхайгаа дагуулж эдийн засгаа солонгоруулах алхмыг хийх шаардлагатай. Үүнээс авахуулаад салбарт хийх ажил маш их бий.
-УИХ-ын гишүүн болсноос хойш таны амьдралын хэмнэлд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Амьдралын хэмнэл их өөрчлөгдсөн. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг болсныг мэдэрч байна. Нэг мэдэхэд өглөө, нэг мэдэхэд орой болсон байх жишээний. УИХ-ын гишүүн болсноос хойш хоёр жилийн дараа бүр илүү мэдэрч байна. Бүх ажил хуваарьтай. Хуваарь дуусахад л орой болсон байдаг. Дээр нь маш их энерги зарцуулж байна. Миний хэлж буй үг, ажиллаж буй төсөл бүрийн цаана асар өндөр харицлага байдаг учраас өөрийн эрхгүй энергээ бүрэн зарцуулж ажиллаж байна. Гэлээ гээд ажилдаа, амьдралдаа ч хийх ёстойгоо хийнэ, өөр сонголт байхгүй. Миний хувьд гэртээ хүлээдэг ганц үүрэг нь хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэдэг. Амьдралын хэмнэл өөрчлөгдсөнийг саяхан нэг зүйл дээр анзаарлаа л даа. Хүүхдүүдийн анги, сургууль бүр фэйсбүүк групптэй. Тэнд өрнөж буй аливаа зарлал, мөнгө хураах ажилд хамгийн сүүлд хариу өгдөг болчихсон байх жишээний. Утасны мессэж маш ихээр хураагдсан гэх мэтээр цагийн хомсдолд их ороод байгаагаа мэдэрдэг болсон.
-Таны өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг аппликейшн, тоног төхөөрөмж юу вэ?
-Хувийн компьютероо бол байнга ашиглаж байна даа. Гар утас мэдээж хэрэглэгддэг. Аппликэйшн нь вайбэр, МАН бүлэг апп, Instagram, Eparent байна даа.
-Өдөр тутмын хэрэглээндээ ямар программ ашиглаж байна вэ?
-Микрософтийн албан хэрэгцээний программууд, фигма гэх мэт байна.
-Ямар ч ажилтай байсан өөртөө хэвшүүлсэн дадал тань юу вэ?
-Долоо хоногт гурван удаа гадаа гүйдэг. Өвлийн хүйтэн байсан ч гүйдэг дээ.
-Өдөр тутмын мэдээ мэдээллийг хаанаас, ямар сувгаас авдаг вэ?
-Ажлын өдрүүдэд бол Parliament.mn хамгийн бодитой мэдээ өгдөг гэж боддог. Хүндэлдэг улс төрчдийнхөө сошиал хаягийг дагадаг. Гадаад мэдээг Economist сэтгүүлээс уншдаг.
-Уул уурхайн салбарын төлөөлөл болсон хүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж буй цаг хугацаагаа хэр үр дүнтэй өнгөрүүлж байна вэ?
-Салбар яаманд төрийн захиргааны ажилтан байхдаа л уул уурхайн салбарын талаар ташаа ойлголт нийгэмд түгдэг байдлыг ойлгож байсан. Тийм ч учраас эхний ээлжид би УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд байгалийн баялагтай холбоотой зөв мэдээллийг өгөх ёстой гэж бодсон л доо. Хүний мэдэх эрхэд балмадаар хандаж, уул уурхайн салбарын талаар тэс хөндлөн зүйл яриад байдагт маш их харамсдаг байсан. Энэ нь сошиалын буруу хэрэглээнээс ихээхэн хамаараад байна л даа. Тийм ч учраас төрд ажиллаж байхдаа энэ салбарын талаар зөв ойлголт өгөх талын ажлыг нэлээд хийдэг байлаа. Одоо ч гишүүнээр ажиллах хугацаандаа энэ ажлаа үргэлжлүүлж байна. Жишээлбэл, хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа гэдэг тусдаа ойлголт шүү.
Уул уурхайн олборлолт бол байгалийн баялгийг ашиглаж байгаа хэлбэр гэх мэтээр ярих бүрдээ салбарын талаар зөв мэдээлэл, ойлголт өгөхийг зорьдог. УИХ-ын гишүүн болж орж ирснээс хойш нэг хуулийн төсөл дээр тухайлан ажилласан. Энэ нь Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай хууль. Өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд батлагдсан цагаас нь эхлэн маш олон нэмэлт, өөрчлөлт оруулсаар үндсэн үзэл баримтлал нь алга болчихсон. Тиймээс энэ хуулийг сайжруулах шаардлага үүссэн байсан.
Шинэ тутам үүссэн харилцааг зохицуулахын тулд аливаа хуулийг шинэчлэх ёстой шүү дээ. Дэлхий даяар ашигт малтмал, уул уурхайн салбарт юу шинээр үүссэн бэ гэхээр чухал ашигт малтмал, газрын ховор металлын хэрэглээ. Бидний хэрэглэж буй утас, компьютероос авахуулаад технологи улам бүр нарийсан хөгжиж байна шүү дээ. Гэтэл үүнд хэрэгтэй эрдэс баялгийн эрэлт ихэсчихсэн. Нэг хэсэг дулаан цахилгаан үйлдвэрлэхэд нүүрс маш их эрэлттэй байлаа. Гэтэл өнөөдөр энэ нь цэвэр эрчим хүч рүү шилжчихлээ. Цахилгаанаа хураах шаардлага үүсчихлээ шүү дээ. Цахилгаан хураах технологид газрын ховор элемент, батарейн түүхий эд хэрэгтэй болж эхэлж байна.
Тиймээс энэ шинэ тутам үүсэж буй харилцааг хуульд оруулж, тусгах ёстой. Нөгөө талаас уул уурхайн салбарт төрийн оролцоо маш их байгаа тухайд суурь судалгааг хийлгүүлсэн. Энэ судалгааныхаа хүрээнд Чухал ашигт малтмалын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Г.Дамдинням сайд ажлаа хүлээж авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн явц маш эрчимжиж эхэлсэн учраас УИХ-ын гишүүдэд олгодог бүх санхүүжилтээ зарцуулж хийлгэсэн нарийн судалгаагаа бүгдийг нь засаг руу шилжүүлсэн. Түүнчлэн байгалийн нөөц ашиглалт ил тод биш учраас аливаа хардалт өрнөж, авлига хүнд суртлын асуудал үүсгээд, гүтгэлэгт өртөөд, шүүхийн шатанд маш олон хүний нэр хүндэд халдах асуудал үүсдэг гэдэг үүднээс Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хууль дээр мөн ажиллаж байна. Энэ хүрээнд ан амьтан агнах зөвшөөрлийг хүртэл ил болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ингэж байж аливаа хардалт сэрдэлтгүй болсноор хаана хаанаа зөв ойлголттой болох юм.
Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ингээд ажиллах явцад ганцхан жишээ татахад, манай гишүүд “Уул уурхайн салбар бол байгаль орчны эсрэг” гэж яриад байх юм. Гэтэл байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь уул уурхайн салбар юм шүү дээ. Байгалийн баялгийн ашиглалт гэдгийг хаана хаанаа ойлгочихмоор байгаа юм. Энэ тухайд ерөөсөө л зохистой ашиглалт, эргээд нөхөн сэргээлт гэдэг ойлголт байх учиртай.
Түүнчлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй хамтран Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай, гишүүн Д.Үүрийнтуяатай хамтран Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг хамтран санаачлаад ажиллаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.