МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Г.Тэмүүлэн: Авлигын гэмт хэрэг үйлдэж ол...

Г.Тэмүүлэн: Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг заавал хураана

Монгол Улсын Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн бодлого хэрхэн өрнөж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

Үнэн
Админ

Монгол Улсын Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн бодлого хэрхэн өрнөж буй талаар  Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх цогц бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчны шинэчлэл хэрхэн өрнөж байна.  ХЗДХЯ энэ тухайд хэчнээн хуулийн төслийг боловсруулаад байна вэ?

-Авлигатай тэмцэх ажлыг ХЗДХЯ системээр нь харж, өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийснээр зарчмын суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд Авлигын гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг боловсруулж дууссанаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлээ.

Авлигатай тэмцэх шинэчлэлийн хүрээнд таван хуулийн төслийг нэн даруй  батлуулж, мөрдөх шаардлагатай гэж үзэж байна. Авлигын гэмт хэргийн хамгийн том хяналт бол олон нийтийн оролцоо. Олон улсын практикаараа ч ил тод, нээлттэй байдлыг сайжруулснаараа авлигатай тэмцэх бодлогын үр дүн бодитоор гардаг. Энэ хүрээнд манай яамнаас боловсруулаад өргөн барьсан болон барихад бэлэн болсон гурван хууль бий.

Нэгдүгээрт, Төрийн нууцын тухай хууль. Өнгөрсөн хаврын чуулганаар энэ  хуулийг хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулиар юуг нууцлах, юуг нууцлахгүй вэ, төрийн өмчийн компани төдийгүй албан байгууллагууд аливаа гэрээгээ, үйл ажиллагаагаа нууцалдаг байх ёсгүй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар илүү нээлттэй, ил тод байдал бий болно. Албаны нууц нэрийн дор хэн нэгэнд давуу байдалд олгодог, сонгон шалгаруулалтаас зугтаадаг байж болохгүй.
Энэ хуулийг ирэх сард багтаан баталснаар 2027 оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэх боломжтой гэж  тооцоолсон. Хоёрдугаарт, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг боловсруулж дууссан, өргөн  барихад бэлэн болоод байна. Авлига, албан тушаал, түүнтэй хамаарах гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэх, улмаар ингэж шүгэл үлээсэн иргэнээ хамгаалах тогтолцоо буюу эрх зүйн орчин бий болох юм. Гуравдугаарт, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай  хуулийг боловсруулж байна. Энэ хүрээнд АТГ, ЦЕГ зэрэг хуулийн байгууллагад хянаж буй аливаа хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явна вэ, хаана нь гацаа үүссэн бэ, ямар шалтгаантай вэ, улмаар шүүхэд шилжсэн бол хэд хоногт багтаан шийдвэрлэх ёстой вэ зэрэг бүх процесс нэгдсэн цахим мэдээллийн санд нээлттэйгээр ордог буюу иргэдэд бүх шат дамжлага ойлгомжтой болно гэсэн үг.  Хэрэг мөрдөн шалгах процесс ажиллагааг цахимжилтаар ил тод болгосноор цаашид хууль хяналтын байгууллагууд хараат бусаар ажиллах, гаднын аливаа нөлөөнд автахаас сэргийлэх ач холбогдолтой. 

-Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийг Засгийн газраас дэмжлээ. Энэ хуулийн  гол агуулга, ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуульд суурь долоон зарчмыг тусгасан. 

Нэгдүгээрт, авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ гэж  байдаг боловч заавал хэрэгжих  шинжгүй байна. Тиймээс энэ хуулиар заавал хураах зохицуулалтыг оруулж байгаа юм. Шүүх, холбогдох хууль хяналтын байгууллагууд нотлоод, гэм буруутайд тооцвол хөрөнгийг нь шийтгэх тогтоолд тусгаснаар заавал хураахаар болж байна. 
Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудал үүсдэг.  Шинэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бусаар олж авсан хөрөнгө мөн болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон л бол заавал хураан авна. Ял ногдуулсан, тэнссэн, ялаас чөлөөлсөн тохиолдол байдаг. Алин боловч хөрөнгийг нь хураана гэж хуульд тусгасан. 
Гуравдугаарт, авлигын хэрэг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулахаар хуульд тусгалаа. Учир нь авлигын гэмт хэрэг бол үндсэндээ мөнгө угаах гэмт хэрэг байдаг. Санхүүгийн гэмт хэрэг буюу улс орон, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргүүд ч бий. Тиймээс энэ талаар мэргэшсэн шүүх болон шүүгчид байх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Дөрөвдүгээрт, хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төвийг байгуулахаар хуульд тусгалаа. Энэ төвийг АТГ-ын дэргэд, орон тооны бусаар ажиллуулна. Авлигын мөнгөө гадагш гаргадаг, гадаад зах зээлд нийлүүлдэг асуудалтай бид олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, улмаар тухайн хөрөнгийг илрүүлж, татан авчрах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр дээрх төвийг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тавдугаарт, авлигын гэмт хэргээс хураан авсан хөрөнгийн санг тусад нь байгуулахаар болж байна. Энэ санд хуримтлагдсан хөрөнгийн 65 орчим хувийг эрүүл мэнд, боловсрол буюу тэр дундаа сургууль, цэцэрлэг байгуулахад зарцуулдаг байх зохицуулалтыг хуульд оруулж өглөө. Зургадугаарт, татварын тайлагнал болон буцаан олголттой уялдуулах ажил байна. Долдугаарт, Эрүүгийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гурван зүйл, заалт байдаг. Үүний нэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг хэсэг бий. Үндэслэлгүй хөрөнгөжих журмыг хуулиар зохицуулсан бөгөөд шалгах, хураах процессыг хуульд нарийвчлан тусгасан. 

-Хариуцлага тооцох тогтолцооны шинэчлэлийн хүрээнд ямар хуулийн төсөл оруулж байна вэ?

-Хариуцлагын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хоёр хуулийн асуудал яригдана. Нэгдүгээрт, авлигын гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус хөрөнгийг хураах тухай  хуулийг нэрлэх байна. Татварын тайлагнал болон буцаан олголтыг боловсронгуй болгох чиглэлээр бид Сангийн яамтай санал солилцоод эхний ээлжид үзэл баримтлалын түвшинд санал солилцоод боловсруулаад явж байна. Энэ бол суурь том шинэчлэлийн ажил болох юм. Сангийн яам, Татварын ерөнхий газар ирэх онд үе шаттайгаар хийх ёстой гэж харж байгаа. Авлигын гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуульд татварын тайлагнал болон буцаан олголтын тогтолцооны суурь зарчим, үзэл санааг нь суулгаж өгч байгаа юм. Зарим тохиолдолд тухайн хүний олсон орлого нь, төлсөн татвар нь хэрэглээтэйгээ нийцдэггүй асуудал гардаг. Тэр дундаа нийтийн болон улс төрийн албан тушаалтнуудад нийгэм, олон нийтийн зүгээс орлого, зарлага нь нийцэлгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Ийм л учраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд татвар, тайлан, орлого зарлагатай нь уялдуулах зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа юм. Товчхондоо, нийтийн болон улс төрийн албан тушаалтнууд ХОМ гаргаж байгаа ч энэ нь эргээд авлигаас сэргийлэх арга, хэрэгсэл болж чадахгүй байна. Тийм ч учраас татваргүй орлого өсөж байна, ХОМ-ээс гадуур хэрэглээ үүсэж байна зэрэг шүүмжлэл тасрахгүй байна шүү дээ. Тиймээс олон улсын зарчмын дагуу татвар тайлагналын суурь  зарчмуудыг нэвтрүүлэх шаардлагатай. Ерөөсөө л таны орлого хууль ёсных бол татвараа төл, орлогоо тайлагна, татварын буцаан олголтоо ав. Хууль бус бол хураалга,  хариуцлагаа хүлээ гэдэг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна гэж харж байгаа юм. Энэ сайн туршлагыг нутагшуулна. Ингэснээр авлигаас сэргийлэх тогтолцоог татвар төлж буй хүн бүр хамтраад буюу олон нийтээр авлигатай тэмцэж байж авлигагүй нийгмийг бий болгох боломжтой. Улмаар санхүүгийн ил тод, шилэн байдал ч үүснэ. Эргээд төрд татварын бүртгэлжүүлэлт сайжрах давуу талтай.  Авлигаас, далд эдийн засгаас сэргийлэх боломж бололцоо нь энэ хуулийн хүрээнд бий болох юм. Манай улсад авлигын гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Прокурорын байгууллагын мэдээллээс харахад 2021 онд авлигын хэргийн тоо 536 байсан бол өнгөрсөн оны гүйцэтгэлээр 915 болж, 70.7 хувиар өссөн байна. Харин 2026 оны эхний найман сарын байдлаар энэ тоо 1285-д хүрсэн дүн мэдээтэй байна. Оны эцэст 1500 давж болзошгүй буюу 2021 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс бид асуудлыг зөвхөн тухайн гэмт хэрэг, хэрэгт холбогдсон этгээдийн хүрээнд авч үзэх бус суурь шалтгаан, тогтолцоонд нь дүн шинжилгээ хийж, цогц өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Шүүхээр шийдвэрлэсэн авлигын хэргийн тоо ч анхаарал татаж байна. 2015-2025 оны хооронд арван жилийн хугацаанд анхан шатны шүүхээр нийт 1228 авлигын хэрэг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл үүний 980 нь сүүлийн таван жилд шийдвэрлэгдсэн байх жишээний. Өөрөөр хэлбэл, өмнөх арван жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийн тоотой дүйцэх хэмжээний хэрэг сүүлийн таван жилд шүүхээр орсон гэсэн үг. 2025 онд шийдвэрлэвэл зохих 410 хэргээс 243-ыг нь анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Бид авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэхийн тулд эдийн засгийн орчноо илүү эрүүл, ил тод болгох хэрэгтэй. Өнгөрсөн арван жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 2133 хүн ял шийтгэл хүлээсэн. Эдгээр гэмт хэргийн улмаас учирсан нийт 465.3 тэрбум төгрөгийн хохирлыг 100 хувь нөхөн төлүүлсэн дүн мэдээтэй байна. 

-Орон сууц захиалгатай холбоотой хэрэг, маргаан улам бүр даамжирч байна. Хэдийгээр хууль хэлэлцэж эхэлсэн ч энэ төрлийн залиланд өртөх иргэдийн тоо нэмэгдсээр байна. Энэ тухайд ХЗДХЯ хэрхэн анхаарч байна вэ?

-Монгол Улсад баригдаж дуусаагүй 2173 орон сууц байна. Эдгээрээс захиалгын гэрээтэй холбоотойгоор давхардуулан гэрээ байгуулж, иргэдийн эрх ашгийг хөндөх асуудал гарч байгаа. Одоогоор орон сууцны залилантай холбоотой 173 хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Нийтдээ 2208 иргэний эрх ашиг хөндөгдсөн 173 тэрбум төгрөгийн асуудал байгааг хууль хяналтын байгууллагууд эхнээс нь шийдвэрлэж байна. Цаашид энэ төрлийн залилан гарахаас сэргийлж, таслан зогсоохын тулд баригдаж дуусаагүй орон сууцны мэдээллийн сантай болж, ил тод танилцуулан иргэдэд өөрсдөө хянах боломжийг олгоно. Ирэх сарын 15 гэхэд мэдээллийн цахим санг иргэдэд нээлттэй болгоно. Уг санд барилгын зөвшөөрөл олгохоос эхлээд техникийн нөхцөл, тухайн орон сууцны барилгатай холбоотой төрд байгаа бүх мэдээллийг ил тод байршуулах юм. Мэдээлэл дутуу, магадлах боломж хомс байгаа зэргээс үүдэн залилан гардаг гэж үзэж байгаа.  Иргэн өөрийн сонирхсон орон сууцныхаа мэдээллийг нээхэд газар нь зөвшөөрөлтэй эсэх, ямар нэг зөрчил асуудал бий эсэх бүх мэдээлэл харагддаг болно гэсэн үг. Мөн тухайн орон сууцны барилгын тоот бүр нь нэг QR кодтой, нэг бүртгэлтэй, нэг гэрчилгээтэй байна. Нэмж дурдахад, QR кодонд байр нь барьцаанд байгаа эсэх, захиалгын гэрээ, өмчлөл өөрчлөгдөх зэрэг бүх мэдээлэл нь багтах юм. Монгол Улсын хэмжээнд 2178 дуусаагүй орон сууц байна. Захиалгын гэрээ байгуулахтай холбогдуулж залилан үйлдэх асуудал асар олон байна. Мөн зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн, инженерийн шугам сүлжээд холбогдоогүй, дампуурсан газар ч олон байна. 
Үүнээс гадна гуравласан гэрээтэй холбоотой асуудлууд байна. Үндсэндээ тухайн барилга гүйцэтгэгч компани Нийслэл, худалдан авагчидтайгаа нийлж гэрээ байгуулж, газрыг нь дахин төлөвлөлтөд оруулсны дараа орон сууцтай болгоно гэж амласан асуудал ч байна. Үүний хүрээнд маш олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Дахин ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс хуулийн төсөл боловруулсан. Хуулийг баталснаар орон сууцны залиланд өртөгсөд болон дахин төлөвлөлтийн хүрээнд газраа өгсөн иргэдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ.

 


М.Өнөржаргал
"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.