Хатуу хайр
Тамара бол манай тосгоны цахиур хагалах бүсгүй л дээ. Гоо үзэмжээр биш ээ. Илүү гоё хүүхнүүд бий. Харин ааш зангаар түүнийг давах нь үгүй юм.
Тамара бол манай тосгоны цахиур хагалах бүсгүй л дээ. Гоо үзэмжээр биш ээ. Илүү гоё хүүхнүүд бий. Харин ааш зангаар түүнийг давах нь үгүй юм. Саарал нүдээрээ сэтгэл доторхыг нэвт шувт харах гэсэн мэт цавчилгүй цоо ширтэнэ. Чулуу шиг хатуу үгтэй. Хэлсэн л бол хийнэ. Нэгэнт шийдсэнээсээ ухарна гэж байхгүй. Трактороор татаад ч нэмэргүй гэж мэд. Ганц бие эцэгтэйгээ хамт сууна. Хамаг аж ахуйн ажлаа өөрөө даана. Үнээ мал нь өнгө зүс сайтай, ногооны талбайдаа ширхэг хогийн ургамалгүй, гэр орондоо гял цал. Эрчүүд харц унагалгүй яах вэ, даанч их айцгаана. Ийм хүүхэн чинь гадагш дотогш гүйлгэнэ гэж байхгүй, нэг л мэдэхэд өсгий доороо дараад авалгүй яах билээ?
Ийнхүү “дайчин” Тамара маань намрын нэгэн өдөр манай эмнэлгийн үүдээр нисэн орж ирлээ. Хаалганы нугас ханз татах шахан, хацар нүүр нь халуу дүүгээд хүрэнтчихсэн, алчуур сэлт нь ар шилэн дээрээ унжаастай явна.
- Семёновна! – гээд л босго давмагц хоолой нь цахиртаж, - Ийм утгагүй юм харж байх тэнхэл алга! Мэдрэлийн эм тан байна уу? Үгүй бол би явж очоод, юу бодож байгаагаа хэлж орхиё! – гэлээ шүү.
Миний мэгдсэн гэж яах вэ. Тамараг уурлуулъя гэмээ нь их л хичээсэн байж таарна.
- Юу болоо вэ? Эцгийн чинь зүрх ахиад хатгуулав уу?
- Эцэг ямар хамаа байна аа? Вадим Кашин л байхгүй юу! Өнгөрлөө л дөө, нүдэн дээр өнгөрлөө!
Аан, ийм учиртай байж. Вадим гээд байгаа тэр Кашин нь жилийн өмнө хотоос тосгондоо буцаж ирсэн. Анх явахдаа хөгжилтэй, сэргэлэн залуу байсан юм. Харин эргэж ирэх нь... сүнс сүүдэр шиг л юм болсон байв. Ууртай догшин, дуугүй дүнсгэр. Эмэг эхийнхээ хуучин муу байшинд очиж суугаад, гацааны гудамжаар хүний нүүр лүү харахгүй явах болсон юм. Ажил, амраг гээд хотод нүгэлтэй муухай хууртсан гэнэ лээ гэцгээсэн. Тийм юм алийг тэр гэх вэ. Гагцхүү Вадим сүр сүлдээ алдчихсан хэрэг.
Дээр нь нэмээд, дэмий ч гэмээр юм болж, хажуу тосгоны хангинуур Светлана салахаа байсан. Хүний нүд булаам, инээж ханиасан бүсгүй. Вадимынд ирээд, хамраа сөхөн алхаж: “Пөөх, Вадим! Танайх чинь аалзны шүлстэй юм!”, “Пөөх, хашаа чинь нурлаа!” - гэнэ. Нөгөө тэнэг нь хүүхний өмнө мөлхөх шахан, эцсийн хүчээ шавхаад л таалагдах санаатай гүйгээд байна. Муу байшингаа сэлбэх гэж ганцаараа үзээд яаж барах билээ? Өмхөрч гүйцсэн оромж нь засал авахаас өнгөрсөн.
- Авгайгаас болж шөрмөсөө тасартал зүтгэж байна! – гэж Тамара өрөөн дотуур холхин үглэхэд шалны банз хяхарч хотолзоно. – Цаад хүүхэн нь инээд алдахаас өөр шидгүй! Вадим зүрх сэтгэл ярих юм, нөгөөх нь шинэ шаахай ярина! Харахаас ой гутмаар! Байшин нь юу юугүй нурах гээд байхад тэр Вадим чинь ханын цаас хайж явна! Нөгөө хүүхэндээ таацах гэж тэр дээ! Энэ буруу!
- Чамд ямар хэрэг гарав, Тамара? Хүний л амьдрал, - гэж би болгоомжлон хэллээ.
Тамара газар шаасан гадас шиг нам зогсоод, намайг цоргитол ширтэв.
- Өрөвдөөд байна. Хүний хувьд өрөвдмөөр юм. Тэс өөр залуу байсныг нь би мэднэ. Бага байхад надад цаасан шувуу хийж өгөөд, тэр нь бусад хүүхдүүдийнхээс илүү өндөрт хөөрч байсан юм даг. Одоо яав? Нэг муу алчуур шиг болж. Энэ буруу. Туслах хэрэгтэй.
Би толгой сэгсрэн суув. Энэ хүүхний аашийг дээ. “Би хайртай юм аа, чадахгүй нь” биш, харин “буруу буруу, тусалъя” л гээд байх юм. Хайр нь хүртэл ийм албан маягтай, хатуу хүтүү байх гэж.
Тэгээд тусалсан шүү хөөе. Өөрийнхөөрөө.
Маргааш нь Тамара дэлгүүрийн дэргэд манай мужаан Егорыг харуулдан зогсжээ. Чадвартай боловч залхуу өвгөн. Би талх авах гэж яваад таарсан юм. Тамара урд нь очиж ташаа тулан зогслоо.
- Егор өвөө. Яриа байна.
- Юун яриа, Тамара? Би завгүй байна.
- Зав яах вэ. Ноднингийн дээврийн хавтангаас чинь үлдсэн үү?
- Таван хавтгай үлдсэн. Чи яах нь вэ?
- Надад хэрэггүй ээ. Кашинд хэрэгтэй. Дээвэр нь шүүрэн шанага. Засах хэрэгтэй. Маргааш өглөө очоорой. Илүү хавтан байна, тал үнээр нь ав гэчих. Зөрүүг нь би танд өгнө.
Егор өвгөн гайхсандаа хий ханиалгаад авлаа.
- Яах гэж тэр билээ?
- Тэгэх хэрэгтэй байна аа. Эр хүн тэнд баларч явахад та нар бүгд хажуугаар нь тоохгүй яваад л байгаа биз дээ? Эсвэл та нарт энгийн зүйл юм уу?
Ингэж хэлээд өвгөн рүү эгцлэн харсанд Егор шилээ маажаад зөвшөөрч орхив. Дараагийн өдөр нь өвгөн хоёр туслахтайгаа хамт Вадимын дээвэр дээр сууж байна. Вадим эхэндээ татгалзаж байгаад дараа нь бууж өгсөн юм билээ.
Цаашлаад бүр сонин юм боллоо. Тамара маань Кашиныг аврах нууц ажиллагаа өрнүүлэв. Агуулахын эрхлэгч Семёнычтой таван үг сольсны дараа цаадах нь “эзэнгүй” шуудай цемент “санаандгүй” олсныгоо өөрийн биеэр Вадимд хүргэж өгчээ. Дараа нь Тамара эрчүүдийг зохион байгуулж, хашаа хороог нь сэлбүүлэв. Өөрөө удирдаад л: “Тэнд ух, энд тэгшил” – гэнэ.
Вадимаас нууцалж хийсэн хэрэг шүү дээ. Хөөрхий Вадим бол энэ дэлхийд сайхан сэтгэлт хүмүүс ямар олон бэ гэсэн шүү юм бодож яваа. Мэдээж, Светланагаас ч нуужээ. Хүүхэн бэлэн юман дээр ирээд, хошуу амаа цорвойлгож: “За тэр, арай дээр болж шүү дээ” – гэхээс өөр ажилгүй.
Хамгийн сонирхолтой нь хоолны хэсэг байв. Вадим хоол олигтой хийдэггүй аж. Гэтэл үүдний шатан дээр нь өглөө болгон түмпэн тавиастай байх болжээ. Нэг бол өтгөн хүрэн шөл халуунаараа, эсвэл хулуутай шар будааны зутан уур савсуулж байх жишээтэй. Вадим эхлээд Светланаг гэж горьдон бодов. Тэгээд асуужээ. Гэтэл хүүхэн “Үнээ саагаад аль” гэж сонссон маягтай гайхан цочирдож харсан байна.
Тамара таван цагт босоод, хоёр айлын хоол гялалзуулан хийж, хүн хар байхгүй сиймхийгээр зөөгөөд байж л дээ. Гэвч үүнд ямар нэгэн романтик зүйл үгүй. Бүсгүйн бодлоор эр хүн ажил хийхийн тулд цатгалан байх ёстой. Тэгээд л тэр. Би тэгж явахыг нь нүдээрээ харсан. Үүрийн харуй бүрийгээр Вадимын гадаа сэм дөхөж очоод, савтай юм тавьж, хаалгыг нь загалмайлан, эргэж ч харалгүй явж одсон юм даг.
Вадим ч өөрчлөгдөж эхэллээ. Мах мариа сууж, нүүр нүд нь гэрэлтээд, цээжээ тэнийлгэн явах болов. Эрчүүдтэй мэнд мэдэлцэж, шургуу ажиллана. Байшин нь амь орон сэргэв. Цонхны тавцан дээр нь Тамарагийн аанай л нууцаар аваачсан шимтэглэй цэцэг дэлгэрч байна.
Тамара өөрөө... Тамара бусад бүсгүйчүүд шиг хайлан урсаж дурласангүй. Бүх ертөнцийн өмнө хариуцлага үүрсэн мэт илүү нягт нямбай, чанд чамбай алхаж явна. Үдэш болоход гэрийнхээ гадаа суугаад, Вадимын гэрэлтэй цонх руу ширтэж байхыг нь ганцхан би харсан. Бүсгүйн харцанд гансрал бус хүндхэн бодол хургаастай байв. Амаргүй бодлого бодох мэт.
Энэ бүх үйл явдлын төгсгөл тосгоны баяр дээр өрнөлөө. Бүх айл цугларч, ширээ даашгүй их зоог бэлдээд баярлацгаана. Манай Вадим цагаан цамцаа цардуулдаж аваад, Светланагаа сугадан хөөр баясал сацруулан алхаж ирэв. Удаж төдөлгүй ширээний араас өндийж, хундаганы үг хэллээ.
- Тус дэм болсон бүх хүнд баярлалаа гэж хэлье! Манай тосгоныхон бол жинхэнэ хүмүүс юм! Харин Светочка минь, итгэж дэмжсэнд баярлалаа!
Светлана ч талархлыг хүлээж аваад хөхин догдолно. Гэтэл хэдэнтээ зоригоо чангалаад амжсан Егор өвгөн энэхүү шударга бус явдлыг тэвчиж чадсангүй ээ. Гуйвлан босож ирэв.
- Ээ хөөрхий, Вадим! Чи ч эр хүн биш, нэг муу гунж юм даа. Юун дэмжих? Юун Света? Чи тэр хүнд баярлалаа гэж хэл! – хэмээн талбай дүүрэн хүнгэнэлээ.
Ингээд тэртээ цаана хөгшин хусны дэргэд зогсоо Тамара руу хуруугаараа заана.
- Тэр хүний хийсэн ажил шүү! Биднийг чинь хө, цуглуулж аваад л аан?! Дээврийн хавтангийн мөнгийг төлөөд! Өглөөгүүр наад будмал авгай чинь биш, Тамара шөл зөөж байсан юм, мэдэв үү чи! Хэн яг дэмжиж байсныг ойлгов уу?
Талбайд чимээ алдрав. Светлана шүдэнз шиг дүрсхийж, Вадимд нэг юм шивнээд толгой хаялан явж одлоо. Вадим... Вадим харин Тамараг харан зогсов. Нүдийг нь бүрхэж байсан хөшиг нээгдэх шиг. Амьдралдаа анх удаа бүсгүйг харсан мэт.
Тамара зугтсангүй. Нүүр нь улаа бутран, уруулаа тас жимийжээ. Бардам занг нь нам дарсан явдал мөн. Нууцыг нь, хувийн асуудлыг нь ингэж олны өмнө дэлгэж болох уу? Улмаар огцом цааш эргэхэд нь мөрөн дээрх цэцгэн хээтэй алчуур хөсөр унаж үлдэв. Бүсгүй цэх бат алхсаар далд орлоо.
Маргааш нь яах бол гэхээс миний тэсгэл алдарч байтал нам гүм. Вадим цэцэгтэй очиж уучлал гуйсангүй. Хайрцаг дүүрэн багаж барьсаар гэрт нь очжээ. Яйжийж ганхсан шатыг нь үг дуугүй засаж эхэлсэнд Тамар гарч ирээд:
- Юу хийж байгаа чинь энэ вэ? – гэж ширүүхэн асууж гэнэ.
- Эмхэлж байна аа. Сайн эзэгтэйн шат чахраад байвал буруу шүү, - гэж Вадим толгой өндийлгүй хариулжээ.
Вадим өдөржин засаж, Тамара үе үе аягатай исгэс, тавагтай хоол барин гарч ирнэ. Хоорондоо бараг үг сольсонгүй. Тэгэх хэрэг ч байсангүй. Хархүү үнэндээ бүсгүйн зүрхэнд хүрэх гүүр барьж суусан юм.
Ийн тэдний жаргал эхэллээ. Сүржин сайхан үгнээс биш, хөрөө харуулын чахраан, шинэхэн үртэсний үнэрээс эхэлсэн юм даа.
За, тэгэхээр хонгорууд минь, хайр гэдэг маань зөвхөн чимээгүй, золиосных байдаг ч юм биш. Мөн ийм хатуухан, ажил хэрэгч, жаахан ууртай ч гэмээр, гэхдээ нэн найдвартай байж болох нь. Аль нь бат бөх бол? Та бүхэн юу гэж бодно?
Валентина Семёновна
/Зохиогч/