МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Залуу лидер: Бат-Эрдэнийн Хулан

Залуу лидер: Бат-Эрдэнийн Хулан

Шинэ цагийн залуу манлайлагчдыг нэрлэн, тэдний амжилтын түүхийг хуваалцдаг “Залуу лидер” булангийн энэ удаагийн дугаарт Сангийн дэд сайд Б.Хуланг онцолж байна.

Үнэн
Админ

Шинэ цагийн залуу манлайлагчдыг нэрлэн, тэдний амжилтын түүхийг хуваалцдаг “Залуу лидер” булангийн энэ удаагийн дугаарт Сангийн дэд сайд Б.Хуланг онцолж байна. Түүний хувьд банк санхүүгийн салбарт дотоодод төдийгүй гадаадад 15-16 жил ажилласан туршлагатай, салбартаа түүчээлж яваа залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл. Эдийн засгийн математик загварчлал мэргэжлээр МУИС-ийг бакалаврын зэрэгтэй төгссөн тэрбээр Люксембургийн их сургуулийг банк санхүүгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч. Жирийн малчны хотноос дэлхийд гарах хүүхэд ахуйн мөрөөдлөө бодит болгож, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлынхаа үр дүнгээр үнэлэгдэн Монгол Улсын төсөв санхүүгийн бодлогыг тодорхойлолцож яваа түүнтэй ярилцсанаа хүргэе.  
 

-Б.Хулан гэж хэн бэ гэдэг уламжлалт асуултаар ярилцлагаа эхэлье. Таны хувьд банк санхүүгийн салбарт багагүй хугацаанд ажилласан туршлагатай ч улс төрийн томилгоогоор олонд танигдсан хүн. Дэд сайдаас өмнөх таны ажил, амьдралтай танилцъя?

-Намайг Бат-Эрдэнийн Хулан гэдэг. Завхан аймгийн Улиастай суманд төрж өссөн. Нутагтаа бага сургуулиа төгсөөд шилжин суралцсан байдаг. Миний аав ээж хоёр хоёулаа боловсролтой хүмүүс ч гэлээ 1990-ээд оны сүүлчээр манай улсад өрнөсөн нийгмийн шилжилт олон айл өрхийг амьдралын хэв маягаа өөрчлөхөд хүргэсэн билээ. Мэргэжлээрээ ажиллах боломж нь багассан учраас аав ээж хоёр маань их л олон янзын ажил хийж, амьдралаа авч явсан санагддаг юм. Миний санахаар аав ээж хоёр арвайн гурил тээрэмдэж зарах, гурилан бүтээгдэхүүн гэртээ хийж дэлгүүрт нийлүүлэх зэргээр орон нутагтаа ажиллаж, амьдрах гэж янз бүрээр л үзсэн шиг байгаа юм. Тухайн үед төвийн бүс рүү чиглэсэн их нүүдлийг дагаж, Сэлэнгэ аймагт ирж суурьшсан байдаг. Өөрсдийн цуглуулсан 100 гаруй богоо тууж ирснээр  төвийн бүсэд малчин айл болж байв. 

Харин би хоёр дүүгийн хамт эцэг эхээсээ тусдаа буюу Улаанбаатар хотын тавдугаар сургуульд нэг жил сурсан ч бага насны хүүхдүүд эцэг эхээсээ хол бие даан амьдрах нь амаргүй байсан учраас гэртээ ойртож, Дархан-Уул аймагт шилжиж очсоноор 2006 онд дунд сургуулиа дүүргэж байлаа.  2006-2011 онд МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг Эдийн засгийн математик загварчлал мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд ажлын гараагаа арилжааны банкнаас эхэлж байлаа. Туайн үед ажлын байрны боломж банкуудад эрэлттэй байсан, дээрээс нь миний хувьд Голомт банкны тэтгэлэгт оюутнаар хоёр жил сонгогдсон байсан төдийгүй энэ банкнаас зарласан эрдэм шинжилгээний хуралд гуравдугаар байр эзэлсэн байсан учраас ажлын санал хүлээн авч байсан юм. Сургуулиа төгсөхөөс өмнө ингэж ажлын байртай болсон байдаг.


Гурван жил орчмын хугацаанд Голомт банкандаа ажиллаад 2014 гадагшаа суралцахаар явж байлаа. Миний хувьд хөдөө өссөн хүүхэд учраас 14-15 настайгаасаа л дэлхийн түвшинд буюу олон улсад гарч суралцах, ажиллах мөрөөдөлтэй байсан ч их л холын санагддаг байв. Учир нь хэл сурахаас авахуулаад яаж, ямар замаар гадагш явах тухайд төдийлөн ойлголт, мэдээлэлгүй байсан учраас холын мөрөөдөл шиг санагддаг байсан байх. Манай өвөлжөөнөөс, зуслангаас ойрын хүрээлэлд маань над шиг мал дээр өссөн айлын хүүхдүүдээс тэтгэлэгт хамрагдаад гадагшаа явсан  ойрын түүх, жишиг байгаагүй учраас ч тэр үү алс холын санагддаг байлаа. Гэсэн хэдий ч санаж, зорьж, хичээж явбал биеллээ олдог гэдэгчлэн 2013 онд мөрөөдөл маань бодит болж, Люксембург улсын Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцах боломжтой болсон юм.
Магистрын хөтөлбөр маань нэг жилийн хугацаатай  байсан ч дэлхийн санхүүгийн төв гэгдэх Люксембург улсад багагүй хугацаанд мэргэжлээрээ буюу хөрөнгө оруулалтын удирдлагын чиглэлээр ажиллаж байгаад ковидын дараа эх орондоо ирж байлаа.  Ирснийхээ  дараа өөрийн сурсан мэдсэний дагуу олон улсын байгууллагуудад зайнаас зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаад байгаад 2024 онд Монгол Улсын Засгийн газар, Оюутолгойн дараах хоёр дахь том хөрөнгө оруулалт болох Ураны гэрээг хийх ажил ид явагдаж байх үед зөвхөн гадаадад сурсан гэлтгүй тухайн улсад ажиллаж, мэргэжил эзэмшиж, хэлэлцээний нэг талд суугаад яриа хэлэлцээнд орж үзсэн туршлагатай хүмүүсийг хайж байна гэдэг мэдээллийн дагуу одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилсноор Ураны төсөл дээр орж ажиллаж эхэлсэн юм. Ингэж анх төрийн ажилд татагдан оролцож байлаа. Дэд сайдаар томилогдохоос өмнө ЗГХЭГ болон Эдийн засаг, хөгжлийн яаманд бэлтгэгдэж, туршлага хуримтлуулсан байв. 

-Мэргэжил сонголт сонирхолтой байна л даа. Эдийн засгийн чиглэлийн хүн болох нь таны өөрийн сонголт байв уу, эсвэл ямар нэг нөлөөлөл байсан уу?

-Математиктаа дуртай хүүхэд байсан л даа. Энэ ч утгаараа тооны чиглэлийн хичээлдээ илүү сайн сурагч байлаа. Мэргэжил сонголтын тухайд өнөөдрийнх шиг  энэ олон мэргэжил байсангүй, мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухайд ч мэдлэг, мэдээлэл дутмаг байлаа шүү дээ. Эргээд бодоход битүү байдлаар л мэргэжлээ сонгодог үе байв шүү. Тухайн үед өөрийн хамгийн сайн чадах хичээлийн дагуу мэргэжлээ сонгох ёстой гэж бодсон. Нөгөөтэйгүүр эмч, багш гэх мэтээр  тухайлсан  мэргэжил сонгоогүй байсан учраас хөрвөх чадвартай, шинжлэх ухааны хаан гэдэг үүднээс математик сонгосон байхад буруудахгүй гэдэг зөн мэдрэмж байсан л даа. Хоёрдугаарт,  арван жилийн математикийн багш маань МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг Онолын математикаар сурч төгссөн хүн байсан юм. Тиймээс миний мэргэжил сонголтод багшийн маань нөлөө байсан гэж боддог юм. Гуравдугаарт, цаашдаа олон улсад төдийгүй дэлхийн мундаг сургуульд суралцахад математикийн шалгалт заавал өгдөг гэдгийг мэдэж байсан. Тиймээс математикийн чиглэлээр сургуульд орчихвол программаа дагаад явж байхад шалгалтаа өгчихнө, хэлэн дээрээ л ажиллах шаардлагатай юм байна гэдэг тооцоололтой байсан юм. Мэргэжил сонголтоо ингэж хийж байлаа. Ингээд их сургуульд ороод  суралцах явцад өөр өөр үүд хаалгууд нээгдэж, аливааг арай өөр нүдээр хардаг болж байгаа юм л даа. Ингээд л санхүүгийн зах зээл тал руугаа ажиллах нь сонирхолтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байлаа. 

-Оюутан байхдаа ажлын талбарт гарчээ. Таны ажлын туршлага Монголд болон гадаадад гэж хуваагдах юм билээ. Эх орондоо ажиллаж, амьдрах хугацаанд тухайлсан ямар ажил хариуцаж байв, мэргэжлийн хувьд хэр өсөлттэй цаг хугацааг өнгөрүүлсэн бэ?

-Их сургуулиа төгсөөд гурван жил орчмын хугацаанд Монголдоо ажиллаад гадагшаа явсан юм. Эргэж ирээд таван жил гэхээр нийтдээ 7-8 жил эх орондоо ажилласан туршлагатай гэсэн үг. Гадаадад мөн өдий хугацаанд ажилласан байна. Голомт банканд ажиллах хугацаанд Эрсдэлийн удирдлагын газарт ажиллаж байсан юм. Эрсдэлийн удирдлагын газар гэдэг нь банкны өөрийн  стратеги, эрсдэл даах чадвар, олон улсын хамтын ажиллагаа чиглэлээр ажилладаг бодлогын нэгж л дээ. Оюутны ширээнээс ажлын талбарт гарсан энэ цаг хугацаа маань надад олон зүйлийн эхлэл суурь болжээ гэж бодож явдаг юм. Олон улсад гарч ажиллаж үзээд одоо эргээд бодоход олон давуу талыг надад бий болгосон гэж дүгнэдэг. Хэдийгээр баахан онол үзсэн оюутан ажлын байран дээр гарч байгаа ч богино хугацаанд, олон талын чадвар суулгана, хөрвөх чадвартай болно гээд  Монголд ажилласан цаг хугацаа маань маш үр өгөөжтэй байсан гэж хэлнэ.  Ер нь Монголд тухайн хүн чадаад байвал ажил үүргийн хуваариас үл хамааран нэмэлт итгэл хүлээлгээд шинэ төрлийн ажил даалгаад явдаг. Энэ утгаараа тухайн үед Голомт банканд Эрсдэлийн удирдлагын газар Эрсдэлийн менежерээр ажиллаж байсан боловч банкны даатгалын ажлаас авахуулаад банкны үйл ажиллагааны эрсдэлийг журамлах ажлыг мөн хийдэг байлаа. Олон улсын хамтын ажиллагаа талдаа зээлжих зэрэглэл тогтоох,  бусад байгууллагатай харилцах зэрэг олон талын ажлыг надад даалгадаг байж. Тухайлбал, 2011-2012 онд “Энержи ресурс”  /ММС/ компани Монголоос анх удаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр бонд гаргачихсан, дараа нь  арилжааны банкууд бондоо гаргана гэсэн өндөр амбийцтай ажиллаж байсан цаг үе л дээ. Энэ бол шинэ тутам бөгөөд маш том ажил байсан.  

Банкны зүгээс олон улсын зах зээлд бонд гаргах бэлтгэл ажилд орж ажиллах зэргээр маш сонирхолтой ажлуудад хуваарилагдаж ажиллах боломж бүрдэж байлаа. Тиймээс Монголдоо ажиллахын давуу тал маш их бий. Өөрөө хичээж чармайгаад тодорхой үр дүн үзүүлээд, бүтээмжтэй ажиллаад л байвал сонирхолтой ажил, том боломжууд үргэлж нээлттэй байдаг. Олон улсын томоохон байгууллагуудад  багагүй цаг хугацаагаа зарцуулж байж олж авах боломж бүхий ажлыг Монголд харьцангуй залуу насандаа гардан хийж гүйцэтгэх боломж олддог. Энэ нь нэгдүгээрт, манай улс өөрөө залуучуудын улс. Хоёрдугаарт, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжээд төдийлөн  удаагүй учраас хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний өрсөлдөөн хурц ширүүн биш гэж би хувьдаа хардаг. Энэ утгаараа Монголдоо ажиллах нь маш олон талын туршлага, боломж болдог гэж хэлнэ. Миний хувьд ХАС банканд Зээлийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр мөн тодорхой хугацаанд ажилласан. Банкны гол үйл ажиллагаа бол нэг талаас харилцах хадгаламж татах, нөгөө талаас зээл байдаг. Зээлийн эрсдэл гэдэг нь бодлогын нэгж гэсэн үг л дээ. Тэгэхээр зээлийн багцаа хэрхэн удирдах вэ, хэрхэн нэг салбараас хамаарал багатай байлгах вэ, валютын эрсдэлийг хэрхэн, яаж удирвах вэ гэх зэргээр эрсдэлийн бодлогын газарт ажиллаж байгаад гадагшаа сургуульд явсан. 

Б.Хулан: Дэлхийн мэдлэгийг эх орныхоо хөгжилд зориулах нь миний багын зорилго байлаа

-Гадаадад сурч, ажилласан цаг хугацааг тань эргэн дурсъя. Таны хувьд Люксембург улсад суралцаж төгсөөд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн газарт ажилласан туршлагатай юм билээ. Монголд тодорхой хугацаанд ажиллаж байгаад очсон хүний хувьд хоёр улсын санхүүгийн зах зээлийг та өнөөдөр хэрхэн үнэлж дүгнэх вэ?

-Миний хувьд Люксембург улс руу явахдаа сурч ирээд эх орондоо ажиллана гэдэг бодолтой л очиж байлаа. Харьцуулалтын хувьд Монгол, гадаад гэхээсээ өрнө дорнын ялгаа их байдгийг илүү  гүн гүнзгий мэдэрч байсан. Бид бол дорнын соёлтой ард түмэн шүү дээ. Илүү даруухан, хичээнгүй байх, ах захаа хүндлэх  зэрэг соёлыг ахуй амьдралаасаа авч өссөн хүмүүс. Ийм үзэл, хандлагатай би илүү хувь хүн төвтэй соёлтой газар очоод ажлын байран дээр гарчихаж байгаа юм. Монголд ажиллаж байхад удирдлагаас өгсөн үүрэг, чиглэл төвтэй ажилладаг байсан бол тэнд бие даан, илүү шинийг санаачлах хандлагатай болж ирсэн л дээ. Хувь хүн төвтэй учраас хүн бүр тэгш боломжтой нийгэмд ажиллаж эхэлсэн юм.

Дарга гэдэг хүн тэнд захирч тушаадаг бус зохион байгуулагч шинж чанартай байдаг бөгөөд бүх зүйлийг мэдэх албагүй, харин нарийн мэддэг хүмүүсийг авч ажиллуулдаг учраас ажлыг тухайн хариуцагчид бүрэн даатгана. “Нарийн зүйлээ чи л мэдэж байгаа учраас энэ ажилд даргын бус чиний үзэл бодол чухал” гэж үздэг гэсэн үг. Эхэндээ энэ байдал нь надад жаахан ойлгомжгүй байсан бол сүүлдээ мэдээж дасан зохицно. Яваандаа ментортой болоод соёлын ялгааг  ойлгож эхэлж байгаа юм л даа. Нэгэнт хувь хүн төвтэй улсад ажиллаж байна, манай улсын, манай байгууллагын соёл ийм, байгууллага дотроо би өөрөө  интерпрёнор шүү. Миний ажлын зөв, сайн байхыг би өөрөө л хийнэ, миний ажлыг над шиг нарийн мэдэх хүн байхгүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм. Хоёрдугаарт, миний хувьд маш том компаниас ажлын гараагаа эхэлсэн. Английн Шродерс хөрөнгө оруулалтын менежментийн компанийн Люксембург дэх салбарт Арилжааны хэлтэс болон Хөрөнгө оруулалтын сангийн дата удирдлагын хэлтэст хөрөнгө оруулалтын сангийн дата шинжээчээр ажилласан. Томоохон компаниуд ажлыг маш олон жижиглээд хүн тус бүрд хариуцуулаад өгчихдөг. Гэтэл монгол хүний онцлог нь том зургаараа аливааг харж байж том зорилгоо ойлгосноор “Ийм том зорилгоор, ийм зүйлийн төлөө зүтгэж байна шүү” гэдэг мэдрэмжээр маш их урам зоригч авч ажилладаг оршдог юм билээ. Гэтэл 2-3 мянган ажилтантай, дэлхийн олон улсад салбартай, том компанид ороод ажиллахаар миний хийж байгаа ажил яг хаана нь очиж нөлөө үзүүлээд, хаанаа чухал байгаа юм бэ гэдгийг эхэн үедээ ойлгох, баримжаалах боломжгүй буюу төөрөөд яваа ч юм шиг, эсвэл хийсэн ажлаа давтаад байгаа ч юм шиг мэдрэмжтэй байсан л даа. Нөгөө талаас практикт гараад ажиллаад явахаар бидний сурах бичгийн номны хуудасны талд л байдаг нэр томьёо гэхэд байнгын хэрэглээнд байх жишээний. Өөрөөр хэлбэл, манай улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 20-30-хан жил болж байгаа бол тэнд хэдэн зуун жил болчихсон, түрүүлж яваа учраас зарим зүйлийг ойлгоход шинэ тутамдах тал ч  байлаа.

Бас нэг том ялгаа бол Монголд би Бат-Эрдэнийн Хулан. Тэнд бол монгол эмэгтэй. Шууд улсаараа овоглоод явчихаж байгаа юм. Ингээд ирэхээр өөрийн гэхээсээ улсынхаа нэрийг баастчихгүй юмсан гэдэг болгоомжлол илүү өндөр түвшинд мэдрэгдэж эхэлдэг юм билээ. Манай компанийн хувьд жилийн жилд дадлагаар авч ажиллуулж байсан монгол хүмүүст сэтгэл хангалуун байсан учраас манай сургуулиас дадлагын оюутан хайхдаа “Танайд монгол оюутан байна уу” гэж асуудаг болчихсон байсан. Энэ бол маш гоё мэдрэмж. Намайг ажиллаж байх хугацаанд ч удирдлагуудын зүгээс “Танай сургуульд өөр монгол оюутан бий юү” гэж асуух, эсвэл CV-г нь авч байгаад “Чи таних уу, аль нь гайгүй вэ” гэх зэргээр шууд удирдлагын зүгээс асуудаг байв. Монголчуудыг ингэж үнэлдэг болтлоо бид үнэхээр хичээж суралцсан, бас ажилласныг өнөөдөр дурдахдаа таатай байна. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, миний СV-г харахаар олон компанид ажилласан мэт харагдаж байгаа ч нэг компани нь нөгөөгөө худалдаад авчихсан, нэгтгэн нийлүүлэх процесс өрнөсөн учраас хамт олны тухайд тийм олон, өөр байгаагүй л дээ. 

-Гаднын оронд амжилттай ажилласан монголчуудын төлөөлөл болж явжээ. Эх орондоо эргэж ирэх шийдвэрийг хэрхэн гаргаж байв. Багагүй хугацаанд гаднын улсад ажиллаад эргээд ирэхэд манай улсын банк санхүүгийн салбарын өөрчлөлт, шинэчлэл ямар түвшинд байсан бэ? 

-Гадаадад 7-8 жилийн хугацаанд ажилласан. Энэ бол багагүй хугацаа учраас мөн л багагүй туршлага хуримтлуулсан. Миний хувьд анхнаасаа гадагшаа явахдаа тэндээ шингээд, тэтгэвэрт гарах зорилго, төлөвлөгөө байгаагүй. Хүүхэд ахуйгаасаа л гадагшаа гарч,  дэлхийн хэмжээний боловсрол эзэмшинэ, эргэж ирээд эх орондоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна, салбартаа нөлөө үзүүлнэ гэсэн л бодолтой байсан. Тиймээс миний гадааадад байх цаг хугацаа хязгаартай гэдгийг үргэлж санадаг, өөртөө сануулдаг ч байлаа. Тийм ч учраас хэзээ ч урсгалаараа, өмнөх ажлаа хийгээд явдаг жирийн нэг албан хаагч байхыг хүсээгүй. Энэ утгаараа цаг үргэлж суралцсан, шат ахисан. Ийм зүйлийг сурчихлаа, одоо үүнийг суръя, үүний тулд миний сурч боловсрох, туршлагажих нөхцөл манай байгууллагад хангагдаж чадаж байна уу, үгүй бол өөр газарт очиж,  ахиж дэвшье гэдэг байдлаар карьерынхаа сонголтуудыг хийж явсан. Тэнд миний ажиллаж байсан газар банк санхүүгийн салбар боловч тэр дундаа Хөрөнгө оруулалтын менежментийн компаниудад түлхүү ажиллаж байсан. Яг энэ салбар бол Монголд шинэ тутам. Өөрөөр хэлбэл, төрийн сан, даатгалын сан нийгмийн даатгалын сан, томоохон баялгийн сан гэх мэтчилэн улс орнуудын өөрсдийнх нь хуримтлуулсан хөрөнгийг хэрхэн хөрөнгийн зах зээлээр, хувьцаагаар, бондоор, бусад үнэт цаасаар дамжуулан зөв зохистой удирдаж, урт хугацаандаа тогтвортой өгөөж хүртэх вэ гэдэг чиглэлээр ажиллаж байсан. Намайг эргээд Монголдоо ирэхэд энэ ойлголт шинэ тутам байсан гэж хэлж болно. Тухайлбал, 2023 онд хууль нь батлагдсан боловч хэрэгжиж эхлээгүй, олон сан үүссэн зүйлгүй, Хувийн тэтгэврийн сангүй буюу одоо ч эхэн үедээ хөгжиж буй салбар гэж хэлж болохоор байна. Тиймээс надад контрас нь нэлээд хурц тод ажиглагдсан л даа. Тэтгэврээр жишээлж үзэхэд та бид залуу хүмүүс, ирээдүйд тэтгэвэрт гарна. Гэтэл хэн чиг л тэтгэвэрт гараад санхүүгийн хувьд хараат, үр хүүхдээсээ хамааралтай болъё гэж бодохгүй шүү дээ. Улсаас тэтгэвэрээ тогтоолгоод авч таарна. Гэтэл Хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх буюу хүн залуугаасаа ажил хөдөлмөр эрхлээд хуримтлал үүсгээд, өнөөх нь өсөж үржээд явбал тэтгэвэрт гарах үед нэмэлт орлого нь болох учиртай. Энэ агуулгаараа цаашид Монголд ч гэсэн хөгжөөд явах орон зай байгаа. Энэ утгаараа өнгөрсөн хавар Засгийн газраас Хувийн тэтгэврийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Нөгөө талаас гадаадад ажиллаж байгаад Монголдоо ирэхэд банк санхүүгийн салбарт нэлээд ялгаа ажиглагдсан. Тодруулбал, гар утсанд суурилсан банкны цахим үйлчилгээ баруунаас илүү Монголд түрүүлээд хөгжчихсөн байхад компьютер, лаптопд суурилсан банкны үйлчилгээ баруунд түрүүлээд хөгжчихсөн байх жишээний. Өндөр хөгжилтэй орнуудад хүн бүр ухаалаг утастай байхаас илүү айл бүр, хүн бүр компьютертой болчихсон байдаг учраас түүнд суурилсан үйлчилгээ түрүүлээд хөгжчихсөн байгаа юм. Төлбөр тооцооны аппликейшн, цахим банкны үйлчилгээ бол олон улсаас дутахгүй. Харин банкнаас зээл авах процесс Монголд маш олон шат дамжлагатай байна. Гэтэл баруунд аливаа зээлийн үйлчилгээг илүү хялбар болгочихсон буюу зээлийн хүсэлттэй холбоотой бүх мэдээллээ цахимаар бөглөж өгөөд л 50.000 доллар хүртэлх зээлийг ямар ч барьцаагүйгээр, маш түргэн шуурхай авах боломжтой байх жишээний. Улмаар орон сууц худалдан авахад ч мөн төдийлөн төвөг чирэгдэл гээд байх зүйлгүй. Орон сууцны зуучлагч компаниуд банкууд руу хандаад ийм цалин орлоготой, ийм хэмжээний үл хөдлөх авах сонирхолтой байна гэх зэргээр миний мэдээллийг явуулаад тухайн банкуудыг өрсөлдүүлснээр хамгийн боломжит нөхцөл бүхий банкийг надад сонгож өгдөг байх жишээний. Манай улсад бол санхүүүгийн секторт банкны салбар нэлээд давамгай хэвээр л байсан бол олон улсад энэ нь илүү баланстай байдаг. 

-Та бол өөртөө өндөр шалгуур, шаардлага тавьж, түүндээ хүрэхийн төлөө тасралтгүй суралцаж дэвшиж ирсэн хүн байна. Эх орондоо ирээд Баялгийн сангийн тухай хуулийн Ажлын хэсэгт орж ажилласан байдаг.  Энэ ажилд хэрхэн гар бие оролцох болов?

-Миний хувьд 2021 онд Монголдоо буцаж ирсэн. Тухайн үед нийгмийн хэлэлцүүлэг болж байсан хамгийн чухал сэдэв нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль байсан юм. Үндэсний баялгийн санг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай байдаг. Түүнээс өмнө сан гэдэг бол ЖДҮ гэх мэтээр төсвийн тусгай зориулалтын данс маягаар хөгжиж ирсэн байсан. Гэтэл энэ нь маш учир дутагдалтай. Өсөж үрждэг арвиждаг, эргэх холбоотой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн байх шаардлагатай юм. 
Энэ утгаараа Үндэсний баялгийн сангийн тухай хууль явж байсан л даа. Тухайн үед яг энэ чиглэлээр сурсан хүмүүс мэр сэр байгаа ч ажилласан хүн ховор байсан юм билээ. Ийм үндэслэлээр ЗГХЭГ-аас надад санал тавьснаар Бодлогын судлаачаар ажиллаж эхэлсэн юм.

Үндэсний баялгийн сантай бусад улсад ямар жишээ байдаг юм, бүтэц зохион  байгуулалт нь ямар байвал зөв бэ, засаглал нь ямар байх ёстой юм, хөрөнгө оруулалтын мандат нь байх ёстой эсэх зэргээр олон талт судалгааг найман сарын хугацаанд хийж ажилласан.

Эх орондоо ирээд төрийн ажилд ингэж татагдан оролцсон. Энэ нь эргээд миний зүгээс бодлогод нөлөөлөх ажил байсан гэж ойлгож болно. Үүний дараа мөн СЗХ-нд Дэлхийн банкны төслийн хүрээнд судалгаа гаргаж өгч байлаа. Энэ нь жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг агуулгатай байсан юм. 
Мөн дээрээс нь Хөрөнгө оруулалтын сан буюу нэг талаас үнэт цаас маш их гараад байгаа ч нөгөө талаас худалдан авагч алга. 
Ийм тэнцвэргүй байдлыг хангахын тулд  Монгол Улс олон улсын хэмжээнд хаана яваа юм, үүнийг тэнцвэржүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэдэг бодлогын зөвлөмжийг авч хэрэгжүүлж байлаа. Үүнээс өмнө Итали улсад төвтэй “Рина консалтинг” гэдэг компанид баг бүрдүүлээд зайнаас ажиллаж байсан юм. Энэ нь ногоон шилжилттэй холбоотой буюу санхүүгийн байгууллагууд өөрийнхөө санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрхэн хүлэмжийн хийн ялгарал багатай болгох тухайд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ажил байсан юм. 

-Төрийн хүний нөөцийн бодлого үргэлж ажиллаж байдгийн бодит жишээ нь та болжээ. Хийсэн ажлаар тань үнэлж, төрийн ажил руу татан оролцуулсан юм байна гэж ойлголоо. Ер нь улс төрд орох бодол, төсөөлөл байсан уу. Дэд сайдаар ажиллах саналыг та хэрхэн хүлээн авч байв?

-Миний хувьд албан тушаал хөөцөлдөж яваагүй. Хийсэн ажлаараа тодорхой хүрээлэлд танигдаж, хөтлөгдөж явсаар энэ хүрсэн хүн. Өөрт оногдсон ажлаа хариуцлагатайгаар, үр дүнтэйгээр гүйцэтгэх нь надад чухал болохоос тэнд очихын тулд энд байх ёстой гэдэг байдлаар ямар ч ажилд хандаж байгаагүй. Оногдсон ажлаа хийх явцад шинэ боломжууд үүсэж, санал ирсээр энэ хүрсэн гэж ойлгож болно. Миний хувьд хувийн хэвшил талдаа төдийгүй олон улс талдаа ч ажилласан туршлагатай. Ялангуяа олон улсын гэрээ хэлэлцээ талдаа түлхүү ажиллаж ирсэн. 

Тухайн үед манай улсын татварын бодлого иргэд, аж ахуйн нэгждээ ээлтэй байх шаардлагатай, татварын бааз суурийг тэлэх хэрэгтэй, татварын ачааллыг боломжит хэмжээгээр бууруулах шардлагатай гэдэг зүйл яригдаж байлаа. Дээрээс нь “Оюутолгой” төсөл, “Рио тинто” компанитай хэд хэдэн Ажлын хэсэг байгуулаад хэлэлцээрт орох ажил хүлээгдэж байсан цаг үе. Эдгээр ажил Сангийн яаманд зангидагдаж байсан учраас миний ажилласан туршлага зэргийг харгалзаад Дэд сайдаар ажиллах саналыг тавьж байсан юм. Энэ саналыг миний хувьд нэгдүгээрт, маш өндөр хариуцлага бөгөөд нэр төрийн хэрэг гэж хүлээж авсан. Сангийн яам бол анхны таван яамны л нэг шүү дээ. 100 гаруй жилийн түүхтэй, мерит зарчмаар явдаг, шилдэг боловсон хүчин цуглардаг газар учраас миний хувьд баярлахаасаа урьтаад ажил хэрэгч байдлаар хүлээж авсан. Мэдээж хэрэг Сангийн яамны ажил бол төсөв, санхүүгийн бодлоготой холбоотой  цогц ажил. Энэ ажил явдаг зарчмаараа явна. Гагцхүү миний Дэд сайдаар томилогдох үеийн нөхцөл байдал бол татварын хууль болон олон улсын гэрээ хэлэлцээрт анхаарах шаардлагатай цаг үе гэдэг агуулгаар томилодож байлаа. 

-Тэгэхээр та Дэд сайдаар тохоон томилогдсон үүрэг даалгавраа нэг талаас биелүүлчихжээ гэж харж байна. Өнөөдөр бид Оюутолгойн хэлэлцээрийг эцэслээд ногдол ашгийг ард түмэнд тараах эсэх талаар ярилцаад сууж байна шүү дээ?

-Миний хувьд Оюутолгойн менежментийн хүүг бууруулах, зээлийн хүүг бууруулах Ажлын хэсэгт орж ажилласан. Энэ бол мэдээж нэг хүний хийсэн ажил биш. Үе үеийн Засгийн газар, УИХ-ын ажил шүү дээ. Цаг хугацааны хувьд энэ удаагийн Засгийн газрын үед Оюутолгойн менежментийн болон зээлийн хүүг бууруулах хэлэлцээр бодит биеллээ олж, гарын үсэг зурж баталгаажлаа. 

-Сангийн яамны дэд сайдаар томилогдоод жилийнхээ ой дээр ирж байна. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаасаа бидэнтэй хуваалцана уу?

-2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд Сангийн дэд сайдаар томилогдсон. Энэ хугацаанд хэд хэдэн чухал Ажлын хэсэгт орж ажилласан байна. Эхнийх нь мэдээж дээр дурдсанчлан “Оюутолгой” төслийн менежментийн хүүг бууруулах ажил байсан. Энэ ажлын хэсэг УИХ, Засгийн газраас өгсөн  чиглэл, тогтоолын дагуу үр дүнгээ үзсэн. Дараагийнх нь зээлийн хүүг бууруулах ажил байсан. Мөн зээлийн хүүг бууруулсан, дараачийн шатны ажил ид өрнөж байна. Гэхдээ энэ бол нэг удаа хэлэлцээр хийгээд эцэслэчихэж байгаа асуудал биш. Монгол Улс 34 хувийн хувь эзэмшилтэй, “Рио тинто” компани 66 хувьтай хэвээр. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той бизнесийн түншүүд. Бизнсеийн түншүүдийн тухайд эрх ашиг нэгдэх, эсвэл санал зөрөх зүйл ч байна. Гагцхүү төслөөс гарч буй эдийн засаг, санхүүгийн үр өгөөжийг харилцан тэнцвэртэй хүртэх асуудалд аль ч тал нь санаачилга гаргаад ажиллах шаардлагатай. Тиймээс энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ. Түүнчлэн Татварын багц хуулийг Засгийн газраас өргөн барьж батлагдсан. 
Мэдээж манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Эдийн засгийн дундаж үзүүлэлтүүд нь боломжийн боловч голч буюу айл өрхийн хаалгаар жигд орохгүй хэвээр л байна. Энэ бол  уул уурхайгаас хамааралтай эдийн засагт байдаг үзэгдэл л дээ.

Цаашид энэ ачааллыг засах заруулах, эсвэл хөнгөлөх хэрэгсэл нь татварын бодлого юм. Тиймээс татварын бодлогыг иргэд, аж ахуйн нэгжүүд рүү чиглүүлсэн 2.8 их наядын төсвийн нөлөөлөлтэй хуулийг батлахад гар бие оролцож ажиллалаа.

Мөн дээрээс нь Сангийн яам бол олон улсын хөгжлийн түнш байгууллагуудынхаа хувьд Монгол Улсаа олон улсад төлөөлөөд гэрээ хэлэлцээнд орох ажлыг гүйцэтгээд ажиллаж байна. Хүн  ер нь байгаа газраа давуу талаа л гаргаж ажиллах ёстой шүү дээ. Үүний адилаар миний хувьд олон улсын  хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн багт орж ажилласан. Дээр дурдсанчлан Ураны гэрээ бол миний Монголдоо ирээд гар бие оролцсон онцлох бөгөөд чухал ач холбогдол бүхий ажил байсан. Миний хувьд энэ гэрээний яг санхүүгийн модель дээр нь сууж ажилласан. Олон улсын үндэстэн дамнасан корпорацитай харилцаж байгаа учраас бид зөвхөн айлын талаас бэлдэж өгсөн санхүүгийн модель дээр ажиллахаас илүү өөрсдийнхөө давуу болон сул талыг гаргаж байж тодорхой тактиктайгаар хэлэлцээрт орох ажлыг гардан гүйцэтгэж  ажилласан.

-Дэд сайд бол улс төрийн албан тушаал. Таны хувьд улс төрийн хувьд сонголтоо хэдийн хийсэн байв уу эсвэл энэ албан тушаалд ирснээр таны улс төрийн карьер эхэллээ гэж ойлгох уу?

-Улс төрийн нам бол бодлогын институц байх ёстой. Парламентын засаглалтай улсад намын бодлогоор дамжиж сонгуульд оролцоно. Улмаар ялсан нам Засгийн газраа байгуулах замаар өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж ажилладаг. Энэ бол төлөөллийн ардчиллын нэг хэлбэр. Манай улс ч мөн  энэ зарчмыг баримтлаад явж байна. 1990-2008 оны санхүүгийн хямрал болтол олон улсад нео либерализм буюу либертари маягийн идеалоги нэлээд давамгайлсан цаг үед бид амьдарлаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд баян ядуугийн ялгаа хэт их болоод, нийгмийн дундаж давхарга байхгүй болчихлоо.

Ингээд ирэхээр нийгэм маш их талцаж хуваагдах дүр зураг Монголд гэлтгүй олон улсад ч байсаар байна. Тиймээс миний хувьд нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засаг  талдаа байдаг хүн. Учир нь Монгол Улс өөрөө хоёр том хөршийн дунд оршдог, хүн амын хувьд олон биш учраас харилцан тэнцвэртэй бөгөөд дундаж давхарга нь олонхоо бүрдүүлж байж сайн сайхан нийгмийг бүтээх бололцоотой гэж үздэг. Энэ утгаараа миний улс төр, эдийн засгийн байр суурь эрх барьж буй намтай нийцдэг. Гэхдээ Монголд улс төрийн намууд бодлогынх байж чадахгүй байна гэдэг шүүмжлэлтэй тодорхой хэмжээнд санал нийлдэг. Дэд сайдын албан тушаал бол сонгогддог, томилогддог төрлийн албан тушгаал. Миний хувьд энэ ажлыг улс төрийн, төрийн гэж ялгахаас илүү мандат гэж хүлээж авсан. Ерөөсөө өөрийн сурч мэдсэн, хуримтлуулсан туршлагаа нийтийн эрх ашгийн төлөө зориулах  оролцооны талбарыг надад бий болгож өглөө гэж ойлгож хүлээж авсан. Гагцхүү энэ талбарт би 15-16 жилийн хугацаанд сурсан мэдсэнээрээ, ажлаараа дамжуулаад өөрийн чадах бүхнээ зориулах эрхийн бичиг ба хариуцлага гэж ойлгож хүлээж авснаа дахин тодотгоё. Түүнээс төрийн буюу улс төрийн албан тугшаал гэдэг өнцөгт төдийлөн ач холбогдол өгч хараагүй. Энэ бол багийн ажил. Үе үеийн Засгийн газар залгамж халаатай ажиллаж байж томоохон ажлуудын ард гардаг шүү дээ.

-УИХ 2027 оны төсвөө эцэслэн баталлаа. Төсвийн бодлого зангидсан гол яамны Дэд сайдтай ярилцаж байгаагийнх Сангийн яам төсөв дээр ямар бодлого барьж ажилласныг  тодотгож асууя?

-Бид асуудлыг хэрхэн оношилж байна вэ гэдэг маш чухал. Онош тодорхой бол эмчилгээ ч тодорхой. Тиймээс нэгдүгээрт, бид хэрхэн оношилж буйгаа харсан. Хоёрдугаарт, энэ онош дээр бодлогын ямар сонголтууд байна вэ гэдэгт төвлөрсөн. Сайн, муу бодлого гэхээсээ илүү ямар сонголтоос ямрыг нь сонгох вэ гэдэг асуудал л яригдана. Гуравдугаарт, үр нөлөөг нь хэрхэн харж байгаа юм бэ гэдгийг тодотгож байж төсвөө өргөн барьсан. 
Энэ цаг үед  эдийн засгийн өсөлт саармагжиж байна. Тийм учраас бид ажил эрхлэлтийг хамгаалах шаардлагатай. Бизнес, хувийн сектор талаасаа ажил эрхлэлтийг хамгаалах буюу аж ахуйн нэгжүүд маань ажлын байрыг битгий цомхотгоосой, цалин мөнгөө битгий бууруулаасай гэдэг бодлого барьж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар ч та бүхэн анзаарсан байх. Татварын ачааллаа буруулаад, түүнийгээ төрийн өмчит компаниудаасаа аваач гэдэг санал шүүмжийг УИХ-ын гишүүдийн зүгээс маш их хөндсөн. Яг үүний дагуу л төсвөө бэлдсэн. Өмнөх жилүүдийн улсын төсвийн орлогын 90 орчим хувийг татварын орлогоос бүрдүүлж ирсэн. 2027 оны төсвийн тухайд энэ тоо 80 болж буурсан. Үүнд төрийн өмчит компаниудын ногдол ашгаас төсвийн тодорхой хувийг бүрдүүлэхээр тооцсоноороо онцлогтой.

Ингэснээр нэг талаас инфляц хөөрөгдөнө гэдэг санал шүүмж бол бий. Гэхдээ төрийн өмчит компаниудаар дамжин зах зээлд нийлүүлэгдэж буй мөнгө өмнө нь байсаар л ирсэн. Үүнийг хагас төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлж байна гэж үздэг. Тиймээс бид нэгдмэл улс учраас нэгдсэн төсөвтөө татаад түүнээсээ ард иргэдээс сонгогдсон УИХ-аараа дамжуулаад зарцуулалтаа хийж байя л гэж байгаа юм. Ерөөсөө нэг компанийн захирал мэдэж зарцуулалт хийдэг байдлыг цэгцэлье л гэж байгаа юм. Нөгөө талаас инфляцыг гарцаагүй ярих учиртай. Инфляц өндөр байгаа нь үнэн. Олон улсад ч олон жилийн дунджаас өндөр байна. Гэхдээ инфляц гурван шалтгаантай. Нэгдүгээрт, эрэлтийн буюу  эдийн засаг халаад тухайн бараа үйлчилгээнд ногдох эрэлт нэмэгдэхээр эрэлтийн гаралтай инфляц үүснэ. Хоёрдугаарт, бараа үйлчилгээний нийлүүлэлттэй холбоотой нийлүүлэлтийн инфляц гэж бий. Гуравдугаарт, хүлээлтийн гаралтай инфляц гэж байна. Энэ бүгдийг аваад үзэхээр нийт инфляцын 60 орчим хувь нь шатахуун, мах голлох дүр зурагтай буюу нийлүүлэлтйн гаралтай инфляцын өсөлт үргэлжилж байна. Төв банкны хувьд эрэлтийн гаралтай инфляц дээр бодлогын хэрэгсэлтэй.

Бодлогын хүү болон заавал байлгах нөөцөөрөө, зах зээл дээр гарах мөнгөний нийлүүлэлтээр дамжуулан эрэлтийн гаралтай инфляцыг тодорхой хэмжээгээр удирдах боломжтой.

Харин нийлүүлэлтийн гаралтай инфляцыг удирдах бодлогын хэрэгсэл төв банканд байхгүй. Энэ үүрэг Засгийн газарт бий. Энэ утгаараа  нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр махны нөөцийг бүрдүүлэх, нийлүүлэлтийг сайжруулах, түлш шатахуунтай холбоотой бодлогыг ч 2026 оны төсөвт тухайлан авч үзсэн. Нийлүүлэлтийн инфляц 60 хувь байна, үүнийг бууруулахын зэрэгцээ цалин, тэтгэврээр дамжуулаад гар дээр очих мөнгөний хэмжээг нэмэгдүүлчихээр нийт инфляцад нөлөөлөх нөлөөг нь их байлгахгүйгээр иргэдийн бодит орлогыг дэмжих боломжтой гэж үзсэн төсөв болсон. 

-Ярилцлагын төгсгөлд таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Мэргэжлийн байх. Миний хувьд би Дэд сайдын албан тушаалд малчны хүүхэд болохоороо, эмэгтэй болохороо, гадаадад сургууль төгссөн эсвэл дотоодод ажилласан туршлагаараа  гэдэг агуулгаар бус Сангийн дэд сайд гэдэг хүн ийм мэргэжил, ур чадвартай байх ёстой. Түүнийг нь би хангаад ажиллаж байгаа гэдэг өнцгөөс өөрийгөө тодорхойлох, харах дуртай. Тийм ч учраас миний хувьд аливаа ажилд мэргэжлийн байхыг зорьдог. Ажил, амьдралын алин боловч ингэж хандаж ирсэн, бусад хүмүүсийг ч гэсэн ийм хандлагатай байгаасай, энэ өнцгөөс ажилдаа хандаасай гэж хүсдэг.

 

М.Өнөржаргал

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 1
З
Зочин 2 цагийн өмнө
Зөв бодол, байр суурьтай бүсгүй байна. Баяр хүргэж, амжилт хүсье!