Сэтгэлгээний хямралаас ариусахаар юу хийж болох вэ
Эрдэмтэн, эдийн засагчид, хуулчдын мэтгэлцээнээс сонсоход, “Манай нийгэмд сэтгэлгээний гүнзгийрэх хандлагатай хямрал эхэлжээ” гэж ярьцгаадаг болжээ.
Эрдэмтэн, эдийн засагчид, хуулчдын мэтгэлцээнээс сонсоход, “Манай нийгэмд сэтгэлгээний гүнзгийрэх хандлагатай хямрал эхэлжээ” гэж ярьцгаадаг болжээ. /25 дугаар суваг. Аравдугаар сарын 22-ны нэвтрүүлэг болон улсын төсөвтэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр/ Нийгэм, байгаль ахуй орчин тоосонд дарагдаагүй тунгалаг цэвэр шил шиг байвал шилний арын орчин тод харагддаг, шил бохирдвол юмс эрээн бараан харагддаг билээ. Үүний нэгэн адил сэтгэлгээ ч тунгалаг байгаасай. Нэгэн судлаач “Өрхийн тэргүүн нь мөнгө олдог нэгэн хүүхдээ дахиад мөнгө олж ир гэж зодоод, бусдыг зүгээр тэтгээд байдагтай адил төрийн хандлага бий” гэлээ. Энд илүүдэл орон тоог цомхотгох, үндэслэлгүй хөрөнгө хурааж баяжих явдлыг шалгаж зохицуулахгүй байна гэсэн яриа ч цөөнгүй гарлаа. Бид зах зээлд шилжиж эхлэх үеэс одоо хүртэлх үйл явцад өмнө дурдсан үзэл баримтлалын сонгож авсан тодорхой чиглэлийн харьцангуй үнэнийг олж чадахгүй, төөрөлдсөөр төрлөө олж чадахгүй, сэтгэлээ ариусган номхруулж чадахгүй, олон янзаар донсолж “догширсоор” багагүй алдаа гаргасаар ирсэн бололтой. Олон янзын төөрөгдөл үүссэн ямар шалтгаанууд байна вэ. а.Зах зээлийн тухай ойлголт ихээхэн дутмаг, зохицуулалтгүй алдаа их л гаргасаар байжээ. б.Хувийн болон нийгмийн эрх ашгийг харьцангуй үнэн бодитой харилцааны төвшинд тэнцвэртэй авч явж чадалгүй, хэлбэлзэн дайвалзаж, гаргасан алдаагаа засах гэсэн явцдаа дахин алдаа хийсээр, зөв зохицуулалт хийж чадахгүй явсаар ирсэн бололтой. в.Төрийн болон эдийн засаг, санхүүгийн системд шат дараалан ажилласан туршлагатай, сайн мэдлэгтэй, шударга боловсон хүчин очиж чадахгүй, жагсаал тэмцэлд шахагдаж, хий хөөрсөн чадвар сул, цэцэрхэж хүмүүсийн тархийг “угаан” эргүүлж чадсан “тэмцэгчид” дээшээ ихээр дэвшсээр, зарим нь мөнгө хөрөнгөнд шунаж урагшилсаар байснаас дээрх гажилтууд олон янзаар гарсан бололтой. г.Энэ нь зах зээлийн туршлага судлахдаа харьцангуй үнэнд ойр бус, янз бүрийн илүү хувийн эрх ашгийн сонирхолтой, олон янзын үзэл баримтлалтай хүмүүсийн өгсөн зөвлөлгөөг аялдан дагаж байснаас хамаарч багагүй алдаанд хүргэж байсан гэж хэлэгддэг. “Бид ардчлал, төв үзэл баримтална, хувь болоод нийгэм нийтийн эрх ашгийг тэнцвэртэй зөв авч явна” гэж худлаа тунхаглаж хэлээгүй юм бол гаргасан алдаагаа одоо засаж, ариусан урагшлах ёстой цаг нь нэгэнт болжээ. Үүний тулд байгаль, нийгэм, ахуйн бүх юмс үзэгдэл харьцангуй үнэн хэмжээ хязгаартай, тэгш тэнцвэртэй байх ёстой гэсэн жам ёсыг баримтлан төв үзэл баримтлалд харьцангуй үнэнийг баримтлах хэрэгтэй юм. Тухайлбал харьцангуй үнэнд их ба бага, дээр ба доор, шударга ба шударга бус, тэнцвэртэй ба тэнцвэргүй, сайн ба муу, үрэлгэн ба арвич, идэвхтэй ба идэвхгүй, наазгай, хариуцлагатай ба хариуцлагагүй, энэрэнгүй ба дээрэлхүү, тусч ба завшигч /хулгайч/, нөхөрсөг ба дайсагнагч г.м түмэн янзаар харьцуулсан олон харьцангуй ойлголт бий. Эдгээр харьцангуй ойлголтын илүү эерэг шинжийг баримтлан ард түмний зүүний үзэл баримтлалыг элдэв янзаар үгүйсгэн барууны цөөнхийн үзэл баримтлалыг давуу байдлаар оруулах гэсэн хандлагаас ангижрах нь зөв бололтой. Үүний тулд нийгэм нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлын зөв харилцаа хандлагыг бий болгох харьцангуй үнэн төвшинд төр ард түмний өмч “газрын доор ба дээр орших үнэт баялгууд нийт ард түмний өмч” гэсэн Үндсэн хуулийн заалтыг бид маш сайн баримтлах ёстой. Харин төр болон нийгмээрээ үрэлгэн зардлыг илрүүлэн засаж, төсөв хөрөнгөө оновчтой зарцуулан хөгжих нь чухал байна. Эрдэмтдийн саналыг үндэслэн дараах гажилтуудыг засах нь зөв бололтой.
Үүнд:
а.Зүүний үзэлтэй хэмээн тунхагласаар ирсэн МАН-ыг муулсаар устгах бус харин Ардын намын нэрийг ашиглаж шуналд автан муутгаж буй мөнгөнд шунасан, төрийн өмчийг эзэнгүй өмч хэмээн үрэн таран хийдэг, санаатай хямруулан хувьд шилжүүлэх зам хайдаг шуналтай хүмүүсээс цэвэрлэн ариусгах шаардлага үүсжээ.
б.“Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдгийн нэгэн адил дээрээ хулгайчид олширсноор дороо ч хулгай хийх явдал газар авчээ гэсэн шүүмжлэл их гарсаар байгаа явдлыг таслан зогсоож засах нь зөв юм.
в.Зах зээлд шилжих үед үйлдвэрлэлийн бус “ажлын” орон тоо хэт олширч төсвийн үрэлгэн байдал ихэслээ гэсэн шүүмжлэл ч их гардаг. Мэргэжил, лабораторын судалгаа хууль зүйн төвшинд судлан тогтоож, орон тоо цомхотгох түр баг бүрдүүлэн хэмнэлт хийх цаг ч болжээ. Нэг хүний хийх ажлыг олон хүн хуваан хийж маш бага орлого олдог болохоор үйлчилгээний үнийг хэт өндөр болгодог явдал хувийн хэвшилд ч олон гарсаар байна. Бяцхан нэгэн жишээ дурдахад, Дорноговь аймгийн нэгэн аялал, жуулчлалын газарт олон хүн эгнэн зогсож ижил юм зарахдаа худалдан авагч цөөн байдгаас ч юм уу ихээхэн үнэтэй зардаг, бие засах газар Улаанбаатар хотод 300 төгрөгөөр үйлчилдэг бол тэнд 1000 төгрөг байсан учир аялагчдын ихэнх нь чөлөөт тал руу гүйцгээж байлаа. Ийм жишээ хөрөнгийн түрээс, хувийн шатахуун түгээлт, зээлийн хүү г.м амьдралд их бий.
г.Төрийн /ард олны/ өмч хавтгайрсан шинжтэй биш, газрын баялаг, стратегийн чанартай, эрчим хүч, тээвэр холбоо, онцлог илүү өгөөжтэй, ард олонд илүү ач тустай гурилын зэрэг үйлдвэрийн салбар байх ёстой. Өндөр тасархай цалингаар биш ашгийн үр дүн харгалзсан зохистой төвшинд урамшууллын систем ажилчид ба удирдлагад ногдох нь зөв болов уу. Үүнд суурилсан төрийн арилжааны банк хүүгийн зохистой төвшинд буурах жишээг үзүүлэх нь зөв баймаар санагдана. Төр өөрийнхөө байр, өмчөө бусдад хямд түрээслээд бусдын хувийн байр хөрөнгийг өндөр түрээслэн хэрэглэдэг алдаа байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчилд холбоотой гэсэн шүүмжлэл гарч байгааг даруй засах ёстой.
д.Гол төлөв хувийн банкны эзэд мөнгийг үйлдвэрлэлийн ашгийн төвшнөөс хэт өндөр хүүлэн баяжиж тансаг өндөр орд харшууд байгуулсаар удлаа. Банк бус санхүүгийн байгууллага байгуулж илүү өндөр хүүгээр ард олныг туйлдуулж ирснээр барахгүй одоо аппликэйшний зээлээр бүр илүү өндөр хүүгээр хүмүүсийг өрөөр дарамталдаг байдлыг бий болгосон нь тэдний гэр бүл үр хүүхэд, ойр хамаатанд нь холбоотой үйлдэл болон хувирчээ гэсэн шүүмжлэл өрнөж эхэллээ. Үүнийг төрийн нэгдсэн бодлогоор засах нь зөв юм. Төр зарим хувийн эрх ашигт илүү автагдсан хүмүүсийн шахалтаас зайлсхийх гэсэндээ ч юм уу, эсвэл шударга бус хаалтаас юм уу, шударга албадах арга хүч нь суларсаар ирснээс дээрх олон алдаа дутагдал гарсаар байсан болов уу.
е.Хувьчлал буруу явагдснаас мөн авлига, янз бүрийн шударга бус арга замаар үндэслэлгүй хэт баяжиж, олонд ил болсон, хэт тансаг хэрэглээ, үрэлгэн байдал ихтэй цөөн хүмүүст хяналт хийж шударга зохицуулалт хийх хууль гаргахыг санаачлагчдыг дуугүй болгож орхисон нь алдаа хэмээн хүмүүс үздэг болжээ.
ж.Төрийн өмнөөс туршлага судлах, харилцааг шинэчлэн сайжруулах гадаад томилолт зардлыг хэмнэж оновчтой болгох, хэт олуулаа зугаацах хандлагаар явахыг эцэс болгох, мэргэжлийн төвшинд өгөөжтэй болгох шаардлага байна. Энэ бүхнийг бодоход бүхнийг хувьд шилжүүлснээр ард олны ачаалал эрс хөнгөрөх биш, дур мэдэн улам задгайрч илүү хүндрэх төлөв ажиглагдах болсон. Төр ард түмний өмчийг хумих биш, хяналт удирдлагыг хариуцлагатай болгож бэхжүүлэх нь чухал байна. Эдгээр алдааг залруулах цаг нь одоо болжээ. Энд нийгэм нийтийн гэсэн хандлагыг илүү буруутган шүүмжилсээр. Хувийн гэсэн илүү шуналд автсаар байсан явдал нь эдгээр алдаа гажилтад хөтлөн оруулсаар ирсэн нь нийгмийн сэтгэлгээнд алдаатай хямрал үүсэх хандлагыг бий болгосон гэсэн санааг олон эрдэмтэд хэлдэг болжээ. Мөн дэлхийн олон улс ухаалаг технологи, цэргийн зэвсгээр илүү ашиг олно гэсэн хандлагатай болсон нь эерэг ба сөрөг маш олон үйл явдалд хүргэж мэдэх юм.
/Иргэний санал/ X.Хавалхаах
"Монголын үнэн" сонин